Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 107

 

А.Т-, Б.Д- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                            Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                          С.Баттамир

Хохирогч                                           Э.Урандөш

Хохирогчийн өмгөөлөгч               Д.Номин-Эрдэнэ

Ялтан                                                 А.Т-

                                                            Б.Д-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 158 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Т-ын өмгөөлөгч Ц.Гэнэндулам, хохирогчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-, А.Т- нарт холбогдох эрүүгийн 201509000538 тоот 4 хавтас хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 онд Ховд аймгийн Мянгат суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсрлтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Сэргэлэнгийн 8 дугаар гудамжны 114 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Зуутраг овогт Б-ын Д- /РД:ПЗ96042211/

Монгол Улсын иргэн, 1992 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй ам бүл-4, эцэг, дүү нарын хамт  Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 20 дугаар гудамжны 339 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт А-гийн Т- /РД: ТА92110617/ нар нь бүлэглэн, үгсэн тохиролцож 8 удаагийн үйлдлээр нийт 46.665.642 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Д-, А.Т- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Б.Д-, А.Т- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар тус бүр 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, тус бүр 10 жил 10 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан А.Т-ын өмгөөлөгч Ц.Гэнэндулам шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...А.Т- нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад болон мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ нийт 7 удаагийн үйлдлээр бусдын эд зүйл хулгайлсан. Харин 2015 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ихэр могой” худалдааны төвийн цонхоор нэвтэрч орж түрээслэгч Э.Урандөшийн 94 ширхэг гар утас хулгайлсан зүйл байхгүй, Б.Д-ын хулгайлсан гар утсыг зарж борлуулсан юм” гэж мэдүүлсэн. Хэдийгээр яллагдагч нь хэргийг нотлох үүрэг хүлээхгүй ч гэсэн мөрдөн байцаалт, шүүх хуралдаан мэдүүлэг гаргасныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Бусад 7 айлаас эд зүйл хулгайлсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Хохирогч Э.Урандөшийн гар утсыг хулгайлсан гэмт хэрэг гарсныг үгүйсгэхгүй боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоосонгүй ээ. Шүүгдэгч А.Т-ын хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдснийг шүүх анхаарч үзсэнгүй. Өмгөөлөгчийн хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөн нийт 7 удаагийн үйлдлээр 25.785.642 төгргийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх саналтай байна. Хохирогч Э.Урандөшид учруулсан 94 ширхэг гар утасны үнэ 20.880.000 төгрөгний хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулах саналтай байна. Хохирогч лангуу түрээсэлсний төлбөрт жилдээ 10.0 сая төгрөг төлдөг бөгөөд тухайн эд зүйлсийн бүрэн бүтэн байдлыг “Ихэр могой” худалдааны зүгээс хариуцахаар гэрээ байгуулсан байна. А.Т-д ял эдлэх дэглэмийг анхаарч өгөхийг хүсч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг баримтлан эдлэх ялыг жирийн дэглэмд эдлүүлж өгнө үү” гэжээ.

Хохирогч Э.Урандөшийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... хохирогч Э.Урандөшийн 19.230.000 төгрөгийн хохирол төлбөрийг иргэний хариуцагч “Дэлба” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдолтой байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Иргэний хариуцагчаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохиролыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулж болно” гэж заасны дагуу “Дэлба” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон. Иргэний хариуцагч “Дэлба” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Я.Даринчулуун мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “ ...би ерөнхийд нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.” гэх зэргээр түрээслэгч нарынхаа эд хөрөнгөнд учирсан хохиролыг хариуцах үүрэгтэй талаараа мэдүүлэг өгсөн байдаг. Мөн түрээслүүлэгч “Дэлба” ХХК болон түрээслэгч Э.Урандөш нарын  хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээний хавсралт 3.3-д “Түрээсийн төлбөр нь нь халаалт, хэрэглээний халуун, хүйтэн ус, харуул хамгаалалтын зардал,..зэрэг зардлууд багтсан болно” гэж заасан тул түрээслүүлэгч нь түрээслэгчийн эд хөрөнгийг харж хамгаалах үүрэгтэй байна. Анхан шатны шүүх хохирогч Э.Урандөшид учирсан хохирлыг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэснээр иргэний хариуцагчийг үндэслэлгүйгээр гэрээгээр болон хуулиар хүлээсэн хариуцлагаас чөлөөлж, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байх тул хохирогч Э.Урандөшид учирсан хохирол 19.230.000 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч “Дэлба” ХХК-аас гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хохирогч Э.Урандөш шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...Дэлба” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу харуул хамгаалалтыг түрээслүүлэгч компани хариуцах үүрэгтэй. Харуул хамгаалалтын зардал нь түрээсийн төлбөрт багтсан болох нь түрээсийн гэрээний хавсралт 3.3-д тодорхой заасан байгаа. Үүний дагуу би ч мөн цаг тухай бүрд нь түрээсийн төлбөрийг төлж байгаа. Хэрэв хамгаалалтыг түрээслэгч өөрөө хариуцах ёстой гэсэн бол, мөн түрээслэгч нартаа зөвхөн заалны хаалга л дохиололтой, оффис дотроо дохиололгүй гэдгийг нуулгүй хэлсэн бол би орой бүр утаснуудадаа үүрээд ч болсон аваад явах байсан. Би болон миний адил түрээслэгч нар харуул хамгаалалтын зардал төлдөг. Иймд “Дэлба” ХХК- гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хайнга хандсаны улмаас хулгай орсон тул надад учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулах ёстой гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд 1.650.000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг гэмтсэн, сэвтсэн гар утаснуудыг буцааж авсан. Одоо надад 19.230.000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдөөгүй байна. Үүнийг иргэний хариуцагчаар гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Иргэний хариуцагч “Дэлба” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс  хохирогч Э.Урандөшид учирсан хохирлыг барагдуулаагүй байгаа бөгөөд түрээсийн гэрээний хавсралтын 3.3-д зааснаар түрээсийн төлбөрт ”... харуул хамгаалалтын зардал...” тооцсон болон иргэний хариуцагч Я.Даринчулуун мөрдөн байцаалтын явцад өгсөн тайлбартаа “...хохирол төлбөрийг барагдуулна...”гэсэн мэдүүлгүүдийг үндэслэн иргэний хариуцагчаас хохиролыг гаргуулах үндэстэй гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрчлөлт оруулан хохирогч Э.Урандөшийн хохиролын 19.230.000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулах шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор С.Баттамир гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Хохирогчийн өмгөөлөгчийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой тайлбарлах зүйл байхгүй ээ. Харин ялтан Б.Д- болон А.Т- нарын давж заалдах гомдолтой холбогдуулан хэлэхэд хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай нотлох баримтуудаар тэдний үйлдсэн хэрэг нь хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа Б.Д- болон А.Т- нар нь хохирлоо хуваах зорилгоор мэдүүлгээ өөрчлөн “Ихэр могой” төвөөс хамтран хулгай хийгээгүй гэдэг мэдүүлэг өгөх болсон. Түүнээс биш дээрх хулгайн хэргүүдийг хамтран үйлдсэн гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

Ялтан Б.Д-, А.Т- нар нь бүлэглэн 2015 оны 06 дугаар сарын 16-наас  2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 8 удаагийн үйдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч 46.665.642 төгрөгийн мөнгө болон эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон, тэдний үйлдсэн хэргийн талаар анхан шатны шүүх хууль ёсны, үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн, Б.Д-, А.Т- нарын үйлдсэн хэргийн гэм бурууд нь шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ тохирсон байна.

Давж заалдах шатны шүүх ялтан А.Т-ын өмгөөлөгч Ц.Гэнэндуламын болон хохирогчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын бичсэн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянахад ялтан А.Т-ын өмгөөлөгч Ц.Гэнэндуламын давж заалдах гомдолд дурдсан 2015 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ихэр могой” худалдааны төвөөс хохирогч Э.Урандөшийн лангуунаас ялтан Б.Д-той бүлэглэн 20.880.000 төгрөгийн гар утас хулгайлсан үйлдэлд ялтан А.Т- оролцоогүй үндэслэлээр үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ялтан Б.Д-, А.Т- нар нь бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө “Ихэр могой” худалдааны төв рүү хууль бусаар нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Урандөшийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нь иргэний хариуцагч “Дэлба” ХХК нь түрээслэгч Э.Урандөштэй байгуулсан түрээсийн гэрээний хавсралт 3.3-д зааснаар “...харуул хамгаалалтын зардал...” нь түрээсийн төлбөр орж тооцогдсон үндэслэлээр хулгайн гэмт хэргийн улмаас түрээслэгч Э.Урандөшид учирсан хохиролыг иргэний хариуцагч “Дэлба” ХХК-аас гаргуулах үндэслэлтэй гэсэн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээж авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээний төлбөрт түрээслүүлэгч нь “харуул хамгаалалтын зардал” гэж оруулсан байгаа боловч гэрээнд түрээслэгч Э.Урандөш болон түрээслүүлэгч “Дэлба” ХХКний гэрээний үүргээс биелүүлээгүйгээс үүсэх хариуцлага, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг хэрхэн барагдуулах талаар тусгаагүй, хохирогч Э.Урандөшийн  түрээслэсэн лангуунд түүний хэд, хэчнээн төгрөгийн гар утас байсан болон дээрх гар утаснуудыг харуул хамгаалалтын ажилтан хүлээж авсан, хүлээлцсэн баримт байхгүй, түүнийг хэрхэн хамгаалах, хариуцлага хүлээлгэх, хохирлыг барагдуулах талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй, нотлогдож тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх хохирлыг ялтнуудаас гаргуулахаар шийдвэрлэсэн буруу биш байна.

Иймд ялтаны өмгөөлөгч Ц.Гэнэндулам болон хохирогчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндулам, хохирогчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Ялтан Б.Д-, А.Т- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                             ДАРГАЛАГЧ                                              Я.ТУУЛ

                                                  ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндулам, хохирогчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Ялтан Б.Д-, А.Т- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                             ДАРГАЛАГЧ                                              Я.ТУУЛ

                                                  ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