Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01631

 

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/00631

 

 

Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2022/00001 дугаар шийдвэртэй,

Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Л.А-, А.Д- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 99,957,432 төгрөг, хохиролд 370,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг, хариуцагч А.Д-, хариуцагч Л.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч Л.А-, А.Д- нар Банк ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 312500665943, 312500665935 тоот зээлийн гэрээ байгуулан нийт 99,000,000 төгрөг зээлж авсан. Зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн.

Иймд хариуцагч Л.А-, А.Д- нараас 312500665943 тоот гэрээний үндсэн зээл 56,156,775.43 төгрөг, үндсэн хүү 15,253,054.00 төгрөг, хуримтлуулсан хүү 1,000,900.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,446.00 төгрөг, бүгд 72,513,175,63 төгрөг,

312500665935 тоот гэрээний үндсэн зээл 22,674,652.64 төгрөг, үндсэн хүү 4,312,536,26 төгрөг, хуримтлуулсан хүү 417,462.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,605,39 төгрөг, бүгд 27,444,256.38 төгрөг, нийт 2 зээлийн гэрээний үүрэгт 99,957,432,00 төгрөг, нотариатын зардал 370,500 төгрөгийг тус тус гаргуулна уу.

1.2. Барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Барьцааны гэрээгээр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршанд 14 дүгээр гудамж, 00 тоот хаягт байршилтай 260 м.кв. талбай бүхий хувийн орон сууц, гараашийн зориулалтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө,

Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршанд 14 дүгээр гудамж, 00 тоот хаягт байршилтай, 526 м.кв. талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар өмчлөх эрх,

Налайх дүүргийн 2 дугаар хороо, 40 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалтай, 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгө,

Налайх дүүргийн 2 дугаар хороо, Залуучууд /12760/ т.дамдин гудамж, 31б байр, 00 тоот хаягт байршилтай 51.22 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр болно.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Л.А- нь 2009 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 5943 дугаартай гэрээг байгуулж, Банк ХХК-аас 69,000,000 төгрөг, мөн 5935 дугаартай гэрээг байгуулж 30,000,000 төгрөгийг өөрийн Б.О хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зээлж авсан. Зээл аваад үйл ажиллагаагаа эхлэх гэж байтал 2020 оны эхээр дэлхий нийтийг хамарсан корона вирус буюу амьсгалын замын халдварт өвчин гарсан. Монгол Улсын хэмжээнд цар тахалтай тэмцэх буюу гамшигаас хамгаалж бүх нийтийг бэлэн байдалд шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарч, 2022 он хүртэл нийтдээ 20 гаруй удаагийн тогтоолоор гамшигаас хамгаалах буюу өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдаж цар тахлын нөхцөл байдал бий болсон. Цар тахлын нөхцөл байдал бий болсноос нийт худалдаа эрхлэгч нарт хохирол үүсэж, зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Олон улсын бараа худалдах, худалдан авах гэрээний дагуу олон улсын гэрээ конвенцийг дагах ёстой. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл үүссэн бол гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл байдаг. Мөн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас нийт худалдаа эрхлэгчдэд зориулж гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд өртсөн гэдэг гэрчилгээг гаргаж өгсөн. Тийм учраас бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Харин анх нэхэмжлэгчээс авсан зээлийн үндсэн төлбөрийг төлөх боломжтой. Зээлийн үндсэн төлбөрөөс 52,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 40 гаран сая төгрөгийг төлнө. Нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Банк үндсэн зээлээ зогсоож, зээлийн хүүг төлөх сонголт л бидэнд өгсөн. Ер нь бол зээлдэгч нарын зүгээс хоёуланг нь зогсоож, давагдашгүй хүчин зүйл өнгөрсний дараа зээлээ төлөх сонирхолтой байсан боловч боломжгүй гэдэг хариу өгсөн. Давагдашгүй хүчин зүйл учирсан учраас зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Банк ХХК, Л.А-, А.Д- нарын 2009 оны 09 дүгээр сарын 12 өдөр, 2021 оны 02 дугаар сарын 03 өдөр тус тус байгуулсан 312500665943, 312500665935 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Л.А-, А.Д- нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 63,614,814 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,713,008 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.А-, А.Д- нар 63,614,814 төгрөгийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207005898 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршанд 14 дүгээр гудамж, 00 тоот хаягт байршилтай 260 метр квадрат талбай бүхий хувийн орон сууц, гражийн зориулалтай 2 давхар үл хөдлөх хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн Г-2207004906 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршанд 14 дүгээр гудамж, 00 тоот хаягт байршилтай, 526 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, өмчлөх эрхтэй газар,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207000646 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 40 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 18 метр квадрат талбай бүхий, орон сууцны зориулалтай, 1 өрөө үл хөдлөх хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004104 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Залуучууд /12760/ т.дамдин гудамж, 31б байр, 00 тоот хаягт байршилтай 51.22 метр квадрат талбай бүхий орон сууцны зориулалтай, 2 өрөө үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,109,534 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Л.А-, А.Д- нараас 799,990 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 36,713,008 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээ болон Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлсийн гэрчилгээ-г хуулиас дээгүүр үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Талуудын хооронд байгуулсан 2009 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 312500665943, 312500665935 тоот зээлийн гэрээнүүдээр нийт 99,000,000 төгрөгийн зээлийг авсан. 312500665943 гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 56,156,776 төгрөг, 312500665935 гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 22,674,652 төгрөг, нийт 78,831,428 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл гэж зээлийн хүү, шимтгэл ороогүй үлдэгдэл зээлийг хэлнэ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т Хариуцагч тал зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хуримтлуулсан хүүгийн дүнтэй маргаагүй бөгөөд... гэж дурьдсан ч 2009 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээ цуцлах хугацаанд төлөгдсөн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлээс хасаж тооцсон нь шийдвэрийн тогтоох хэсэгт дурьдагдсан.

Шүүх эрх мэдлийн хүрээнд Ковид 19 цар тахлын үеийн зээлийн маргааныг шийдвэрлэхдээ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хасаж тооцож хэрэг маргааныг шийдвэрлэх нь зүйн хэрэг боловч нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлээс хасаж тооцсон, тэмдэгтийн хураамжийг мөн нэхэмжлэлийн дүнд оруулж шийдвэрлэсэн зэргээс харахад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хариуцагч нараас 36,713,008 төгрөгийг гаргуулж, банкийг хохиролгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Л.А-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хариуцагч гэрээ болон гэрээний хүчин төгөлдөрт маргаагүй. 2020 оны 02 дугаар сараас эхлэн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл бий болсон. Тухайн хүчин зүйл нь 2022 оны 02 дугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд уг хугацаанд үүргийн гүйцэтгэлээс чөлөөлүүлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн тэнхим давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг баримтар гаргаж өгсөн. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл бий болсон буюу учирсан үеэс эхлэн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөх үндэслэлтэй. Учир нь Монгол Улсын дээд шүүхийн тогтоол болон олон улсын гэрээ конвенцид тодорхой тусгасан. Үндсэн төлөлтөөс нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцсон. Гэтэл 2009 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээл авсан бөгөөд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл нь 2020 оны 02 дугаар сараас эхэлж 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр арилсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан үеэс шийдвэрлэх хүртэлх хугацаанд үндсэн төлөлт болон хүүг тооцож, шүүхийн шийдвэрт оруулж тооцсон. Хариуцагч нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн байхад нийт 52,000,000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүхээс давагдашгүй хүчин зүйл учирснаас үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх нь зүйтэй гэж зөв дүгнэсэн.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлын зарим хэсгийн хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Банк ХХК нь хариуцагч Л.А-, А.Д- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, хохирол гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Банк ХХК-ийн нэрийг Банк ХХК-ийн Налайх дүүрэг дэх салбар гэж буруу бичснийг залруулах нь зүйтэй байна. Банк ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 00/6107 тоот итгэмжлэлийг өөрийн Налайх дүүргийн салбарын харилцааны менежер ажилтай Б.Батцэцэгт олгосон байх ба Б.Батцэцэг нь энэхүү итгэмжлэлийн дагуу Л.А-, А.Д- нарт холбогдуулж нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй болжээ. Энэ итгэмжлэл нь нэхэмжлэгчийг буруу тодорхойлох үндэслэл болохгүй болно.

 

3. Банк ХХК болон Л.А-, А.Д- нарын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 312500665943, 312500665935 тоот 2 зээлийн гэрээ, 312500665943, 312500665935 тоот 2 барьцааны гэрээ тус тус байгуулагджээ. /1хх 1-17, 20-21, 212-219 дахь тал/

3.1. 312500665943 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 69,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар,

312500665935 тоот зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар зээлдэгч нарт тус тус зээлэх, зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг гэрээний хавсралтад заасан хугацаанд, хэмжээгээр төлөхөөр тохиролцсон, зээлийн 2 гэрээ хүчин төгөлдөр байна. Талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ тусдаа байгуулагдсан байхад анхан шатны шүүх тэдгээрийн хооронд барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан гэж гэрээ болон хуульд байхгүй нэр томьёо хэрэглэж байгаа нь буруу болохыг дурдаж байна.

Дээрх 2 зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүсгэсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

3.2. Талууд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 312500665943 тоот зээлийн гэрээний зээлийн хэмжээ, хугацаанд өөрчлөлт оруулсан, уг нэмэлт өөрчлөлт нь хүчинтэй байна.

3.3. 312500665943, 312500665935 тоот зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д зээлдэгчид зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол банк гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлахаар талууд тохиролцсон, энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Хариуцагч тал 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс уг хуваарийг зөрчсөн гэдгийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Харин зээлийн гэрээг цуцлах нь гэрээний талуудын эрх гэдгийг анхан шатны шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл гэрээг цуцалсан байдал нь нэхэмжлэлийн үндэслэл бөгөөд гэрээ цуцалснаар үүсэх шаардах эрх нь нэхэмжлэлийн шаардлага болох учиртай.

3.4. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 312500665943 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэгт 56,156,775 төгрөг, зээлийн хүүд 16,286,954 төгрөг, 312500665935 зээлийн гэрээний үндсэн үүрэгт 22,674,652 төгрөг, зээлийн хүүд 4,729,998 төгрөгийг төлөх үүрэгтэй байхад анхан шатны шүүх зээлийн үндсэн үүрэг болох зээлийн хүүгийн зарим хэсгийг хасч шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй байна.

Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн нь түүний буруугаас болоогүй бол тэрээр иргэний эрх зүйн хариуцлагаас чөлөөлөгдөх учиртай бөгөөд харин зээлийн гэрээний үндсэн үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

3.5. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 тоот тогтоолын 8-д банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж заасны дагуу хариуцагч Л.А-, А.Д- нар нь хүсэлт гаргасан гэх байдлаа баримтаар нотлохгүй байна.

3.6. Харин Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоол болон Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Л.А-т 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 02/351 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээг үндэслэн хариуцагч нарыг иргэний эрх зүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүү, хохирол буюу нотариатын зардал төлөхөөс чөлөөлөх нь зүйтэй болно.

3.7. Иймд хариуцагч Л.А-, А.Д- нараас 312500665943 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэгт 56,156,775 төгрөг, зээлийн хүүд 16,286,954 төгрөг, 312500665935 зээлийн гэрээний үндсэн үүрэгт 22,674,652 төгрөг, зээлийн хүүд 4,729,998 төгрөг, нийт 99,848,379 төгрөгийг гаргуулж Банк ХХК-д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

4. Банк ХХК болон Л.А-, А.Д- нарын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 312500665943, 312500665935 тоот 2 барьцааны гэрээ тус тус байгуулагдаж,

эрхийн улсын бүртгэлийн Ү-2207005898 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршанд 14 дүгээр гудамж, 00 тоот хаягт байршилтай 260 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гараашийн зориулалтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө,

эрхийн улсын бүртгэлийн Г-2207004906 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршанд 14 дүгээр гудамж, 00 тоот хаягт байршилтай, 526 м.кв. талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар өмчлөх эрх,

эрхийн улсын бүртгэлийн Ү-2207000646 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 40 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалтай, 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгө,

эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004104 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Залуучууд /12760/ т.дамдин гудамж, 31б байр, 00 тоот хаягт байршилтай 51.22 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалжээ.

4.1. Анхан шатны шүүх дээрх 2 барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлгүйгээр нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь буруу боловч талууд уг гэрээний талаар мэтгэлцэж, холбогдох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн тул давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх замаар алдааг залруулах боломжтой гэж дүгнэлээ.

4.2. Дээр дурдсан 2 барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр байна.

4.3. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгчийн шаардах эрх нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэг зааснаар үүсчээ. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт заасан нь зөв боловч уг шаардах эрхийг мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон нь алдаатай болсныг зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

4.4. Түүнчлэн албадан дуудлага худалдаа явуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэрийг орхигдуулсан байгааг залруулна.

 

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг өөрчлөн найруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2022/00001 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.А-, А.Д- нараас 99,848,379 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 479,553 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.А-, А.Д- нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2207005898 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршанд 14 дүгээр гудамж, 00 тоот хаягт байршилтай 260 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гараашийн зориулалтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө,

эрхийн улсын бүртгэлийн Г-2207004906 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршанд 14 дүгээр гудамж, 00 тоот хаягт байршилтай, 526 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар өмчлөх эрх,

эрхийн улсын бүртгэлийн Ү-2207000646 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 40 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалтай, 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгө,

эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004104 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Залуучууд /12760/ т.дамдин гудамж, 31б байр, 00 тоот хаягт байршилтай 51.22 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтад 799,990 гэснийг 937,992 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй .

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,525.59 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 009 дүгээр зүйлийн 009.4, 009.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЗОЛЗАЯА