Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01581

 

 

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01581

 

О.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/02699 дугаар шийдвэртэй,

О.Э-ын нэхэмжлэлтэй

ТБ- ХХК-д холбогдох,

12,210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2020 оны 01 дүгээр сард Япон улсад сонингийн 100 хувийн тэтгэлгээр явуулна, виз гаргаж өгнө гэх зарын дагуу хүү Э.Б-ыг Япон улс руу явуулах зорилгоор хариуцагч байгууллагад хандсан. Захирал Ц.А- нь тодорхой хэмжээний сургалтын төлбөр гарна, одоо бүртгүүлсэн хүүхэд 6-7 сарын дараа Япон явна гэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 160,000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 50,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөгийг тус тус ажилтан Ц.Энх-Амгалан гэсэн данс руу шилжүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Э.Б- нь Япон улс руу яваагүй, мөнгөө буцааж авья гэхэд өгөхгүй байгаа тул 12,210,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ТБ- ХХК-ийн дэргэдэх Васэда япон хэлний сургалтын төв нь 2014 оноос Япон улсын хэлний бэлтгэл, их дээд сургуулиудад оюутан зуучилж суралцуулдаг.

2020 оны 01 дүгээр сард О.Э- нь хүү Э.Б-ыг Япон улсад суралцуулахаар ирж уулзан манай байгууллагын саналыг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжилж буй 12,210,000 төгрөгийн 160,000 төгрөг нь япон хэлний анхан шатны бэлтгэлийн төлбөр, 12,000,000 төгрөг нь Япон улсад суралцангаа ажил хөдөлмөр эрхлэхэд зуучлах зардал, 50,000 төгрөг нь шалгалтын хураамж юм.

Нэхэмжлэгчийн хүү Э.Б- нь Япон хэлний анхан шатны сургалтад бүрэн суугаагүй. Манай байгууллага Э.Б-ыг Япон улсад суралцуулах зуучлалын үүргээ 100 хувь гүйцэтгэсэн, сургуулиас суралцах зөвшөөрөл ирсэн даруйд Э.Б-т болон нэхэмжлэгчид Япон улсын элчин сайдын яаманд очиж визэнд орох талаар хэлсэн боловч визэнд ороогүй. Тухайн улсын сургуулиас эх хувиар ирсэн баримтууд тодорхой хугацаатай ирээд Э.Б- визэнд ороогүй учраас Япон руу буцаагдсан. Нэхэмжлэгч талаас мөнгөө буцаан авах асуудал үүсэж ярилцахад Э.Б- найз охинтой болсон гэж хэлсэн. Манай компани зуучлалын үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТБ- ХХК-аас 12,210,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Э-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 210,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТБ- ХХК-аас 210,310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Шүүх хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаатай болсон. Талуудын хоорон зуучлалын гэрээ амаар байгуулагдсан. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь гүйцэтгэж, Э.Б-ын шаардлагатай бүх материалыг орчуулж Япон улсад оршин суух зөвшөөрөл, Япон улсад ажиллах зөвшөөрөл, суралцах сургуулийнх нь урилгыг амласан цаг хугацаандаа бүрэн гаргасан. Анхан шатны шүүх зуучлалын хөлсний талаар шийдвэртээ тусгаагүй, дүгнээгүй байна.

4.2. Монгол банкны ханшаар шилжүүлсэн 13,216,875 төгрөгийн төлбөр нь М.М- болон Э.Б- нарын зуучлалын хөлс, сургалтын төлбөр бөгөөд уг төлбөрийг Япон улсын тал /Э.Б-, М.М- нарыг суралцуулах урилга илгээсэн Азийн олон улсын сургууль/-д шилжүүлсэн баримтыг шүүх үнэлээгүй.

4.3. Шүүхээс томилсон орчуулагчийн хариуцлагагүй үйлдлээс нотлох баримтыг илт буруу үнэлж дүгнэж байгаад гомдолтой байна. Цахим шууданд хийсэн үзлэгт Япон хэлээр бичигдсэн хэргийн 62, 64 дүгээр талд авагдсан нотлох баримттай адил байна гэж дүгнэсэн атлаа оршин суух зөвшөөрлийн огноо бичигдээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.4. Э.Б-ыг суралцуулах Ази олон улсын сургууль хамгийн анх 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр урилга, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр оршин суух зөвшөөрөл /Р20-087051 дугаартай/-ийг тус тус гарсан. Энэхүү зөвшөөрөл нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй, уг хугацаанд Япон улс руу зорчих визийг тухайн хүн нь өөрийн биеэр очиж мэдүүлдэг. Тогтоосон хугацаанд виз аваагүй бол ирүүлсэн оршин суух зөвшөөрлөө эх хувиар нь буцаан авч материалыг нь өгдөг журамтай. Дэлхий нийтээр тохиосон ковид цар тахлын нөлөөгөөр Япон улс нь энэхүү зөвшөөрөлдөө уян хатан хандаж 6, 6 сараар сунгасан байдаг. Энэхүү оршин суух зөвшөөрлийг сунгах журам, Япон улсын Элчин сайдын яамнаас виз хүсэх журам нь олон нийтэд илэрхий үйл баримт юм. Энэ талаарх мэдээллийг зуучлуулагч Э.Б-, түүний ээж О.Э- болон нийт зуучлуулагч нартаа бид тогтмол мэдээллэж байсан.

Оршин суух зөвшөөрлийн сунгалттай шууд холбоотойгоор Э.Б-ын Япон улсад ажиллах зөвшөөрөл нь удаа дараа сунгагдаж байсан бөгөөд анхан шатны шүүх зөвхөн сүүлийн сунгалтын огноогоор дүгнэлт хийсэн нь алдаатай болсон.

Холбогдох зөвшөөрлүүд гарсан тухай нэхэмжлэгч О.Э- болон түүний хүүд хэлж тохиролцсон зуучлалын хөлсөө төлж материалаа авч Япон улсын Элчин сайдын яаманд өөрийн биеэр очиж визээ авахыг удаа дараа сануулсан.

4.5.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Хариуцагч тал баримтаар татгалзлаа нотлох үүрэгтэй. Гэтэл хэн өгсөн болох нь мэдэгдэхгүй хуулбар баримтуудыг орчуулж өгсөн. Шилжүүлсэн баримтын тухайд манай шилжүүлсэн мөнгөнөөс давсан мөнгө байдаг. Гүйлгээний утга нь тодорхойгүй, өөр үнийн дүнтэй байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч О.Э- нь хариуцагч ТБ- ХХК-д холбогдуулан төлбөрт төлсөн 12,210,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хүү Э.Б-ыг Япон улсад суралцах, ажиллах виз гаргуулахаар ТБ- ХХК-нд зарын дагуу хандаж, шаардсан 12,210,000 төгрөгийг шилжүүлсэн боловч Э.Б-ыг Япон улс руу явуулах виз гараагүй, хүүхэд маань Япон улс руу яваагүй тул төлсөн төлбөрөө буцаан гаргуулна гэж тодорхойлсон.

 

4. Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг тодруулаагүй байна.

Зохигчийн тайлбараас үзвэл О.Э- болон ТБ- ХХК-ийн хооронд гуравдагч этгээд Э.Б-т ашигтай хэлцэл хийгдсэн эсэх, эсхүл Э.Б- болон ТБ- ХХК-ийн хооронд хэлцэл хийгдсэн эсэх, энэ хэлцлийн төлбөр төлөх үүргийг О.Э-аар гүйцэтгүүлсэн эсэхийг дүгнэх байжээ. Учир нь Э.Б- тухайн үед 20 нас хүрсэн, Иргэний хуулийн 18 дугаар зүйлд зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай байгааг анхаараагүй байна.

 

5. Хариуцагч байгууллага нь талуудын хооронд гэрээ байгуулагдсан, гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж тайлбарлаж, баримтаар Э.Б-ыг Япон улсад суралцах, оршин суух, ажил хийх зөвшөөрөлийг тус тус гаргаж өгсөн байх бөгөөд уг баримтууд нь япон хэл дээр үйлдэгдсэн байна. Гадаад хэл дээрх бичмэл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар монгол хэл рүү орчуулуулсан тохиолдолд уг орчуулга нь бүрэн байх ёстой. Дээрх нотлох баримтууд дутуу орчуулагдсанаас анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоогоогүй алдаа гаргажээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй байгааг шүүх анхаараагүй байна.

 

6. Дээр дурдсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүх процессийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/02699 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ТБ- ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЗОЛЗАЯА