Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2020/0099/З |
Дугаар | 383 |
Огноо | 2020-10-19 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 383
“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн
татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч,
М.Батсуурь,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Ч.Б, Б.Т нарын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 250011025 дугаар актыг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0375 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 501 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулж,
Хариуцагч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0375 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч ХХК-ийн ...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Ч.Б, Б.Т нарын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 250011025 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 501 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 375 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 17 дугаар зүлийн 17.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Ч.Б, Б.Т нарын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 250011025 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Т, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ч.Б нарт холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 501 дугаартай магадлал гаргасан. Дээрх магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4. Энэхүү магадлалаар шүүх Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1 болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
5. Магадлалын Хянавал хэсэгт: “...Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн хувьд 2011 онд 158,636,363 төгрөгийн вакум цонх хаалт хийх ажил гүйцэтгэсэн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж, татварт ногдох орлогыг бууруулсан, 2011 онд 158,636.363 төгрөгийн вакум цонх хаалт хийх ажил гүйцэтгэсэн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж татвар ногдуулаагүй зөрчил гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдоогүй, уг үнийн дүнг ямар баримтуудыг үндэслэн, хэрхэн тооцоолж гаргасан, хариуцагчаас уг зөрчлийг хэрхэн хянан шалгаж үйл баримтыг тогтоосон талаар шүүхэд бүрэн нотолж чадаагүй байна” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Учир нь татварын улсын байцаагчид шалгалтын хугацаанд вакум цонхны үйлдвэрлэл эрхэлж буй ажлын байранд очиж үзэхэд компанийн нэр хаяг бүхий нэг давхар байшинд 3-4 ажилчинтай, үйл ажиллагаа явуулж байсан. Гомдол гаргагч “Т” ХХК-ийн захирал болон “Ч” ХХК-ийн захирал Б.Б, Б.Г нартай хийсэн ярилцлага, тус компанийн менежер Б.Гийн өөрийн гараар бичиж өгсөн 2011-2015 оны борлуулалтын орлого болон үйл ажиллагааны зардлын тооцоолол, “Т” ХХК-иас ирүүлсэн гомдол, харилцах дансны хуулга, шүүхийн шийдвэр, 2013 оны 6 дугаар сарын 13-нд гар бичмэлээр тооцоо нийлсэн хуудас зэрэг баримт материалыг үндэслэн “Ч” ХХК-ийн 2011 онд олсон орлогыг тодорхойлсон болно.
6. Мөн “Т” ХХК-ийг төлөөлж захирал С.Н 2011.10.27-ны өдөр “Г” ХХК-тай вакум цонх, хаалга нийлүүлж, барилгад суулгах мөн оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Б” ХХК-тай цагаан, хар замаск, паркетан шал, блинтус, вакум цонх, хаалга зэргийг хийж нийлүүлэх гэрээг тус тус байгуулж уг гэрээгээр хийх ажлаа “Ч” ХХК-иар бус иргэн Б.Гээр туслан гүйцэтгүүлсэн болох нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0041/ХТ2018/00811 дугаартай тогтоолоор нотлогдож байна” гэж дүгнэсэн нь Татварын ерөнхий хуулийн 41.1-д Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана гэсэн заалтыг зөрчсөн иргэний журмаар хянан шийдвэрлэгдсэн маргааныг татвар ногдуулалт, төлөлтөд хамааруулсан шийдвэр болсон байна.
7. Гомдлын дагуу хийгдсэн татварын хяналт шалгалт нь “Ч” ХХК болон иргэн Б.Г, Б.Б нарын олсон орлого, явуулсан үйл ажиллагаанд хийгдсэн бөгөөд тус бүрдээ хуулийн хүрээнд шийдвэрлэгдсэн. Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа энэхүү маргаан бүхий акт нь “Ч” ХХК-тай холбоотой тул анхан шатны шүүхэд тухайн татвар төлөгчтэй холбоотой нотлох баримтуудыг гарган хүргүүлсэн. Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасны дагуу магадлалд дурдсан иргэн Б.Г, Б.Б нарт холбогдох татварын хяналт шалгалтын актыг гаргуулан нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой байсан.
8. Мөн шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 2-т хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заасан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д “төсвийн байгууллагын нэхэмжлэл”, 41.1.4-д “төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл” чөлөөлөгдөх талаар заасан ба төсвийн байгууллага улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй, энэ талаар төсөвт тусгагддаггүй.
9. Татварын улсын байцаагчдын акт нь Татварын ерөнхий хуулийн /2008/ 18 дугаар зүйлийн 18.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 7 дугаар зүйлийн 7.3.1 Татварын ерөнхий хуулийн /2008/ 74 дүгээр зүйлийн 74.1 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006/17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтуудыг хэрэгжүүлэн 23,925,011.00 төгрөгийн төлбөр ногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байна.
10. Иймд хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 501 дугаартай магадлалыг хүчингүй болгож Татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталж өгнө үү.
ХЯНАВАЛ:
11. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна.
12. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь “...татвар төлөхийн тулд үйл ажиллагаа эрхэлж түүнээс орлого олсон байх ёстой, актад дурдсанаар тус компани вакум цонх, хаалт хийх ажил гүйцэтгэж, орлого олоогүй тул НӨАТ тайлагнах, татвар төлөх үндэслэлгүй. ...ямар баримтад үндэслэж татварын акт тавьсан нь ойлгомжгүй. ...иргэн хүнд оногдуулах байсан торгуулийг “Ч” ХХК-д оногдуулж хууль зөрчсөн...” гэж марган, “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 250011025 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
13. “Т” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь “Ч” ХХК-ийн 2011-2015 онуудын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт явуулж, татварын улсын байцаагчийн 250011025 дугаар актаар, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг үндэслэн, 317,272,727.2 төгрөгийн зөрчилд 15,909,172.8 төгрөгийн нөхөн татвар, 7,945,479.1 төгрөгийн торгууль, 22,768.2 төгрөгийн алданги, 47,590,9 төгрөгийн хүү, нийт 23,925,011.0 төгрөгийн төлбөр ногдуулсан байх бөгөөд хариуцагч нараас, маргаан бүхий актын үндэслэлийг “...Татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж төлөх үүрэгтэй, тус компани 2011-2015 онд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн “Х” тайлан гаргасан, компанийн удирдлага компанийнхаа нягтлан бодох, санхүүгийн үнэн зөвийг хариуцах ёстой байхад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн баримт, материал огт бүрдүүлээгүй мөртлөө үйл ажиллагаа явуулж байсан тул акт үйлдсэн, хууль зөрчөөгүй...” гэж тайлбарлана.
14. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно: 7.3.1. үйл ажиллагааны орлого”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ” гэж тус тус заасан.
15. Давж заалдах шатны шүүхээс “...нэхэмжлэгч “Ч” ХХК нь 2011 онд 158,636,363 төгрөгийн вакум цонх, хаалга хийх ажил гүйцэтгэсэн орлогыг аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж, татвар ногдуулаагүй зөрчил гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдоогүй, хариуцагчаас уг үнийн дүнг ямар баримтуудыг үндэслэн, хэрхэн тооцоолж гаргасан, мөн уг зөрчлийг хэрхэн хянан шалгаж, үйл баримтыг тогтоосон талаар шүүхэд бүрэн нотолж чадаагүй байна” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган, маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 250011025 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.
16. Учир нь, хэрэгт нотлох баримтаар авагдсан, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00811 дүгээр тогтоолоос үзвэл, “Т” ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Г” ХХК-тай вакум цонх, хаалга нийлүүлж, барилгад суулгах, мөн оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Б” ХХК-тай цагаан, хар замаска, паркетен шал, блинтус, вакум цонх, хаалга зэргийг хийж, нийлүүлэх гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр хийх ажлыг иргэн Б.Гээр туслан гүйцэтгүүлсэн нь тогтоогдсоны гадна, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн лавлагаагаар “Ч” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Бын Б болох нь тогтоогджээ.
17. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч “Ч” ХХК-ийг “Т” ХХК-тай 2011 онд вакум цонх, хаалга хийх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 158,636,363 төгрөгийн орлого олсон гэж шууд дүгнэх боломжгүй, өөрөөр хэлбэл иргэн Б.Гийн бусдад туслан гүйцэтгэгчээр ажиллаж олсон орлогыг “Ч” ХХК-ийн нэрийг ашиглан 158,636,363.6 төгрөгийн орлого хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий татварын улсын байцаагчийн 250011025 дугаар актаар, 317,272,727.2 төгрөгийн зөрчилд нийт 23,925,011.0 төгрөгийн төлбөр ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасантай нийцэхгүй байна.
18. Иймд хариуцагч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...гомдлын дагуу хийгдсэн татварын хяналт шалгалт нь “Ч” ХХК болон иргэн Б.Г, Б.Б нарын олсон орлого, явуулсан үйл ажиллагаанд хийгдсэн бөгөөд тус бүрдээ хуулийн хүрээнд шийдвэрлэгдсэн. ...анхан шатны шүүхэд тухайн татвар төлөгчтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж хүргүүлсэн. ...анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу, магадлалд дурдсан иргэн Б.Г, Б.Б нарт холбогдох татварын хяналт шалгалтын актыг гаргуулан нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой байсан” гэх хяналтын гомдлыг хангах боломжгүй байна.
19. Харин хариуцагчаас, иргэн Б.Гийн хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн эсэхийг хянан шалгаж, хуульд заасан арга хэмжээ авахад шүүхийн магадлал, тогтоол саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй юм.
20. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 501 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА