Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01637

 

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01637

 

Yийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02023 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Y

Хариуцагч: Э.Бд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 19,422,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие эмнэлэгт үзүүлэх шаардлагын улмаас 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөр шилжих шөнийн 02 цаг 38 минутын үед өөрийн өмчлөлийн автомашиныг жолоодон явж байхад автомашин дээр хариуцагч Э.Баттулгын өмчлөлийн байрны дээвэр нурж унасан. Дээврийн арчилгаа хамгаалалтыг сахих, аюулгүй байдлыг хангах нь өмчлөгчийн үүрэг. Тухайн өдөр давагдашгүй хүчин зүйл, байгалийн гамшгийн үзэгдэл болсон гэдэг боловч бусад байшин, барилга байгууламжийн дээвэр нурсан зүйл болоогүй. Өмчлөгч үүргээ биелүүлээгүйгээс дээвэр хийсэж, автомашин дээр унасан.

1.2. Дээвэр нурахтай холбоотой болон хохирол учрахад хохирогчийн шууд нөлөөлсөн идэвхтэй үйлдэл байхгүй. Мөн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс нөлөөлсөн нь тогтоогдоогүй. Тус осолд хэрэг бүртгэлийн хэрэг нээн ажиллагаа явуулж байсан боловч 2021 оны 07 дугаар дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Хас Үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр автомашин учирсан хохирол 18,550,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 856,000 төгрөг, нотариатын зардал 16,100 төгрөг, нийт 19,422,100 төгрөгийг хариуцагч Э.Бас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2021 оны 05 дугаар сарын 06-ны шөнө хүчтэй цасан шуурга болсны улмаас Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын нутаг дэвсгэр төв зам дагуу зорчиж байсан Yийн автомашин дээр байшингийн дээвэр хууларч унаж, хохирол учирсанд хариуцагч буруугүй. Тухайн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Нийслэл хот орчмоор 0.0-3.00 мм нойтон цас орж, 8-13 метр секунд хурдтай, зарим үед 8-13 метр секундийн хүчтэй шуурга болсон. Салхи шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, байгалийн аюултай үзэгдэл болсон. Энэ тухай цаг уурын орчны шинжилгээний байгууллагаас сэрэмжлүүлж байсан. Салхины дундаж хэмжээ нь 18 метр секунд болон түүнээс дээш байх юм бол энэ нь аюултай үзэгдэл, цасан шуурга 10 м.секунд хурдтай бол аюултай үзэгдэлд орно гэж тогтоогдсон.

2.2. Нэхэмжлэгч тухайн үед зуслангаас хотын төв орохоор явж байсан гэдэг боловч автомашин нь хотоос зуслан явах чиглэлтэй зогсож байсан. Интермед эмнэлгээс ирсэн баримтуудаас харахад тухайн шөнө 00:00 цагаас 01:00 цаг, 02:00 цагийн үед эмнэлэгт үзүүлсэн нотлох баримт харагдахгүй. Харин 05 дугаар сарын 06-ны өглөө эмнэлэгт үзүүлсэн баримтууд буюу 08:00 цаг, 08:15 цаг болон өглөө 10:00 цагт ирж байсан тухай баримтууд байна. Яг цасан шуурга болж байхад шөнийн 00:00 цагт зуслангаас Улаанбаатар явсан нотолгоо байхгүй. Тухайн үед ганцхан хариуцагчийн байшингийн дээвэр нураагүй ба тухайн газар байсан самбарууд нурсан. Мөн хариуцагчийн буруутай үйлдэл гэдгийг хэрэг бүртгэл, мэргэжлийн хяналтын байгууллагууд тогтоосон тогтоол байхгүй. Иймд хариуцагчийн шууд буруутай үйлдэл бус нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйлдэл гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Хариуцагч гэм буруугүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Бас 19,406,000 төгрөг гаргуулж Yт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 16,100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,061 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Э.Бас 254 980 төгрөг гаргуулж Yт олгож шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2 хоногийн өмнө буюу 05-наас 06-ны өдрийн 06:41:30 минутад MNB телевизээр малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 2021 оны 05 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл хур тунадастай, цаг агаарын аюултай хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулан сэрэмжлүүлж байсан зэрэг мэдээ мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлж байсан.

5.2. Тухайн цаг үед Нийслэл орчмоор 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 0.0-3.00 мм нойтон цас орж, хүчтэй салхи салхилж салхины хурд 8-13 метр, зарим үед 15-202 метр хүрч цасан шуурга болж Гамшгийн үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна гэдгийг дурдсан байна. Үүнийг Цаг Уур орчны шинжилгээний газрын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 03/326 тоот албан бичгээр нотлогддог. Нэхэмжлэгчид тохиолдсон үйл явдал нь байгалийн гамшигт үзэгдэл болох талаар урьдчилан сэргийлж, сэрэмжлүүлж байхад бүх нийтийн хорио цээрийн дэглэмтэй үед өөрийн хайхрамжгүй, үйлдлээс болсон золгүй явдал юм. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.1, 37.2.3, 37.2.7, 37.2.4.-т заасан хуулиар олгогдсон иргэний үүргээ биелүүлээгүй өөрийн буруутай үйлдэл гэж харж байна.

5.3. Цаг уур, орчны шинжилгээний газрын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 03/326 дугаар дүгнэлтийг үнэлээгүй. Тухайн болсон үйл явдал нь Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 286 дугаартай тогтоолоор Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт-аар тогтоогдсон байна. Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

6.1. Давагдашгүй хүчин зүйл буюу байгалийн гамшигт үзэгдэл байсан гэж мэдүүлсэн. Хэрэгт цугларсан нотлох баримт болон улсын онцгой комиссын гаргаж өгсөн баримтаар тухайн өдөр давагдашгүй хүчин зүйлийн буюу онц аюултай үзэгдэл болоогүй гэх нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн өдөр цасан шуургатай байсан бөгөөд уг барилгын дээвэр нурж, автомашин дээр унасан. Орон сууцны өмчлөгч нь уг орон сууцыг ашиглан хамгаалах аливаа эрсдлээс сэргийлэх, үүргээ биелүүлээгүй тул гэм хорын хохирол учирсан. Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2 дахь хэсэгт тухайн осол гарах буюу байшингийн дээвэр нурахад хохирогчийн илт буруутай үйл ажиллагаа байх ёстой гэж хуулийг тайлбарласан.

6.2. Тухайн үед нэхэмжлэгч 2 ихэр 3-4 сартай ураг тээж байсан. Тухайн интермед эмнэлэгт осол болохоос 2 хоногийн өмнө эмчийн хяналтанд орсон бөгөөд ямар нэгэн эрсдэл үүссэн тохиолдолд шууд эмнэлэгт хүрэлцэн ирээрэй гэж өөрт нь мэдэгдсэн. Тухайн өдрийн өглөө 9 цагт эмнэлгийн бүртгэл нээлгэж, оношлогоо хийлгэхтэй холбоотой ажиллагаа хийгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

2. Нэхэмжлэгч Y нь хариуцагч Э.Бд холбогдуулан автомашинд учирсан хохиролд 18,550,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардалд 856,000 төгрөг, нотариатын зардалд 16,100 төгрөг, нийт 19,422,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөр шилжих шөнө өөрийн өмчлөлийн Mersedes benz G500 маркийн, УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодон Чингэлтэй дүүрэг, 14 хороо, Хайлаастын төв замд зорчих үед уг автомашин дээр хариуцагчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлааст 6 дугаар гудамж, 00 тоот хаягт байршилтай, 200 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дээврийн тодорхой хэсэг хийсэн унасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх.10-21, 58-59/

4. Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэгт зааснаар зохих ёсоор арчилж хамгаалаагүй, гэмтэл согогтой байснаас бусад тохиолдолд байшин барилга бүтэн буюу хэсэгчлэн нурсны улмаас учирсан гэм хорыг тухайн барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашинд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

5.1. Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2 дахь хэсэгт зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас, эсхүл хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас байшингаас ямар нэг зүйл унасан, хаягдсан буюу асгарсны улмаас гэм хор учирсан бол тухайн байшин барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцлага хүлээхгүй юм.

5.2 Цаг уур, орчны шинжилгээний газрын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 03/326 дугаар албан бичгээр 2021 оны 05 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Нийслэл хот орчмоор 0.0-3.0 мм нойтон цас орж, энэ үеэр хүчтэй салхи салхилж салхины хурд 8-13 метр, зарим үед секундэд 15-20 метр секунд хүрч цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаардагдаж байгаль цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан болохыг Ус, Цаг Уур, Орчны шинжилгээний Тахилт Хан-Уул Буянт Ухаа өртөөдийн бодит ажиглалтын мэдээнд үндэслэн тодорхойлов гэжээ. Уг баримтыг үндэслэн давагдашгүй хүчин зүйл болсон гэж үзэхгүй. Учир нь, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд гал түймэр, үер, газар хөдлөлт зэрэг гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас байшин барилга бүрэн болон хэсэгчлэн нурсан зэргийг ойлгох бөгөөд хэрэгт авагдсан баримтаар дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

5.3 Түүнчлэн, Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2 дахь хэсэгт заасан хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас байшингаас ямар нэг зүйл унасан, хаягдсан буюу асгарсны улмаас гэм хор учирсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ковид-19 цар тахалтай холбоотой бүх нийтийн хөл хорио тогтоосон үед буюу 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөр шилжих шөнө автомашин жолоодон явсан нь хохирол учрахад нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

5.4. Иймд хариуцагчийн ...Тухайн үед салхи шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, байгалийн аюултай үзэгдэл болсон, нэхэмжлэгч нь эмнэлэгт үзүүлсэн нотлох баримт байхгүй гэх тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Хас үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тайлангаар Mersedes benz G500 маркийн, УНӨ улсын дугаартай автомашинд 18,550,000 төгрөгийн хохирол учирсан, үнэлгээний зардалд нэхэмжлэгч 856,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон байна. /хх 22-26/

7. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 19,406,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн, түүнээс 19,406,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэгт нийцсэн байна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН