| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 187/2019/0509/Э |
| Дугаар | 369 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Батцэнгэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 369
Б.Шагайд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр магадлалтай, Б.Шагайд холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум, 72 настай, ард халх, лам, гавжийн мяндагтай 18 жил болсон, өөр мяндаг тушаалгүй, гэрийн дотор ам бүл 5, дүү Буянхүү, Долгор, Аюуш, Цэрэн, малаар амьдарна, ямар нэг сургуульд яваагүй, ял шийтгэлгүй, Буянтын Шагай.
Б.Шагай нь “гадаадын оргодол хувилгаан Ганжуурваа нарын эсэргүү тагнуулын бүлгийн удирдагч болох хувилгаан Ганжуурваа, Дэлэгсамба нарт 22/1932/ онд элсэгдэж, мөн онд тус улсын дотор эсэргүү тагнуулын ажлаар ирж ажиллаж байсан. Орон нутгийн ард түмнийг нам засагт эсэргүү хандуулж, холдуулах ба гадаадад оргох ба бас зэвсэгт эсэргүү бослого гаргах зорилгын доор эсэргүү ятгалга, цуурхлыг хүчтэйгээр тарааж байсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр магадлалаар Б.Шагайд 10 жил хорих ялаар шийтгүүлснийг хүчингүй болгож, цагаатган, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Б.Шагай нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 9 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр буудан алах ял шийтгүүлсэн байдаг. Гэтэл 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан Улс төрийн хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн хэргийг хянаад гаргасан нэгдсэн тодорхойлолтын хэрэгт шийтгүүлсэн хүмүүсийн жагсаалтад Б.Шагайг 10 жил хорьж, хөрөнгийг хураах ялаар шийтгэсэн гэсэн байна. Үүнийг үндэслэж прокурорын эсэргүүцлээр шүүх хэргийг шйидвэрлэхдээ Н.Гүндсамбуу, Х.Цанжид, Б.Мятав, Д.Домбо-Осор, Ж.Банди, Н.Төмөрсүх, Д.Гэндэнжамц, Э.Буд, Б.Аюуржав, Б.Лувсандаш, С.Буж, Л.Лувсаншарав, Б.Шагай, С.Лувсанчимэд, Н.Бат, Д.Лааган, У.Лувсандорж, Ч.Эрэндоо, Г.Баатар, Ц.Дашжамц, Ц.Мижид нарыг 10 жил хорих ялаар шийтгүүлснийг цагаатгасан. Н.Цээсүрэн гэх хүн өргөдөл гаргасныг үндэслэн шалгахад Б.Шагай буудан алах ялаар шийтгүүлсэн нь тогтоогдсон. Иймд цагаатгасан шийдвэрүүдэд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Б.Шагайд холбогдох хэрэгт шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй шинэ нөхцөл байдал илэрсэн талаарх прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Дотоод явдлын яамны дэргэдэх Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор Сономын Сэржээ нарын нэр бүхий 132 хүнд холбогдох “... Ёндонхамбын хувьсгалын эсэргүү байгууллагад элссэн, гишүүн элсүүлсэн, цуурхал тараасан” гэх хэргийг шүүн хэлэлцэж Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар Буянтын Шагай нарын 112 хүнд бүх хөрөнгийг хурааж буудан алах ял, нэр бүхий 20 хүнд 10 жил хорих ял тус тус шийтгэжээ.
Улсын Ерөнхий прокурорын орлогчийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр магадлалаар С.Сэржээ, Б.Шагай нарын 132 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, буудан ял шийтгүүлсэн С.Сэржээ нарын 112 хүнийг, “10 жил хорих ял шийтгүүлсэн” Б.Шагай нарын 20 хүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хэмээн цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Гэвч Улсын Ерөнхий прокурорын орлогчийн прокурорын эсэргүүцэл, Улсын Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн магадлалд Буянтын Шагай нь буудан алах ял шийтгүүлсэн байтал 10 жил хорих ял гэж ташаарч бичсэн байх тул энэ талаар бичсэн прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-д заасан “... шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан шинээр илэрсэн нөхцөл байдалд” тооцогдох үндэслэл мөн гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр магадлалд “... буудан алах ял шийтгүүлсэн Мөн аймгийн Цогтцэций сум, 72 настай, гавж, Буянтын Шагай” гэж, магадлалын тогтоох хэсгийн “... 132 хүнд” гэснийг “...133 хүнд” гэсэн өөрчлөлтийг оруулсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧ Б.ЦОГТ
Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН