Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01724

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/03326  дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Г ХХК

Хариуцагч: Б.Б

Хариуцагч: Ц.Ы

Хариуцагч: Г.Ц

Хариуцагч: Г.О

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 124,495,187 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Чулуунтуяа, хариуцагч буюу хариуцагч Г.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Ы, Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:  Б.Б, Ц.Ы нар нь 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г” ХХК-тай ЗГ4605017929 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулж, 90,700,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар баталгаа болгож, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр БГ4605017929 дугаарт Ипотекийн гэрээ”-ээр  Б.Б, Ц.Ы, Г.О, Г.Б, Г.Ц, Г.М нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204040004 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Х /13311/, 803 дугаар байр, 0000 тоот хаягт байршилтай, 140,66 м.кв талбай 5 өрөө орон сууцыг барьцаалсан.

1.1. Зээлдэгч Б.Б, Ц.Ы нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 74,947,704.29 төгрөг, хүү 37,327,669 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 596,054.22 төгрөг, нийт 1143 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 74,947,704.29 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 48,568,467.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 979,016.15 төгрөг, нийт 124,495,187.71 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч буюу хариуцагч Г.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ггын тайлбар, татгалзлын агуулга: Б.Б нь “Г” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. 2016 оны 07 дугаар сараас эхлэн эрхэлж буй ажлаасаа үндэслэлгүй халагдаж, шүүхийн журмаар буцаан ажилдаа орохоор хөөцөлдөж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд саад учирсан. Иймд “Г” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу хүү буурах нөхцлийн тооцоолвол төлбөл зохих төлбөр нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 180,570,172 төгрөгөөс багаар байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Ц.Ыийн тайлбар, татгалзлын агуулга: Гэрээнд заасан хүүгийн төлбөрийг 3 жил төлсөн байхад хүү нь буурна. Бид Г” ХХК-д хүсэлт гаргаж байсан. Ковид-19 өвчний улмаас дэлхий нийтээр хэцүү байдалтай байна. 10 дугаар сар хүртэл буюу хил нээх хүртэл хугацаанд хүлээвэл төлөхөд боломжтой. Хэрэв 10 дугаар сард улсын хил нээгдвэл манай хөрөнгө оруулагч ажилчдын хамт орж ирнэ. Тэр үед төлбөрийг төлөх боломжтой гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б, Ц.Ы нараас 97,683,047.29 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 26,812,113 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Г.О, Г.Ц нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Ү-2204040004 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Х /13311/ 83 дугаар байрны 0000 тоот 140.66 м.кв талбайтай таван өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хасаж шийдвэрлэсэн байна.

 5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Г ХХК-ийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр харилцагч Б.Бд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэхэд зөрчлөө арилгаж дуусгах талаар мэдэгдлийг гардуулсан. Дээр дурдсан хугацаанд зээл, хүүний төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд банк шүүх болон эрх бүхий байгууллагад хандан, барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийг хангуулах арга хэмжээ авах талаар мэдэгдсэн. Харилцагч Б.Б нар нь мэдэгдлийн хүрээнд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүгчийн 101/Ш32020/16311 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасныг мөн сарын 16-ны өдрийн шүүгчийн 101/Ш32020/17468 дугаарт захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан, шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/Ш32021/02392 дугаартай захирамжаар хариуцагч Г.Оад нэхэмжлэлийн хувийг гардуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/02616 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг харилцагч Б.Б нар давж заалдах гомдол гаргасан, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1599 тоот магадлалаар хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Нэхэмжлэгч Г ХХК-ийн зүгээс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 11,624,769.51 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 124,495,187.71 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс 2016 оноос хойш ямар нэгэн ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох 26,812,113 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчид зээлийн гэрээнээс татгалзаж өөрийгөө эрсдэлээс хамгаалах эрх бүрэн үүссэн байхад түүнийг харгалзан үзэлгүй хэт нэг талыг баримталсан, тэгш эрхийн зарчмыг хангалгүй шийдвэр гаргасан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн 26,812,113 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч буюу хариуцагч Г.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ггын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх 26,812,113 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж шийдвэрлэсэн үндэслэлтэй. Манай зүгээс зээлийн гэрээний тооцоолол дээр шинжээч томилуулах хүсэлтэй байна. Анхан шатны шүүх Б.Б, Ц.Ы нартай зээлийн гэрээ байгуулсан, хүүхдүүд болох Г.О, Г.Ц нартай гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр 26,812,113 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн. Иймд 26,812,113 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэжээ.

 7. Хариуцагч Ц.Ы, Г.Ц нарын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Гн ХХК-аас 2011 онд 11 жилийн хугацаатай, 15.6 хувийн хүүтэй зээл авсан. Гэрчилгээ дээр хүүхдүүдийн нэрийг давхар бичүүлсэн байсан. Манай зүгээс 8 жилийн хугацаанд гэрээнд заасан хуваарийн дагуу тасралтгүй зээлээ төлж байсан. Энэхүү хэрэг маргаанд миний хүүхдүүд хамааралгүй, тухайн зээлийг Б.Б бид хоёр авсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Б.Б, Ц.Ы, Г.Ц, Г.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 74,947,704 төгрөг, хүүгийн төлбөрт 48,568,467 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 979,016 төгрөг, нийт 124,495,187 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

3. Хэрэгт авагдсан 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ4605017929 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “Гн” ХХК нь 90,700,000 төгрөгийг, сарын 1,3 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Б.Б, Ц.Ы нар зээлийн төлбөрийг гэрээгээр баталсан хуваарийн дагуу зээл, түүний хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн. Мөн өдөр БГ4605017929 дугаар “Ипотекийн гэрээ”-ээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2204040004 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Х /13311/ 83 дугаар байр, 0000 тоот хаягт байршилтай, 140.66 м.кв талбайтай, таван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 8-11/

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн, эдгээр гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

5.  Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 90,700,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Хариуцагч нар 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ зөрчсөнийг зээл, хүүгийн тооцооллын хуудас, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

6. Зээлийн гэрээний талууд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцлийг харилцан төлөхөөр гэрээндээ заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.

7. Анхан шатны шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг хэрэглэн хариуцагч нарыг зээлийг төлөх хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөхгүй гэж зөв дүгнэсэн атлаа зээлдэгч нь гэрээний үүргийг биелүүлээгүй 3 жилийн хугацаа өнгөрсөн, үүргийг гүйцэтгэх боломжгүй байхад зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах арга хэмжээ аваагүйгээс зээлийн хүү нэмэгдсэн гэх үндэслэлээр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үүргийн нийт 26,812,113 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус зааснаас үзвэл зээлдэгч авсан зээлээ эргүүлэн төлж дуусгах хүртэлх хугацаанд гэрээгээр тохирсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээг цуцлагдсан эсэхээс үл хамаараад гэрээгээр тохирсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

9. Талууд гэрээний 4.1.1-т банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийг бүрэн төлүүлэхийг шаардах нөхцлийг тохирсон байна. Хариуцагч тал зээл эргэн төлөх хуваарийг зөрчсөнтэй холбоотойгоор уг гэрээнд заасан эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй нь хариуцагч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

10. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, үндсэн зээлийн үлдэгдэл 74,947,704 төгрөг, зээлийн хүү 48,568,467 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 979,016 төгрөг, нийт 124,495,187 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна.

11. Хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний хүүгийн хэмжээг багасгаж өөрчлөлт оруулахаар тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

12. Зээлийн гэрээний харилцаа нэхэмжлэгч “Гн” ХХК, хариуцагч Б.Б, Ц.Ы нарын хооронд үүссэн, харин хариуцагч Г.Ц, Г.О нарт үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь тэдгээрээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй. Анхан шатны шүүх Г.Ц, Г.О нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.  

13. Талуудын хооронд байгуулагдсан “Ипотекийн гэрээ” нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй, давж заалдах гомдол гаргаагүй тул зээлийн гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

14. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/03326  дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б, Ц.Ы нараас 124,495,187.71 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, хариуцагч Г.О, Г.Ц нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204040004 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Х /13311/ 83 дугаар байр, 0000 тоот хаягт байршилтай, 140.66 м.кв талбайтай, таван өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

3 дахь заалтын “...56.2” гэснийг “...56.1” гэж, “...716,565.24” гэснийг “...780,426” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,010 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.                            

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД

                                               ШҮҮГЧИД                               С.ЭНХБАЯР

                                                   М.БАЯСГАЛАН