Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0623

 

 

 

 

Б.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0577 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Т-ийн нэхэмжлэлтэй, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0577 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5, 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг баримтлан Б.Т-ийн нэхэмжлэлтэй, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Эрх зүйн шинжээчийн албанд референтээр томилуулах, ажилд орохоор өргөдөл гаргасан 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилд томилогдох хүртэлх хугацааны цалинг нэг сарын 821,779 төгрөгөөр тооцож гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, УИХ-ын Тамгын газар миний гаргасан өргөдлийг хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус эсэхийг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1184 тоот албан бичгээр Б.Т намайг ажилд нь эргүүлэн авахыг даалгасан бөгөөд дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлэхийг УИХ-ын Тамгын газарт даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...1. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр миний гардан авсан шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гэж үзэхгүй байна. Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болдог бөгөөд миний нэхэмжлэл гаргасан хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны үеэр хэлэлцэж шийдвэр гаргахдаа шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэсэн шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа “Чамайг Улсын Их Хурлын Тамгын газар орон тоо гарсан тохиолдолд буцаан ажилд нь авах бөгөөд тэр хүртэл чамайг нөөцөд байгаагаар тооцсон нь хууль зөрчсөн үйлдэл биш байна” гэснээс өөр үндэслэл хэлээгүй юм.

Гэтэл 2018 оны 10 дугаар зүйлийн 12-ны өдөр миний гардан авсан шүүхийн шийдвэрт дээрхээс гадна олон үндэслэлүүдийг жагсаан бичсэн байгаа нь шүүх хуралдааны бус цагаар шүүгч нь нэхэмжлэгчид танилцуулаагүй асуудлаар нөхөж тайлбар бичсэн болох нь харагдаж байгаа бөгөөд энэ явдал нь хууль бус болохыг тогтоож өгнө үү.

2. Шүүгчийн дүгнэлтийн 1 дүгээр хэсэгт: Нэхэмжлэгч нь зохих хууль тогтоомжоор төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэлд байгаа бөгөөд Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам батлах тухай Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын 4.2-т зааснаар энэхүү бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй гэсэн заалтыг баримтална хэмээн үзсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын энэхүү заалт нь зөвхөн нөөцөд байх хугацааны үргэлжлэх боломжит хугацааг заасан болохоос тодорхой гэрээний дагуу амжилттай сурч төгсөөд ирсний дараа ажилтныг нөөцөд авах гэсэн талаар зохицуулсан заалт биш юм. Тиймээс хууль, эрх зүйн актын дагуу сурч боловсрох хугацаандаа нөөцөд байгаагаар тооцогдож байсан иргэнийг эргэн ирж, ажилдаа орохоор хүсэлт гаргасан хойно нь ажилдаа эргэн орох тухай заасан гэрээний заалт байсаар байхад нөөцөд байгаагаар тооцох тухай шийдвэр гаргах нь хууль бус болох нь тогтоолын заалтаас тодорхой харагдаж байна. Ийнхүү дүгнэлт хийхдээ миний нэхэмжлэл гаргах үндэслэл болсон Австрали-Монголын Засгийн газар хоорондын гэрээ, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар-Улсын Их Хурлын Тамгын газар-Б.Т нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээ, Улсын Их Хурлын Тамгын газар-Б.Т нарын хооронд байгуулсан гэрээнүүд болон тэдгээрт тусгагдсан ажил олгогч нь тэтгэлэг хүртэгчийг ажилд нь эргүүлэн авах тухай заалтыг авч үзэлгүй орхисон нь шүүгчийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтыг огт үнэлж үзэлгүй зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргахыг урьтал болгосон байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Тухайлбал: Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний “Нийлүүлэгдэх бараа, ажил үйлчилгээ” 8 дугаар зүйлийн “Монгол Улсын Засгийн газар” гэсэн хэсгийн Д: “Монгол Улсын Засгийн газар дараах үүргийг хүлээнэ” гэсэн заалтын III гэсэн дэд заалтад “Хөтөлбөрт хамрагдан суралцаж төгссөн оюутнуудыг Монгол Улсад эргэн ирэхэд Хөтөлбөрийн хүрээнд олж авсан эрдэм, мэдлэгээ ашиглах боломжит ажлын байраар хангах”;

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Б.Т нарын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 3 талт гэрээний “Нэгдүгээр ангиллын түнш байгууллагын үүрэг, хариуцлага” гэсэн 4 дүгээр зүйлийн 4.5, 4.6, 4.8 дахь хэсгүүдэд зааснаар төгсөгчийг буцаан байршуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, ажиллах орчныг бүрдүүлэх;

