| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 188/2019/0843/Э |
| Дугаар | 295 |
| Огноо | 2020-06-12 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 295
Д.Дд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр магадлалтай, Д.Дд холбогдох 1930002640176 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Орлой овогт Д Д.
Д.Д нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багийн “Бор хужир” гэх газар “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн”,
Мөн дүрмийн 3.4-т заасан “мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”,
Мөн дүрмийн 12.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Д.Баттулгын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Дг согтуугаар, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр магадлалыг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргасан. Хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хэсэг бүлэг хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь өөрсдийнх нь мэдүүлгээр тогтоогддог. Гэтэл Д.Д согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, хэрэглэсэн бол ямар хэмжээтэй эсэхийг тогтоосон баримт байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх гэрч Б.Мөнхжингийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон. Гэтэл Б.Мөнхжин нь тэдгээр хүмүүсийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг хараагүй буюу зөвхөн осол болсны дараа ослын газарт ирэхэд согтуу байсан гэх зүйлийг хэлсэн. Д.Д нь ослын улмаас ухаан балартсан тухайгаа удаа дараа мэдүүлсэн. Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн “Д.Дгээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй” гэх дүгнэлт байдаг. Мөн Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар оарын 13-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн “Талийгаач Д.Баттулгын цогцосноос авсан цусанд 2.2 промилли этилийн спирт илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт гарсан. Хэрэв Д.Д согтууруулах ундаа хэрэглэсэн бол түүний цусанд хийсэн дүгнэлтээр этилийн спирт илрэх нь тодорхой байсан. Мөн Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаар тушаалын хавсралтын 1.6-д “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно.” гэж заасан. Гэтэл түүний цуснаас этилийн спирт илрээгүй байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж шүүгдэгчид ашиггүй байдлаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь эргэлзээ бүхий байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Д.Дг согтуугаар, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна. Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь түүний өөрийн болон гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Д нь согтуугаар “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг хамгаалах малгай өмсөлгүй жолоодож, улмаар хамгаалах малгай өмсөөгүй согтуу зорчигч тээвэрлэн явахдаа замын нөхцлийг харгалзан хурдыг тохируулж чадаагүйн улмаас зам тээврийн осол гаргаж, сундалж явсан Д.Баттулгын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байх бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн, энэхүү зөрчил нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний үндсэн болон нэмэгдэл ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн нь хяналтын шатны шүүхэд “... Д.Д нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь эргэлзээтэй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэх” агуулгатай гомдол гаргажээ.
Тусгай мэдлэг бүхий этгээд болох шинжээчийн дүгнэлтээр “... Д.Дгийн цуснаас спирт илрээгүй” гэх боловч гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан, гэмт хэргийн талаар өөрийн харсан, мэдсэн зүйлийн талаар “үнэн зөв мэдүүлэх” үүрэг хүлээж, баталгаа гаргасан нэр бүхий гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нь амь хохирогч болон бусад хүмүүстэй архидан согтуурсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсоны дээр шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 хоногийн дараа шинжилгээнд зориулж цус авсан болохыг дурдах нь зүйтэй.
Энэхүү нөхцөл байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйн дээр зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл биш тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧ Б.ЦОГТ
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН