Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 373

 

“Ж” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого

 хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох

 зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Х.Батсүрэн,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Гомдлын шаардлага: “Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Заяахишиг, Н.Хандхүү нарын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 211820024 тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсын 2, 4, 6 дахь хэсгийг хүчингүй болгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0298 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:  Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагч Т.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0298 дугаар шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2006 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2006 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.4, 7.3, 7.3.4-д заасныг баримтлан Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Н.Х нарын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 211820024 тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсын 2.4.6 дахь хэсгийг хүчингүй болгох Ж ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.     

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 298 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2006 он)-ийн ... 7.3.4 гэсний дараа “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн (2015 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “Ж” ХХК нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Заяахишиг, Н.Хандхүү нарын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №211820024 тоот шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсын 2, 4, 6 дэх хэсэгт дурдсан шийтгэлүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж маргаж эхэлсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0298 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.

4. ААНОАТтХ болон НӨАТтХ-ийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэж, тайлбарласан гэж бидний зүгээс үзэж байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. 2 дахь хэсэгт: 2013 онд  хүдэр баяжуулсны 168,517,640 төгрөгийн төлбөрт өгсөн 4,371.54 тонн төмрийн хүдрийн үнийг борлуулалтын орлогод тооцоогүй, ААНОАТ-ын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй, 4 дэх хэсэгт: 2013 онд хүдэр баяжуулсны 168,517,640 төгрөгийн төлбөрт өгсөн 4,371.54 тонн төмрийн хүдрийг НӨАТ-ын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй, 6 дахь хэсэгт: “Жамп-Алт” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2015 онд 2,624,666,592.00 төгрөг, 2016 онд 2,241,432,118.73 төгрөг нийт 4,866,098,710.73 төгрөгийн ажил үйлчилгээний орлогод НӨАТ ногдуулаагүй. 2 дахь хэсэгт дурдсан ААНОАТ-ыг тайланд тусгаагүй зөрчлийг манай компанийн зүгээс татварын улсын байцаагчдын хяналт шалгалтын үеэр тайланд тусгаагүй гэдгийг олж мэдсэн бөгөөд тухайн үед ажиллаж байсан санхүүгийн албаны тайланг хариуцаж гаргасан албан тушаалтнуудтай Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг тусгайлан тооцохоор хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар өгч байна.

5. Гэхдээ улсын байцаагч нарын акт нь ААНОАТ-ын тухай хуулийн 8-р зүйлийн 8.1.1- / т заасан “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”-д татвар ногдуулахаар зохицуулсан. ААНОАТ-ыг ногдуулахдаа 12 дугаар зүйлд заасан хасагдах зардлыг хасч, илүү гарсан буюу “АШИГ”-т татвар ногдуулах ёстой байтал шууд гэрээний үнийн дүнгээр ашиг гэж тооцож татвар ногдуулсан нь үндэслэлгүй. 2013 оны татварын тайланг бид татварын албанд гаргаж, дотоодын болон хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулсан, 1,5 тэрбум төгрөгийн хасах баланстай буюу алдагдалтай ажилласан байдаг. Давж заалдах шатны шүүхээс 2006 оны ААНОАТтХ-ийн 7.3.1-д үйл ажиллагааны орлого гэж заасны дагуу 2013 онд 168 517 640 төгрөгийн 4 3471.54 тонн төмрийн хүдрийг НӨАТ болон ААНОАТ тусгаагүй гээд анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэжээ.

6. Манай зүгээс татварын тайланд тусгаагүй алдаагаа хүлээн зөвшөөрч холбогдох хариуцлагыг хүлээхэд бэлэн байгаа, мөн НӨАТ-ыг мөн борлуулалтын үнийн дүнгээр тооцон төлүүлэх нь мөн зүйд нийцнэ. Харин ААНОАТ-ыг яагаад гэрээ, барааны үнээр шууд тодорхойлж байгаа вэ, бид хасагдах зардлыг хасч, ашгаас төлөх ёстой гэж удаа дараа шаардлага тавьж байгаа.

7. Шийтгэлийн хуудсын 4, 6 дахь хэсэгт НӨАТ-ын чөлөөлөлтөд үндэслэлгүй хамруулсан гэх үндэслэлээр татвар ногдуулсан. Манай компанийн зүгээс НӨАТтХ-ийн 13 дугаар зүйлийн 13.1.11-Д “борлуулсан алт”-ийг НӨАТ-аас чөлөөлөгдөхөөр зохицуулсан. “Ж” ХХК-ийн 2015.01.01-ний өдрөөс 2015.09.30-ны өдрийг хүртэлх НӨАТ-ыг илүү төлөлтийг баталгаажуулах тухай 210201509 тоот акт нэгдүгээр хавсралт хэргийн 241 дэх талд хавсаргагдсан.

8. Тус хэргийн өмнө УДШ-ээс анхан шатны шүүхрүү буцаахдаа 1-рт хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг тодорхой болгох, 2-рт татварын байгууллагын хяналт шалгалт давхацсан байдлыг шалгаж, хэрвээ давхар хяналт тавьсан нөхцөлд өмнөх хяналт шалгалтын актыг дараагийн хяналт тавьж буй татварын улсын байцаагч хүлээн зөвшөөрөх асуудлыг хууль хэрэглээний хувьд засаж, залруулах үүднээс буцаасан. Гэвч анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс 210201509 дугаартай НӨАТ-ыг илүү төлөлтийг баталгаажуулах актыг давхцаагүй гэж дүгнээд байгаа нь нэхэмжлэгч талаас огт ойлгохгүй байгаа.

9. 2015.01.01-2015.09.30-ны өдрийг хүртэлх хугацааны “Ж” ХХК-ийн тушаасан алтыг 210201509 актаар чөлөөлөхөөр баталгаажуулсан. Гэвч маргаан бүхий №211820024 шийтгэх хуудсаар тус хугацааны борлуулсан алтыг НӨАТ төлөхөөр тусгаж, дээр нь алданги, торгууль ногдуулсан. Татварын байцаагч нар анхан болон давж заалдах шатны шүүхэд хяналт шалгалт давхцаагүй гэж тайлбарладаг бөгөөд НӨАТ-ын хяналтаа 2015.10.01-нээс 2016.12.30 хүртэл хянасан гэж баримт бүрдүүлсэн ч шийтгэл ногдуулахдаа 2015.01.01-нээс 2016.12.30 хүртэл хугацаанд борлуулсан алт дээр НӨАТ төлүүлэх шийдвэр гаргасан.

10. Тухайлбал, шийтгэл ногдуулах хуудсын 6-д “Ж-А” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2015 онд 2,624,666,592.00 төгрөг алт борлуулсан орлого гэж тодорхойлсон. Ж ХХК-ийн 2015 оны НӨАТ сар бүрийн тайланг нягтлан үзвэл 2015.10 сард 249 407 763.17 төгрөг, 2015 оны 11 сард 48 415 451.74 төгрөг буюу нийт 297 823 214.91 төгрөгийн алт тушаасан байх бөгөөд 2015.01.01-2015.09.30-ны өдрийг хүртэл үлдэгдэл хугацаанд 2 326 843 378 төгрөгийн алт тушааж НӨАТ-ын чөлөөлөлтөд тусгаж 210201509 актаар НӨАТ-аас чөлөөлөхөөр баталгаажуулсан.

11. 2016 онд ч гэсэн бид нэг зарчмаар алт тушаасан орлого НӨАТ чөлөөлөгдөнө гэж ойлгож чөлөөлөх орлогод тусгасан гэтэл НӨАТ ногдох орлого гэж тооцож, бас алданги, торгууль ногдуулж байгаа нь татварын байцаагч нарын дур зоргоор, хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүхээс татварын хууль тогтоомжийг буруу хэрэглэж байна гэж бид үзэж байна.

12. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг алтаар авч, Монгол банканд тушаасан. Татварын байцаагчид алт тушаасан орлого дээр татвар ногдуулаагүй гэж тайлбарладаг, шүүх итгэдэг. Гэхдээ давж заалдах шатны шүүх тайлбартаа алт тушааж Монгол банкнаас шилжүүлж буй мөнгөн дүнг ажил гүйцэтгэх гэрээний төлбөр гэж үзэж татвар ногдуулах нь зөв гэжээ. Хэрвээ тэгвэл алт тушаасны орлого дээр татвар ногдуулах нь зөв гэж шүүх дүгнэж байгаа буюу НӨАТтХ-ийн 13.1.11 дэх заалтыг “Ж” ХХК-д үйлчлэхгүй бусад байгууллагад үйлчлэнэ гэж байгаа нь хуулийн нэг мөр хэрэглэх зарчмыг зөрчсөн тайлбар үндэслэл гаргаж хэргийг шийдвэрлэсэн.

13. Шүүх хэргийг зөвхөн төрийн байгууллагын гаргасан үндэслэлийг үндэслэж шийдвэрээ гаргалаа, нэхэмжлэгч талаас гаргасан үндэслэл тайлбарыг огт харгалзаж үзсэнгүй, ядаж нэхэмжлэгч талаас гаргасан үндэслэл, аргументуудыг няцаасан бол бид мөн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжтой ч бидний үндэслэлийг үндэслэлдээ дурдалгүй өнгөрлөө. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгөхийг хүсч байна.

ХЯНАВАЛ:

14. Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

15. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь “Ж” ХХК-ийн 2012-2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалтыг явуулж, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 211820024 дугаартай шийтгэлийн хуудсаар, нийт 12,279,424,721.33 төгрөгийн зөрчил илрүүлж, уг зөрчлөөс 2013 оны алдагдлыг 1,575,976,747.5 төгрөгөөр бууруулан алдагдалгүй болгож, үлдэх 10,703,447,973.79 төгрөгийн зөрчилд 1,182,313,385.7 төгрөгийн нөхөн татвар, 409,335,538.0 төгрөгийн торгууль, 193,558,342.2 төгрөгийн алданги, 819,622.80 төгрөгийн хүү, нийт 1,786,026,888.7 төгрөгийн төлбөр ногдуулсан байна. Татвар төлөгч “Ж” ХХК-ийн гомдлоор Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл шийтгэлийн хуудсыг хянаж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар тогтоолоор, 6,768,480,155.10 төгрөгийн зөрчилд ногдуулсан 701,857,648.40 төгрөгийн нөхөн татвар, 210,557,294.50 төгрөгийн торгууль, 141,300,029.60 төгрөгийн алданги, нийт 1,053,714,972.50 төгрөгийн төлбөрийг хасч, 5,510,944,566.20 төгрөгийн зөрчилд ногдуулсан 480,455,737.30 төгрөгийн нөхөн татвар, 198,778,243.50 төгрөгийн торгууль, 52,258,312.60 төгрөгийн алданги, 819,622.80 төгрөгийн хүү, бүгд 732,311,916.20 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилжээ. 

16. Гомдол гаргагч “Ж” ХХК нь 211820024 дугаартай шийтгэлийн хуудасны 2, 4, 6 дахь хэсгийг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргасан; анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн маргаанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна гэж үзлээ.

17. Нэг. Шийтгэлийн хуудасны 2, 4-т заасан зөрчлийн тухайд: Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар, тус компанийн 2013 онд хүдэр баяжуулсаны ажлын хөлсний төлбөрт шилжүүлсэн 168,517,640.00 төгрөгийн 4,371.54 тонн төмрийн хүдрийн үнийг борлуулалтын орлогод тооцоогүй, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй зөрчилд 25,277,646.00 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын нөхөн татвар, торгууль, алданги, мөн дээрх хүдрийн үнийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд мөн тусгаагүй, албан татвар ногдуулаагүй зөрчилд 25,328,201.30 төгрөгийн нэмэгдсэн өртгийн нөхөн татвар, торгууль, алдангийг тус тус ногдуулсан нь үндэслэлтэй байна. 

18. Гомдол гаргагч “Ж” ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно: 7.3.1. үйл ажиллагааны орлого”,  12 дугаар зүйлийн 12.1-д “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно: 12.1.1. түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал” гэж, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна: 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”, 7.3-т “Дор дурдсан үйл ажиллагааг “бараа борлуулсан”-д хамааруулна: ...7.3.4. өрийн төлбөрийг бараа шилжүүлэх замаар хаах” гэж тус тус заасныг зөрчиж, дээрх 4,371.54 тонн төмрийн хүдрийн үнийг татвар ногдох борлуулалтын орлогод бүртгээгүй, албан татвар ногдуулаагүй нь тогтоогдсон тул маргаан бүхий шийтгэлийн хуудсаар аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь хуульд нийцсэн, энэ талаар 2 шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...ААНОАТ-ыг ногдуулахдаа хуулийн 12 дугаар зүйлд заасан хасагдах зардлыг хасч, илүү гарсан буюу “ашиг”-т татвар ногдуулах ёстой байтал шууд гэрээний үнийн дүнгээр ашиг гэж тооцож татвар ногдуулсан нь үндэслэлгүй” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

19. Хоёр. Шийтгэлийн хуудасны 6-д заасан зөрчлийн тухайд: Шийтгэлийн хуудсаар, гомдол гаргагч “Ж” ХХК нь “Ж-а” ХХК-иас “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу авсан 2015 оны 2,624,666,592.00 төгрөг, 2016 оны 2,241,432,118.73 төгрөг, нийт 4,866,098,710.70 төгрөгийн ажил, үйлчилгээний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд 415,971,151.80 төгрөгийн нөхөн татвар, 176,062,515.00 төгрөгийн торгууль, 41,803,248.30 төгрөгийн алданги, 769,067.50 төгрөгийн хүү, бүгд 634,605,982.60 төгрөгийн төлбөр ногдуулжээ. 

20. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна: 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа;, ...7.1.4. Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж тус тус зааснаар гомдол гаргагч “Ж” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрт авсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй байна.

21. Гомдол гаргагчаас “...манай компани “Ж-А” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тус компанийн талбайгаас өөрийн зардлаар нөхөн сэргээлт хийж, уг зардлыг олох зорилгоор алт олборлосон, алтны орлогыг манай компани бүрэн эзэмших эрхтэй. Алтны борлуулалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.11-д зааснаар албан татвараас чөлөөлөгдөх ёстой...” гэж маргах боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, “Ж” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “Ж-А” ХХК-тай 01/15 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байх бөгөөд Монгол банкны лавлагаа мэдээлэл, Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллээр “Ж-А” ХХК нь 2015-2016 онуудад нийт 132,731.19 гр алт, 13,822.11 гр мөнгө тушааж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргасан, харин гомдол гаргагч “Ж” ХХК-ийн нэрээр алт тушаагдсан талаарх мэдээлэлгүй байна. 

22. Иймээс шийтгэлийн хуудсаар, “Ж” ХХК-ийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу авсан нийт 4,866,098,710.70 төгрөгийн ажил, үйлчилгээний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд нийтдээ 634,605,982.60 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, гомдол гаргагчийн “...бид нэг зарчмаар алт тушаасан орлого НӨАТ-аас чөлөөлөгдөнө гэж ойлгож чөлөөлөх орлогод тусгасан, гэтэл НӨАТ ногдох орлого гэж тооцож, бас алданги, торгууль ногдуулж байгааг татварын байцаагч нарын дур зоргоор, хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүхээс татварын хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн гэж үзнэ...” гэх гомдол үндэслэлгүй байна.

23. Анхан болон давж заалдах шатны шүүхийн, гомдол гаргагчийн шийтгэлийн хуудасны 2, 4, 6 дахь хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв боловч Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-т “Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ..., захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж тус тус зааснаар маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс, гомдол гаргагчийн хуульд заасан дээрх хугацаанд буюу 2013 оны зөрчилд хамаарах торгууль, алданги, хүүг зохих журмын дагуу тооцож өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна. Иймд энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0298 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар магадлалын Тогтоох хэсэгт 2 гэсэн заалт нэмж, “2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг баримтлан, “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 211820024 дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “Ж” ХХК-д ногдуулсан төлбөрөөс хуульд заасан хугацаанд хамаарах буюу 2013 оны зөрчилд хамаарах торгууль, алданги, хүүг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж, мөн Тогтоох хэсгийн “2, 3” гэсэн дугаарыг “3, 4” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.        

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Ч.ТУНГАЛАГ

                                ШҮҮГЧ                                                                 Б.МӨНХТУЯА