Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0578

 

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0578

Улаанбаатар хот

 

“Б” ХХК нарын нэр бүхий 14

 компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Э, хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Ч.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0479 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, Д.Л нарын давж заалдах гомдлоор, “Б” ХХК нарын нэр бүхий 14 компанийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайхан илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0479 дүгээр шийдвэрээр: Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Б” ХХК болон нэр бүхий 14 компанийн 2017 онд түүж бэлтгэсэн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзан Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй, Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлээгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК болон 14 компанид Эрүүл ахуйн гэрчилгээ олгохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох нэхэмжлэгч компаниудын 2017 онд түүж бэлтгэсэн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, Д.Л нар давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг 17 дугаар хуудас 4 дэх догол мөрөнд “... эдгээр компаниудаас зөвхөн “Б” ХХК нь Дэрэвгэр жиргэрүү ургамлыг тусгай зөвшөөрлийн дагуу улсын хилээр гаргахаар Гаалийн байгууллагад хандаж татгалзсан хариу авчээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 14 компани бүр ижил нөхцөл байдалтай гэж үзэхээргүй...” гэж шүүхээс дүгнэсэн.

Гэтэл шүүхээс “...14 компани бүр ижил нөхцөл байдалтай гэж үзэхээргүй...” гэж дүгнэсэн атал “...нэхэмжлэгч Б ХХК болон нэр бүхий 14 компанийн 2017 онд түүж бэлтгэсэн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзсан Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож...” гэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч 14 компаниас гаалийн байгууллагад дэрэвгэр жиргэрүү ургамлыг улсын хилээр нэвтрүүлэхээр зөвхөн “Бурхантын жинчид” ХХК л хандаж, эрх зүйн харилцаа үүсэж, татгалзсан хариу авч байсан байтал шүүхээс Гаалийн байгууллагад хандаж, эрх зүйн харилцаа үүсгэж байгаагүй бусад 13 компанид хамааруулан дүгнэлт  гаргасан.

Мөн шүүхээс шийдвэрийн Үндэслэх хэсэг нь Тогтоох хэсэгтэй зөрчилдсөн шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0479 дугаар шийдвэрийн “Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон” холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан үзэхэд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулж, нэхэмжлэгч компани тус бүрийн эрх зүйн байдлыг бүрэн тогтоож, холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нараас “Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хилээр нэвтрүүлэхийг даалгах, тус ургамлыг гадаадад гаргахаар “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ” хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг нэхэмжлэгч компаниудад олгохыг даалгах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “...хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах...” хүрээнд гаргасан гэж тайлбарлан маргажээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газраас “нэхэмжлэгч 14 компаниас зөвхөн “Бурхантын жинчид” ХХК нь түүж бэлтгэсэн дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр гаргахаар Гаалийн ерөнхий газарт хандаж эрх зүйн харилцаа үүсч, татгалзсан хариу авсан байтал шүүхээс манай байгууллагад хандаж, эрх зүйн харилцаа үүсгэж байгаагүй бусад 13 компанид хамааруулан дүгнэлт гаргасан” гэх гомдол гаргасан байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч нэр бүхий компаниудаас “Бурхантын жинчид” ХХК нь 2017 онд түүж бэлтгэсэн дэрэвгэр жиргэрүү ургамлыг гаалийн хилээр гаргахаар гаалийн байгууллагад хандсан гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, Гаалийн ерөнхий газраас тус компанийн түүсэн дэрэвгэр жиргэрүү ургамлыг гаалийн хилээр гаргахаас татгалзсан шийдвэр гаргасан эсхүл ямар нэгэн хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан эсэх баримтгүй байхад Гаалийн ерөнхий газрын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нэр бүхий 14 компанийн хууль ёсны эрх, ашиг зөрчигдсөн гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь анхан шатны шүүх зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй хууль ёсны эрх, ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх нэр бүхий 14 компанийн эрх зүйн байдлыг харилцан адилгүй гэж дүгнэсэн атлаа ижил үндэслэлээр бүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, “Б” ХХК, “М” ХХК, “Ө” ХХК, “Ц” ХХК зэрэг компаниудад “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ” олгогдсон байхад эдгээр компаниудын тус гэрчилгээг хүссэн өргөдлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх боломжгүй, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/1940 дүгээр, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/12 дугаар албан бичгүүдэд нэхэмжлэгч 14 компанид уг ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгосон гэсэн боловч нэр бүхий 6 компанийн зөвшөөрөл хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...зарим компаниуд нь гэрчилгээ авахаар бичиг баримтаа бүрдүүлээд бэлэн болсон боловч энэ асуудалтай холбоотойгоор экспортын гэрчилгээ олгох асуудал түр зогссон...” гэх тайлбараас үзвэл эдгээр компаниудад эрх бүхий байгууллагаас дэрэвгэр жиргэрүү ургамлыг гадаадад гаргах зөвшөөрөл олгогдсон эсэх нь тодорхойгүй байна. Иймд дээрх зөрүүтэй үйл баримтуудаар Гаалийн ерөнхий газрын дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүйн улмаас тус компаниудын хууль ёсны эрх, ашиг зөрчигдөж болзошгүй гэж дүгнэх боломжгүй.

Түүнчлэн хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...Энэ онд 2 удаа тарималжуулсан байгалийн ургамал улсын хилээр гарсан”, “...Таримал гэдгээ нотолж байгаа тохиолдолд экспортын бүрдүүлэлт хийгдээд улсын хилээр гаргаж байгаа...” гэх тайлбараас үзвэл байгалиас түүж бэлтгэсэн эсхүл хувь хүн, хуулийн этгээдийн өөрсдийн тарималжуулсан дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэх эсэх асуудал нь ялгаатай байна. Иймд “Б” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0102/01 дүгээр “...дэрэвгэр жиргэрүү ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр таримуулжуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна. 2017 оны ээлжит ургац хураалтаар бид 50 тонн ургац авч, хатаан цэвэрлэж, савлан ...экспортлохоор бэлтгэж байна” гэх албан бичигт дурдсанчлан тус компани болон нэхэмжлэгч бусад компаниуд байгалиас түүж бэлтгэсэн, эсхүл өөрсдийн тарьсан дэрэвгэр жиргэрүү ургамлын алийг нь хилээр нэвтрүүлэхээр бэлтгэснийг тодруулах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч компаниудын эрх зүйн байдлыг тус бүрд нь шинжлэн судалж, зөв тодорхойлох замаар хариуцагч захиргааны байгууллагуудын шийдвэр эсхүл эс үйлдэхүйн улмаас ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсхүл зөрчигдөх боломжтой талаар нэхэмжлэгч компани тус бүрт дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэхээр байна.

Тиймээс анхан шатны шүүхээр дээр дурдсан ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0479 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАТБААТАР

                      ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ

                      ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН