Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01552

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Ц гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/02146 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Ц гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/00000 дугаар захирамжаар Т.Ц , Л.Б нараас 708,443,040 төгрөгийг гаргуулж А.О т олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөрт битүүмжлэгдсэн ... тоот хаягт байрлах 208.5 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоолгоход 424,677,464 төгрөг буюу 1 м.кв-г нь 2,036,280 төгрөгөөр үнэлсэн байна. Тус үл хөдлөх эд хөрөнгө нь бүрэн цутгамал, вакум цонхтой, хотхоны зохион байгуулалттай, гаднаа хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоолтой бөгөөд үйлчилгээний зориулалтаар ашиглахад тохиромжтой, хүн, хөдөлгөөн ихтэй, бизнесийн ашигтай байршилтай, орон сууцны зориулалтаар ашиглахад зам дагуу, төвийн байршилтай, сургууль, цэцэрлэг, үйлдвэр үйлчилгээнд ойр байршилтай. Эдгээр нөхцөл байдлыг үнэлгээ хийхдээ харгалзаж үзээгүй байна. Түүнчлэн ойролцоох үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв нь 3,500,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд миний үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс 42 хувиар бага үнэлсэн байна. Орон сууцны үнийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь орон сууцны үнэлгээ үнэн зөв тогтоогдсон эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 000 дүгээр шийдвэрээр Т.Ц , Л.Б нараас 710,328,223 төгрөг гаргуулж А.О т олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Т.Ц гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ... тоот хаягт байрлах 208.5 м.кв талбайтай орон сууцыг 2021 оны 10 сарын 26-ны өдрийн 00000000 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 00000000/00 тоот тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Т.Ц гоос үнийн санал авахад 2022 оны 02 сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 1,248,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч танд танилцуулахад харилцан тохиролцох боломжгүй талаар мэдэгдэж, шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлтийг 2022 оны 02 сарын 28-ны өдөр тус газарт ирүүлсэн. Тус газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар 2022 оны 03 сарын 09-ний өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг Х ХХК-аар тогтоолгоход 424,677,464 төгрөгөөр үнэлсэн тул үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Л.Б , Т.Ц нарт 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 0-00/0000 дугаар тогтоолоор мэдэгдэж, үнэлгээг танилцуулж гардуулсан. Нэхэмжлэгч Т.Ц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГ т холбогдох, Х ХХК-ийн 2022 оны 03 сарын 14-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Т.Ц гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Шинжээчийн дүгнэлтэд зах зээлийн, орлогын, өртгийн аргыг хэрэглэсэн боловч тухайн аргуудыг хооронд нь харьцуулаагүй, ямар шалтгааны улмаас өртгийн хандлагын аргыг сонгож үнэлсэн нь тодорхой бус байна. Энэ талаар дүгнэлтдээ тусгаагүй. Дээрх нөхцөл байдлаас хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь учир дутагдалтай гэх дүгнэлтэд хүргэж байна.

4.б. Нэхэмжлэгч талаас хэргийн явцад өөрийн гаргаж өгөх бүх нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд хэрэгт шаардлагатай бүхий л баримтууд цугларсан гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримт бүрдүүлээгүй гэсэн нь хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийднэ гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар өгөөгүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Т.Ц нь хариуцагч НШШГГ т холбогдуулан ... тоот хаягт байрлах 208.5 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 424,677,464 төгрөгөөр үнэлсэн Х ХХК-ийн 2022 оны 03 сарын 14-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хийц, үйлчилгээтэй ойр зэрэг нөхцөл байдлыг шинжээч харгалзан үзээгүй, зах зээлийн үнэ ханшаас 42 хувиар бага үнэлсэн... гэж тайлбарласан бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан... гэж тайлбарлан маргасан байна. /хх 1-2, 23/

 

3.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/00000 дугаар захирамжаар хариуцагч Л.Б , Т.Ц нараас 710,328,223 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.О т олгож, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Т.Ц гийн өмчлөлийн ... тоот хаягт байрлах 208.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, ... тоот хаягт байрлах 92.28 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 26-28/

Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2021 оны 09 сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 31/, нэхэмжлэлд дурдагдсан 208.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 10 сарын 26-ны өдөр битүүмжилж /хх 38-39/, 2022 оны 02 сарын 22-ны өдөр хураан авсан /хх 41-42/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлийн зохицуулалтад тус тус нийцжээ.

 

4.   Төлбөр төлөгч, өмчлөгч Т.Ц 208.5 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө 1,248,000,000 төгрөгөөр үнэлснийг /хх 47/ төлбөр авагч А.О эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргасны /хх 48-49/ дагуу хариуцагч байгууллага 2022 оны 03 сарын 09-ний өдөр Х ХХК-ийг шинжээчээр томилсон нь /хх 50/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

Х ХХК-ийн үнэлгээчин Б.Б д шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан эрх, үүргийг 2022 оны 09 сарын 09-ний өдөр тайлбарлан танилцуулсан байна. /хх 51/

 

5.   Шинжээчээр томилогдсон Х ХХК-ийн үнэлгээчин Б.Б нь Хөрөнгө үнэлгээний тайлан-даа үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээллийг бүрэн тусгаж /ашиглалтад орсон он, байршил, бүтээц, талбай, дотор засал г.м/, үнэлгээг хийсэн арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан байх тул үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ. /хх 55-72/

Иймд нэхэмжлэгчийн гаргасан ...үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хийц, үйлчилгээтэй ойр зэрэг нөхцөл байдлыг шинжээч харгалзан үзээгүй... гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн байх тул ...ямар шалтгааны улмаас өртгийн хандлагын аргыг сонгож үнэлсэн нь тодорхой бус... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

6.   Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч 424,677,464 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Л.Б , төлбөр төлөгч/өмчлөгч Т.Ц нарт 2022 оны 03 сарын 16-ны өдөр мэдэгдэж, 2022 оны 03 сарын 17-ны өдөр гардуулан өгчээ. /хх 79-81/

Иймд нэхэмжлэгч Т.Ц г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаанд шүүхэд гомдлоо гаргасанд тооцох ба хариуцагч талын гаргасан ...хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргаагүй... гэх татгалзал үндэслэлгүй.

 

7.   Нэхэмжлэгч Т.Ц нь ...үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас 42 хувиар бага үнэлсэн... гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргийг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч уг үүргээ биелүүлээгүй байна.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Ц гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/02146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Ц гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Д.НЯМБАЗАР