Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 370

 

 

М.Өт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаар магадлалтай, М.Өт холбогдох 1915005900007 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан  гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Бат овогт М Ө.

М.Ө нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Дарштын хавтгай” гэх газраас 43-72 ОРО улсын дугаартай “Бонго Жи-3” маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 6.70 метр куб модыг Орхон аймаг руу тээвэрлэж байгаль экологид 402.084 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Өийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн 6.70 метр куб хэмжээтэй шинэс төрлийн 36 ширхэг мод, 43-72 ОРО улсын дугаартай “Нэт капитал финанс корпораци” ББСБ эзэмшлийн хөх өнгийн “Киа Бонго Жи-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 8.000.000 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулан улсын төсөвт шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 43-72 ОРО улсын дугаартай “Нэт капитал финанс корпораци” ББСБ эзэмшлийн хөх өнгийн “Киа Бонго Жи-3” маркийн тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь тус тус буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Ирэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалт болон 5 дахь заалтын “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн хөрөөг” гэснийг тус тус хүчингүй болгож,

мөн шийтгэх тогтоолын 1, 2 дугаар заалтад “М.Өыг” гэснийг “М.Өийг” гэж,

3 дугаар заалтад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хувиарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.” гэж,

4 дүгээр заалтад “4 дэх хэсэгт” гэснийг “4, 5 дахь хэсэгт” гэж, “мод гэсний дараа “1 ширхэг 132.000 төгрөгийн үнэ бүхий хятад хөрөө” гэж,

5 дахь заалтын эхэнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар”, “хэрэгсэл” гэснийг “хэрэгслийг” гэж тус тус нэмэлт оруулж,

“61. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-д заалтыг тус тус баримтлан шүүгдэгч М.Өийн хохиролд Төрийн банкны Орхон салбарын “Урт булаг” тооцооны төвөөр дамжуулан төлсөн 1.206.000 төгрөгийг Төрийн сан дахь 3499002631010002 дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгуулсугай.” гэсэн нэмэлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Өийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу тогтоох хэсгийн 4 дүгээрт заасан “хөх өнгийн “Киа Бонго Жи-3” тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ болох 8.000.000 төгрөгийг  шүүгдэгчээс албадан гаргуулан улсын төсөвт шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хувьд ноогдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасны дагуу хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ экологид учирсан 402.084 төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, 1.206.252 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах боломжтой. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. М.Ө нь мод бэлтгэх зөвшөөрөлтэй байсан” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... М.Өт холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй 6.70 метр куб модыг Орхон аймаг руу тээвэрлэж байгаль экологид хохирол учруулсан гэж зүйлчилсэн. Шүүх М.Өт холбогдох хэргийг тухайн зүйл хэсгээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүйн дээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч М.Өийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Дарштын хавтгай” гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр 6.70 метр куб модыг бэлтгэж 43-72 ОРО улсын дугаартай “Бонго Жи-3” маркийн тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тээвэрлэж байгаль орчинд 402.084 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокурор эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж, Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг сонсгон яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Өийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хянан хэлэлцэхдээ шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулснаас шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүйн дээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд нөлөөлсөн байна.

Энэхүү хууль хэрэглээний илт алдаатай шийдвэрийг давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гомдлоор хянан магадлахдаа дээр дурдсан үндэслэлээр хүчингүй болгож, зөвтгөж залруулахын оронд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэгт заасан мод бэлтгэх ажиллагааг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ойлгох нь зүйтэй.

М.Ө нь дээрх модыг бэлтгэхдээ Булган аймгийн Булган сумын сум дундын ойн ангиас авсан 2019 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрийн хооронд мод бэлтгэх эрхийн бичгийг үндэслэн зөвшөөрөгдсөн талбайгаас мод бэлтгэсэн байх бөгөөд “... модоо бэлтгэж дуусахад шөнийн 23 цаг өнгөрсөн тул Орхон аймаг руу явсан” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлжээ.

Мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу бэлтгэсэн модоо тээвэрлэх явцад эрхийн бичигт заагдсан хугацаа дууссан үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, М.Өт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Энэхүү шийдвэр нь М.Өийг Ойн тухай хууль зөрчих зөрчил гаргасан эсэхийг шалгахад саад болохгүйн дээр Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд тооцогдох үндэслэлтэй гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгосон энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчилж эхлэх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаагийн байгууллага гүйцэтгэж, мөн зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлэх учиртайг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, М.Өт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Өийг цагаатгасугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                                         Б.ЦОГТ 

                                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН