Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/00999

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2023 о      02 с       27 ө

Дугаар           101/ШШ2023/00999

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

 

Нэхэмжлэгч......................-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........................-д холбогдох,

12,210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбаяр, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... 2020 оны 01 дүгээр сард Япон улсын сонингийн 100 хувийн тэтгэлгээр Япон улс руу явуулна, виз гаргаж өгнө гэх зарын дагуу сургалтын төв дээр очиж захирал Ц.Амгалан, багш Ц.Энх-Амгалан нартай уулзсан. Захирал Ц.Амгалан манайх сонингийн тэтгэлгээр Япон явуулдаг гэж танилцуулаад тодорхой хэмжээний сургалтын төлбөр гарна, одоо бүртгүүлсэн хүүхэд 6-7 сарын дараа Япон явна, явцын дунд гэрээ байгуулна виз гаргаж өгөхөд ямар ч асуудал гарахгүй гэж хэлсэн. Энэ байдалд итгээд хүү Б ыг Япон явуулахаар болж нийт 12,210,000 төгрөгийн Ц.Энх-Амгалангийн Хаан банкны 5075060749 тоот дансанд шилжүүлсэн. 2020.01.14-нд 160,000 төгрөг, 01 сарын 20-нд 1,000,000 төгрөг, 07 сарын 1-нд 5,000,000 төгрөг, 07 сарын 10-нд 50,000 төгрөг, 08 сарын 5-нд 6,000,000 төгрөг, нийт 12,210,000 төгрөг төлсөн.

Виз гарсан гэх боловч өнөөдрийг хүртэл манай хүүхэд Япон улс руу яваагүй, мөнгө өгснөөс хойш бараг 2 жил өнгөрлөө мөнгөө буцааж авья гэхэд өгөхгүй, буцаан олгохгүй гэсэн тайлбар өгч байна. Иймд хариуцагчаас Япон явах визний төлбөрт өгсөн 12,210,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч өөрийнхөө нэхэмжлэлийг дэмжиж оролцохыг зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг дэмжиж байна. 100 хувийн тэтгэлгээр виз гаргаж өгнө гэх зарын дагуу нэхэмжлэгч Э  өөрийн хүүг бүртгүүлж энэ харилцаанд орсон. 160,000 төгрөгийг хэлний бэлтгэлийн төлбөр, 1,000,000 төгрөгийг орчуулга баримт материалын зардал гэж авсан. Магадгүй үндсэн төлбөрүүдийг яагаад нэхэхгүй байсан талаар хариуцагч тал тайлбарласангүй, 2020 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл огт төлбөр нэхэхгүй байсан, амаараа төлбөр нэхэхэд төлдөггүй байсан гэж хэлж байгаа. Гэтэл Э  хүүхдээ сургахын тулд төлбөр нэхэх болгонд нь өгдөг байсан гэж байгаа. Энэ нь Э ын 07 сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 6,000,000 төгрөг хийсэнтэй холбоотой, энэхүү 2 сүүлд хийсэн төлбөрийг Э  хэлдэг, сүүлд хийсэн хэлэлцүүлгийн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэлж байна. Нэхэмжлэгч тал хэлэхдээ цаана байгаа Японд сургах сургалтын төлбөр гэж үлдсэн мөнгийг авсан, одоо Япон руу явуулж сургахтай холбоотойгоор ямар нэгэн үйлдэл хийгээгүй, хэлний бэлтгэлд суусан, баримт орчуулж байна гэж төлбөр авсан, орчуулсан байж магадгүй, гэхдээ зөвшөөрлийг Баяр хэлэхдээ зөвшөөрөл гарсан гэж хэлсэн болохоос биш гарсан байсан, би харсан гэж хэлээгүй. Би энэхүү гарсан байгаа зөвшөөрөл нь 2022 онд үйлдэгдсэн байж болзошгүй гэж үзэж байна. Ирсэн мэйл байхгүй, эх баримт байхгүй гэж байгаагаас ийнхүү бодож байна. Шинжлэн судлуулж байгаа зөвшөөрлүүд гэх баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, мэйлээр ирсэн баримт гэх боловч мэйл үзлэг хийсэн тэмдэглэлд 2022 онд ирсэн мэйл байна, өмнөх мэйлүүд устсан гэж хэлж байгаа нь үнэлэгдэх боломжгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй баримтаар Баярын зөвшөөрөл гарсан гэж тайлбарлаж байгаа нь няцаагдаж байна. Харахад төлбөр шилжүүлсэн, хэн нэгэнд зөвшөөрөл гаргадаг байгууллага байхыг үгүйсгэхгүй, Япон улсын 1 байгууллага руу төлбөр шилжүүлсэн баримт болгоныг энэ хэрэгт авчирч Баярын баримт шүү гэж хамаатуулж байна, тухайн баримтуудад огт Баярын нэр байхгүй, ярьж буй Мөнхбаяр гэх хүн нь байхгүй, ийм зүйл байна. Мөнхбаяр гэх хүн нь цаанаа суралцаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй, суралцаж байгаа гэж хэлж байгаа боловч суралцаж байгаа гэх баримт байхгүй байна. Баяр сурсан бол ийм баримтууд хийгдэж, магадгүй цааш очиж гэрээ хийгдсэн байх, ийм гэрээ хийгдсэн байх байсан юм гэж баримт авчирч өгөх юм бол үнэхээр Баярын зөвшөөрөл гарсан байсан юм байна, энэхүү байгууллага хийх зүйлээ хийсэн юм байна, иймд буцааж нэхэх үү, үгүй юу гэх зүйл яригдана. Гэтэл үгүйсгэж байгаа тайлбараа нотлох баримт байхгүй, авчирч байгаа баримт нь нотлох баримтын шаардлага хангахааргүй баримт авчирсан байх тул татгалзал нь үндэслэлгүй. Би яагаад 160,000 төгрөгийг хэлний бэлтгэлд төлсөн төлбөртэй холбоотой асуудалд зөвшөөрч байна вэ гэвэл хэлний бэлтгэлд сууж байсан баримт байх тул хэлний бэлтгэлийн төлбөр хасагдаж болох зүйл баримтаас харагдаж байна, шалгалтын төлбөрийг гэрч ч мөн адил хэлдэг шалгалтад ороорой гэж хэлээд байхгүй болсон, мөн Япон улсын визэнд орохоор сургалтад сууж бай, виз гарах дөхөхөд хэлнэ гэж хэлээд байхгүй болсон. Үүнийг хэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлох баримт байхгүй, үгүйсгэж байгаа тайлбараа нотлохгүй байна. Өөрсдөө зуучлалын харилцаа гэж ойлгож байж магадгүй, гэтэл хууль зүйн хувьд харахад 1-т цаад байгууллагыг Баяртай холбосон бол байгуулсан гэрээ байхгүй, хариуцагч нар өөрсдөө гэрээ байгуулаагүй байж болно, гэтэл цаад байгууллагатай харилцаж Баяртай холбосон зүйл огт болоогүй, иймд Баярыг зуучилсан гэж үзэх боломжгүй. Тохиролцоо нь Япон улсад суралцуулах, ажлын виз гаргуулах асуудал юм, суралцах визийг хүссэн хүн мэдүүлээд авчихна, ажиллах виз авахын тулд энэхүү байгууллагын оролцоо чухал байх тул давхар ажиллах зөвшөөрөл авах тал дээр Япон улсаас зөвшөөрөл авах энэхүү тохиролцоо хийгдэж байгаа. Үүнд Иргэний хуульд заасан тогтоосон гэрээ байх боломжтой юу, үгүй юу гэдэгт, миний хувьд тухайн гэрээ байхгүй, нэрлэгдээгүй гэрээ байж болно. 2-т 203 дах хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдэд ашигтай гэрээг Э  болон нөгөө компани нар хоорондоо хийсэн, хариуцагч компанитай хийсэн харилцаа харагдаж байна. Үүнийг Э  мөн тайлбарладаг, би хүүхдээ суралцуулахын тулд энэхүү компанитай тохиролцож шилжүүлсэн гэх асуудлыг ярьдаг. Баяр мөн манай ээж төлбөрийг нь төлсөн юм гэж хэлдэг. Шаардах эрхийн хувьд Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-т “гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль нь ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу Э  төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй. Илүү үндэслэлгүй төлсөн төлбөрийг шаардах эрхтэй. Төлбөрөөс 1,000,000 төгрөг болон 160,000 төгрөг нь үндэслэлтэй төлөгдсөн. Яагаад гэх юм бол зардал гарч болох юм байна гэх үүднээс үндэслэлтэй, бусад нь үндэслэлгүй. 1,000,000 төгрөгийг яагаад нэхэмжилж байгаа вэ гэвэл Э аас авахдаа орчуулгын зардал гэж хэлж авсан, гэтэл орчуулагдаа зарцуулагдсан юм уу мэдэхгүй, орчуулгадаа зарцуулсан бол баримт нь Баярын хувийн хэрэгт байхыг үгүйсгэхгүй. Гэтэл 1,000,000 төгрөг орчуулгад зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй, баримт байхгүй байна. 5,000,000 төгрөгийг зуучлалын хөлс гэж өөрсдөө тайлбарлаж байх боловч огт зуучлалын хөлсний асуудал тухайн үед яригдаагүй, Япон улсад суралцах байгууллагын төлбөр гэж авсан тул энэ нь илүү төлөгдсөн төлбөр байна.  Иймд энэхүү төлбөрийг буцааж авах нь зайлшгүй юм...” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Энхсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “Т ХХК” ХХК-ийн дэргэдэх “В ” япон хэлний сургалтын төв нь 2014 оноос өнөөдрийг хүртэл нийт 600 орчим оюутан залуусыг япон улсын хэлний бэлтгэл, их дээд сургуулиудад зуучлан суралцуулж байгаа бөгөөД Япон улсын Айшин, Ази, Икүшү” гэх мэт 20 гаруй япон хэлний бэлтгэл, сургуулиудтай тогтвортой харилцаатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бид Монголын оюутан залуусыг сургаж улмаар Япон улсад дэлхийн хэмжээний боловсрол эзэмшихэд нь гүүр болж ажилласаар 8 жилийн нүүрийг үзэж байна. Э  нь 2020 оны 1 дүгээр сард манай хэлний сургалтын төвтэй харилцан тохиролцож хүү Б ыг 2020 оны 7 дугаар сард суралцагчаар Япон улсад хэлний бэлтгэл сургуульд зуучлуулж суралцуулахаар бүртгүүлсэн юм. Манай сургалтын төв Б ыг бүртгэж аваад япон хэлний сургалтад хамруулж эхэлсэн. Япон улсад оршин суух зөвшөөрөл, сургуулийн урилгыг авахад шаардагдах бичиг баримтыг эцэг, эхээр нь бүрдүүлж, орчуулж улмаар Японд суралцуулах сургуульд нь баталгаат шуудангаар хүргүүлсэн. Ингээд 2020 оны 5 сарын 20-нд Япон улсын “Ази” олон улсын хэлний сургуульд суралцах зөвшөөрөл нь гарсан. Б  сургалтад бүртгүүлснээс хойш бичиг баримтаа бүрдүүлж өгөөд зуучлан суралцуулах гэрээгээ ч хийхгүй алга болсон. Бид зөвшөөрөл 2020 оны 5 сарын 20 өдөр гарангуут холбоо барьж мэдэгдсэнээр 2020 оны 8 дугаар сарын 5-нд зуучлалын хөлсний үлдэгдэл төлбөр болох 6 сая төгрөгийг шилжүүлсэн. Удалгүй ахиад ор сураггүй, холбоо харилцаагүй алга болсон. Б  өөрөө ч түүний ээж Э  ч утсаа огт аваагүй. Ингээд 2021 оны 6 сар хүртэл ор сураггүй байж байгаад гэнэт Э  утасдаад мөнгөө авъя гэж хэлсэн. Бид ирж уулзахыг хүсэж улмаар ээжийнхээ хамт ирэхэд нь Б т Япон улс руу сургуульдаа явахгүй гэх хүндэтгэх шалтгаан, ар гэрийн гачигдал байгаагүй. Тиймээс бид нэгэнт олдсон энэ боломжоо ашиглаж Япон улсад мэргэжил эзэмших зөвлөмж өгсөн. Тэд зөвлөмжийг сонсоод явъя гэдгээ зөвшөөрөөд бэлтгэлээ хангана гэж 2 сар сураггүй таг алга болсон. Түүнээс хойш 2 сарын дараа холбоо барьж бас мөнгөө авъя гэсэн. Учрыг асуухад хөдөө явсан гэсэн. Өмнө нь ирээд явна гэдгээ тохирсон байсан учраас манай сургалтын төв Дахин Япон дахь “Ази” олон улсын хэлний сургуультай холбоо барьж Б  сургуульдаа авах хүсэлтэй хэвээрээ байгаа учраас түүнийг хүлээж аваач гэж 2 дахь удаагаа гуйсан байсан боловч яваагүй. Б  яваагүйгээс болоод Японы сургууль нь хохирч, манай сургалтын төвтэй хийсэн хамтын ажиллагааны итгэлцэл нь алдагдаж цаашид хамтран ажиллахаа зогсоосон байгаа. Учир нь гэвэл 6 сар болж байж гадаад оюутан сургах зөвшөөрөл нь гардаг учраас хамтын гэрээнд заасны дагуу Б ын оронд өөр хүүхэд явуулах, хохирлоо нөхөх боломжгүй юм. Манай сургалтын төв иргэн Э   түүний хүү Б  нартай харилцан тохиролцсоны дагуу Япон улсын хэлний бэлтгэл сургуульд зуучлах үүргээ бүрэн дүүрэн биелүүлсэн харин нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүйн улмаас бидний цаашдын Япон талтай хамтран ажиллах үйл ажиллагаа саад учраад байна. Япон улсад оршин суух зөвшөөрөл, суралцах урилга нь гарсан мөртөө яваагүй бол Япон улсын хуулийн дагуу уг бичиг баримтуудын эх хувийг хувилж аваад сургууль руу нь буцааж явуулдаг журамтай учраас манай байгууллага урилгын эхийг Япон улсад буцаан хүргүүлсэн болно. Одоо манай сургалтын төв дээр уг бичиг баримтын хуулбар хувиас өөр материал байхгүй.

