Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 209/МА2022/00074

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                     Хэргийн индекс: 135/2022/00373/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Я.Туул, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 852 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 10,768,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Хариуцагч нь дүү хашаа байшин авах гэж байгаа 12,000,000 төгрөг 7 хоногийн хугацаатай зээлдүүлээч гэсэн тул *******ийн дүү гэх Э.Мөнх-Эрдэнийн Хаан банкны ******* тоот дансанд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөгийг Капитрон банкны ******* тоот данснаас шилжүүлсэн.

Дансны нэг удаагийн гүйлгээний лимит 5,000,000 төгрөг, нэг өдрийн гүйлгээний лимит нь 10,000,000 төгрөг байдаг тул хоног дамнуулж, 3 хувааж шилжүүлсэн юм. Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ******* нь дахин 4,000,000 төгрөг түр зээлээч гэхээр нь *******ийн эхнэр ******* ******* дугаар данс руу 4,000,000 төгрөг шилжүүлж, нийт 16,000,000 төгрөг шилжүүлсэн.

******* нь эхнэрийнхээ дансаар шилжүүлж авсан 4,000,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр эргүүлж төлсөн. Харин дүү гэх Э.Мөнх-Эрдэнийнхээс дансаар шилжүүлж авсан 12,000,000 төгрөгөөс нэхүүлж байж 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг буцааж төлөөд өнөөдрийг хүртэл үлдэгдэл 7,000,000 төгрөгийг төлөхгүй байна.

Хэрэв ******* нь надаас зээлсэн мөнгөө амласан ёсоороо 1 сарын хугацаанд буцааж өгч чадаагүй юм аа гэхэд 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өөрөө гүйцээж төлсөн бол би уг мөнгийг нь банкны зээлийн төлбөрт хийж *******ийн зээлсэн мөнгөний үлдэгдэл 7,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөнд тооцогдох зээлийн хүүг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл банкинд төлж хохирохгүй байсан. Иймд зээлийн үлдэгдэл төлбөрт 7,000,000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, алдагдал болох 3,768,333 төгрөг, нийт 10,768,333 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч *******аас 12,000,000 төгрөг зээлсэн нь үнэн боловч зээлийн гэрээний дагуу буцааж 7,000,000 төгрөгийг төлж одоогоор 5,000,000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг буюу 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 5,768,333 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч *******аас 9,180,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн үлдэх 49,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн 1,538,333 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,244 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 161,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн тул эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хохиролд 3,180,600 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд амаар тохиролцож хийгдсэн гэрээ тул гэрээнээс учирсан хохирол 3,180,600 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн анх банкнаас авсан зээлийн зориулалт нь хөрөнгө оруулалтын зээл. Энэ нь банк нэхэмжлэгч хоёрын хоорондох гэрээтэй холбоотой харилцаа байхад хохирол гэж тооцож банкны хүүний төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь үндэслэлгүй юм.

            Хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу төлөх ёстой 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин шүүхээс хангасан 9,180,600 төгрөгөөс 4,180,600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 4,180,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчид 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Гэрч *******эс өгсөн гэх 2,000,000 төгрөгийн эх сурвалжийн талаар нотлох дансны хуулга болон өөр нотлох баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй.

Хариуцагч *******ийн зээлсэн мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгөнд тооцогдох зээлийн хүүг 2019 оны 09 дүгээр сарын 24-өөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл банкинд нэхэмжлэгч миний бие төлж байсан нь шударга ёсонд нийцэхгүй байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

            2.Нэхэмжлэгч ******* хариуцагч *******т холбогдуулж зээл, түүнээс учирсан хохирол 10.768.333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.538.333 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, 9.230.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасган нэхэмжилжээ.

            Хариуцагч ******* үндсэн зээл 12.000.000 төгрөгөөс 7.000.000 төгрөгийг төлсөн тул үлдэх 5.000.000 төгрөгийг төлнө, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох болон болсон үйл баримтаас үзвэл:

            Талуудын дунд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 12.000.000 төгрөгийн зээлийн гэрээ амаар хийгдэж, биелсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

            4. Зээлдүүлэгч ******* зээлдэгч *******т 7 хоногийн хугацаатай 2019 оны 07 дугаар сарын 02, 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд 12,000,000 төгрөг зээлдүүлж, зээлдэгчийн ХААН банк дахь эзэмшлийн данс руу шилжүүлэхдээ өөрийн Капитрон банкнаас 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлсэн 130,000,000 төгрөгөөс зээлүүлсэн гэж өөрт учирсан хохирол нэхэмжилсэн үндэслэлээ тодорхойлсон.

            Хэргийн 12-17 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн Капитрон банктай байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасныг анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч *******ын шаардах эрхийн талаарх хуулийн илүү нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүйг зөвтгөж, нэмж оруулах нь зүйтэй.

            Иймд нэхэмжлэгч ******* өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу шаардах эрхтэй.

            5. Хариуцагч ******* нэхэмжлэгчийн банкнаас зээлсэн 130,000,000 төгрөгөөс зээлсэн талаар үгүйсгээгүй боловч учирсан хохирол гэж төлөх үндэслэлгүй, 7,000,000 төгрөг буцааж төлсөн гэж тайлбар гаргажээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар талууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

            Зээлдэгч *******ийн 2019 оны 07 дугаар сарын 10-нд 2,000,000 төгрөг бэлнээр төлсөн талаар гэрч ******* нотолж, хариуцагчийн татгалзлын зарим хэсгийг баталдаг бөгөөд нэхэмжлэгч ******* 1,000,000 төгрөг хүлээн аваагүй гэдгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

            6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой,үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

            Өөрөөр хэлбэл хариуцагчийн 7.000.000 төгрөг буцааж төлсөн гэсэн тайлбар үндэслэл бүхий байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөгийг хариуцагчийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол /3,160,600 төгрөг/-ын хамт гаргуулж шийдвэрлэлээ.

            Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа байнга гаргаж байгааг дурдаж байна.

            Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж,

шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нотлох баримтын үнэлгээний талаар өөрчлөлт оруулж, шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 852 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч *******аас 9.160.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн үлдэх 49.600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг,

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3, 227.4-т заасныг баримтлан хариуцагч *******аас 8.160.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,049,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

            3 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...57 дугаар зүйлийн 57.1.. гэснийг, ...56 дугаар зүйлийн 56.2... гэж, ...хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 161.830 төгрөг гэснийг, 145.520 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.900 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.БАЙГАЛМАА

                                                                                 ШҮҮГЧИД                        Я.ТУУЛ

                                                                                                                  Л.АМАРСАНАА