Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01653

 

 

 

 

 

 

 

 

 

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/01276 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б д холбогдох, гэм хорын хохиролд нийт 592,706,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д , хариуцагчийн өмгөөлөгч О.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: И ХХК-ийн захирал Н.М миний бие 2018 оны 09 сарын 18-ны өдрийн өглөө 05:00 цагийн орчим ... уурхайд хүдэр ачаад ... боомтын чиглэлд өөрийн компанийн өмчлөлийн Мерседес бенз маркийн 00-00 ААА улсын дугаартай автомашинтай ... гэх газар явж байтал урсгал сөрж ачааны автомашин орж ирж мөргөсөн. Уг осол нь урсгал сөрж орж ирсэн жолооч Ж.А ын буруутай үйлдлээс болсон гэдэг нь 2018 оны 10 сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр бүрэн нотлогдсон. Ж.А нь иргэн М.Б ы эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг түүний зөвшөөрч шилжүүлсний дагуу тээвэр хийж явсан байсан. Ийм ч учраас М.Б ыг мөрдөгч иргэний хариуцагчаар тогтоосон юм. Монголын хохирол үнэлгэгчдийн холбооны 2019 оны 05 сарын 21-ний өдрийн 00 тоот шинжээчийн дүгнэлтээр автомашины 86 эд ангийн эвдрэлийн нийт үнэлгээгээр 55,530,000 төгрөгийн хохирол гарсан. Автомашины нүүрэн хэсэг бүхэлдээ бүрэн эвдэрсэн тул дахин автомашиныг ашиглах ямар ч боломжгүй болсон. Уг автомашин нь 248,000 км явсан ба 120,000,000 төгрөгөөр 2017 онд худалдаж авсан. Иймд уг автомашиныг худалдан авсан 120,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Зам тээврийн ослын улмаас хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын дуудсанаар Улаанбаатар хотоос ... аймагт очсон замын зардал, буудалд байрлахад зарцуулсан зардал 1,022,000 төгрөгийг мөн гаргуулна. И ХХК нь 00-00 ААА улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашин эвдэрсний улмаас зам тээврийн осол гарсан 2018 оны 09 сарын 18-ны өдрөөс 2020 оны 09 сарын 18-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд олох ёстой байсан орлого 471,684,000 төгрөгийг мөн гаргуулна. Иймд нийт 592,706,000 төгрөгийг хариуцагч М.Б аас гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Ж.А нь М.Б ы өмчлөлийн 00-00 ААА улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг жолоодож яваад И ХХК-ийн өмчлөлийн 00-00 ААА улсын дугаартай Мерседес бенз маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан талаар маргахгүй. Харин уг зам тээврийн ослыг Ж.А гаргасан тул М.Б нь хариуцагч этгээд биш юм. Мөн нэхэмжлэгч нь 00-00 ААА улсын дугаартай Мерседес бенз маркийн автомашиныг ашиглах боломжгүй болсон гэх боловч энэ талаарх нотлох баримт байхгүй. Мөн 120,000,000 төгрөгөөр уг автомашиныг худалдан авсан гэх боловч хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй. Улаанбаатар хотоос ... аймагт очсон замын зардал, зочид буудалд байрлахад зарцуулсан зардал 1,022,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Харин олох ёстой байсан орлогод 471,684,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд И ХХК нь 3-4 автомашинтай бөгөөд 00-00 ААА улсын дугаартай автомашинаар орлого олж байсан талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б аас гэм хорын хохиролд 56,552,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 536,154,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч И ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,279,439 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 440,710 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эхний шаардлагаа тодорхойлсон бөгөөд автомашины үнэ 120,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаад 3 жил болоход шүүхийн зүгээс хэргийг түргэн шуурхай шийдвэрлэхэд ямар нэгэн санал санаачилга гаргаагүй, 2, 3 газрыг шинжээчээр томилоод л хаячихдаг, араас нь хяналт шахалт шаардлага тавьж байгаагүй тул аргаа бараад хүсэлтээсээ татгалзсан. Мерседес бенз маркийн автомашиныг 2017 онд 120,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэдгийг цагдаагийн байгууллагад хэрэг шалгагдаж эхлэх үеэс л хэлж, шинжээчийн дүгнэлтээр 2017 онд 120,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсныг нотолдог.

