Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 371

 

Д.Э, П.Б, Ц.Д, А.Гнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ, шүүгдэгч П.Бгийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүгдэгч Ц.Дийн өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч А.Гантөмөрийн өмгөөлөгч Д.Тунгалаг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дүгээр магадлалтай, Д.Э, П.Б, Ц.Д, А.Гнарт холбогдох 201601000029 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Хуримт Түшээ овогт Д Э.

2. Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн, Хусан бүрд овогт П Б.

3. Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Элбэгийнхэн овогт Ц Д.

4. Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Мөнгөн овогт А Г.

1. Д.Э нь Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, А.Гантөмөр, Ц.Д, П.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Булган аймгийн 2013 оны төсвийг тодотгох тухай” 2 дугаар хуралдааны тогтоолын 4 дүгээр хавсралтын 26 дугаарт, 15 сум, 1 тосгонд “Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх” ажилд Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 800.000.000 төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсний дагуу 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Тендерийн Үнэлгээний хороо байгуулах тухай” А/206 дугаар захирамж гаргахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны даргаар Л.Алтангэрэл, гишүүдээр худалдан авах ажиллагааны суурь мэдлэг эзэмшсэн болохыг гэрчлэх А3 төрлийн гэрчилгээгүй Л.Батболд, М.Алтанцэцэг, Г.Буянхишиг, Ж.Чинчулуун нарын албан тушаалтнуудыг томилсон,

Үнэлгээний хороо нь 2 удаагийн нээлттэй тендерийг зохион байгуулж, тендер ирүүлсэн “Анаг” ХХК, “ММК” ХХК-иудаас татгалзаж ажил гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэхдээ захиалагч Байгаль орчны газрын дарга А.Г-ийн зааж зөвлөснөөр техникийн үнэ ханш өссөн эсэхийг судалж, үндэслэлтэй тооцоо судалгаа хийлгүйгээр вальютын ханш өссөн үндэслэлээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт “Хүсэлт гаргах тухай” 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/1428 дугаартай албан бичиг хүргүүлж “тоног, төхөөрөмж” гэдэг нэр томъёог “ухдаг, түрдэг трактор” болгон тогтоол гаргуулж, захиалагчийн захиалсан трактор, самосваль автомашин зэрэг 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлэн 2013 оны 11 дүгээр сарын 8-ний өдрийн “Эрх шилжүүлэх, ажил гүйцэтгүүлэх тухай” А/463 дугаар захирамж гарган хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг Байгаль орчны газрын дарга А.Гантөмөрт даалган, улмаар ажил гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа урьд өмнө энэ чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагагүй “Дачибү” ХХК-ийн нэрээр, өмнө нь Үнэлгээний хорооноос татгалзсан “Анаг” ХХК-ийн захирал П.Бд давуу байдал олгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус 01 дугаартай “Булган аймгийн сумдын хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулж, улмаар “Дачибү” ХХК-ийн захирал Ц.Д, “Анаг” ХХК-ийн захирал П.Б нар нь 1 суманд ногдох 50.000.000 төгрөгөөр 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Монгол улсын зах зээлийн ханшаар гэрээ байгуулах үед 28.278.400 төгрөгөөр худалдаалагдаж байсан, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод заасан техникийн шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлснийг хүлээн авах комисс байгуулалгүй нийлүүлэгчээс шууд сумын засаг дарга нарт хүлээлгэн өгч, улсад 347.545.600 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

 2. А.Гнь Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж хуулбар хувь байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, Д.Э, Ц.Д, П.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Булган аймгийн 2013 оны төсвийг тодотгох тухай” 2 дугаар хуралдааны тогтоолын 4 дүгээр хавсралтын 26 дугаарт, 15 сум, 1 тосгонд “Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх” ажилд Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 800.000.000 төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсэн байхад өмнө нь захиалсан трактор, самосваль автомашин зэрэг 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлэх талаар аймгийн Засаг дарга Д.Эад зааж зөвлөснөөр Засаг дарга Д.Э нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт “Хүсэлт гаргах тухай” 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/1428 дугаартай албан бичиг хүргүүлж “тоног төхөөрөмж” гэдэг нэр томъёог “ухдаг, түрдэг трактор” болгон тогтоол гаргуулж, захиалагчийн захиалсан трактор, самосваль автомашин зэрэг 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлсэн,

Аймгийн Засаг дарга Д.Эын 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн “Эрх шилжүүлэх, ажил гүйцэтгүүлэх тухай” А/463 дугаар захирамжаар хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг даалгасны дагуу ажил гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа урьд өмнө нь энэ чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагагүй “Дачибү” ХХК-ийн нэрээр өмнө нь Үнэлгээний хорооноос татгалзсан “Анаг” ХХК-ийн захирал П.Бд давуу байдал олгон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаалан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус 1 дугаартай “Булган аймгийн сумдын хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулсны улмаас “Дачибү” ХХК-ийн захирал Ц.Д, “Анаг” ХХК-ийн захирал П.Б нар нь 1 суманд ногдох 50.000.000 төгрөгөөр 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Монгол улсын зах зээлийн ханшаар гэрээ байгуулах үед 28.278.4000 төгрөгөөр худалдаалагдаж байсан, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод заасан техникийн шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлснийг техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэхийг харьцуулан тодорхойлолгүйгээр нийлүүлэгчээс шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгч, улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

3. П.Б нь “Анаг” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Д.Э, А.Гантөмөр, Ц.Д нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг худалдан авч улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт “Дачибү” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж өгөх талаар Ц.Дид зааж зөвлөн, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлж хамжигчаар оролцсон,

4. Ц.Д нь “Дачибү” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Д.Э, А.Гантөмөр, П.Б нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж зах зээлийн дунджаас дээгүүр үнээр захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг худалдан авч, улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт П.Бгийн зааж зөвлөснөөр учрах саадыг арилгах зорилгоор өөрийн “Дачибү” ХХК-ийн бичиг баримтыг бүрдүүлэн өгөхдөө дээрх тоног төхөөрөмжийг нийлүүлж байсан туршлагатай хэмээн хуурамч бичиг баримт үйлдэн өгч, захиалагчтай гэрээ байгуулан, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн З6.З дахь хэсэгт заасныг журамлан Д.Э, А.Гнарыг бүлэглэн Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, П.Б, Ц.Д нарыг төрийн албан тушаалын эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт хамжигчаар оролцсон гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Д.Э, А.Гантөмөр, Ц.Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2.т зааснаар П.Бд төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нийт 347.545.600 төгрөгийн 300.000.000 төгрөгийг П.Бгээс 47.545.600 төгрөгийг 4378288 регистрийн дугаартай “Дачибү” ХХК- иас тус тус гаргуулан Булган аймгийн Засаг даргын тамгын газарт олгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  Д.Э, П.Б, Ц.Д, А.Гнарт холбогдох 201601000029 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол Д.Э, П.Б, Ц.Д, А.Гнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын бичсэн эсэргүүцэлдээ “... магадлалд дурдагдсан үндэслэлүүд эрүүгийн 201601000029 дугаартай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд цугларч, бэхжигдсэн прокурорын 2017 оны 02 дугзар сарын 21-ний өдрийн 33 тоот яллах дүгнэлт авагдсан бичгийн дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа болно. Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Сайнзаяа, гэрч Ц.Цэрэндэжид, холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болсон сэжигтэн Л.Батсайхан, Л.Алтангэрэл, гэрч Д.Сэржмядаг, Д.Түвшинбаяр, С.Болдсайхан, Ц.Шинэдорж, Г.Буянхишиг, М.Алтанцэцэг, Б.Баянмөнх, Б.Энхнасан, Б.Цолмонтуяа, яллагдагч Ц.Д, П.Б, А.Гантөмөр, Д.Э нарын мэдүүлгүүд, “Дачибү” ХХК-ийн 5001030419 тоот дансны хуулга, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2/05 дугаартай тогтоопын хуулбар, Сангийн яамны 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 5/1341 дугаартай зөвлөмж, тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/1197 дугаартай албан бичиг. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 93/186 дугаартай албан бичиг, Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/287 дугаартай албан бичиг, Голомт банкны Орхон аймаг дахь салбарын санхүүгийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, Гааль, татварын ерөнхий газраас ирүүлсэн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдсан Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ирүүлсэн “Сумдын хатуу хог хаягдлыг дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг тракторын материал”, “Дачибү ХХК-ийн бичиг баримт”, “Анаг” ХХК-ийн тендерт оролцсон талаарх баримт бичгүүд”, “Тендерийн БУ-БХС-17/2013 дугаартай материал” зэрэг болно.

Дээр дурдагдсан нотлох баримтуудаар Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Э нь Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Булган аймгийн 2013 оны төсвийг тодотгох тухай” 2 дугаар хуралдааны тогтоолын 4 дүгээр хавсралтын 26 дугаарт 15 сум, 1 тосгонд “Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх” ажилд Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 800.000.000 төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсний дагуу 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Тендерийн Үнэлгээний хороо байгуулах тухай” А/206 дугаар захирамж гаргаж, үнэлгээний хорооны даргаар Л.Алтангэрэл, гишүүдээр Л.Батболд, М.Алтанцэцэг, Н.Буянхишиг, Ж.Чинчулуун нарын албан тушаалтнуудыг томилсон, Үнэлгээний хороо нь 2 удаа нээлттэй тендерийг зохион байгуулж, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй үндэслэлээр тендерт оролцсон компаниудаас татгалзаж 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “ажил гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах” №1 дугаартай зөвлөмж гаргасан, улмаар техникийн үнэ, долларын ханш өссөн гэсэн үндэслэлээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт “Хүсэлт гаргах тухай” 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 01/1428 дугаартай албан бичиг хүргүүлсний дагуу иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүулэгч нар хуралдаж тоног төхөөрөмж буюу трактор, самосваль зэрэг 2 техникийг “ухдаг, түрдэг трактор” болгон тогтоол гаргасан, Засаг дарга Д.Э 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “эрх шилжүүлэх ажил гүйцэтгэх тухай” А/463 дугаар захирамж гарган хог хаягдлыг ландсрилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг Байгаль орчны газрын дарга А.Гантөмөрт даалгасан. тэрээр “Дачибү” гэх ХХК-тай 01 дугаартай “Булган аймгийн сумдын хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулсан, улмаар “Дачибү” ХХК-ийн захирал Ц.Д, “Анаг” ХХК-ийн захирал П.Б нар нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн, \/ОТА1_ №225-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон.

Д.Э нь долларын ханш өссөн үндэслэлээр Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдэд “Хүсэлт гаргах тухай” 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 01/1 128 дугаартай албан бичиг хүргүүлж, уг хүсэлтийн дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж өмнө нь 800.000.000 төгрөгөөр хог хаягдлыг ухах, ачих, түрэх, булах зориулалттай трактор, самосваль тус тус 16 буюу нийт 32 ширхэг техник худалдан авахаар байсан бол тендерийн дагуу худалдан авах бараа, үйлчилгээний тоо хэмжээг нэг дахин бууруулж 16 ширхэг техник буюу 16 ширхэг трактор худалдаж авахаар болж өөрчилжээ.

Нээлттэй тендер сонгон шалгаруулах замаар худалдан авах бараа, үйлчилгээний тоо хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд дахин нээлттэй тендер шалгаруулах ёстой, шууд гэрээ байгуулах үндэслэлгүй байхад 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “эрх шилжүүлэх, ажил гүйцэтгэх тухай” А/463 дугаар захирамж гарган ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг Байгаль орчны газрын дарга А.Гантөмөрт даалгасан. Улмаар А.Гнь ажил гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа урьд өмнө энэ чиглэлээр ажиллаж байсан ямар ч ажлын туршлагагүй, санхүүгийн хувьд чадавхгүй, байгуулагдсанаас хойш ихэнх хугацаанд татварын “х” тайлан гаргаж өгч байсан “Дачибү” ХХК-ийн сонгож, нийлүүлсэн 16 ширхэг тракторыг бэлтгэн нийлүүлэх гэрээнд заасан шаардлагыг хангасан эсэхийг нарийвчлан нягтлалгүй шууд сумдын Засаг дарга нарт хүлээлгэн өгчээ.

Д.Э, А.Гнарын дээрх үйлдэл нь албан тушаалын эрх мэдлийг албаны буюу нийтийн эрх ашгийн эсрэг ашиглаж, бусдад буюу “Анаг” ХХК-ийн захирал П.Б, “Дачибү” ХХК-ийн захирал Ц.Д нарт эдийн засгийн ашигтай давуу байдал бий болгосон байна.

П.Б нь “Дачибү” ХХК-ийн захирал Ц.Дийн хүсэлтээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу явж трактор худалдан авах ажиллагаанд оролцсон, тендер шалгаруулах гэрээ байгуулах үйл ажиллагаанд оролцоогүй боловч “Дачибү” ХХК-ийн дансанд тухайн гэрээний хүрээнд 2 удаагийн гүйлгээгээр орж ирсэн мөнгийг орж ирсэн даруйд нь өөртөө шилжүүлэн авч зарцуулсан үйл баримт нотлогдсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг “техникийн тодорхойлолт” гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга технологи, түүнд тавигдах технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг тус тус ойлгохоор заасан.

А.Гнь “Дачибу” ХХК-тай шууд гэрээ байгуулахдаа уг компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан “төлбөрийн чадвартай эсэх, Монгол Улсын хуулийн дагуу татвар төлсөн эсэх, сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцсон туршлагатай эсэх, гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхтай эсэх”-ийг огт нягтлалгүй гэрээ байгуулжээ. Худалдан авах бараа, үйлчилгээний тоо хэмжээ 2 дахин багассан тохиолдолд шууд гэрээ байгуулах үндэслэлгүй ба шууд гэрээ байгуулахдаа дээрх шаардлагыг хангасан эсэхийг нягтлалгүй гэрээ байгуулсан нь албан тушаалтан хийх ёстой үйлдлийг хийгээгүй байна гэж үзэх бүрэн үндэслэл болж байгаа.

П.Б, Ц.Д нар Булган аймгийн засаг дарга Д.Э, мөн аймгийн Байгаль орчны газрын дарга А.Гнарыг дээр дурдагдсан хууль зөрчсөн үйлдэл хийхэд албан тушаалтан биш боловч худалдан авах ажиллагаанд оролцох хуулийн этгээдийг олж өгөн, улмаар төрийн сангаас худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн хөрөнгийг өерсдийн хуулийн этгээдийн харилцах дансаар шилжүүлэн авч, техникийн шаардлага хангаагүй трактор нийлүүлэх зэргээр учрах саадыг арилгаж, дэмжлэг үзүүлэн оролцсон болох нь тогтоогдсон.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, эргэлзээтэй гэж дүгнэх нөхцөл байдлыг бий болгох баримт, материал хэрэгт авагдаагүй, тухайн дүгнэлтэд авагдсан тракторын үнэ нь бодит судалгаанд үндэслэн тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодит байдлаар тогтоогдсон гэж үзнэ.

П.Бгийн зүгээс тракторыг импортолж оруулж ирэн Булган аймагт авчрахад их хэмжээний зардал гаргасан талаар мэдүүлдэг боловч энэ талаарх баримтыг тэрээр мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй, түүний уг мэдүүлгийн эх сурвалж батлагдаагүй болно.

