Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 334

 

 

Б.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаар магадлалтай, Б.Ст холбогдох 1925007740487 дугаартай хэргийг Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Оюунтуяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Сартуул овогт Б С.

Б.С нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 38-2б тоотод эх Д.Туяаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий ахмад настай эх Д.Туяаг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын шүүх Б.Сыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн тооцож, 50 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 20 хоногоор тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Оюунтуяа бичсэн эсэргүүцэлдээ “Б.Сыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настай хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах  дүгнэлт үйлдэхдээ яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн гол шинж болох “байнга” гэх шинжийг орхигдуулсан, дээрх яллах дүгнэлтийг үндэслэж анхан шатны шүүх мөн байнга гэх шинжийг орхигдуулж шийдвэрлэсэн нь дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ түүний холбогдсон хэргийн агуулгыг хэт ерөнхий байдлаар товч бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл яллагдагч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ хэзээ, хаана, хэний эсрэг, хэдэн удаа, ямар, арга хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдад хохирол учруулсан эсэх /учирсан бол ямар хохирол/ уг хэргийг хүндрүүлэх шинж тогтоогдсон эсэхийг огт дурдаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” талаар яллагдагчийн эрхийг зөрчсөн.

Мөн хавтаст хэрэгт Б.Сын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн 305 дугаартай шийтгэвэр, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр 4.1, 5.4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар тус тус шийтгэл оногдуулж байсан анхан шатны 343, 1006 дугаартай шийтгэврийн хуулбарууд авагдсан боловч энэ талаар яллах дүгнэлтэд тодорхой дурдаагүй байхад шүүх Б.Ст холбогдох хэргийг хянан хэлэлцэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтох зарчимд нийцэхгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, магадлал хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар 3 дахь хэсэгт “яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана”, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгана гэж заасан.

Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллагдагч Баярмөнхийн Сүхбаатарыг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаан чулуут баг 38-2-6 тоотод ээж Д.Туяаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настай Д.Туяаг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “ахмад настай Д.Туяаг байнга зодож” гэж Б.Сын үйлдсэн хэргийн агуулгыг гэмт хэргийн шинжийг бүрэн тусгаж, хуульд заасан шаардлагын дагуу бичсэн байхад шүүх хэргийн агуулгыг хэт еренхий байдлаар товч бичсэн дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасныг зөрчсөн байна.

2. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4.1-д “яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх”-ийг бичнэ гэж заасны дагуу Б.Сын үйлдсэн гэмт хэргийг Эрүугийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэхээр тогтоон бичсэн нь хуульд заасан шаардлагад нийцэж байна. Гэтэл эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тогтоох хэсэгт гэмт хэргийн “байнга” гэх шинжийг дурдаагүй орхигдуулсан, энэ нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал ба шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн” гэж хэт явцуу дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4.1-д “гэмт хэргийн товч утгыг талаар бичсэн байхыг шаардаагүй харин Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх”-ийг бичнэ гэж заасан ба яллагдаж байгаа гэмт хэргийн зүйл, хэсэг, заалтыг бүрэн бичсэн байтал шүүх хуульд заагаагүй шаардлага, үндэслэлийг дурдаж, “яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдаа” гэж үзэх боломжтой зөрчлийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн гэх үндэслэлд болон дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдалд хамааруулан дүгнэсэн нь үндэслэлгүй, үл ялих зүйлээр шалтаглан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарт хүндрэл, чирэгдэл учруулж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна.

Мөн яллагдагч Б.Ст яллагдагчаар татах тогтоол болон ял өөрчилж сонсгон тогтоолыг танилцуулан, сонсгосон ялыг ойлгож мэдсэн эсэхийг тодруулан мэдүүлэг авч, түүнийг ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхээр нь хангасан байтал нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Энэ гэмт хэргийн хувьд шүүгдэгч Б.С нь 7 хоногийн 3-4 өдөр нь тогтмол архи уудаг, архи уухаараа үйлдлээ хянах чадваргүй болж ээжийгээ байнга зоддог, агсан тавьдаг, биед нь халддаг талаар хохирогч, ялагдагч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тууштай мэдүүлдэг. Мөн байнга зоддог, зодсон асуудлыг эх Д.Туяа нь нуугаад бидэнд болон Цагдаагийн байгууллагад мэдэгддэггүй талаар гэрч Ж.Уртнасан, Б.Байгалмаа нар мэдүүлсэн байдаг тул энэ үйлдэл бүрийг цаг хугацаагаар нь нэг бүрчлэн тогтоох боломжгүй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь байнгын үргэлжилсэн, давтагдах шинжтэй, онцлог гэмт хэрэг тул хэзээ, хэдэн удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжгүй ажиллагаа юм.

Харин ахмад настай өөрийн төрсөн эхийн эсрэг, байнга агсан согтуу тавьж, айлган сүрдүүлж, биед нь халдаж зодох зэрэг арга хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, үүний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байхад хаана, хэний эсрэг, ямар арга хэлбэрээр, ямар хохирол учруулсан талаар огт дурдаагүй гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна.

Яллагдагч Б.Сын хувийн байдлыг болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга үйлдсэн гэх шинжийг нотлох зорилгоор түүний Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн 305 дугаартай шийтгэвэр, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр 4.1, 5.4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар тус тус шийтгэл оногдуулж байсан анхан шатны 343, 1006 дугаартай шийтгэврийн хуулбаруудыг зохих журмын дагуу хуулбарлан авч хэрэгт хавсаргасан ба энэ баримтыг яллах талын нотлох баримтаар шинжлэн судлахаар яллах дүгнэлтийн хавсралтад дурдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан.

Гэтэл шүүх эдгээр нотлох баримтыг “яллах дүгнэлтэнд тодорхой дурдагдаагүй байхад шүүх Б.Ст холбогдох хэргийг хянан хэлэлцэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй” гэж шүүх хуралдаанд шинжлэн судлуулахаар яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд бус зөвхөн прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруу, хэргийн бодит байдлыг тогтоох ёстой гэж хэт явцуу дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл хэргийн бодит байдлыг тогтоох, шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн”, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1-д заасан шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ “... шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх”-ийг хэлэлцэнэ гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. Учир нь энэ гэмт хэргийн шинжийг агуулсан зөрчилд удаа дараагийн арга хэмжээ авагдсан бөгөөд тухайн зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад энэ хэрэгт хамааруулсан нь үндэслэлгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой байсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулсныг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн “... ахмад настай гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож” гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хэргийн үйл баримтыг тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хууль хэрэглээний алдаатай шийдвэр болжээ.

Шүүгдэгч Б.С нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн өргөмөл эх өндөр настай Д.Туяаг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зодож биед нь хөнгөн хохирол учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн талаар анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Шүүгдэгч нь 2017 оны 06 дугаар сарын 13-нд тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу “... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийнхээ эд зүйлийг зарж, эх Д.Туяаг хэл амаар гутаан доромжлон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр 14 хоног баривчлах, 2019 оны 04 дүгээр сарын 09-нд болон мөн оны 11 дүгээр сарын 12-нд тус тус Зөрчлийн тухай хуульд заасны дагуу баривчлах шийтгэл хүлээжээ.

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “байнга” гэх шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж тарчлаасан зэрэг үйлдлийг тооны хувьд 3 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг ойлгох бөгөөд энэхүү үйлдэл нь зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Харин хэд хэдэн зөрчлийн шинжтэй үйлдлийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй байвал зохих ба Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Шүүгдэгч Б.Сын хувьд 2017 оны 06 дугаар сарын 13-нд захиргааны журмаар хариуцлага хүлээсэн асуудалд хөөн хэлэлцэх хугацаа тооцох боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй болно.

Мөн шүүгдэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-нд үйлдсэн зөрчлийн хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа өнгөрсний дараа дахин зөрчил үйлдсэн байх тул сүүлийн зөрчлийг анх удаагийн үйлдэл гэж үзнэ.

Хөөн хэлэлцэх хугацаа тасарч бус дууссан нөхцөл байдлыг гэмт хэргийн шинжид хамааруулан үзэх боломжгүй юм.

Иймд Б.Ст холбогдох Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсгийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 хоног цагдан хоригдсон бөгөөд шийтгэх тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэл 5 сар 6 хоног цагдан хоригджээ.

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцвол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцох үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Сыг шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдэлсэнд тооцон нэн даруй суллахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэх бүрэн боломжтойн дээр анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн эрхийг зөрчсөн зөрчил тогтоодоогүй тул нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолд “Б.Ст холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, уг зүйлд зааснаар ял оногдуулсан болон уг ялыг нэмж нэгтгэсэн заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг цагдан хоригдсон 161 хоногт дүйцүүлэн тооцож, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцон нэн даруй сулласугай” гэсэн өөрчлөлт оруулсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Б.ЦОГТ

                                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                    Б.БАТЦЭРЭН