4.б. Мөн компанид 2017 оны 07 сараас тус автомашин бүртгэгдэж аваарт орох хүртлээ бүтэн 1 жил тасралтгүй тээвэрт явсан байдаг. 2018 оны 09 сарын 18-ны өдөр буюу аваарт орсон үеэс одоог хүртэл уг автомашин ямар ч явах боломжгүй болж, фото зурагт буулгасан байдлаараа байж байдаг. Шинжээчийн дүгнэлтээр 86 төрлийн эд ангид гэмтэл учирч, тэнхлэг гулзайсан учраас дахин ашиглах боломжгүй болсон гэж гарсан тул бид автомашины үнийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4.в. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг үндэслэн бид дараагийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. ... нутаг дэвсгэрт байрлах Х ийн уурхайгаас 27 удаагийн эргэлтээр /нэг удаа 70-75 тонн/ нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэж хил гарсан. Замьн урт 350 км ба 2017, 2018 онд олсон орлого нь 150,413,759 төгрөг байгаа. ... аймгийн ... нутаг дэвсгэрт байрлах Б ын уурхайгаас 50 удаагийн тээвэрлэлтээр баяжмал, төмрийн хүдэр тээвэрлэж ... боомтод хил гаргахгүйгээр буулгасан ба замын урт 168 км бөгөөд нийт 50 удаагийн тээвэрлэлтээр 85,429,178 төгрөгийн орлого олсон. Дээрх орлогыг Мерседес бенз маркийн 00-00 ААА улсын дугаартай автомашинаар ачаа тээвэрлэж олсон.

Шүүх хэргийн бодит байдалд хуулийн үнэлэлт, дүгнэлт хийж чадаагүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Ослоос үүдэлтэй гэм хорын хохирол үүссэн. Энэ талаарх шалтгаант холбоог шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. М.Б нь автомашиныг жолоодож байх явцад нэхэмжлэгч талд хор хохирол учруулаагүй бөгөөд Ж.А т итгэж автомашиныг өгч явуулснаас үүдэн хохирол үүссэн. М.Б нь тухайн автомашинд олон удаагийн засвар хийж хохирсон. Энэ хэргийн гэм хор, шалтгаант холбоо зэрэгт М.Б ямар ч холбогдолгүй. Нэхэмжлэгч талын зүгээс тодорхой хэмжээний орлого олсон баримтуудыг гаргаж өгсөн. 4 жилийн хугацаанд орлого олох байсан гэж тайлбарладаг боловч тухайн компани нүүрсний бизнес эрхлээд ашигтай байсан бол өөрсдийн зүгээс автомашиныг засуулаад, засвар хийлгэхэд гарсан зардлын талаар баримтыг гаргаж өгөөд нэхэмжлэх бүрэн боломжтой байсан. Бид автомашиныг авч яваагүй, тухайн автомашин нэхэмжлэгч талд байдаг бөгөөд засвар хийгээд 4 жилийн хугацаанд нүүрс тээвэрлэх боломж бүрэн байсан. И ХХК-ийн татварын тайлан, санхүүгийн тайлан зэрэг баримтууд хэрэгт авагдсан. Энэ баримт нь зөвхөн компанийн борлуулалт хийж байгаа орлогын тайлан бөгөөд маргаан бүхий автомашины орлого олсон тайлан биш болно. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч М.Б д холбогдуулан гэм хорын хохиролд ачааны автомашиныг худалдан авсан үнэ 120,000,000 төгрөг, эрх бүхий этгээдийн дуудсанаар Улаанбаатар хотоос ... аймагт очсон замын зардал, буудлын зардал 1,022,000 төгрөг, 2018 оны 09 сарын 18-ны өдрөөс 2020 оны 09 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлого 471,684,000 төгрөг, нийт 592,706,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...ачааны автомашиныг Ж.А жолоодон явах үедээ зам тээврийн осол гаргасан учир М.Б хариуцах ёсгүй, нэхэмжлэгчийн шаардлага баримтаар нотлогдоогүй... гэх үндэслэлээр маргажээ.

 

3.   Хэрэгт авагдсан 2018 оны 09 сарын 18-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 59-61/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 62, 63/, Гэрэл зургийн үзүүлэлт /1хх 64-65/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 66/, 2018 оны 10 сарын 09-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт /1хх 76/, Монголын хохирол үнэлэгчдийн холбооны 2019 оны 05 сарын 21-ний өдрийн 16 тоот Шинжээчийн дүгнэлт /1хх 86-96/, ... аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 сарын 19-ний өдрийн 183 дугаар мэдэгдэх хуудас /1хх 5-6/, фото зураг /1хх 13/ зэрэг нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.а. 2018 оны 09 сарын 18-ны өдөр ... гаас 130 км зайд 00-00 ААА улсын дугаартай Мерседес Бенз маркийн ачааны автомашин 00-00 ААА улсын дугаартай Норд Бенз маркийн ачааны автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан;

3.б. 00-00 ААА улсын дугаартай Норд Бенз маркийн ачааны автомашины жолооч Ж.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 7.12, 9.2-т заасныг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон;

3.в. Зам тээврийн ослын улмаас 00-00 ААА улсын дугаартай Мерседес Бенз маркийн ачааны автомашинд нийт 55,530,000 төгрөгийн хохирол учирсан;

3.г. 00-00 ААА улсын дугаартай Мерседес Бенз маркийн ачааны автомашины өмчлөгч нь И ХХК, 00-00 ААА улсын дугаартай Норд Бенз маркийн ачааны автомашины өмчлөгч нь М.Б байна.

 

4.   Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгч И ХХК Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хорын хохирлыг хариуцагч М.Б аас шаардах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт ...ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ... эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан байх тул хариуцагч талын гаргасан ...ачааны автомашиныг Ж.А жолоодон явах үедээ зам тээврийн осол гаргасан учир М.Б хариуцах ёсгүй... гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй.

 

5.   Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх, гэмтсэн эд хөрөнгийг засах буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээх тул шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 55,530,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж байх үед талууд шинжээчийн тогтоосон үнэлгээтэй маргаагүй, түүнчлэн ачааны автомашиныг 120,000,000 төгрөгөөр бусдаас худалдан авсан болох нь баримтаар нотлогдоогүй тул ачааны автомашиныг худалдан авсан үнэ 120,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

6.   Зам тээврийн ослын улмаас И ХХК-ийн захирал Н.М нь эрх бүхий этгээдийн дуудсанаар Улаанбаатар хотоос ... аймаг руу явж, замын болон буудлын зардалд нийт 1,022,000 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримт, зочид буудлын тасалбар, зорчих тасалбар зэрэг баримтуудаар нотлогдож байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

 

7.   Хэрэгт авагдсан Х ийн нүүрсний уурхай гэх баримтуудад тээврийн компанийн нэрийг М ХХК гэж бичсэн, мөн 00-00 ААА улсын дугаартай автомашин 00-00 АА улсын дугаартай чиргүүлийн хамт хийсэн тээвэр болох тухай дурдсан байх тул нэхэмжлэгч И ХХК-ийг 2018 оны 09 сарын 18-ны өдрөөс 2020 оны 09 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 471,684,000 төгрөг олох байсан гэж эргэлзээгүйгээр үзэх боломжгүй, улмаар уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч олох ёстой байсан орлого гэж 471,684,000 төгрөгийг шаардахдаа уг дүнгээс аливаа зардал /шатахуун, цалин, засвар үйлчилгээ, татвар, хураамж г.м/-ыг хасаж тооцоогүйг дурдах нь зүйтэй.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/01276 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 2,838,729 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Д.НЯМБАЗАР