Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01501

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.А гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/00588 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.А гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 75,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л , хариуцагчийн өмгөөлөгч Х.Н , Б.Ө , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: М.А миний бие 2021 оны 03 сарын 12-ны өдөр М ХХК-ийн захирал Б.Ө той Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 18 х 15 харьцаатай 5 метрийн өндөртэй авто засварын зориулалттай сендвичэн барилгыг 2021 оны 03 сарын 12-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд барьж дуусгах, ажил гүйцэтгэх материал болон ажлын хөлсөнд нийт 104,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээ байгуулсан өдөр Б.Ө ын Худалдаа, хөгжлийн банкны 0000000000 тоот дансанд урьдчилгаа 30 хувь буюу 31,350,000 төгрөгийг шилжүүлсэн. Барилгын ажлыг 2021 оны 05 сарын 01-ний өдөр эхэлж суурийн фундамент цутгасан тул энэ ажлын гүйцэтгэлд маргаах байхгүй. Гэрээнд заасны дагуу фундамент цутгаж дуусаад ажлын хөлсний 50 хувь буюу 50,000,000 төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн. 2021 оны 05 сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 05 сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 05 сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэрээнд заагдсан ажлыг хийж гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй бөгөөд одоо утсаа ч авахгүй болсон. Барилгын ажил хугацаандаа дуусаагүйн улмаас захиалагч би ирээдүйд олох байсан ашигаа алдахаас гадна хүүтэй мөнгө авч захиалагчийн төлбөрийг шилжүүлж байсан тул зээлийн хүү төлж хохирч байна. Иймд захиалагчийн буруутай үйлдлээс гэрээг цуцалж, гүйцэтгээгүй ажлын хөлс 50,000,000 төгрөг, гэрээнд заасан алданги 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: М ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ө миний бие компаниа төлөөлөн иргэн М.А тэй сендвичэн барилга барих ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож 2021 оны 03 сарын 12-ны өдөр Ажил гуйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр Сүхбаатар аймагт 18 х 15 х 5 хэмжээтэй авто засварын зориулалттай сендвичэн барилгыг 104,500,000 төгрөгөөр 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэтэл Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 03 сарын 29-ний өдрийн захирамжаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, Сүхбаатар аймгийн Онцгой комиссын 2021 оны 03 сарын З0-ны өдрийн тогтоолоор хатуу хөл хорио тогтоосон. Иймд бид цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор эрх бүхий байгууллагын шийдвэрийн улмаас Сүхбаатар аймагт гэрээгээр тохирсон ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэх боломжгүй болсон. Энэхүү нөхцөл байдлын талаар захиалагч М.А тэй ярилцаж, тохирсны дагуу хөл хорио тавигдсаны дараа сендвичэн барилгын шал, суурийн цутгалтын ажлыг 2021 оны 05 сарын 01-ний өдөр хийж гүйцэтгэсэн. Мөн сендвичэн барилгын төмөр карказыг Улаанбаатар хотод бэлдэж угсрахад бэлэн болгоод Сүхбаатар аймагт аваачсан. 2021 оны 6, 7 сард Монгол улсад барилгын материалын хомсдол үүссэнтэй холбоотойгоор сендвичэн хавтангийн үнэ анх гэрээ байгуулах үеийн үнээс 2 дахин өссөн тул захиалагчийн шилжүүлсэн 50,000,000 төгрөгөөр барилгын материал авахад хүрэлцэхгүй байгаа талаар М.А д утсаар мэдэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч М.А нь "мөнгөтэй болохоороо сендвичэн хавтангийн зөрүү мөнгөө өгөөд ажлаа хийлгэе" гэсэн боловч сендвичэн хавтан худалдан авах зөрүү мөнгийг шилжүүлэхгүй байсаар ажлыг удаашруулсан атлаа манай компанийн буруутай үйлдлийн улмаас гэрээ цуцлагдсан гэж тайлбарлан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Бидний хооронд 2021 оны 03 сарын 12-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний 7.5-д Өөрийн гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэж заасны дагуу "М"  ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ зерчиж нэхэмжлэгчийг хохироосон зүйл байхгүй. Иймд М.А д 75,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Манай компанийн зүгээс хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн ажлууд нь захиалагчийн шилжүүлсэн хөлсөнд тохирсон тул манай компанийн зүгээс М.А д ямар нэгэн төлбөр төлөх үүрэг байхгүй. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ "...захиалагчийн буруутай үйлдлээс гэрээг цуцалж... гэж өөрийн буруутай үйлдлийн улмаас гэрээ цуцлагдсан болохыг хүлээн зөвшөөрсөн атлаа манай компаниас хохирол шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-аас 75,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.А д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар М ХХК-аас 532,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.А д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Өмгөөлөгч бид 2022 оны 03 сарын 10-ны өдрийн өглөө Б.Ө той хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан мөн өдөр зарлагдсан М.А гийн нэхэмжлэлтэй Б.Ө д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдаан хойшилж 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 13:30 минутад болохоор товлогдсон. Шүүхээс уг товыг гаргахдаа талуудын шүүх хуралдаан давхцаагүй өдөр болох 2022 оны 03 сарын 15-ны өдрийг сонгож товлосон. Гэтэл товлосон өдөр хурал ороогүй бөгөөд яагаад орохгүй байгаа талаар асуухад 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 13:30 цагт зарлагдсан шүү дээ гэсэн. Тэгэхээр нь хурлынхаа зарыг хар л даа, бидэнд хурлын товыг 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 13:30 цагт гэж талуудаар гарын үсэг зуруулсан байгаа гэж хэлэхэд ...тэгвэл би буруу хэлсэн байна, эргээд холбогдоё... гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш шүүхээс дахин холбогдоод хурлаа 2022 оны 03 сарын 22-ны өдрийн 10:30 цагт товлолоо гэхээр нь ...бидний Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн А.Т , А.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурал 09:00 цагт товлогдсон байгаа, наад хурлаас чинь өмнө зарлагдсан учраас тэр хуралдаа орно, ойрын өдрүүдийн хурлууд товлогдсон байгаа учраас 03 сарын 29, 30, 31-ний өдрүүдэд боломжтой байна... гэж хэлэхэд ...эргээд холбогдоё... гээд хэсэг хугацааны дараа дахин залгаж ...шүүгч өөр өдөр хурал тавих боломжгүй гэж байна, 2022 оны 03 сарын 22-ны 10:30 цагт хурал товлосон шүү..." гэж утсаар мэдэгдсэн. Улмаар 2022 оны 03 сарын 21-ны өдөр өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр хурал хойшлуулах хүсэлтийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн А.Т , А.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн зар болон А.Г той байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хамт шүүгчийн туслахад оруулж өгсөн. 2022 оны 03 сарын 22-ны өдөр товлогдсон Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг товлосон цагаасаа нэг цагаар хойшилж эхэлсэн бөгөөд 11:00 цагт дууссан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.М нь албан ёсоор зарласан хуралдааны товыг өөрсдийн буруугаас өөрчилж хуралтай өдөр давхцуулан товлочихоод хурал давхцаж байгаа талаарх хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг бидний эзгүйд хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

4.б. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...хариуцагчийн өмгөөлөгч Х.Н , Б.Ө нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өмгөөлөгч Б.Ө нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өмгөөлөгч Х.Н нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн знхан шатны шүүхэд шүүгдэгч А.Г д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаантай хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн боловч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дууссан болох нь шүүгчийн туслах, нарийн бичгийн даргын тайлбар болон тэмдэглэлээр тогтоогдсон тул нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно... гэж өмгөөлөгч биднийг илтэд гүтгэн, хариуцагч талын хуульд заасан эрхийг ноцтойгоор зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл уг хуралдаан тухайн өдрийн 11 цаг 00 минутад дууссан болохыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 22-ны өдрийн 2022/Ш3593 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд тухайн хурлын оролцогчдын нэрс болон хурал эхэлсэн, дууссан цаг тодорхой харагдана.

4.в. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт өмгөөлөгч Б.Ө нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж бичжээ. Гэтэл Б.Ө миний бие Х.Н өмгөөлөгчийн хамт хүсэлтээ бичиж нотлох баримтуудын хамт өгсөн нь хавтаст хэрэгт тусгагдсан болно.

Иймд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа оролцогчийн эрхийг хангаагүй, хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэл баримтгүйгээр үгүйсгэж, хэргийн оролцогчийн хуульд заасан эрх, ашиг сонирхлыг зөрчиж, хариуцагчид хохиролтойгоор хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хуралдаан нийт 5 удаа товлогдсон бөгөөд хариуцагч талаас болж хойшилж байсан. 2022 оны 03 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Ө , Х.Н нар хэргийн материалтай танилцана гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хангаж талуудаас боломжит хугацааг тодруулж шүүх хуралдааныг 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 13 цаг 30 минутад товлосон. Гэтэл 2022 оны 03 сарын 15-ны шүүх хуралдаанд хариуцагч талаас ирээгүй бөгөөд энэ талаар ямар нэгэн хүсэлт, санал шүүхэд ирүүлээгүй. Хариуцагчийн өмгөөлөгч нар гомдолд шүүх хуралдаан болоогүй гэж тайлбарласан нь худлаа юм. Учир нь тухайн өдрийн шүүх хуралдаанд би очсон. Хариуцагч талаас өөр шүүх хуралдаанд оролцож байсан тул очиж чадаагүй гэж тайлбарладаг. Шүүх талуудын саналыг тодруулж 2022 оны 03 сарын 22-ны өдөр болгон шүүх хуралдааныг товлосон. Энэ талаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга миний хажууд хариуцагч талд утсаар мэдэгдсэн. Гэтэл 2022 оны 03 сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас шүүх хуралдаан давхцсан гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Хариуцагчийн өмгөөлөгч нар Хан-Уул дүүргийн шүүх хуралдаан тарсан атал шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул миний зүгээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч М.А нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд өгсөн 50,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...Ковид-19 цар тахлын улмаас эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хөл хорио тогтоосны улмаас хугацаандаа ажил гүйцэтгэж чадаагүй, сендвичэн хавтангийн үнэ хоёр дахин өссөн, захиалагчийн зүгээс зөрүү мөнгийг өгнө гэсэн боловч өгөөгүй, гэрээ цуцлагдсан нь ажил гүйцэтгэгчийн буруугаас болоогүй... гэх үндэслэл заан маргажээ.

 

3.   Хэргийн 5-7-р талд талуудын хооронд 2021 оны 03 сарын 12-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ авагдсан, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч М ХХК нь 1 давхар 5 метрийн өндөртэй 270 м.кв талбайтай сендвичэн барилгыг өөрийн материалаар 2021 оны 05 сарын 12-ны өдрийн дотор барьж, хүлээлгэн өгөх, захиалагч М.А нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу нийт 104,500,000 төгрөгийн ажлын хөлс төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

4. Захиалагч М.А нь гэрээ байгуулсан өдөр буюу 2021 оны 03 сарын 12-ны өдөр 31,350,000 төгрөгийг ажил гүйцэтгэгч М ХХК-ийн захирал Б.Ө ын эзэмшдэг Хаан банк дахь 0000000000 тоот данс руу шилжүүлсэн болох нь хэргийн 54-р талд авагдсан Мөнгөн шилжүүлэг-ийн баримтаар нотлогдсон, уг төлбөрийг барилгын суурийн цутгалтын ажлын хөлсөнд тооцсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Харин захиалагчаас ажил гүйцэтгэгчид 2021 оны 05 сарын 02, 05 сарын 04, 05 сарын 07-ны өдрүүдэд шилжүүлэн өгсөн нийт 50,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй эсэх, ажил гүйцэтгэгч шилжүүлэн авсан дээрх 50,000,000 төгрөгтэй дүйцэхүйц ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5. Ажил гүйцэтгэгч М ХХК нь гэрээний дагуу шилжүүлэн авсан 50,000,000 төгрөгтэй дүйцэхүйц ажил буюу сендвичэн хавтанг угсрах ажлыг хийж гүйцэтгэсэн болохоо баримтаар нотолж чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн татгалзал, түүний үндэслэлийг нотлох үүргээ биелүүлээгүй.

Гэрээний талууд харилцан тохиролцож ажил гүйцэтгэх хугацааг хойшлуулж байсан, гэсэн хэдий ч үр дүн гараагүй үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Иймд захиалагч М.А нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч талын хариу тайлбарт дурдагдсан ...Ковид-19 цар тахлын улмаас эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хөл хорио тогтоосны улмаас хугацаандаа ажил гүйцэтгэж чадаагүй... гэх тайлбар нь хийж гүйцэтгээгүй ажлын хөлсөнд шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан өгөхгүй байх үндэслэл болохгүй. Түүнчлэн ...сендвичэн хавтангийн үнэ хоёр дахин өссөн, захиалагчийн зүгээс зөрүү мөнгийг өгнө гэсэн боловч өгөөгүй, гэрээ цуцлагдсан нь ажил гүйцэтгэгчийн буруугаас болоогүй... гэх хариуцагч талын тайлбар баримтаар нотлогдоогүй.

 

6. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан алдангийг хангаж шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хэдийгээр талууд 2021 оны 03 сарын 12-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.8-д ...хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлийг тусгасан байх боловч захиалагч тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тул гэрээний үндсэн болон нэмэлт үүрэг шаардах эрхгүй юм.

 

7. Хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг хийсэн, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь:

7.а. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 181/ШЗ2022/03167 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 03 сарын 22-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлож, хурлын товыг хариуцагчийн өмгөөлөгч Х.Н , Б.Ө нарт мэдэгдсэн байна. /хх 61, 63/

7.б. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Н , Б.Ө нар шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж, холбогдох шүүхийн шүүх хуралдааны зарыг хавсаргаж өгчээ. /хх 64, 66/ Уг баримтаар А.Т нарын нэхэмжлэлтэй Б.О д холбогдох хэргийн шүүх хуралдаан /урьдчилсан хуралдаан/ хэдний өдөр товлогдсоныг тодорхойлох боломжгүй байхаас гадна хариуцагчийн өмгөөлөгч Б.Ө тус шүүх хуралдаан /урьдчилсан хэлэлцүүлэг/-д оролцож байгаа гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удиртгал болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/00588 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч М ХХК-аас 50,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.А д олгож, үлдэх 25,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...532,950 төгрөг гаргуулан... гэснийг ...407,950 төгрөг гаргуулан... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 532,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР