Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01701

 

2022 09 12 2000/МА2022/01701

 

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2022/01734 дугаар шийдвэртэй,

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяраа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 372 дугаар захирамжаар К ХХК, ТУ ХХК-аас 2,292,880,000 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байсан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэх баримт бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, ажиллагаа хийгдэж байгаа билээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Улаанбаатар хотод шилжин очсоноор манай байууллагаас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон ажиллуулж байгаа боловч шийдвэр гүйцэтгэх газар нь Хөрөнгө үнэлгээний тайланг Дархан-Уул аймаг руу явуулсан байх бөгөөд өнөөдрийг хүртэл байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулаагүй мэдэгдээгүй байна. Манай компани нь Хөрөнгө-Истимэйт ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайлантай танилцаад дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан

- эрхийн улсын бүртгэлийн Y-22000036054 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /180003/ гудамжны 000 тоотод байрлах 346 метр урттай төмөр замын зориулалттай барилгын үл хөдлөх эд хөрөнгө,

- эрхийн улсын бүртгэлийн Y-22000033261 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнсчдийн 3 дугаар гудамж 000 тоотод байрлах 32 м.кв талбайтай, бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай барилгын үл хөдлөх эд хөрөнгө,

- нэгж талбарын 53/7692 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрлэл /ХТ/ ХХК-ийн зүүн талд байрлах 34,715 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар зэрэг хөрөнгүүдийг нийт 3,421,213,390 төгрөгөөр,

- нэгж талбарын 18632309480542 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, МТ ХХК-ийн зүүн талын - шатахуун түгээх станцын хойно байрлах 13,091 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар зэргийг 1,596,189,834 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй.

К ХХК болон ТУ ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрийн хөрөнгийг 11,000,000,000 төгрөгөөр үнэлж үнэлгээний талаар саналаа гаргаж өгсөн.

1.2. Үнийн санал дээр тохиролцоогүй тул шинжээч томилно гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэлж байсан боловч хэзээ ямар шинжээч томилсон талаар хэлж мэдэгдээгүй.

1.3. Үнэлгээг хэдийд ямар журмаар хийсэн нь тодорхойгүй. Үнэлгээний тайлангийн 7 дугаар хуудас Хөрөнгийн байршил зурагнаас харахад үнэлж байгаа эд хөрөнгө нь аль болох нь тодорхойгүй, ямар ч тайлбар тодруулга байхгүй, хаана байршилтай, ямар эд хөрөнгө болон үнэлж байгаа зүйлийг тодотгосон байдал харагдахгүй.

1.4. Эд зүйлийг үнэлэхдээ нүдээр үзэж үнэлээгүй гэж үзнэ. Учир нь тоног төхөөрөмж дээр олон улсын код, индекс нь бичигдсэн мөн тусгай паспорт бичиг баримттай байдаг. Гэтэл зөвхөн бетон зуурмагийн үйлдвэр гээд нэг үнэлгээ гаргасан. Эд зүйлийг үзэж эд хөрөнгө нэг бүрчлэн үнэлгээ хийгээгүй байна. Хэрвээ тоног төхөөрөмжийг харж үнэлсэн бол эд зүйл, тоног төхөөрөмж болгон тусгай үйлдвэрлэсэн улсын индекс тусгай дугаар код байдаг бөгөөд энэ нь үнийг тогтоох мөн аль улсад хэдэн онд үйлдвэрлэсэн гэх мэт мэдээлэл нь гардаг. Гэтэл үнэлгээний компанийн үнэлсэн Бетон зуурмагийн үйлдвэр нь аль улсад, хэдэн онд үйлдвэрлэсэн ямар, ямар тоног төхөөрөмж хаана байрлаж байгаа талаар үнэлгээ гаргаагүй нь үнэлгээний тухай хуулийг ноцтой зөрчиж бусдын эд хөрөнгийг үнэгүйдүүлж зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байна. Харьцуулалт хийсэн үнэлгээ ч гэсэн аль улсад, хэдэн онд үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж гэдэг нь тодорхойгүй зэрэг нь үйлдвэрийн тоног төхөөрөмж нь тусгай паспорт гэрчилгээг үндэслэн аль улсад хэдэн онд үйлдвэрлэсэн зэргээс шалтгаалж үнэ нь харьцангуй өөр өөр байдаг.

1.5. Барилга байгууламжийг үнэлэхдээ элэгдэл хорогдол, засвар үйлчилгээ хийсэн барилгын материалын үнэ цэнийг тооцоогүй. Тус барилга нь барилгын материалын үйлдвэрийн зориулалттай, эрчим хүч, төмөр замын, техник тоног төхөөрөмжийн инженерийн барилга байгууламж юм. Гэтэл дээрх нөхцөл байдлуудыг үнэлэхдээ анхаараагүй нь Үнэлгээний тухай хуулийг зөрчиж эд зүйлийн үнийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн.

1.6. Газруудыг үнэлэхдээ ямар ч эд хөрөнгөгүй буюу барилга байгууламжгүй газартай харьцуулан үнэгүйдүүлсэн.

1.7. Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээ хийсэн талаар өнөөдрийг хүртэл танилцуулаагүй. Үнэлгээ хийсэн тухай мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Монгол шуудангийн салбараас хүлээн авч үнэлгээ хийсэн болохыг мэдсэн. Харин Хөрөнгө үнэлгээний тайланг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөрөнгө-Эстимейт ХХК-аас хуулбарлан авсан.

1.8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжинд мөнгө,... харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна, 86 дугаар зүйлийн 86.4 дэх хэсэгт Төлбөр төлөгч иргэнд мөнгө байхгүй, ... бусад хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулна гэж заасан байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь зөвхөн эд хөрөнгийг худалдан борлуулах зорилготой байдаг нь төлбөр төлөгч нарын эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд үнэлгээг хүчингүй болгож дээрх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ хийлгэж өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 372 дугаар захирамжаар К ХХК, ТУ ХХК-аас 2,292,880,000 төгрөгийг Хас банкХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

2.2. Төлбөр төлөгч К ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Y-22000036054 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /180003/ гудамжны 000 тоот хаягт байршилтай 346 метр урттай төмөр замын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Y-22000033261 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнсчдийн 3 дугаар 000 тоот хаягт байршилтай 32 м.кв талбайтай, бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай барилгын үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 53/7692 дугаарт бүртгэгдсэн эзэмших эрхийн гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрлэл /ХТ/ ХХК-ийн зүүн талд байрлах 34715 м.кв талбайтай газар, нэгж талбарын 18632309480542 дугаарт бүртгэгдсэн эзэмших эрхийн гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүрэг МТ ХХК-ийн баруун талын - ШТС-ийн хойно байрлах 13091 м.кв талбайтай газрыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцуулах ажиллагааг зохион байгуулахад талууд тохиролцоонд хүрээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч 5,017,403,224 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэх гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн байна.

2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээнд гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрч төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хооронд авсан боловч уг хугацаанд төлбөрийг төлөөгүй.

2.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан боловч үнэлгээг мэдэгдсэнээс хойш 21 хоногийн дараа буюу 14 хоногийн хугацаа хэтрүүлэн гаргасан байна. Өөрсдөө худалдан борлуулах тухай хүсэлт гаргаж байсан ба үнэлгээг зөвшөөрөхгүй талаар гомдол гаргаагүй, энэ хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй байж одоо үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж байгааг зөвшөөрөхгүй. Тухайн үед өөрдсөө худалдан борлуулах хугацаа хүсэж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар үнэлгээг зөвшөөрч, хүсэлт гаргаж байгаа гэж ойлгож байна. Хугацаандаа гомдлоо гаргаагүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.5. Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг материал Дархан-Уул аймгийн шийдвэр гүйцэтгэлээс шилжиж ирсэн байдаг. Учир нь төлбөр авагч хүсэлт гаргасан ба мөн хуульд зааснаар барьцаа хөрөнгөөс төлбөрт хүрэлцэхүйц эд хөрөнгө байвал тухайн эд хөрөнгийг сонгож шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах эрхтэй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч К ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

3.1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25 ны өдрийн 984 дугаартай шүүгчийн захирамжаар К ХХК болон ТУ ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 2,292,880,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 11,622,350 төгрөг, нийт 2,304,502,350 төгрөгийг Хас банк ХХК-д төлөхөөр эвлэрсэнийг баталсан. Мөн үүргийн гүйцэтгэлийг Улаанбаатар хотод байрлах дараах барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан заасан. Үүнд:

1. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнсчдийн 3-000 тоотод байрлах Y-22000033261 дугаарт бүртгэлтэй 32 м.кв бетон зуурмагын үйлдвэрийн зориулалтай барилга.

2. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /180003/, гудамжны 000 тоот байрлах, Y-22000036054 дугаарт бүртгэлтэй 346 метр урттай төмөр замын барилга.

3. Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, ХТ ХХК-ийн зүүн талд байрлах Г-22000021721 дугаарт бүртгэлтэй 34,715 м.кв газар эзэмших эрх.

4. Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, МТ ХХК-ийн баруун талд - ШТС-ийн хойно 20 дугаар багт байрлах Г-22000021720 дугаарт бүртгэлтэй 13,091 м.кв газар эзэмших эрх.

3.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нараас ирүүлсэн үнийн санал нь зах зээлийн үнээс хэт өндөр байсан, талууд үнэлгээн дээр тохиролцоогүй тул төлбөр авагч талаас шинжээч томилуулан хөндлөнгийн үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шинжээч томилох тогтоол гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх зүйлд заасны дагуу явагдсан.

3.3. Хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэнийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлбөр авагч талд биечлэн, төлбөр төлөгч К ХХК-д 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчид биечлэн, төлбөр төлөгч ТУ ХХК-д баталгаат шуудангаар тус тус мэдэгдсэн ба баримтыг хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн байна.

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан хугацааны дотор явагдсан гэж үзэж байна.

3.4. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шинжээчийн үнээс багагүй үнээр худалдан борлуулах эрхтэйг танилцуулж тэмдэглэл үйлдсэн ба төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан шинжээчийн үнээс багагүй үнээр худалдан борлуулах 1 сарын хугацаа авах тухай хүсэлтээ бичгээр гаргажээ. Энэ нь төлбөр төлөгч тал шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрч буйг нотлож байна.

3.5. Хөрөнгийн үнэлгээний тайланг К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр танилцуулсан байтал мөн оны 22 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан шинжээчийн үнэлгээг танилцуулснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах хугацааг 13 хоногоор хэтрүүлсэн.

3.6. Шинжээч томилсон тогтоол болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудаст бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай барилга, төмөр зам, эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгөөр хангуулахаар дурьдсан. Нэхэмжлэлд дурьдсан бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмж, эд зүйлс нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагаагүй тул үнэлгээнд хамааралгүй гэж үзэж байна.

3.7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйл нь иргэнээс төлбөр гаргуулахтай холбоотой зохицуулалт тул хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагаанд хамаарахгүй. Мөн шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудаст үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгийг тусгайлан заасан тул шаардлагагүй гэж үзэж байна.

3.8. Нэхэмжлэгч тал нь шинжээчийн үнэлгээ гарснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн үнээс илүү дүнгээр уг орон сууцыг худалдан борлуулах эрхээ эдлэж байгаа ба анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны үнээс дээгүүр худалдан борлуулах бүрэн боломжтой атал шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөөс зайлсхийх, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа үйлдэл гэж үзэж байна.

3.9. Шинжээчийн гаргасан үнэ нь дуудлага худалдаагаар зарагдах зах зээлийн дээд үнэ биш бөгөөд дуудлага худалдаагаар өсч, зах зээлийн үнэлгээгээр худалдан борлогдох ёстой. Өнгөрсөн 1 сарын хугацаанд төлбөр төлөгч нь өөрсдөө худалдан борлуулахаар хугацаа авсан боловч борлуулж чадаагүй нь эдгээр хөрөнгийг шинжээчийн үнээс өндөр байж чадахгүй гэдгийг харуулж байна. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл нотолгоог агуулсан баримт бичиг бөгөөд уг үнэлгээний талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар мэргэжлийн байгуулагад гомдол гаргаагүй болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар К ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүх нь хэргийг хэт нэг талыг барьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааны ялангуяа төлбөр төлөгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлдэг, үнэлгээний байгууллага нь эд зүйлийг үзэж үнэлдэггүй хашааны гадна нь ирээд ороогүй атлаа шийдвэр гүйцэтгэгчийн материалаар үнэлгээ хийдэг зэрэг зохисгүй байдлыг анхаарч үздэггүй зэрэг үйл баримтаас харахад үнэлгээ нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байна гэж гомдол гаргаж байна.

5.2. Шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлт үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн, хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан үүнийг дараахь байдлаар няцааж байна.

Нэхэмжлэгч талаас үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн болохыг баримтаар няцаасан. Төлбөр төлөгч К ХХК нь өөрийн хөрөнгийг 2019 онд үнэлгээний байгууллагаар үнэлүүлж тайландаа тусгасан байсан үнэлгээний тайланг шүүхэд гаргаж өгсөн, шүүх нотлох баримтын хүрээнд авч хэрэгт хавсаргасан байгаа. Гэтэл шүүх баримтаар нотлоогүй гэсэн дүгнэлтийг гаргаж байгааг ойлгохгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон Хөрөнгө Эйстимэйт ХХК нь К ХХК-ийн эд хөрөнгийг үнэлэхдээ эд хөрөнгийг нүд үзэж, харж үнэлээгүй үнэлгээ хийхэд хөндлөнгийн гэрч буюу төлбөр төлөгч нарыг оролцуулаагүй, мэдэгдээгүй, мөн эд хөрөнгийн гэрчилгээ болон сери дугаарыг үзэж үнэлгээний тайланд тусгаагүй.

Жишээ нь: Зуурмагийн үйлдвэр гэхэд хэдэн онд хаана үйлдвэрлэгдсэн паспортын дугаар, сери дугаарыг бичиж тэмдэглээгүй зэргээс эд зүйлийг үзэлгүйгээр үнэлгээ хийсэн болох нь харагддаг. Энэ нь эд хөрөнгийг үзэж үнэлгээ хийгээгүй болохыг нотлож байгаа нэгэн жишээ баримт юм.

Үүнд шүүх ямарч дүгнэлт өгөөгүй. Энэ нь шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн хууль бус үнэлгээ болсон гэж үзэж байна. Мөн барилга байгууламж болон газар, төмөр замыг үнэлэхдээ өнөөдрийн зах зээлийн үнэ ханштай дүйцүүлж харьцуулсан судалгаа хийгээгүй.

Газар болон хашааг хоосон ямар ч барилга байгууламж баригдаагүй газартай харьцуулсан байх нь бүхэл бүтэн үйлдвэрлэл явуулж байгаа тоног төхөөрөмж барилга байгууламжуудын үнэлгээ, байршил зэргийг үнэлэлгүй орхигдуулсан байна гэж үзэж байна.

Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон Хөрөнгө Эйстимэйт ХХК буюу үнэлгээний байгууллага нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшнаас хэт бага үнэлсэн, мөн эд зүйлийг үзэж харж үнэлгээ хийгээгүй зэрэг нь үнэлгээний тухай хууль зөрчсөн байх тул үнэлгээг дахин хийлгэх хүсэлтэй байгаа билээ.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Манай зүгээс давж заалдах гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ ямар алдаа гаргасан гэдгийг давж заалдах гомдолд тусгаагүй байна.

6.1. Хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүй гэж үзэж байгаа гол нотлох баримт нь нэхэмжлэгч талаас 2019 онд Улаанбаатар хотод байгаа бүх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ юм. Энэ тайлан санхүүгийн, хязгаарлагдмал зориулалттай ашиглана гэсэн бичигтэй. Уг тайланд ямар хөрөнгийг үнэлсэн зураг болон бусад бичиг баримт тайланд авагдаагүй. Зах зээлийн харьцуулалтын аргаар уг тайланг гаргаагүй, бусад хөрөнгөтэй харьцуулсан зураг судалгаа байхгүй, мөн тайланг ам.доллараар гаргасан. Уг ам.доллараар үнэлсэн үнэлгээг тус бүрд нь өнөөдрийн ханшаар хэдэн төгрөг болж байгаа юм бэ гэхэд хариулж чадаагүй.

6.2. Хөрөнгийн үнэлгээчин анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо газар дээр нь компанийхаа хүмүүстэй хамт очоод хэдэн цагийн турш хэмжилт хийсэн. Зураг авч тайланд хавсаргасан гэж хэлсэн. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас лавлагаа авахад төслийн зургийг гаргаж өгснийг хөрөнгийн үнэлгээ хийхдээ ашигласан.

Нийт 4 хөрөнгийн асуудал яригдсанаас 2 нь үл хөдлөх, 2 нь хөдлөх хөрөнгө байна. 346 метр урттай төмөр замын тухайд, Төмөр замын удирдах газраас гаргасан улсын стандарт үнэлгээг жишиг болгосон.

Газрын хувьд ямар ч хөрөнгө байхгүй хоосон газартай харьцуулсан гэж байгаа боловч хэрэгт авагдсан зургаас үзэхэд үйлдвэрийн зориулалттай хөрөнгөтэй газруудтай харьцуулсан үнэлгээг хийсэн. Хөрөнгийн үнэлгээчин газар дээр нь очсон гэдгээ шүүх хуралдаанд хэлсэн.

Анх зээл олгоход 346 метр урттай төмөр зам, 32 м.кв үйлдвэрийн зориулалттай барилга нь тус бүртээ үл хөдлөхийн гэрчилгээтэй байсан. Үүнд ямар нэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалаагүй. Шүүхийн шийдвэрт гүйцэтгэлийг хангуулахдаа бусад үйлдвэрийн зориулалттай эд хөрөнгө, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө зэргийг тусгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө дээр явагдаж байгаа.

Мөн 32 м.кв үйлдвэрийн зориулалттай барилга дотор ямар нэг тоног төхөөрөмж байхгүй. Босоо ёмкость, сэндвичэн барилга, дамжуулах хоолой гэсэн 3 зүйлээс өөр ямар нэг хөрөнгө байхгүй. Нэхэмжлэгч өөрөө үнэлгээтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх ёстой. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн гол үндэслэл нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй гэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 984 дугаар захирамжаар Хас банк ХХК нэхэмжлэлээс 685,4000,137 төгрөг гаргуулах хэсгээс татгалзаж, хариуцагч К ХХК болон ТУХХК нь 2,292,880,000 төгрөгийг тохиролцсон хуваарийн дагуу төлөх, төлбөрийг тогтоосон хугацаандаа төлөхгүй бол барьцааны зүйл болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, толгойт, хүнсчдийн 3-000 тоот хаягт байрлах 32 м.кв талбайтай үйлдвэрийн барилга /ГД:000312814, Ү-22000033261/, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, толгойт 180003 дугаар гудамж ТЗ-81 тоот хаягт байрлах 346 метр Төмөр зам /ГД:000304758, Ү-22000036054/, Дархан-Уул аймаг, Дархан сум 3 дугаар баг 61 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга /ГД:000024368, Ү-2003012190/, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, МТ ХХК-ийн баруун талын - ШТС-ийн хойно байрлах 13,091 м.кв талбайтай газар эзэмших эрх /ГД:000317246, Г-22000021720/, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, ХТ ХХК-ийн зүүн талд 34,715 м.кв талбайтай газар эзэмших эрх /ГД:0000304701, Г-22000021721/, Дархан-Уул аймаг, Дархан сум 61421.5 м.кв талбайтай газар эзэмших эрх /ГД0079563, Г-2003007716/, Ашигт малтмалын 000 дугаартай тусгай зөвшөөрөл зэрэг эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 372 дугаар захирамж, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 57 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18070094 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн, төлбөр төлөх мэдэгдэл өгсөн. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнсчдийн 3-000 тоотод байрлах Y-22000033261 дугаарт бүртгэлтэй 32 м.кв бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалтай барилга, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /180003/, гудамжны 000 тоот байрлах, Y-22000036054 дугаарт бүртгэлтэй 346 метр урттай төмөр замын барилга, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, ХТ ХХК-ийн зүүн талд байрлах Г-22000021721 дугаарт бүртгэлтэй 34,715 м.кв газар эзэмших эрх, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, МТ ХХК-ийн баруун талд - ШТС-ийн хойно 20 дугаар багт байрлах Г-22000021720 дугаарт бүртгэлтэй 13,091 м.кв газрыг тус тус 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 18070094/01, 18070094/02, 18070094/03, 18070094/04 тоот тогтоолоор битүүмжилсэн, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18070094/09, 18070094/000, 18070094/11, 18070094/12 дугаартай тогтоолоор хураан авсан ажиллагаа хуульд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

5. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хүсэлтийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шилжүүлсэн нь зөв болжээ.

 

6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 4-133/795, 4-133/796 тоот мэдэгдлээр үнийн санал авах, төлбөр төлөгч нараас ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул шинжээч томилсон ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2заасантай нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

7. Шинжээч Хөрөнгө Эйстимэйт ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үнэлгээ гаргаж, эрхийн улсын бүртгэлийн Y-22000036054 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /180003/ гудамжны 000 тоот хаягт байршилтай, 346 метр урттай төмөр замын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Y-22000033261 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнсчдийн 3 дугаар 000 тоот хаягт байршилтай 32 м.кв талбайтай, бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай барилгын үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 53/7692 дугаарт бүртгэгдсэн эзэмших эрхийн гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрлэл /ХТ/ ХХК-ийн зүүн талд байрлах 34715 м.кв талбайтай газар, нэгж талбарын 18632309480542 дугаарт бүртгэгдсэн эзэмших эрхийн гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, МТ ХХК-ийн баруун талын - ШТС-ийн хойно байрлах 13091 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 5,017,403,224 төгрөг гэж тогтоожээ.

 

8. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4-133/2083, 4-133/2082 тоот мэдэгдлээр үнэлгээний тайланг төлбөр төлөгч К ХХК, ТУ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаад 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мэдэгдсэн байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч К ХХК нь эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргах байтал уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 14 хоног хэтрүүлсэн байх тул түүний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

9. Хуульд заасан хугацаанд гаргаагүй гомдлын үндэслэлийг хянан хэлэлцэхгүй байтал анхан шатны шүүх дүгнэлт хийснийг буруу гэж үзнэ. Мөн энэ үндэслэлээр үнэлгээ буруу тогтоосон гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2022/01734 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЗОЛЗАЯА