Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 335

 

С.Лд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар цагаатгах тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар магадлалтай, С.Лд холбогдох 1924001110055 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Мартай овогт С Л.

С.Л нь 2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сум,  Зүр багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Э.Баяртуяатай таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Лд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Л гаргасан гомдолдоо “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Надад холбогдох хэргийн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай цагаатгах тогтоолоор цагаатгасан. Энэ цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж миний бие үзэж байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Л гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр С.Лд холбогдох хэргийг цагаатгасан нь буруу байна. Иймд анхан шатын шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн гэм буруугүй болохыг тогтоосон анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тэс суманд байрлах Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн 277 дугаар ангид цэргийн тангараг өргөх ёслол болж, уг арга хэмжээг үргэлжлүүлэн караокед тэмдэглэх үед хохирогч Э.Баяртуяа нь архидан согтуурч өөрийн нөхөр болон хамт байсан хүмүүс рүү зохисгүй авирлаж, улмаар “... явахгүй гээд толгойгоороо ширээ мөргөж, үсээ зулгаан шал мөргөөд хамраасаа цус гаргаж”, “... текний аяга тавгыг хагалсан”, “... тийчлээд хэвтээд байхаар нь болиулах гээд шаардлага тавьсан хүнийг өшиглөж”, байрлаж байсан гэрт нь хүргэж өгөхөд “... орохгүй гээд орилж, хашгираад”, байрласан айлдаа ороод “... уурлаж ус буцалгагч нөхөр рүүгээ шидэж”, тухайн айлаас гарч цонхийг нь цохиж хагалах зэргээр согтуурхаж байсан нь хөдөлбөргүй нотлогджээ.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед “тархи доргилт болон олон тооны зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан байна.

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо “шүүгдэгч нь хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан” нь эргэлзээтэй тул энэхүү нөхцөл байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүх цагдаагийн байгууллагад өөрийн санаачлагаар хандаж гэмт халдлагад өртсөн талаар гомдол гаргасан этгээдийн мэдүүлгийг “Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх эсэхийг асуугаагүй” гэсэн шалтгаан зааж “хуульд заасан журмыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхээс татгалзаж, нотлох баримтаас хасч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд цагаатгах тогтоолын энэхүү үндэслэлийг зөвтгөж залруулах нь зүйтэй гэж үзнэ.

Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь үгүйсгэж, шүүгдэгчийн гэм бурууг тогтоолгохоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүйн дээр “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол хэргийг прокурорт буцаах ёстой”, “шүүх хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ хэргийн нотлогдсон байдалд дүгнэлт хийх шаардлагагүй, харин прокурорын санал болгосон ялын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой” хэмээн хуулийг илт буруу тайлбарласан байх тул магадлалд заасан үндэслэл бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”-ийг заавал хянахыг шүүхэд үүрэг болгосон болно.

Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолын хууль хэрэглээний дүгнэлтийг залруулах замаар зөвтгөн шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Б.ЦОГТ

                                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                    Б.БАТЦЭРЭН