Нэгтгэн дүгнэвэл, дээр дурдагдсан нотлох баримтууд болон тухайн нотлох баримтуудад авагдсан мэдээлэл нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт этгээдүүдийн үйлдлүүд, түүнээс улбаатай учирсан хор уршиг зэргийн шалтгаант холбоо, харилцан хамаарлыг бүрэн бодитой тодорхойлсон, анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэр гаргасан.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэл нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй буюу “хэргийн бодит байдалтай нийцээгүй” тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дугаартай магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, мөн аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ хэлсэн саналдаа “Хөрөнгийн үнэлгээг тогтоосон дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийг илт зөрчсөн байдаг. Гэтэл “Гурвалжин” барилгын материалын зах дээр зарагдаж байсан техникийн сайтаас эх сурвалж авсан байдлаар дүгнэлт гарсан. Тухайн трактор Монгол улсад VOTAL WZ25-16 маркийн зарагдаж байсан эсэх нь тодорхойгүй байсан бөгөөд таамаг төдий дүгнэлт болсон. Иймд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь уг хэрэг хангалттай тогтоогдоогүй, анхан шатны шүүх хоёр удаа цагаатгаж шийдвэрлэж байсан. Хэрэв шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн бол шүүгч дотоод итгэлээр цагаатгаж шийдвэрлэхгүй байсан” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч А.Гантөмөрийн өмгөөлөгч Д.Тунгалаг хэлсэн саналдаа “А.Гнь Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж ажиллаж байхдаа 16 ширхэг тракторыг худалдаж авах үйл ажиллагаанд Булган аймгийн Засаг даргыг төлөөлж оролцсон хүн бөгөөд шууд гэрээ байгуулах чиглэл, захирамжийн дагуу ажиллагаа явуулсан. “Анаг” ХХК, Дачибу ХХК-иуд нь материал ирүүлснээс “Дачибу” ХХК-ийг Үнэлгээний хорооны албан тушаалтнуудтай зөвлөлдсөний дагуу шалгаруулсан. Мөн VOTAL WZ25-16 маркийн трактор Монгол улсад худалдаалагдадгүй бөгөөд үнэлгээний эх сурвалж тодорхойгүй байдаг. Миний үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэргийн хохирол маш тодорхой байх ёстой. Иймд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Дийн өмгөөлөгч Н.Нарантуяа хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг нотолж тогтоогоогүй. Шүүх хоёр удаа цагаатгаж шийдвэрлэхдээ үндэслэлийг тогтоолдоо тодорхой тусгаж байсан. Гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирол байхгүй, төсөв санхүүгийн тооцоо хийж хохирлыг тооцож чаддаггүй. Иймд магадлалд заасан ажиллагааг хийх нь зүйтэй учир хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч П.Бгийн өмгөөлөгч Д.Оюунчимэг хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх энэ хэрэгт бодитой дүгнэлт хийсэн. Булган аймгийн Засаг даргын шууд гэрээ байгуулах зөвлөмжийн дагуу гэрээ байгуулсан. Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид сумдыг түрдэг, ухдаг трактороос хангах зөвшөөрлийг Засаг даргад өгсөн. Булган аймгийн Засаг дарга Д.Э, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга А.Гнар нь төрийн албаны эрх мэдлээ хэрхэн хэтрүүлсэн, албан тушаалын байдлаа яаж урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг нь тогтоогдоогүй. Техникийн маркийг өөрчлөн ухдаг, түрдэг трактор болгосон нь гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Хэрэв Д.Э, А.Гнь гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа бол П.Б, Ц.Д хамжигчаар оролцсон эсэхийг тогтоосон зүйлгүй. Тухайн тракторыг ашиглаж байгаа хүмүүсийг гэрчээр асуухад сумдад ашиглахад хамгийн боломжтой, нийцтэй сайн байгаа. Харин жижиг, сажиг ашиглалтын эвдрэл гарсан гэх байдлаар ярьдаг. Мөн шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан учир дахин шинжилгээ хийлгэх боломжтой. Иймд магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гарсан байна. Хэрэг 2013 онд үйлдэгдсэнээс хойш 7 жил, яллах дүгнэлт үйлдэгдсэнээс хойш 3 жил өнгөрсөн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь тогтоогдсон. Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 800.000.000 төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсний дагуу 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай” А/206 дугаар захирамж гаргасан нь хууль бус болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл А-3 гэрчилгээ бүхий хүмүүс тендерийн үнэлгээний хороонд ажиллах ёстой байтал үнэлгээний хорооны даргаар Л.Алтангэрэл, гишүүдээр Л.Батболд, М.Алтанцэцэг, Н.Буянхишиг, Ж.Чинчулуун нарын албан тушаалтнуудыг томилсон нь хууль бус юм. Мөн техникийн үнэ, ханшийн талаар судалгаа хийгээгүй байхдаа долларын ханш өссөн гэсэн үндэслэлээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт “Хүсэлт гаргах тухай” 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 01/1428 дугаартай албан бичиг хүргүүлсний дагуу иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нар хуралдаж тоног төхөөрөмж буюу трактор, самосваль зэрэг 2 техникийг “ухдаг, түрдэг трактор” болгон өөрчилсөн. Засаг дарга Д.Э 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “эрх шилжүүлэх ажил гүйцэтгэх тухай” А/463 дугаар захирамж гарган хог хаягдлыг ландсрилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг Байгаль орчны газрын дарга А.Гантөмөрт даалгасан. А.Гнь ажлын туршлагагүй бөгөөд “Анаг” ХХК-д давуу байдал олгож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу авахаар болсон 16 ширхэг, нэг бүрийн үнэ нь 50.000.000 төгрөгийн трактор нь тухайн үедээ 28,278,400 төгрөгийн үнэлгээтэй байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тракторыг техникийн тодорхойлолт, шаардлагын дагуу хүлээж аваагүй, өрөөнд сууж байгаад тэмдэглэл хөтөлж хүлээж авсан. Уг албан тушаалаа урвуулан ашигласан үйлдлийн улмаас улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учирсан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Д.Э, П.Б, Ц.Д, А.Гнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр тухайн үедээ үндэслэлтэй байсан хэдий ч Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль гаргаснаар шүүхийн шийдвэрийг дахин хянан нягтлах хууль зүйн шаардлага үүссэн болно.

Булган аймгийн засаг даргаар ажиллаж байсан Д.Э, мөн аймгийн Байгаль орчны газрын дарга А.Гнар нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас бусдын хуулиар хамгаалагдсан, эрх ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан,

“Анаг” компанийн захирал П.Б, “Дачибу” компанийн захирал Ц.Д нар нь дээрх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон талаарх анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтын дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Гэвч анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э, А.Гантөмөр, Ц.Д нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан”, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэх үндэслэлүүдийг иш татан хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.

Гэтэл шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацааны дотор үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байх тул анхан шатны шүүхийн энэхүү үндэслэл нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хууль хэрэглээний алдаатай шийдвэр болно.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг хуулийн 2 дугаар зүйлд “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан гэмт хэргийг сэргээн шалгана” гэж заасан байтал давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хянан магадлахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг мөрдөн шалгаж хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь хэрэгт авагдсан байтал нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул прокурорын эсэргүүцлийг хангах боломжгүй гэж үзсэний дээр хяналтын шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорт буцаасугай.” гэснийг “Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                              Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                                      Б.ЦОГТ

                                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН