Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01688

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01688

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01897 дугаар шийдвэртэй, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-д холбогдуулан орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний хүү Баянзүрх дүүрэг, * дүгээр хороо, ** дугаар хороолол, * дугаар байр, мансардны давхарын М2 тоот хаягт оршин суух байрны өмчлөгч юм. Бид энэ барилгын мансардад захиалга өгч 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдөр №02 дугаар Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээг "М ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээгээр маргаан бүхий орон сууцыг захиалан бариулахаар тохиролцож, гэрээний төлбөрт 22 000 000 төгрөгийг төлсөн. М ХХК нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч М ХХК-д 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдөр №02 дугаар Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээний үүргээ биелүүлж, Баянзүрх дүүрэг, *-р хороо, **-р хороолол, *-р байрны мансардны давхарын М-2 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Б-т шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани Улаанбаатар хотын Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 350 тоот захирамжаар угсармал орон сууцны барилга дээр мансардан барилга барих төсөлд зуучлалын үүрэгтэйгээр оролцож **-р хорооллын *-р байран дээр мансардан барилгын гүйцэтгэгч "Б ХХК-тай барилга барих гэрээ байгуулж 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдөр барилгын ажлыг эхлүүлсэн. Мансардан барилгыг 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр барьж дуусгасан. Тухайн үед М ХХК наториатаар баталгаажсан 12 гэрээ болон холбогдох баримтыг бүрдүүлэн Баянзүрх дүүргийн эд хөрөнгө эрхийн бүртгэлийн газар гэрчилгээ олгосон. Баянзүрх дүүрэг, * дүгээр хороо, ** дугаар хороолол, * дугаар байрны мансардан давхарын М-2 тоотыг М ХХК 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэн П.Б 4,000,000 төгрөг өгч захиалгын жагсаалтанд хамрагдсан. Урьдчилгааг гүйцэд төлөөгүй учраас гэрээнд гарын үсэг зураагүй. П.Б 12-р байрны мансардан барилгын цахилгааны ажлыг хийж захиалсан байрны төлбөрөөс 1,500,000 төгрөгийг хасахаар тохиролцон уг байранд орсон. Манай компани Б.Б- гэдэг хүнтэй гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №02 дугаар Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээ болон төлбөр төлсөн баримт хуурамч байна. П.Б 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 02 тоот гэрээний үнийг сайн мэдэх хэрнээ хуурамч гэрээний үнийн дүнг 450 доллар гэж бичсэн нь хэрэглэж байсан гэрээг ашигласан нь тодорхой байна. Тэмдэглэл дээрх мөнгөний дүн 24,000,000 төгрөг болж байранд бүрэн төлсөн гэх 22,000,000 төрөгнөөс 2,000,000 төгрөгийн зөрүүтэй мөртлөө Б.Б- гэгчийн 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот хуурамч гэрээний В тоот байрны нийт тапбай 48,3 м.кв, 1 м.кв талбайн үнэ 450 доллар, нийт үнэ 21,735 доллар буюу монгол мөнгөөр 25,473,420 төгрөг бүрэн төлсөн гэх 22,000,000 төгрөгнөөс 3,473,420 төгрөгийн зөрүүтэй. Мөн П.Бтой байгуулахаар хийгдсэн гэрээний 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 02 гэрээний В тоот байрны нийт талбай Г 45,98 м.кв, 1 м.кв талбайн үнэ 290 доллар, нийт үнэ 13,334,2 доллар, монгол мөнгөөр 15,574,345.6 төгрөг байна. Хуурамч гэрээ П.Бтой байгуулсан гэрээ хоёрын үнийн зөрүү 9,845,737.6 төрөгөөр зөрж байгаа нь ямарч төлбөр хийсэн гэх үндэслэлгүй. Гэрээнд гарын үсэг зурсан Б.Б- гэгч 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдөр монголд байгаагүй тул энэ гэрээ илт хуурамч юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,960 төгрөгийг төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Б.Б- нь хариуцагчтай 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалгаар барих тухай гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, ** дугаар хороололлын * дугаар байрны дээвэр дээр баригдах мансардан барилгын 48.3 м.кв талбайтай В тоот орон сууцыг захиалгаар бариулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний төлбөрт нийт 22,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд 20,500,000 төгрөгийг өөрийн аав Б.Боор дамжуулан мөнгөн хэлбэрээр төлсөн. Үүний 4,000,000 төгрөг нь хариуцагчийн маргаагүй буюу хүлээж авснаа зөвшөөрсөн мөнгө бөгөөд энэ нь мөнгийг нэхэмжлэгч нь мөн адил өөрийн аав П.Боор дамжуулан төлсөн. Гэтэл анхан шатны шүүх 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч бус П.Б өгсөн гэх мэдүүлэгт үндэслэж уг мөнгийг Б.Б- төлөөгүй гэж дүгнэсэн нь буруу байна. Хариуцагч нь уг 4,000,000 төгрөгийг хүлээн авсан болохоо шүүхэд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч уг мөнгийг төлсөн болох нь маргаангүй тогтоогдож байна. Бусад төлбөр буюу 15,000,000 төгрөгийн тухайд нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлснээ нотлох зорилгоор П.Бын бор хавтастай, жижиг дэвтрийг нотлох баримтаар гарган өгч, уг дэвтэрт шүүхийн үзлэг хийлгэсэн. Гэвч шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн нийт 15,000,000 төгрөгийг орон сууцны төлбөрт өгсөн талаарх төлөгдсөн болох нь нотлогдохгүй байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг үүргээ биелүүлсэн болохоо нотолж чадаагүй тул хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлж, орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхахн шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01897 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. 4,000,000 төгрөг авсныг хүлээн зөвшөөрч байна. 8,000,000 төгрөгийн талаар тэмлэглэлийн дэвтэр байгаа боловч тухайн дэвтэрт мөнгө өгсөн талаар баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч М ХХК-д холбогдуулан Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх1-3, 42-44/

3. Талуудын хооронд 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 02 дугаартай Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, **-р хороолол, *-р байрны В тоот 48,3 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-г 450 ам доллароор худалдан авахаар тохиролцсон байна. /хх 15-19/

4. Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, **-р хороолол, *-р байрны М-2 тоот 45,98 м.кв талбайтай орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр М.Гийн өмчлөлд анхны бүртгэл хийгдэж, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өмчлөгч М.Гийн хүсэлтээр М ХХК-ийн өмчлөлд бүртгэгджээ.

5. Нэхэмжлэгч нь П.Б нь Бийн төрсөн эцэг П.Боор дамжуулан нийт 19,000,000 төгрөг, цахилгааны ажлын хөлс 1,500,000 төгрөг, нийт 20,500,000 төгрөг төлсөн. Уг байранд 2006 оны 11 дүгээр сараас хойш амьдарч байгаа гэж, хариуцагч нь П.Б 4,000,000 төгрөг өгч захиалагчийн жагсаалтад орсон, П.Б миний сайн найзын хувьд боломж олгож аман хэлцлээр 12 дугаар байрны мансартан барилгын цахилгааны ажлыг хийлгэж, хөлс 1,500,000 төгрөгийг байрны төлбөрөөс хасахаар тохиролцсон гэж тус тус тайлбарласан.

Хавтаст хэрэгт авагдсан үзлэг хийсэн баримтаас дүгнэхэд П.Б байрны төлбөрийг төлж байсан болох нь тогтоогддог. Талууд энэ үйл баримтад маргаагүй.

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд П.Бын эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байхад гэрчээр оролцуулсан нь буруу.

Гэтэл маргаан бүхий байрны мөнгийг П.Б нь зөвхөн дамжуулах бус, өөрийн хийсэн ажлын хөлсийг тооцуулах зэргээр өөрийн нэрийн өмнөөс үйлдэл хийсэн байхад уг гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01897 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

С.ЭНХБАЯР