Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 294

 

Н.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Н.Ц, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаар магадлалтай, Н.Цд холбогдох 1918004240530 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Барга овогт Н Ц.

Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан зах” дээр иргэн О.Дарханбаатарыг түлхэн унагааж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Цыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цыг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 32 сарын хугацаанд сар бүр 303.030 төгрөгөөр, сүүлийн 1 сард нь 303.040 төгрөгөөр тооцон, нийт 33 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Н.Цд анхааруулж шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Цд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт буцааж, хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар гаргасан гомдолдоо “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, мөн давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдалд хууль зүйн үндэслэлтэй бодит дүгнэлт хийж хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэж байна.

Тухайн хэрэг үйл явдал болсон өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 31-ний өглөө Н.Цыг нөхрийн хамт зах дээр унадаг дугуй зараад байж байхад түүнд туслах ажил хийдэг байсан Дарханбаатар нь согтуу ирж хэрүүл маргаан үүсгэж, түүний нөхөр М.Балжингаас өмнөх өдрийн ажлын хөлс гэж хоёр удаа ирж мөнгө авч явсан байдаг бөгөөд гартаа лоом барьж ирээд газар цохиж агсан тавихад нь М.Балжин лоомыг нь булааж аваад контейнертоо хийсэн байдаг.

Дарханбаатар нь мөн тэнд худалдаа эрхэлдэг Д.Амараа гэгчид агсан тавьж түүнд хөөгдөж явсан байдаг. Ийм маягаар өдөржин тэр хавиар согтуурч явсаар Н.Ц дээр ирж “Балжаа ах миний лоомыг авсан. Би лоомоо авмаар байна” гээд түүний контейнер руу нь орох гээд дайраад байхаар нь оруулахгүй гээд түлхэхэд нь түүний хувцасны захаар хоолойг нь бооход нь амьсгал нь давчдаад сандрахдаа түүний гарыг түлхэхэд Дарханбаатар арагшаа унасан байна. Дээрх үйлдлийг гэрч Х.Гантулга нүдээр харсанаа мэдүүлсэн байдаг.

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Монгол улсын Үндсэн хуульд “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэсэн заалт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дугаар зүйлд “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэсэн хуулийн заалтуудыг зөрчиж Н.Цын насанд хүрээгүй хүү Б.Тэмүүгэнээс ээжийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан байдаг.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүгээгийн мэдүүлэг болох “Дарханбаатар ах ээжийг заамдчихсан байхаар нь би сандраад ээж дээр яваад очиход “ээж чи цаашаа байж бай” гээд намайг хойшоогоо түлхсэн. Тэгэхэд нь би гартаа байсан гар утасаа газар унагаачихсан. Тэгээд гар утасаа аваад эргээд хартал Дарханбаатар ах газар унасан байсан” гэсэн мэдүүлэгээр шүүгдэгч Н.Цын “хоолойгоо боолгосны улмаас амь насаа хамгаалахын тулд түүнийг түлхэж унагаасан” гэх мэдүүлэг няцаагдаж байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэлтэй үнэн зөв дүгнэлт хийгээгүйн улмаас хэргийг буруу зүйлчилж Н.Цд ял халдааж эрх зүйн байдлыг нь хохироосон гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн хувьд хэргийн материалтай танилцаж үзэхэд Н.Цын үйлдэл нь өөрийн эрүүл мэнд амь насыг хамгаалахын тулд хийсэн үйлдэл болох нь тогтоогддог, Хүний хоолойг ямар нэг зүйлээр боомилох нь маш богино хугацаанд амьсгалыг боож ухаан алдуулдаг, амь насыг хохироодог арга болох нь Эрүүгийн эрх зүйн болон кримнологийн шинжлэх ухаанаар нэгэнт нотлогдсон байдаг

Ийм тохиолдолд хүн довтолгооноос өөрийгөө хамгаалж ямар ч хөдөлгөөн хийж болох бөгөөд зэвсэг хэрэглэж өөрийгөө хамгаалах эрхийг ч хуулиар хүлээн зөвшөөрдөг. Гэтэл Н.Цын хувьд түүний өмссөн 2 давхар цамцны захаар хоолойг нь бооход Дарханбаатарын гарыг л цааш нь түлхэсэн байдаг бөгөөд Дарханбаатар нь согтуу байсан учир арагшаагаа унасан байна.

Хүний амьд явах эрх бол хүн болгоны заяагдмал эрх юм. Амьд явах эрхийг Үндсэн хуулиар бэхжүүлсэн байдаг бөгөөд тус хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрхтэй, ...хүний амь насыг бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан байна.

Аргагүй хамгаалалт хийх эрх нь илэрхий, хүч хэрэглэсэн довтолгооны үед төдийгүй, довтолгоон болох илэрхий заналхийлэл хийгдсэн үеэс үүсэх бөгөөд довтолгоон эхэлсэн байхыг шаардахгүй.

Аргагуй хамгаалалтыг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд “Өөрийн ... эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.”, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалатыг хийх эрхтэй”, 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгааллатыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ” гэж заасан нь Н.Цын үйлдэл аргагүйн хамгаалатын хэм хэмжээг зөрчөөгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэсгүй болохыг нотолж байна.

Иймд Н.Цд ял халдаасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, түүний үйлдлийг цагаатгах тогтоол гаргаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Ц хэлсэн саналдаа “Хохирогч намайг боосон учир би өөрийгөө хамгаалахын тулд гарын түлхсэн бөгөөд тэрээр согтуу байсан учир тэнцвэр алдаж унасан. Би санаатайгаар бус өөрийгөө хамгаалж түлхсэн. Иймд хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Цын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч аргагүй хамгаалалт хийсэн гэх агуулгатай гомдол гаргасан хэдий ч хэрэгт авагдсан баримтуудаас үзэдэх шүүгдэгчийн хоолойг боож, амь насанд нь аюул учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл аргагүй хамгаалт хийх эрх үүсээгүй байхад хохирогчийн түлхэж улмаар хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шүүгдэгчид 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлал нь үндэслэлгүй байна. Хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн бөгөөд шүүгдэгч амьдралаа залгуулах үүднээс зах дээр наймаа хийдэг. Иймд магадлалыг хүчингүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийн үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Дархан” зах дээр үйл ажиллагаа явуулдаг чингэлгээсээ архи ууж согтуурсан О.Дарханбаатарыг гаргах зорилгоор түлхэсний улмаас хохирогч хойшоо савж унан “дагз” ясны шугаман хугарал, дагзны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа” бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн “түлхэх” үйлдлийг хохирогчийн биед хүнд хохирол санаатай учруулах зорилгоор санаатайгаар хүсч үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийг буруу зүйлчилж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж дүгнэхэд хүргэж байна.

Энэхүү хуулийг буруу хэрэглэсэн хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд зөвтгөн залруулж шийдвэрлэхийн оронд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хууль хэрэглээний ноцтой алдаа гаргажээ.

Хяналтын шатны шүүхээс хэргийн үйл баримтыг өөрчлөхгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг зөвтгөн засах бүрэн боломжтой, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 40.5 дугаар зүйлд заасан хяналтын шатны шүүхийн эрх хэмжээний асуудалд хамаарна гэж дүгнэсэн болно.

Согтуурсан этгээдийг өөрийн үйл ажиллагаа явуулдаг чингэлгээс гарахийг шаардаж, улмаар түлхэж хүч хэрэглэсэн үйлдлийн үр дагаварт түлхэгдсэн этгээдэд хохирол учирна гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа уг хор уршгийг зориуд хүсч хүргэсэн гэх үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй, харин гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн сэтгэхүйн байдал буюу гэмт үйлдэлдээ хандсан байдал нь өөрийн үйлдлийг хууль бус шинжийг ухамсарлаж хохирол, хор уршиг учруулах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдээгүй үйлдсэн гэж дүгнэх нь хэргийн жинхэнэ байдалд нийцэх бөгөөд энэхүү хуулийг хэрэглэхэд гарсан эргэлзээ бүхий байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж үзлээ.

Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн нарын “аргагүй хамгаалалтын улмаас бусдад хүнд хохирол учруулсан” гэх үйл баримт нь мөрдөн байцаалтаар шалгагдсан боловч гэмт хэрэг үйлдэгдэх үед дэргэд нь байсан этгээдийн үйл явдлын талаар гэрчилсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд шүүгдэгч Н.Цд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйлд заасан торгох ял оногдуулахаар хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн  шийдвэрлэлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолд “Прокуророос шүүгдэгч Н.Цд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, мөн зүйлд зааснаар нийтийн алба хаших эрхийг 1 жил хасч, 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай” гэсэн өөрчлөлт оруулсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                                         Б.ЦОГТ

                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН