| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2022/02060/И |
| Дугаар | 210/МА2022/01682 |
| Огноо | 2022-09-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2022/01682
2022 09 07 210/МА2022/01682
ӨВП ХХН-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан, даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/02246 дугаар шийдвэртэй,
ӨВП ХХН-ийн нэхэмжлэлтэй
М.А-т холбогдох,
Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг даалгах, түрээсийн төлбөрт 8,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ариунболд, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
.
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ӨВП ХХН-ийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ЧК ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэж амаар харилцан тохиролцсон боловч тухайн гэрээ хүчин төгөлдөр болоогүй.
ЧК ХХК нь цааш нэгэн зуурмагийн компанид худалдан борлуулсан гэх бөгөөд тус компанийн ахлах мэргэжилтэн болох М.А- нь 2019 оноос одоог хүртэл тухайн байранд амьдарч байна.
Иймд М.А-т орон сууц чөлөөлүүлэхийг даалгаж өгнө үү. Мөн 2019 оны 12 сараас хойшхи түрээсийн төлбөрийг зах зээлийн түрээсийн ханшаар нэг сарын төлбөрийг 300,000 төгрөгөөр тооцож, нийт 28 сарын түрээсийн төлбөр болох 8,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2.1. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг ӨВП ХХН, ЧК ХХК -иуд байгуулсан. Энэ гэрээний 10 дахь заалтад төлбөр тооцоо дууссан гэж заасан байдаг. ЧК ХХК нь ЭСС ХХК-тай байгуулсан бетон зуурмагийн узелийн төлбөрт уг байрыг шилжүүлэхээр болсон. М.А- миний бие дээрх гэрээ тохиролцооны дагуу шилжиж ирсэн байрыг ЭСС ХХК-аас худалдан авч 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус байранд нүүж орсон.
2.2. ӨВП ХХН нь эд хөрөнгө өмчлөх эрхийг ЧК ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, улсын бүртгэлийн байгууллагад холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгөх, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авах бүрэн эрхийг М.А- миний биед итгэмжлэлээр олгосон.
2.3 Үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан татварыг ӨВП ХХН нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст дутуу шижлүүлснээс бүртгэл хийгдээгүй. Би уг орон сууцны хууль ёсны эзэмшигч учраас түрээсийн төлбөрийг төлөхгүй, орон сууцыг чөлөөлөх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.4. Би ЭСС ХХК-тай байгуулсан гэрээний дагуу би төлбөрийн 18,000,000 төгрөгийг ЭСС ХХК-д төлсөн, харин үлдэгдэл 18,000,000 төгрөгийг манай компаниас урамшуулал болгож надад өгсөн.
Т ХХК нь ӨВП ХХН-д төлөх төлбөрийн асуудлаар тэд хоорондоо учраа олох ёстой.
Иймд намайг Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /18082/, 39 дүгээр байр, 000 тоот хаягт байрлалтай, 28 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг ӨВП ХХН-д даалгаж өгнө үү.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийг татгалзсан тайлбарын агуулга: 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр худалдагч ЧК ХХК болон худалдан авагч Т ХХК Барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр ЧК ХХК нь Т ХХК-д бетон зуурмаг нийлүүлэх, Т ХХК нь бетон зуурмагийн төлбөрт дээрх орон сууцыг ЧК ХХК-д өгөх, эргүүлээд тус орон сууцны үнэ болох 36,000,000 төгрөгийг манай ӨВП ХХН-д төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл уг 1 өрөө орон сууцны үнэ болох 36,000,000 төгрөгийг манай хуулийн фирмд одоог хүртэл төлөөгүй учраас тус орон сууцны өмчлөлийг шилжүүлэх боломжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул М.А-т холбогдох Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 39 байр, 000 тоот хаягт байрлалтай, 28 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлж, олох ёстой байсан орлогод 8,400,000 төгрөг гаргуулах тухай ӨВП ХХН-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол /18082/, 39 байр, 000 тоот хаягт байршилтай, 28 м.кв талбайтай, 1 өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201053369 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр М.А-ыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг М.А-т гаргаж өгөхийг ӨВП ХХН-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219,550 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ӨВП ХХН-өөс 140,400 төгрөг гаргуулан хариуцагч М.А-т олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1 Компанийн зүгээс тухайн орон сууцыг шилжүүлж өгөхөд төлбөр тооцоо бүрэн төлөгдөөгүй учир орон сууцыг ЧК ХХК-д шилжүүлж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй.
ӨВП ХХН болон ЧК ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний 5-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус, мөн тухайн 1 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ ӨВП ХХН-ийн нэр дээр одоог хүртэл байдаг тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчийн шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх ӨВП ХХН-ийг өмчлөгчийн шаардах эрхгүй, өмчлөх эрх дуусгавар болсон гэж дүгнэсэн нь хуулийг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
5.2 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол заасныг хэрэглээгүй байна. ӨВП ХХН нь өмчлөгч нь хэвээр байгаа.
5.3. Анхан шатны шүүх хариуцагч М.А-ыг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний 5-д зааснаар гэрээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдээгүй, орон сууц ЧК ХХК өмчлөлд шилжээгүй тул өмчлөгч биш болохыг нь хариуцагч М.А- мэдэж байгаа.
5.4. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны манай компанийн өмчлөх эрх дуусгавар болоогүй, хариуцагч М.А-т өмчлөх эрх шинээр үүсээгүй байхад М.А-ыг өмчлөгч этгээд гэж дүгнэж байгаа нь шүүх хуулийг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэлийн шаардлага анхан шатны шүүхэд гаргаагүй, амаар тайлбар хэлж байсан. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн гэрээг агуулгын хувьд хүлээн зөвшөөрч байсан. Энэ гэрээтэй холбоотой бусдад төлөх төлбөргүй гэдгийг бид нар мөнгийг нь төлөөгүй учраас гэж маргаж байсан. Үүнд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгэх ёстой байсан гэх дүгнэлт гаргасан нь хуульд нийцсэн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч биш гэж маргаж байгаа боловч энэ талаар хийсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй. 2019 оноос хойш миний үйлчлүүлэгч энэ байранд амьдарсан. Тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч талаас ямар нэг маргаан гаргаагүй, хүлээн зөвшөөрч байсан. Үүнтэй холбоотой улсын бүртгэлд бүртгүүлэх материалыг ӨВП ХХН-аас гаргаж өгч байсан. Гэхдээ татварын тал мөнгийг тушаагаагүйгээс болж улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Үүнд шүүхээс нэхэмжлэгчийн эс үйлдэхүй байгаа учир улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэж дүгнэлт хийсэн нь хуульд нийцэж байна. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлоор хязгаарлалгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ӨВП ХХН нь хариуцагч М.А-т холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 8,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж маргажээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрт ЧК ХХК, Т ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Барилгын материал нийлүүлэх гэрээ, ӨВП болон ЧК-ийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, ЭСС ХХК болон М.А- нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г тус тус дүгнэсэн байх ба уг гэрээнүүдийн зүйл нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол /18082/, 39 байр, 000 тоот хаягт байрлалтай, 28 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийг гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлэх байжээ. Ийнхүү шийдвэрлэхэд уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтийг үндэслэх бөгөөд зохигч холбогдох хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх холбогдох этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжийг хангах учиртайг анхан шатны шүүх анхаараагүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/02246 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Э.ЗОЛЗАЯА