Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 368

 

 “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын

 Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Х.Батсүрэн,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Дорноговь аймгийн Мандах сумын нутаг, Довцог худаг нэртэй газарт “Т” ХХК-ийн эзэмшиж буй 56,098,52 га талбайн зарим хэсэг болох 10,264.1 га талбай нь Улсын Их Хурлын 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор тусгай хамгаалалтад авсан байхад тухайн талбайг давхцуулан сонгон шалгаруулалт зарласан үйлдлийг хууль бус байсныг тогтоож, “Т” ХХК-д учирсан хохирол 70,064,003.23 төгрөгийг гаргуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0186 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 350 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0186 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1.7, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.18, 11.1.22, 11.1.23, 11.1.25, 14 дүгээр зүйлийн 14.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2, 26 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, тусгай хамгаалалтад авсан 10,264 га газарт сонгон шалгаруулалт явуулсан Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ үйлдэл хууль бус байсан болохыг тогтоож, уг талбайд төлсөн сонгон шалгаруулалтын хураамж 52,145,220 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 350 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 186 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “... сонгон шалгаруулалтын хураамж 52,145,220 төгрөгийг...” гэснийг “...тусгай зөвшөөрлийн нийт төлбөрийн 12314.94 га талбайд ногдох хэсгийн төлбөр 7,499,797.8 төгрөгийг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4. Шүүх хянахдаа “Ашигт малтмал, газрын тосны газар нь Монгол Улсын Их Хурлын 2011 оны 04 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авагдсан газар нутагт зарим хэсэг нь хамаарч байгаа талбайд бүхэлд нь 2014 онд сонгон шалгаруулалт зарласан нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.25-д заасныг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа болсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.” гэсэн. Гэтэл “... тухайн үед сонгон шалгаруулалтын босго үнийн тусгай хэрэгцээний талбайд хамаарах хэсгийг хариуцагчаас гаргуулах эсэхийг шийдвэрлэхээр байхад анхан шатны шүүх үүнтэй холбоотой хууль, журмыг хэрэглэлгүй босго үнийн талбайн хэмжээнээс хамаарч тогтоосон мэтээр тооцож, улмаар хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.” гэж дүгнээд хариуцагч талаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсныг үндэслэлгүй гэж үзэж байна.

5. Учир нь Давж заалдах шатны шүүх хариуцагчийн хууль бус үйл ажиллагаа гэж дүгнэсэн атлаа тэрхүү хууль бус үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчид учирсан хохирлыг тухайн тусгай зөвшөөрлийн 43783,56 м.кв талбайг эзэмшиж хайгуулын үйл ажиллагаа явуулж байх тул сонгон шалгаруулалтын босго үнэд төлсөн төлбөрийг талбайн хэмжээнээс хамааруулж хувьчлан тооцож нэхэмжилсэн төлбөрийг хариуцагчийн дээрх үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж үзэхээргүй байна гэсэн нь өмнөх тайлбартай утга агуулгын хувьд зөрчилдөж байна.

6. Давж заалдах шатны шүүх хэрэг маргаанд үндэслэл бүхий дүгнэлт тайлбар хийж чадаагүй гэж үзэж байна. Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна.

8. Нэхэмжлэгч “Т” ХХК нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Дорноговь аймгийн Мандах сумын нутаг “Довцог худаг” нэртэй газарт “Т” ХХК-ийн эзэмшиж буй 56098.52 га талбайн зарим хэсэг болох 10264.1 га талбай нь Улсын Их Хурлын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор тусгай хамгаалалтад авсан байхад тухайн талбайг давхцуулан сонгон шалгаруулалт зарласан үйлдлийг хууль бус байсныг тогтоож, нэхэмжлэгчид учирсан хохиролд 70,064,003.23 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

9. Нэхэмжлэгчээс “...сонгон шалгаруулалтаар авсан 56098.52 га талбайн зарим хэсэг болох 10264.1 га талбай нь улсын тусгай хамгаалалтад авсан талбайтай давхцалтай, хайгуулын ажил явуулах боломжгүй учир буцаан өгсөн. Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр 12314.94 га талбайг хасалт хийж, 43783.58 га талбай болгон багасгаж шийдвэрлэсэн. ...иймд сонгон шалгаруулалтын босго үнэ /56098.52 га талбайн/-д 285,000,000 төгрөг тушаасан, түүнээс хасалт хийсэн 12314.94 га талбайд 62,564,205.43 төгрөг, мөн тусгай зөвшөөрлийн 3 жилийн төлбөрт нийт 7,499,797.80 төгрөг төлж хохирсон...” гэж маргасан бол, хариуцагчаас “...Улсын Их Хурлын 2011 оны 4 дүгээр тогтоолоор 18-ын Богд уулыг тусгай хамгаалалтад авсан. ...уг тогтоол хариуцагч байгууллагад 2015 онд ирж бүртгэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн нь өмнө төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг бууруулах, эсхүл түүнийг буцаан олгох үндэслэл болохгүй гэж заасан. Нэхэмжлэгч компани талбайгаа өөрсдөө буцааж өгсөн учраас тусгай зөвшөөрлийн төлбөрийг бууруулах, эсхүл түүнийг буцаан олгох үндэслэл болохгүй...” гэсэн тайлбар гаргана.

10. 1. Анхан болон давж заалдах шатны шүүхээс, тухайн маргаанд Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас, тусгай хамгаалалтад авсан 10264.1 га газарт сонгон шалгаруулалт явуулсан Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын үйлдэл хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

11. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлсон байх бөгөөд мөн зүйлийн ...11.1.14-т хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, ...11.1.25-т энэ хуулийн дагуу ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлох, батлуулах үүргийг хэрэгжүүлэхээр заасан.

12. Монгол Улсын Их хурлын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дүгээр тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоол /Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан/-оор Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Арваннаймын Богд уулыг тусгай хамгаалалтад авчээ.

13. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу, 2014 онд Ашигт малтмалын газраас Дорноговь аймгийн Мандах сумын нутаг “Довцог худаг” нэртэй 56098.52 га талбайд сонгон шалгаруулалт  зарласан байх бөгөөд нэхэмжлэгч “Т” ХХК нь тус сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 440 дугаар шийдвэрээр 56098.52 га талбайг ХҮ-017628 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшсэн байна.

14. Гэвч, тус компанийн сонгон шалгаруулалтаар авсан талбайн зарим хэсэг буюу 10264.1 га талбай нь Монгол Улсын Их хурлын 2011 оны 4 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан талбайтай давхцалтай тул тус компаниас 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2717 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн талбайгаас давхацсан хэсгийг хасуулах хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 589 дугаар шийдвэрээр тус компанийн эзэмшлийн 56098.52 га талбайгаас 12314.94 га талбайг буцаан авч, кадастрын мэдээллийн санд бүртгэжээ. Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллага нь хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих, мөн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлох, батлуулах чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, тусгай хамгаалалтад авсан газарт давхцуулан сонгон шалгаруулалт зарлаж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус үйл ажиллагаа болсон, энэ талаар шүүхүүд зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас, тусгай хамгаалалтад авсан 10264.1 га газарт сонгон шалгаруулалт явуулсан Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын үйлдэл хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.  

15. 2. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгчээс, сонгон шалгаруулалтаар авсан 56098.52 га талбайн зарим хэсэг болох 10264.1 га талбайг буцаан өгсөн үндэслэлээр, сонгон шалгаруулалтын босго үнэд 285,000,000 төгрөг тушаасан, түүнээс хасалт хийсэн 12314.94 га талбайд ногдох 62,564,205.43 төгрөг, мөн тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт 10,385,700 төгрөг тушааснаас хасалт хийсэн 12314.94 га талбайн эхний жилийн төлбөрт илүү тушаасан 1,785,666.30 төгрөг, хоёр дахь жилийн төлбөрт илүү тушаасан 3,571,332.60 төгрөг, гурав дахь жилийн төлбөрт илүү тушаасан 5,356,998.90 төгрөг, нийт 7,499,797.80 төгрөгийн хохирол, нийт 70,064,003.23 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилжээ.  

16. Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.

17. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 32.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 145 төгрөг, 2 дахь жилд 290 төгрөг, 3 дахь жилд 435 төгрөг, 4-6 дахь жилд тус бүр 1450 төгрөг, 7-9 дэх жилд тус бүр 2175 төгрөг, 10-12 дахь жилд 7250 төгрөг байна” гэж тус тус зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг талбайн хэмжээнээс хамаарч жил бүр төлдөг тул хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас, улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай үндэслэлээр буцаан өгсөн 12314.94 га талбайд төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг хохирол гэж үзэх үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн, тус компанийн буцаан өгсөн талбайн тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн нийт 7,499,797.80 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.  

18. Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу үйлдэж, уг талбайн тодорхойлолтын хамт ирүүлэх бөгөөд хайгуулын талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тохиолдолд тухайн талбай нь энэ хуулийн 17.2-т заасан шаардлагыг, уурхайн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тохиолдолд энэ хуулийн 24.4-т заасан шаардлагыг тус тус хангасан байна” гэж хуульчилсан. Мөн Засгийн газрын 216 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан байх бөгөөд уг журмын 2.4-т “Сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажил, бусад зардлын баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох бөгөөд түүнийг төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг баталгаажуулна” гэж заажээ.

19. Хууль, журмын дээрх зохицуулалтаас үзэхэд сонгон шалгаруулалтын босго үнийг сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө нь хийгдсэн хайгуулын ажил болон бусад зардлыг харгалзан тогтоосон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани нь сонгон шалгаруулалтын босго үнэд төлсөн 285,000,000 төгрөгийг хайгуулын талбайн хэмжээнээс хамаарч төлөөгүй нь тогтоогдсон байх тул нэхэмжилсэн төлбөр болох хасалт хийсэн 12314.94 га талбайд төлсөн гэх 62,564,205.43 төгрөгийг хохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

20. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 350 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Ч.ТУНГАЛАГ

                                        ШҮҮГЧ                                                    Б.МӨНХТУЯА