Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01714

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.О гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/01941 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.О гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Н д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 10,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Т.О миний бие хариуцагч С.Н д 2017 оны 02 сарын 13-ны өдөр 8,000,000 төгрөг, 2017 оны 02 сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн. Мөн хариуцагч дахин 2018 оны 09 сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлээч гэсэн тул 2018 оны 09 сарын 17-ны өдөр 1,200,000 төгрөг, 1,800,000 төгрөг шилжүүлж өгсөн. Хариуцагч С.Н д нийт 13,000,000 төгрөгийг түүний Хаан банкны 0000000000 тоот дансанд шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч Т.О нь 2020 оноос хойш удаа дараа хариуцагчаас мөнгөө төлөхийг шаардаж байсан бөгөөд хариуцагчийн зүгээс 2021 оны 05 сарын 01-ний өдөр 50,000 төгрөгийг бэлнээр, мөн Т.О гийн Хаан банкны 0000000000 тоот дансанд 2021 оны 10 сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 10 сарын 31-ний өдөр 1,400,000 төгрөг, нийт 2,950,000 төгрөгийг буцааж өгсөн. Иймд хариуцагч С.Н аас 10,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс зөвхөн өөрийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж С.Н тай зээлийн хэлцэл хийгдсэн гэж нотлохыг оролдсон байх боловч бодит зээлийн гэрээг хариуцагчтай хамтран амьдарч байсан А.М тай байгуулсан. Бас тэдний хооронд дан ганц зээлийн харилцаа байгаагүй бөгөөд орон сууц хөлсөлж, төлбөрийг зээлийн хүүгээс төлөх гэрээ давхар хийгдсэн. 2017 оны 02 сарын 13-ны өдөр С.Н ын хамтран амьдрагч А.М өөрийн өмчлөлийн ... тоотод байрлах 46.41 м.кв талбай бүхий орон сууцыг 1 жилийн хугацаагаар хөлслүүлэх гэрээг Т.О тай байгуулсан. Ингэхдээ 2017 оны 02 сарын 13-ны өдөр Т.О гаас А.М ад 10,000,000 төгрөг зээлдүүлж, зээлийн хүүд орон сууц хөлслөх гэрээний хөлсийг тооцож төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээг давхар байгуулсан. Бүх гэрээ хэлцэл Т.О болон А.М нарын хооронд хийгдсэн боловч зээлийн гэрээний 2.5-д заасны дагуу Р.Н ын 0000000000 тоот Хаан банкны дансанд зээлийн мөнгийг шилжүүлсэн. Зөвхөн дансны хуулгыг үндэслэн дан ганц Р.Н , Т.О нарын хооронд зээлийн харилцаа үүссэн мэтээр нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал, зээлийг А.М авч зарцуулсан тул төлөх үүргийг хуулийн дагуу А.М хүлээх бөгөөд Р.Н хамтран хариуцах үүрэг хүлээгээгүй. А.М нь 2020 оны 12 сарын 19-ний өдөр өвчний учир нас барсан. Гэвч С.Н ын зүгээс талийгаач А.М ыг хүндэтгэн сайн дураараа зээлийг төлж барагдуулсан. Зээлийг Т.О ийн эхнэр н.Г ы 0000000000 тоот дансанд төлж эхэлсэн бөгөөд удалгүй н.Г Т.О гийн данс руу шилжүүл гэж хэлснээр Т.О гийн 0000000000 тоот дансанд болон түүний төрсөн ах Т.О ийн 0000000000 тоот дансанд нийт 10,134,000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд С.Н зээлийн гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргийг хүлээгээгүй бөгөөд нэхэмжлэгч Т.О гийн нэхэмжилсэн 10,050,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Н аас 50,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.О гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н аас 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.О д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүх ...2017 оны 12 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу А.М гэрээний зүйлийг Р.Н ын дансанд шилжүүлж авахаар харилцан тохиролцсон нь Р.Н тай нэхэмжлэгч зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна... гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, маргааны үйл баримтын талаар эрх зүйн зөв дүгнэлт хийгээгүй болно.

4.б. Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Р.Н д 10,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай зээлэх, зээлийн хүүд хамтран амьдрагч А.М ын өмчлөлийн ... тоот хаягт байрлах 46.41 м.кв орон сууцыг хөлсөлж суухаар харилцан тохиролцож 2017 оны 02 сарын 13-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, хариуцагчийн Хаан банкны 0000000000 тоот дансанд шилжүүлсэн. Хариуцагч Р.Н нь нэхэмжлэгчээс дахин 2018 оны 09 сарын 17-ны өдөр 1,200,000 төгрөг, 1,800,000 төгрөгийг нэмж зээлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчид мөнгө төлөхийг зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийллээ хангалттай илэрхийлсэн байдаг. Хариуцагч Р.Н нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг хамтран амьдрагч А.М ыг захиран зарцуулсан, зөвхөн талийгаачийг хүндэтгэж зээлийн төлбөрийг нэхэмжлэгч талд төлсөн гэж тайлбарладаг боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан нотлох баримтыг гаргах үүргээ биелүүлээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан хариу тайлбарын агуулга: Т.О , А.М нарын хооронд зээлийн болон орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан. Бичгээр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон ч аман хэлбэрээр хэлцэл байгуулагдаж орон сууцыг хөлсөлсөн. 2022 оны 07 сарын 13-ны өдөр орон сууцыг чөлөөлсөн. Хариуцагч зээлийг удаа дараа төлсөн. Бүхий л харилцаа зээлийн гэрээний дагуу явагдсан. Үлдэгдэл зээлийн төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч С.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,050,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл Т.О гаас 2017 оны 02 сарын 13-ны өдөр 8,000,000 төгрөг, 02 сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 09 сарын 17-ны өдөр 1,200,000 төгрөг, 09 сарын 18-ны өдөр 1,800,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг С.Н д дансаар шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон. /хх 5-7/

Дээрх үйл баримтыг хэрэгт авагдсан А.М , Т.О нарын хооронд байгуулагдсан 2017 оны 02 сарын 13-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, Зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэгтэй харьцуулан дүгнэхэд ...Т.О нь 10,000,000 төгрөгийг А.М ад зээлдүүлж, зээлийн хүүд түүний өмчлөлийн орон сууцанд амьдрахаар харилцан тохиролцсон... гэх агуулгаар гаргасан хариуцагч талын тайлбарыг илүү үнэн зөв гэж үзэхээр байна. /хх 19, 20, 21/

Тодруулбал, Т.О нь 10,000,000 төгрөгийг 2017 оны 02 сарын 13-ны өдөр 1 жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлийн мөнгөн хөрөнгийг С.Н ын эзэмшдэг Хаан банк дахь 0000000000 тоот дансанд шилжүүлэх, уг зээлийн хүүд А.М ын өмчлөлийн ... тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцанд 2017 оны 02 сарын 13-ны өдрөөс 2018 оны 02 сарын 13-ны өдрийг хүртэлх 1 жилийн хугацаанд суух нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 21/

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зохицуулсан тул зээлийн мөнгөн хөрөнгийг С.Н ын эзэмшдэг дансанд шилжүүлэхээр Т.О , А.М нар харилцан тохиролцсон нь хууль зөрчихгүй, уг үйл баримт нь С.Н ыг зээл авсан гэж үзэх үндэслэл болохгүй. Үүргийн гүйцэтгэлийг хууль буюу гэрээнд заасан этгээдэд хүлээлгэн өгсөн байна.

Иймд Т.О гаас А.М д зээлдүүлсэн 10,000,000 төгрөгийн үүргийг С.Н хүлээхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

4. Харин Т.О гаас С.Н д шилжүүлэн өгсөн 2018 оны 09 сарын 17-ны өдрийн 1,200,000 төгрөг, 09 сарын 18-ны өдрийн 1,800,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг дээр дурдсан Т.О , А.М нарын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээ, Зээлийн гэрээ-тэй холбоотой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул уг 3,000,000 төгрөгийг С.Н нь Т.О гаас зээлдэн авсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь 2021 оны 05 сарын 01-ний өдөр 50,000 төгрөг, 2021 оны 10 сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөг, 10 сарын 31-ний өдөр 1,400,000 төгрөг, нийт 2,950,000 төгрөгийг хариуцагчаас авсан гэж тайлбарласан тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Н аас 50,000 төгрөг /3,000,000 2,950,000/-ийг гаргуулан нэхэмжлэгч Т.О д олгох нь зүйтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/01941 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 08 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 176,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Д.НЯМБАЗАР