Баяртай холбоотой бүх материалыг Япон руу явуулсан, Мөнхбаярын Японоос явуулж байсан мэйлийг устахаас нь өмнө авч байсан скрийн шот хийж байсан, миний түрүүний Япон хэлний шалгалтад орох хүсэлтийн зураг, Япон элчин сайдын яам руу ороход юунд анхаардаг вэ гэх санамж, Т ХХК ХХК-ийн Амгалан гэх хүнтэй харилцсан харилцаа гэх зүйлүүд  чатад бол байгаа. Энэ нь Э  нь Баярыг Япон улс руу суралцуулж, ажиллуулахыг хүсэж манайд ирж үйлчилгээ авсан нь үнэн, зуучлалын хөлсийг 12,000,000 төгрөгт тохирсон нь үнэн, энэхүү мөнгөөр шилжүүлсэн нь үнэн, эхэнд нь сургуулийн урилга, дараа нь оршин суух зөвшөөрөл, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь 05 сарын 20-ны өдөр 3 сарын хугацаатай эхний ээлжинд гарсан. Энэ нь сунгагдаж 1 жил 6 сарын хугацаатай болсон. Миний мэйл ихэссэн тул юмнуудыг устгасан, гэхдээ үлдсэн юмнууд нь байна гэж над руу явуулсан байна. Үүнд юу гэж байна вэ гэвэл Энхбат, Баяр гэж дөрвөн файл, мөн Мөнхболд, Мөнхбаяр гэх хүний 4 файл байна. Мөн амралтын бичиг гэж захирлынх нь үүнд надад хэлж байсан тайлбар нь байна. Энэ амралтын бичгийн хамгийн сүүлийн хуудаст, хамгийн сүүлийн байдлаар урилга сунгаж явуулж байсан гэж байна, энэ нь хамгийн чухал нь гэсэн үг шүү. Өөрөө хэлбэл Э ын хүсэлтийг хүлээн авч бид зуучлалын хөлс тохирч бүх ажлаа бүрэн хийсэн...” гэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Э ын Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга 5 хуудас, 99937438 дугаартай бичвэр 1 хуудас, итгэмжлэл 1 хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас,

 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: итгэмжлэл 1 хуудас, бэлэн мөнгөний орлогын баримт 4 хуудас, Т ХХК ХХК-ийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, компанийн дүрэм 2 хуудас, мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Ц.Энх-Амгалангийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 7 хуудас, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн гадаад шилжүүлгийн даалгавар Баталгаат орчуулагчдын нэгдсэн холбооноос орчуулсан орчуулгатай Б ын япон улсад оршин суух зөвшөөрөл болон сургуулийн зөвшөөрөл, ажил хийх зөвшөөрөл, оюутны ирцийн баримт нийт 17 хуудас, Нью глобал ХХК-иас орчуулсан орчуулгатай Б ын япон улсад оршин суух зөвшөөрөл болон сургуулийн зөвшөөрөл, ажил хийх зөвшөөрөл, оюутны ирцийн баримт нийт 18 хуудас, ochko translation center ХХК-ийн орчуулсан сургуулийн зөвшөөрөл 1 хуудас, ажил хийх зөвшөөрөл 1 хуудас, Япон улсад оршин суух зөвшөөрөл 1 хуудас.

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: Мобиком корпораци ХХК-ийн албан бичиг 4/2561 дугаартай 1 хуудас, Б ын гэрчийн мэдүүлэг 7 хуудас, шүүгчийн захирамжаар Элит хонгор ХХК-иас гаргасан Худалдаа хөгжлийн банкны гадаад шилжүүлгийн даалгавар 2 хуудас,  хариуцагч Т ХХК-иас гаргуулсан Васэдо сургалтын төвийн нэрээр гарсан мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ 1 хуудас, Б ын Япон улсад оршин суух зөвшөөрөл 3 хуудас, үзлэг хийсэн тэмдэглэл холбогдох баримт нийт 13 хуудас.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э  хариуцагч Т ХХК ХХК-д холбогдуулан “төрсөн хүү Б ыг Япон улс руу явуулах зорилгоор өгсөн 12,000,000 төгрөг, сургалтын төлбөр 160,000 төгрөг, шалгалтын хураамж 50,000 төгрөг, нийт 12,210,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал “виз гаргахаар амлаагүй, Б ын Япон улсад суралцах, амьдрах, ажиллах зөвшөөрөл авахад зуучилсан, Б ын зөвшөөрөл ирснийг аваарай гэж мэдэгдсэн, найз охинтой болоод визэнд ороогүй, үүргээ биелүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Хариуцагч Т ХХК ХХК гадаад хэлний түр сургалт явуулах үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй, дэргэдээ Васэдо сургалтын төвийн үйл ажиллагаа явуулдаг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх-50, 172/

 

 Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Б ыг Япон улс руу явуулах виз гараагүй, хүүхэд маань Япон улс руу яваагүй, зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй... тул төлсөн төлбөрөө буцаан авна гэж тайлбарлав.

 

Нэхэмжлэгч Э  хариуцагч Т ХХК ХХК нар амаар тохиролцон, үүрэг гүйцэтгэгч Т ХХК ХХК Э ын хүү Б ыг Япон улсад ажиллах, суралцах виз авахад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч Э  12,000,000 төгрөгийг төлөх, сургалтад 160,000 төгрөгөөр сургахаар тохирсон болох нь  зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтууд, мөнгө төлсөн үйл баримт, гэрч Б ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 203 дугаар зүйлд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль нь ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу Э  өөрийн хүүг Япон улсад ажиллаж, суралцахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхээр тохиролцсон гэрээний нөгөө тал Т ХХК ХХК-иас үүргийг шаардах эрхтэй байх ба Б  энэ талаар гэрчлэн мэдүүлжээ.

 

Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.4-т “Гэрээнд өөрөөр заагаагүй буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээд гэрээнд заасан эрхээсээ татгалзвал үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардаж болно” гэж заасны дагуу гуравдагч этгээд Б  Япон улсын визэнд ороход шаардлагатай бичиг баримтаа шаардаагүй хэдий ч Э  бичиг баримтыг шаардах эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Э  2020 оны 01 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 07 сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2020 оны 08 сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг, 2020 оны 01 сарын 14-ний өдөр 160,000 төгрөгийг хэлний сургалтын төлбөрт, 2020 оны 07 сарын 10-ны өдөр 50,000 төгрөгийг шалгалтын хураамжид төлсөн болох нь Т ХХК ХХК-ийн кассын ажилтан Ц.Энх-Амгалангийн дансанд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгч Э , Ц.Энх-Амгалангийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна /хх-3-7, 54-60/

 

Б  Васэдо сургалтын төвийн Япон хэлний курсст сурсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч тал Б ыг сургалтад сургах үүргээ биелүүлсэн гэж дүгнэж, сургалтын төлбөрт төлсөн 160,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Б  сургалтад суусан нь тогтоогдсон тул шалгалтдаа өөрөө орох үүрэгтэй ба хариуцагчийн шалгалтаа аваагүйг нотлоогүй тул шалгалтын хураамжид төлсөн 50,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ ...визэнд ороход шаардлагатай бичиг баримтыг Япон улсаас 2020 оны 5 сарын 20-ны өдөр авсан ба Б т бичиг баримтаа аваарай гэж утсаар мэдэгдсэн... гэж тайлбарлаж байх боловч бичиг баримтын эх хувийг Э , Баяр нарт авахыг мэдэгдсэн болохоо баримтаар нотлоогүй.

Хариуцагч тал визэнд ороход шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй байх тул хариуцагчийн .... бичиг баримтын эх хувийг Япон улс уруу буцаасан... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Хариуцагч тал ... суралцагч Б , М.Мөнхболд нарын төлбөрт 503,500 төгрөг төлсөн... гэж тайлбарлаж байх боловч Худалдаа хөгжлийн банкны гадаад шилжүүлгийн даалгаварт Б , М.Мөнхболд гэх 2 иргэний төлбөрийг төлж байгаа талаар тусгаагүй, энэ нь бусад баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байх тул Э аас авсан мөнгийг Япон улсын байгууллага уруу шилжүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

Хариуцагчаас хэрэгт өгсөн Б ын Япон улсад оршин суух зөвшөөрөл, сургуулийн зөвшөөрөл, ажил хийх зөвшөөрөл, амлалтын бичиг, М.Мөнхбаярын Япон улсад оршин суух зөвшөөрөл, сургуулийн зөвшөөрөл, амлалтын бичиг гэх баримтуудын эх хувь хэрэгт авагдаагүй байх тул эх хувиас орчуулаагүй орчуулгыг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй. /хх-124, 125, 126-132, 137-140 /,

 

Т ХХК ХХК-ийн Япон улсын Ази олон улсын хэлний сургуультай харилцдаг мэйл хаягт үзлэг хийхэд 2022 оны 05 сарын 10, 2022 оны 05 сарын 11-ний өдрүүдэд харилцсан зурвас байх тул хариуцагчийн “...2020 оны 5 сард Б ын Япон улсын визэнд ороход шаардлагатай бичиг баримт ирсэн, аваарай гэж утсаар мэдэгдсэн...” гэх тайлбар үндэслэлгүй.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хангалттай хугацаанд явагдсан, Япон улсын байгууллагаас хамтарч ажилладгийн хувьд хариуцагч тал баримтаа эх хувиар авах, Япон улсын элчин сайдын яам, Гадаад харилцааны яамаар дамжуулж, хэрэгт өгөх эрх нь нээлттэй, хангалттай хугацаа өнгөрсөн болохыг дурдаж байна.

 

Б  Япон улс руу суралцах, ажиллахаар явах хүсэлтэйн улмаас анх эх Э ын хамт Т ХХК ХХК-ийн захирал Энх-Амгалантай амаар тохиролцож байсан нь тогтоогдсон ба уг хугацаанаас хойш Япон улс уруу явах сонирхолгүйн улмаас бичиг баримтаа шаардаагүй болох нь зохигчийн тайлбар, гэрч Б ын мэдүүлэг, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч тал Б ын Япон улсын визэнд ороход шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгснөө нотлоогүй, Э  бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг шаардаагүй зэргээс дүгнэвэл, хэн аль гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заажээ.

Талуудын хэн аль гэрээний үүргээ хэн алинаасаа шаардаагүй, хэргийн нөхцөл байдал, гэрээ биелэгдсэн тохиолдолд олох ашиг Т ХХК ХХК-д үлдэх байсан зэргийг харгалзан, хариуцагчид төлсөн 12,000,000 төгрөгийн тал хувь болох 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Т ХХК ХХК-иас 6,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э д олгож, нэхэмжлэлээс 6,210,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.4, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК ХХК-иас 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э д олгож, нэхэмжлэлээс 6,210,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК ХХК-иас 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.БАТЦЭЦЭГ