Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 791

 

 

 

 

 

 

 

 

 

       М.Энхтүвшинд холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Алтантүлхүүр,

ялтан М.Энхтүвшин /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцов/,

ялтан М.Энхтүвшингийн өмгөөлөгч С.Оюунцэцэг,

насанд хүрээгүй хохирогч Э.Ангарагийн хууль ёсны төлөөлөгч Я.Цогжиймаа,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Энхтүвшин, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.Энхтүвшинд холбогдох 201525031573 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Должин овгийн Мөнхтогтохын Энхтүвшин, 1988 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Сайн” үсчин, гоо сайхны салонд ажилладаг гэх, ам бүл 1; Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, “Овоот”-ын 1 дүгээр гудамжны 31 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: КЛ88080611/

М.Энхтүвшин нь 2015 оны 10 дугаар сарын 24-ний орой 22-23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хатан гоо” үсчин, гоо сайхны газарт насанд хүрээгүй хохирогч Э.Ангарагийг ямар ч шалтаг шалтгаангүйгээр архины шилээр цохин биед нь хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдыг илтэд үл хүндэтгэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, догшин авирлаж танхайрсан,

танхайрах явцдаа “Хатан гоо” үсчин, гоо сайхны газрын 2 ширхэг толины тавиурыг санаатай устгаж, Ж.Бадамцэцэгт нийт 60,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас М.Энхтүвшингийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Прокуророос М.Энхтүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, М.Энхтүвшинг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 90 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

              Ялтан М.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл санаандгүй байдлаар учруулсан. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж, буруугаа ухаарч ойлгож байна. Миний холбогдсон хэрэгт доорх асуудлыг шалгаагүйд гомдолтой байна. Гэрч Б.Мягмарсүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол дээрх гарын үсгийг бүрэлдэхүүнтэй шинжээчээр шинжлүүлэх, хохирогч Э.Ангараг миний шүдийг цохиж унагасныг нотлуулах, Б.Бат-Ирээдүй, Г.Мөнх-Оргил, Ж.Бадамцэцэг, Э.Энхсүлд нарын мэдүүлгийн зөрүүг арилгуулах. Гэрч Б.Бат-Ирээдүй 21 цагаас 23 цаг хүртэл хаалга дарж, түлхээд гаргаагүй шалтгаан, ямар зорилготой байсныг болон мөрдөн байцаагч тулгаж байцаалт явуулах болсон ямар ашиг сонирхол байсан зэргийг шалгуулж өгнө үү. Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

 

              Ялтан М.Энхтүвшингийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. М.Энхтүвшинг танхайрсан гэж гэм буруутайд тооцож буй нь үндэслэлгүй. Тэрээр танхайрч дайрсан, элдэв цээртэй үгээр доромжилсон, хэрүүл маргаан зодоон үүсгэсэн гэх байдал нотлох баримтаар тогтоогдоогүй. Тухайн үед ээжийгээ авахаар үсчний газарт орж ирсэн Э.Төрболд нь М.Энхтүвшинг ээжтэй маргалдлаа гэж дургүйцэн уурлаж, түүнийг заамдаж аваад хананд шахаж байхад гаднаас орж ирсэн Э.Ангараг, Б.Бат-Ирээдүй, Э.Төрмөнх, Г.Мөнх-Оргил нар түүнийг Э.Төрболдтой зодолдох гэж байна хэмээн буруу ойлгож М.Энхтүвшин рүү дайрч давшлан хэрүүл зодоон, үүсгэх байдалтай болоход тэднээс айж үсчний газраас гарах гэж хаалга руу очиход Б.Бат-Ирээдүй хаалга дарж түлхэн гаргахгүй 2 цаг орчим саатуулсан байдаг.

2. М.Энхтүвшин үсчний газарт орж ирсэн хүүхдүүдээс бага биетэй, чадал тэнхээ муутай бөгөөд тэднээс айсан байдалтай найзыгаа дуудаж байсныг хохирогч Э.Ангараг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Мөн М.Энхтүвшингийн дуудсан найз нь ирэхгүй болохоор хохирогч Э.Ангараг түүнийг басамжилан харьцаж утсыг нь авч найзыг нь дуудсан байдаг. Хохирогч дээрх үйлдэлдээ дүгнэлт хийж “би М.Энхтүвшинтэй маргаж, утсаар найзыг нь дуудсан, бид нар үсчний газраас гарахгүй байсан зэрэгт ууралсандаа надыг архины шилээр цохьсон гэж бодож байна, түүнд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байснаас дүгнэхэд хохирогчийн буруутай үйлдлээс үүдэн энэ хэрэг гарсан нь нотлогдсон.

Дээр дурьдсан байдлуудаас М.Энхтүвшингийн үйлдэл хувийн сэдэлттэй гэж үзэж байна.

3. Уг маргааны улмаас М.Энхтүвшин, Э.Ангарагт цохиулж нэг шүд нь хугарч, нэг шүд нь суларч хөнгөн гэмтэл авсан нь нотлогдсон.

М.Энхтүвшин нь өндөр настай эмээгээ харж асардаг, урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй төлөв түвшин залуу юм. Иймд хохирогчийн болон түүний найз нарын буруутай үйлдлийн улмаас хэрэг үйлдэгдсэн нь нотлогдож байгаа тул М.Энхтүвшингийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгээр зүйлчилж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Ангарагийн хууль ёсны төлөөлөгч Я.Цогжиймаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Энхтүвшинд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, ялгүй болгож өгнө үү” гэв.

 

Прокурор Н.Алтантүлхүүр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ялтан болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад дараах тайлбарыг хийж байна. М.Энхтүвшинд холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр өмнө хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцааж байсан. Нэмэлт мөрдөн байцаалтын шатанд “Б.Мягмарсүрэн нь шүүх хуралдаанд оролцохдоо яллагдагчаар татсан тогтоолууд, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон тогтоол дээрх гарын үсэг минийх биш” гэснийг үндэслэн шинжилгээ хийлгэхэд түүний гарын үсэг мөн болох нь тогтоогдсон. Дахин мөрдөн байцаалтын шатанд хийх ажиллагаа байхгүй. М.Энхтүвшин хохирогч Э.Ангарагийг буруу хараад сууж байхад нь араас архины шилээр цохиж танхайрсан болох нь нотлогдон, тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

М.Энхтүвшинд холбогдох хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах алдаануудыг гаргаснаас шийтгэх тогтоол нь “хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж чадаагүй байна. Тухайбал:

 

Хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн байтал 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан тэмдэглэлийг “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх”-ийн хэвлэмэл хуудас дээр хэвлэж гаргасан. /2-р хх-7/

 

М.Энхтүвшинд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг журамлан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэх болсон хууль зүйн үндэслэлээ тогтоолд дүгнэж бичээгүй.

 

2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хэргийн оролцогчдоос ирцийн талаар болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой санал, хүсэлт гаргаагүй болохыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байтал “гэрч Э.Төрболд, Б.Бат-Ирээдүй, Г.Мөнх-Оргил, Б.Билэгт, Э.Төрмөнх нарыг шүүх хуралдаанд оролцуулах” тухай прокурорын саналыг хэлэлцсэн мэтээр шүүхийн тогтоол гаргасан /2-р хх-30/, мөн хэн ямар зорилгоор гарган өгсөн болох нь тодорхойгүй гэрэл зургууд, гэрээ, иргэний бүртгэлийн лавлагаануудыг хэрэгт хавсаргасан. /2-р хх-36-41/

 

Шүүх хуралдааны тэмдэглэлд хэргийг шүүх хуралдааны “Д” танхимд “нээлттэй” хэлэлцсэн тухай тэмдэглэсэн атлаа шийтгэх тогтоолд шүүх хуралдааныг “В” танхимд “хаалттай” хэлэлцсэн мэтээр зөрүүтэй бичсэн, шүүгч Ё.Цогтзандангийн нэрийг шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “Ц.Цогтзандан”, насанд хүрээгүй хохирогч Э.Ангарагийн нэрийг шүүх хуралдааны тэмдэглэлд “Ж.Ангараг” гэх зэргээр алдаатай бичжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой дээрх алдаа, зөрчлүүд нь хэт хайнга хариуцлагагүй байдалтай шууд холбоотой бөгөөд эдгээрийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Энхтүвшинд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” талаар ялтан М.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдол, “М.Энхтүвшинд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх” талаар өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Энхтүвшинд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол М.Энхтүвшинд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЧ

 

ШҮҮГЧИД                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

М.ПҮРЭВСҮРЭН