Улсын Их Хурлын Тамгын газар, Б.Т нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1 дүгээрт “Гадаад улсад суралцагчтай хийх гэрээ”-ний “Улсын Их Хурлын Тамгын газрын эрх, үүрэг гэсэн 2.1 дэх хэсгийн 2.1.2 дахь заалтад “Тамгын газрын захиалгаар суралцаж буй ажилтны ажлын байрыг хадгална”;

Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2015 оны 385 тоот захирамжийн “Сургалтын дэмжлэг үзүүлэх гэрээ” гэсэн хавсралтын 2.2.2-т “Байгууллагын дэмжлэгтэйгээр хоёрдогч мэргэжил эзэмшиж, магистрантур, докторантурт суралцаж бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан ажилтан 4-өөс доошгүй жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах”;

Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 423 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын Улсын Их Хурлын Тамгын газрын эрх, үүрэг гэсэн 2.1 дэх хэсгийн 2.1.2-т “Тамгын газрын захиалгаар суралцаж буй ажилтны ажлын байрыг хадгална” гэсэн заалтуудаас харахад Улсын Их Хурлын Тамгын газар нь намайг төгсөж ирсний дараа буцаан ажилд нь авах үүрэгтэй байсан боловч ийнхүү гэрээний үүргийг биелүүлэхгүй зөрсөн үйлдэл нь миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна.

Монгол улсын ямар ч хууль тогтоомжоор өөрийн байгууллагын захиалгаар суралцаж төгсөж ирсэн төгсөгчийг буцааж ажилд нь авахыг хориглоогүй байна.

Мөн шүүгч нь энэхүү үндэслэлээ тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар “...3 сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон үед түр чөлөөлөх тохиолдлыг заагаагүй байна” гэжээ.

Монгол улсын хууль тогтоомжоор нэр заан хориглоогүй бол хууль зөрчсөнд тооцогддоггүй талаар хууль зүйн анхан шатны мэдлэгтэй бүх хүмүүс мэддэг. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн гэрээний 35 дугаар зүйлд 3 сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон үед албан тушаалыг нь хадгалах талаар заагаагүй тул ийнхүү шаардаж байгаа нь хууль бус гэсэн үг биш юм.

Тэр тусмаа Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдолд албан тушаалыг хэвээр хадгална” гэж заасан нь миний дээр дурдсан гэрээнүүдийн дагуу миний ажил үүрэг хэвээр хадгалагдаж байх ёстойг харуулж байна.

Харин шүүгч нотлох баримтаар авагдсан дээрх гэрээнүүдийг үнэлэн үзэх талаар мөн л нэг талыг барьсан хандлага гаргажээ.

Ер нь Монгол улсын хууль тогтоомж нь хууль, Улсын Их Хурлын тогтоол, бусад эрх зүйн актуудаас бүрддэг бөгөөд дээрх нэр дурдсан гэрээнүүд нь бусад эрх зүйн актын статустай, хууль зүйн үр дагавар бүхий баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл, эдгээр гэрээнүүд нь эрх зүйн акт болохынхоо хувьд шүүгчийн дурдсан дээрх нэг талыг барьсан тайлбаруудыг хэнд ч ойлгомжтой байхаар нарийвчлан ойлгомжтой тусгасан бөгөөд тухайлбал, ажил олгогч байгууллага нь тэтгэлэг хүртэгчийг ажилд нь эргүүлэн авах үүрэгтэй болох талаар болон ийнхүү ажилд нь эргүүлэн авахдаа сургуулиа төгсөөд ирснийх нь дараа авна гэдгийг тодорхой зааж өгсөн эрх зүйн баримт бичгүүд юм.

Шүүгч эдгээр гэрээнүүдийг хууль зүйн хүчин чадал бүхий эрх зүйн актынх нь хувьд яагаад авч үзээгүй талаараа тайлбарлаагүй байна.

3. Шүүгчийн дүгнэлтийн 1 дэх хэсэгт мөн нэхэмжлэгч миний нэхэмжлэлд дурдсан албан тушаалын сарын үндсэн цалингийн талаарх асуудлыг авч үзэхдээ албан тушаалаа хашаагүй байгаа тул цалин авахгүй гэжээ.

Нэхэмжлэгч миний шүүхэд нэхэмжлэл гаргасан гол шалтгаан нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэсэн зорилготой. Дээрх Монгол улсын хууль, бусад эрх зүйн актад зааснаар миний бие сургалтаа дуусгаад Монгол улсад эргэн ирж буцаад ажилдаа орохоор өргөдөл гаргасан тэр үеэс эхлэн Улсын Их Хурлын Тамгын газарт дээрх гэрээнүүдийн дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэж, түүнд заасан цалин хөлсөө авах байсан. Гэтэл Улсын Их Хурлын Тамгын газрын одоогийн удирдлагуудын хууль бус үйлдлийн улмаас иргэний эрх хохирч байгаа талаар болон захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилго нь төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг авч хэлэлцэн хууль ёсыг сахиулах гэсэн үндсэн зорилготой гэдгээ шүүгч умартсан байна. Хэрэв шүүх нь хүртэл асуудлыг ганцхан талыг баримтлан түүндээ нийцсэн хууль тогтоомжийг хэрэглээд байвал захиргааны хэргийн шүүх байхын, энэ шүүхийн шүүгчээр ажиллахын, тэр ч бүү хэл хууль ёс байхын ач холбогдол байхгүй болно.

4. Шүүгч өөрийн гаргасан шийдвэрийг тайлбарласан тайлбарыг 2 дахь хэсэгт нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус эсэхийг тогтоолгохоор хандсан гэж бичсэн мөртлөө Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ц нэхэмжлэгчид 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариу өгсөн тул үүнийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын Тамгын газар нь миний ажилдаа эргэн орох тухай өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор багтаан шийдвэрлэх ёстой байсан бөгөөд ийнхүү 30 хоног гэсэн хуулийн хугацааг баримтлаагүй нь хууль бус болох талаар шийдвэр гаргахыг хүссэн нэхэмжлэлийг маань Улсын Их Хурлын Тамгын газраас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн хариу байхад болно гэж үзсэн шүүгч хуульд заасан тов тодорхой заалтыг хэрэглэлгүй зайлсхийж нэг талыг барьсан шийдвэр гаргахаа урьтал болгосон болох нь харагдаж байна.

Цаг хугацааны хувьд Улсын Их Хурлын Тамгын газраас надад өгсөн хариу нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу хуульд заасан хугацаанаас 1,5 дахин хэтэрсэн төдийгүй, нэхэмжлэгч миний бие тэдний энэхүү хууль бус үйлдлийн талаар төрийн захиргааны дээд байгууллага болон Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасны дараа ёс төдий хариу өгсөн болж харагдах гэсэн дүр үзүүлсэн үйлдэл болсон явдлыг шүүгч өөрийн үүргээ умартан, хууль ёсыг уландаа гишгэх замаар хаацайлан хамгаалж байгаа нь харагдаж байна.

5. Мөн тайлбарын 2 дахь хэсэгт: “Нэхэмжлэгчийн эргэн орохоор нэр заан маргалдаж буй албан тушаалд томилогдсон Б.Х-г томилох ажиллагаа 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн явагдсаар байж байгаад нэхэмжлэгчийн ажилдаа эргэн орохоор өргөдөл гаргасан өдөртэй давхцан Б.Х нь уг албан тушаалд томилогдсон явдал нь хууль бус биш” гэж үзсэн байна.

Юуны өмнө төрийн алба тогтвортой байх ёстой гэсэн хуулийн үндсэн үзэл баримтлал байдаг бөгөөд аливаа нэг байгууллагын тухайлбал, Улсын Их Хурлын Тамгын газар өөрийн ажилтнуудын шилжилт, хөдөлгөөний талаар тогтмол мэдээлэл, судалгаатай байх ёстой. Жишээ нь Улсын Их Хурлын Тамгын газрын хүний нөөцийн дарга, ажилтнууд нь миний бие сургалтаа дуусгаад буцаж ирэх хугацааг мэдэж байх ёстой бөгөөд урьдчилан энэ талаар зохицуулалт хийсэн байх үүрэгтэй хүмүүс. Монгол улсад сүүлийн үед тогтмол байгаад байгаа сөрөг жишиг болох сонгууль бүрийн дараа удирдлага солигдохоор ажилтнуудын тогтвортой байдал алдагддаг нийтлэг жишиг байгааг харгалзан үзлээ гэхэд миний бие ажилдаа эргэн орох сонирхолтой байгаагаа 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр явуулсан өргөдөлдөө дурдсаар байхад тус албан тушаалд өөр хүн томилуулахаар шат дараалсан арга хэмжээ авсан явдал нь өөрөө хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл юм. 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа эргэн орох хүсэлтэй гэсэн агуулга бүхий энэхүү өргөдөл болон энэ өргөдлийг хүлээн авсан бүртгэлийг нотлох баримт болгон шүүхэд өгсөөр байхад түүнийг шүүгч зохих ёсоор үнэлээгүй байна. Мөн шүүх хуралдааны явцад Б.Х гэгчийг томилогдохоос бүүр өмнө би өргөдлөө ирүүлсэн шүү гэдгийг дахин дахин сануулж байсан болохыг шүүх хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл болон бичлэгээс харж болно.

Дээр нь уг албан тушаалд ажиллах хүчийг мерит зарчмаар ажиллуулах талаар Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд төрийн албан хаагчийн ёс зүй гаргасан бол мэдээж би л энэ албан тушаалд ажиллах хамгийн тохирсон хүн байх байсан. Улсын Их Хурлын Тамгын газрын өөрсдийнх нь гаргаж өгсөн уг албан тушаалын тодорхойлолтоос харвал тус албан тушаалд хуульч хүн ажиллах ёстой гэсэн байсан боловч одоо ажиллаж байгаа Б.Х гэгч нь Айти (IT)-ийн ажилтнаар голлон ажиллаж байсан, дээр нь уг албан тушаалын талаар туршлага байхгүй хүн болохыг Улсын Их Хурлын Тамгын газраас ирүүлсэн баримт бичгээс харж болно. Түүнчлэн зөвхөн гуравдагч этгээдийнхээ хувьд эрх нь зөрчигдөж байгаа, “хуульч” мэргэжил эзэмшсэн гээд байгаа, шүүх хуралдаанд хүртэл өөрөө өөрийнхөө эрхийг хангах чадваргүй, өөрийн нэрийн өмнөөс өмгөөлөгч оролцуулдаг хүн Монгол улсын хэмжээнд дагаж мөрдөж буй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг батлан гаргадаг субьектэд лавлагаа, туслалцаа үзүүлэх энэ өндөр үүрэг хариуцлагыг хэрхэн биелүүлэх бол, ийм чадваргүй хүний гаргасан лавлагаа, туслалцаа, бусад үр дүнг хэрэглэсэн хууль тогтоогч нар ямар хэмжээний чанартай хууль батлах бол гэдэг нь өөрөө ноцтой асуудал юм. Төрийн албаны тухай хуулийн гол үзэл баримтлал бол төрийн албанд ажиллагсдын мэргэшсэн, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн байдгийг Захиргааны шүүхийн шүүгч ойлгоогүй байгааг харахад харамсалтай байна.

6. Шүүгч өөрийн дүгнэлтийн үндэслэх хэсгийн 3-д Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгч миний өргөдөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газарт явуулсан бичгийг тайлбарлахдаа: “...Төрийн албаны зөвлөл нь Улсын Их Хуралд үйл ажиллагаагаа тайлагнадаг байгууллага бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын дээд шатны албан тушаалтан биш...”, “...Төрийн албаны зөвлөл нь зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан асуудлын хүрээнд шийдвэрлэх ёстой байсан” гэж үзжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь захиргааны байгууллага болон сонгуульт байгууллагын ялгааг мэдэхгүй байгаа нь дэндүү харамсалтай байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Улсын Их Хурал нь сонгуулийн хуулийн дагуу сонгогдсон гишүүдээс бүрдсэн сонгуульт байгууллага бол тус хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар Улсын Их Хурлын Тамгын газар нь зөвхөн Улсын Их Хурлын гишүүд, ...-д мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх захиргааны байгууллага юм. Тиймдээ ч Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Төрийн албаны зөвлөлийн орон тооны бус гишүүнээр томилогдох талаар хуульчлан зааж өгсөн байна. Төрийн албаны зөвлөлийн орон тооны бус гишүүнийхээ хувьд энэ мэт хууль бус үйлдэл гаргаж байгаа Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц гэгч нь уг албан тушаалыг хаших ёс суртахууны эрхгүй этгээд билээ.

Харин Төрийн албаны зөвлөл нь төрийн захиргааны төв байгууллагынхаа хувьд төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг хуулийн дагуу хамгаалж, тохирох шийдвэрийг гаргаснаараа Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээс илүү ёс суртахуунтай, хуулийг зохих ёсоор сахин хамгаалдаг байгууллага болохоо харуулж байна.

Гэтэл Улсын Их Хурлын Тамгын газрын талд шийдвэрийг гаргахын тулд миний нэхэмжлэлд дурдсан бүх асуудлыг зөвхөн нөөцтэй холбоотой заалттай уялдуулан тайлбарлаж, хуулийн гол амин сүнс болсон шударга ёсны зарчмыг алдагдуулж байгаа шүүгч Ч-ын үйлдэлд харамсаж байна.

Анхан шатны шүүх хуралдааны явцад мэтгэлцээний зарчмын дагуу миний бие нэхэмжлэлд дурдсан хүсэлтүүдээ болон хариуцагч талаас гаргасан тайлбарт хууль зүйн үндэслэлтэй хариу тайлбар бэлдэж танилцуулсан билээ. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч шүүх хуралдааны үеэр миний бэлдсэн хуулийн тайлбарт ямар ч хууль зүйн үндэслэлтэй хариу өгөөгүй атлаа зөвхөн хариуцагч талын удаа дараа өөрийгөө зөвтгөн ярьсан яриан дээр л тулгуурлан шүүхийн дүгнэлтийг гаргасан нь мэтгэлцэх зарчмын жинхэнэ зорилгыг алдагдуулсан бүдүүлэг үйлдэл болсон байна. Хэрэв миний хэлж буй хууль зүйн үндэслэлийг авч үзэх шаардлагагүй байсан бол шүүх хуралдаан дээр мэтгэлцүүлж байна гэж жүжиг тавих хэрэггүй юм.

Иймд хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасанчлан анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, заримыг нь огт үнэлэхгүй орхисон, мөн хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Төрийн албаны тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Б.Т нь “Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Эрх зүйн шинжээчийн албанд референтээр томилуулах, ажилд орохоор өргөдөл гаргасан 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилд томилогдох хүртэлх хугацааны цалинг нэг сарын 821,779 төгрөгөөр тооцож гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, Улсын Их Хурлын Тамгын газар миний гаргасан өргөдлийг хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус эсэхийг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1184 тоот албан бичгээр Б.Т намайг ажилд нь эргүүлэн авахыг даалгасан бөгөөд дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн экспертийн албаны референтээр ажиллаж байсан Б.Т нь Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж, Флиндерсийн Их сургуулийн магистрын хөтөлбөрт 2 жил суралцах болсноор тус газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 424 дүгээр захирамжаар төрийн албанаас түр чөлөөлөн, нөөцөд бүртгэлтэй байна.

Харин нэхэмжлэгчээс “...“Гадаад улсад суралцагчтай хийх гэрээ”-ний “Улсын Их Хурлын Тамгын газрын эрх, үүрэг гэсэн 2.1 дэх хэсгийн 2.1.2 дахь заалтад “Тамгын газрын захиалгаар суралцаж буй ажилтны ажлын байрыг хадгална..., Түр чөлөөлөгдсөн ...эрхэлж байсан албан тушаалыг хадгалах үүргийг хариуцагч тал хүлээнэ...” гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т “гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон”, 23.5-д “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, гэрээнд зааснаас үл хамааран төрийн жинхэнэ албан хаагч 3 сараас дээш хугацаагаар сургалтад хамрагдсан тохиолдолд түүнийг захиргааны санаачлагаар төрийн албанаас түр чөлөөлөн, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцохоор байна.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2.1-д “...хуульд өөрөөр заагаагүй бол ...мөн зүйлийн 23.3-д заасан үндэслэлээр ... түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц”, 4.2 дахь хэсэгт “ ...2.2.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа эргэж орох хүсэлтээ гаргасан боловч Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14/1760 дугаар албан бичгээр түүнийг “сул орон тоо гарсан тохиолдолд ажлын байраар хангах” талаар мэдэгдсэн тул хариуцагчийг өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, хариуцагч сул орон тоог нөхөхдөө Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 479 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Б.Х-г Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн эрх зүйн шинжилгээний албаны референтээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасантай нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Т нь урт хугацааны сургалтад хамрагдан, төрийн албанаас түр чөлөөлөгдсөнөөс үүсэх үр дагавар, хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой асуудал нь Төрийн албаны тухай хууль болон дээрх журмаар зохицуулагдах тул нэхэмжлэгчийн тухайд нөөцийн бүртгэл нь одоог хүртэл хүчинтэй байна.

Тиймээс нэхэмжлэгчийн “...Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдолд албан тушаалыг хэвээр хадгална” гэж заасан нь миний дээр дурдсан гэрээнүүдийн дагуу миний ажил үүрэг хэвээр хадгалагдаж байх ёстой...” гэх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0577 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Т-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР