Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01716

 

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/02574 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Б ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.О д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Р.Б , түүний өмгөөлөгч Ц.М , хариуцагч С.О , түүний өмгөөлөгч Н.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: 2017 оны 03 сарын 02-ны өдөр С.О над руу утсаар ярьж ...ахдаа 100,000,000 төгрөг зээлүүлээч, Заамараас алт сайн гарсан газраас их хэмжээгээр чулуу худалдан авах гэсэн юм... гэж хэлсэн. Тухайн үед би С.О ийг Заамараас 1 ховоо чулууг 15,000,000 төгрөгөөр худалдан авч тэрнээс их хэмжээний алт гарсан гэж дуулсан байсан. Энэ газар руу манай нөхөр Н.Н бас явсан. С.О ийг мөнгө гуйхад нь ...хүүхдийн сургалтын төлбөр төлнө... гэхэд ...надад туслаач, би шүүхээс ял авах гээд байна, чулуугаа янзлаад мөнгийг чинь удахгүй өгнө... гэж хэлсэн. Тэгээд тохиролцож 2017 оны 03 сарын 02-ны өдөр С.О ийн өгсөн данс руу 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Надад байсан мөнгө хүрэлцэхгүй байсан учраас хадгаламж барьцаалан зээл авч С.О рүү мөнгө шилжүүлсэн. Ингээд 2017 оны 03 сарын 02-ны өдөр С.О ийн өгсөн 0000000000 тоот данс руу 43,300,000 төгрөг, 56,700,000 төгрөг гэж 2 хувааж шилжүүлсэн. 56,700,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн утга дээр тодотгон бичиж зээлдүүлсэн. Иймд С.О д зээлдүүлсэн 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: 2017 оны 03 сарын 02-ны өдөр Р.Б над руу 100,000,000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. Нөхөр Н.Н нь ...Заамарт банк ажиллахгүй байна, Р.Б чамд 100,000,000 төгрөг шилжүүлнэ, бэлэн болгоод надад аваад ирээрэй... гэж хэлсэн. Би 2017 оны 03 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод Н.Н ын Land Cruiser маркийн машиныг засуулах гээд байж байсан, тэгээд ажиллаж байсан банкнаас 40,000,000 төгрөгийг бэлнээр авч Н.Н т хүргэж өгсөн. Үлдэгдэл мөнгөнөөс экскаваторын хөлсөнд 0000000000 дугаартай н.О гэх дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн. 2,209,000 төгрөгөөр Н.Н ын 00-00 дугаартай автомашиныг засуулсан. Н.Н 0000000000 дугаартай дансанд 2,100,000 төгрөгийг шилжүүл гэхээр нь би шилжүүлсэн. 50,000,000 төгрөгийг бэлнээр Баруун хараагаас авч Н.Н т өгсөн. Үлдэгдэл мөнгөөр бензин хийсэн. Би ямар ч мөнгө аваагүй. 100,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.О ээс 100,000,000 төгрөг гаргуулж Р.Б т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 815,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О ээс 815,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Б т олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. 2022 оны 02 сарын 21-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн 00302 дугаартай магадлалаар ...С.О , Н.Н нар хамтын ажиллагааны үндсэн дээр авсан эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай, зээлэв гэх утгатай мөнгөн шилжүүлгийн баримтыг үндэслэн дүгнэлт хийх боломжгүй, гэрч Н.Н ын маргааны үйл баримтын талаар өгсөн 2 удаагийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байна, уг мэдүүлгийн зөрүүтэй байдлын талаар дүгнэлт хийх шаардлагатай, шүүхээс нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн байна, зүй нь шүүх тухайн утасны ярианд юу бичигдсэн, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар хариуцагч мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн эсэхийг эхлээд үзлэг хийж бэхжүүлсний үндсэн дээр нотлох баримтаар үнэлэх эсэхээ шийдвэрлэх ёстой... гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүхэд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байдаг.

4.б. Гэвч анхан шатны шүүх Н.Н ыг гэрчээр 3 дахь удаагаа асуухдаа зөрчил гаргасан ба Н.Н нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө ...С.О 100,000,000 төгрөгийн 45,000,000 төгрөгөөр Заамараас тус 4 Хово чулуу худалдаж авсан. С.О ийн ах дүү нар алтны уурхайтай гээд тэдний техник ашиглаж ажилласан гээд 17,000,000, 18,000,000 төгрөгийн хөлс өгсөн. 4 Хово чулууг Баруун хараад хүргэж өгсөн хөлс 8,000,000 төгрөг, ажилчдын хоол хүнс 2,000,000 төгрөг, ажилчдын цалин 2,000,000 төгрөгийг төлсөн. С.О Хар морьт гэх газар руу алтны шороонд гарч 2017 оны 04 сард С.О надад 20,000,000 төгрөгийг Д.Б д өгчих гэж өгсөн. Би Б гэх залуутай хамт явж 20,000,000 төгрөгийг Д.Б д өгсөн. Д.Б надаас С.О ийг асуусан. Дараа нь 05 сарын сүүлээр С.О ирж 40,000,000 төгрөг надад өгөөд үүнийг Д.Б д өгчих гэхээр нь би С.О ийг хоёулаа хамт явья гээд дагуулж Д.Б тай уулзуулж үлдэгдэл хэдэн төгрөг гэж тохироод явсан. Дараа нь С.О Д.Б д дахиад 20,000,000 төгрөгтэй ирээд 7 сард, эсхүл 8 сард 20,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг С.О , Д.Б д өгсөн. Эхний 20 000 000 төгрөгийг би Б ийн хамт очиж Д.Б д өгсөн... гэж дахин худал мэдүүлдэг бөгөөд бодит байдлаас зөрүүтэй мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээс харагддаг. Гэрчийн мэдүүлгүүд илт зөрүүтэй байхад ...Н.Н ын мэдүүлэг үнэн зөв байна... хэмээн үндэслэлгүйгээр дүгнэж, өмнө нь хэрэгт гэрчээр оролцсон бүх гэрчүүдийн мэдүүлгийг дураараа үгүйсгэж шийдвэр гаргасан нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой, шударгаар шийдвэрлэсэн гэж хэлэх ямар ч нөхцөлгүй байна.

4.в. Мөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд дурдсанаар 3 удаагийн сиди бичлэгт үзлэг хийсэн бөгөөд үзлэг хийхдээ зөрчил гаргаснаас гадна уг үзлэгээр С.О , Р.Б нарын хооронд 100,000,000 төгрөгийн асуудал байсан нь огт тогтоогдоогүй, эвлэрүүлэн зуучлахаар орж шийдвэрлэгдсэн 50,000,000 төгрөгийн асуудал яригдсан болох нь тодорхой болсон. Гэвч 2022 оны 02 сарын 21-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Б нь ...анхан шатны шүүхээс үзлэг хийлгэхээр хүлээж аваагүй 3 ширхэг ярианы бичлэгээр би О д 100,000,000 төгрөгийг зээлүүлсэн нь тогтоогдоно... хэмээн худал хэлж хэргийг анхан шатны шүүхэд буцаалгах нэг үндэслэл болгож байсныг энд онцлон дурдмаар байна. Зохигчдын гаргасан тайлбар нь нотлох баримтад хамаардаг бөгөөд Р.Б өмнө нь шүүхэд өгсөн тайлбартаа ...манай нөхөртэй явсан учир би С.О ээс түүний тал мөнгө болох 43,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно... гэсэн нь анхнаасаа зээл өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байсныг шүүхээс авч хэлэлцэлгүйгээр ...хариуцагч мөнгө шилжүүлж авсан талаар маргаагүй байна, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна... гэж илт нэг талыг барьж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч С.О өөрийн дансаар мөнгө шилжин орсон талаар маргах нь утгагүй зүйл юм. Гэхдээ уг мөнгө ямар зорилгоор, юунд зориулагдаж шилжин орж ирснийг бодитойгоор тогтоох нь хэрэгт ач холбогдолтой.

4.г. С.О нь Р.Б ээс 100,000,000 төгрөгийн зээлийг огт аваагүй болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 21, 51, 53, 55, 69, 70 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогдсон. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 119-120 дугаар талд авагдсан Н.Н ын гэрчийн мэдүүлэг нь Р.Б , С.О нарын хооронд үүссэн өмнөх 50,000,000 төгрөгтэй холбоотой гэдгийг нотолж байгаа ба 100,000,000 төгрөг зээлсэн гэх ямар ч зүйл яригдаагүй байна. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар талд авагдсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжид дурдсан агуулга нь Р.Б , С.О нарын хооронд 2016 онд үүссэн 50,000,000 төгрөгийн зээлийн маргаан байсан гэдгийг мөн адил нотолж байна. 2016 онд 50,000,000 төгрөгөө өгөөд авч чадаагүй хүн 2017 онд 100,000,000 төгрөгийг зээлийн гэрээ ч байгуулалгүйгээр зээлэхгүй. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дугаар талд авагдсан гэрч С.З ын мэдүүлгээс үзэхэд мөн л өмнөх 50,000,000 төгрөгтэй холбоотой маргаан болж байсныг нотолж байхаас бус 100,000,000 төгрөгийн маргааны талаар огт яригдаагүйг нотолж байна. Түүнчлэн, 1 дүгээр хавтаст хэргийн 137 дугаар талд гэрч Ж.Г ын мэдүүлэг авагдсан бөгөөд уг мэдүүлгээр Р.Б нь нөхөр Н.Н тайгаа нийлж яг ижил технологоор бусдыг залилдаг буюу нөхөр Н.Н нь бусдын дансаар эхнэрээсээ шилжүүлүүлж мөнгө авдаг, эхнэр Р.Б нь гүйлгээний утга дээр Зээлэв гэж бичдэг, үүнийг нь хүлээн авч байгаа хүн банкны гүйлгээний мессэж ирдэг үйлчилгээнд холбогдоогүй тохиолдолд утгыг нь тухайн үед мэдэж чаддаггүй, сүүлд шүүхэд гэнэт хандахад энэ талаар мэдсэн гэсэн зүй тогтол харагдаж байна. Мөн гэрч Ж.Г ын мэдүүлгээр С.О ийн дансны хуулган дээр байсан З.Б гэдэг хүний тухай яригдсан бөгөөд энэ хүн Р.Б ийн нөхөр Н.Н ын найз бүсгүйтэй холбоотой хүн болох нь тодорхой болсон. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 247 дугаар талд гэрч Д.Б ын мэдүүлэг авагдсан бөгөөд уг мэдүүлгээр нэхэмжлэгч Р.Б , гэрч гэх Н.Н нарыг худал мэдүүлж байгааг баталж байна. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 165-168 дугаар талд Р.Б ийн ... аймгийн ... сумын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл авагдсан бөгөөд тухайн өргөдөлд 100,000,000 төгрөгийн асуудал яригдаагүй болохыг дурдах нь зүйтэй. Өргөдөл нь үндэслэлгүй учир прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгахаас татгалзаж шийдвэрлэсэн ба 50,000,000 төгрөгийн маргааныг өмнө нь эвлэрүүлэн зуучлалын тусламжтайгаар шүүхээр шийдвэрлүүлсэн атлаа дахин цагдаад хандаж, С.О ийн өмнөх шалгагдаж байсан эрүүгийн хэргийг сэргээнэ гэх дарамталсан үйлдэлдээ оролцуулан ашигласан болох нь харагдаж байна. С.О болон Р.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3 дахь хэсэгт заасан харилцаа огт үүсээгүй нь дээрх үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

4.д. Р.Б нь 100,000,000 төгрөгийг өөрийн нөхөр Н.Н т С.О ээр дамжуулан шилжүүлж буй учраас гэрээ байгуулаагүй. Анх 43,300,000 төгрөг нэхэмжилж байснаа гэнэт шаардлагаа ихэсгэж, 56,700,000 төгрөг нэмж шаардсан нь өөрийнхөө гаргасан хуурамч нэхэмжлэл, заль мэх нь явуургүй болмогц шаардлагаа ихэсгэж их зүйл нэхвэл бага дээр бууна гэсэн бодлоор хандаж байгаагийн илрэл мөн. С.О нь Р.Б ээс 100,000,000 төгрөгийг зээлж авах талаар аман болон бичгээр ямар ч тохиролцоо хийгээгүй бөгөөд эдгээрийн хүмүүсийн хооронд зээлийн гэрээний харилцаа огтхон ч үүсээгүй болно. Мөн эхнэр, нөхөр болох нэг гэр бүлийн хүмүүс нэгнийхээ эрх ашгийг хохироосон мэдүүлэг өгөхгүй нь хэнд ч ойлгомжтой ба ийм хүний мэдүүлгийг гол нотлох баримтаар тооцож, бусад нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэж шийдвэрлэх нь анхан шатны шүүх хууль зөрчиж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн хэрэг мөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбарын агуулга: Талуудын хооронд 2017 оны 03 сарын 02-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Уг зээлийн гэрээг байгуулахдаа хариуцагч мөнгийг хурдан шуурхай буцааж өгнө гэж амаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Хариуцагчийн дансанд 2 удаагийн гүйлгээгээр мөнгийг шилжүүлсэн болох нь хэргийн 4 дүгээр талд авагдсан баримтаар нотлогдоно. Хариуцагч мөнгийг хэрхэн захиран зарцуулсан талаар мэдүүлж байгаа боловч анхан шатны шүүх хуралдаанд хүсэлт гаргаж Н.Н ыг гэрчээр асуулгасан бөгөөд 3 удаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй мэдүүлээгүй. Мөнгө өгсөн болохыг нотолж дансны хуулгыг гаргаж өгсөн. Гэрч Н.Н нэхэмжлэгчээс 100,000,000 төгрөг зээлэх шаардлагагүй, уг мөнгийг аваагүй гэдгээ хэргийн 49-50 дугаар тал, 190-191 дүгээр тал авагдсан баримтаар хангалттай нотолсон. Гэрчийн мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Н.Н , С.З , Ж.Г , Б.Б , В.Б нарын гэрчийн мэдүүлгийг гомдолд тусгасан. В.Б нь орон зай, цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Н.Н нь хариуцагч нэхэмжлэгчид мөнгө өгөх ёстой байсан талаар нотолдог. Гэрч С.З ын өгсөн мэдүүлгээс 2018 оны 07 сар эсхүл 2018 оны 07 сарын аль нь болохыг шүүгч тодруулж асуусан. Хариуцагч 2017 оны 07 сар гэж худал тайлбар гаргадаг. Ж.Г д хэрхэн мэдүүлэг өгөх талаар хариуцагч хэлсэн. Нэхэмжлэгч болон Ж.Г нарын маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолыг хавсаргасан. Гэрч Б.Б ас 100,000,000 төгрөгийн талаар шүүгч асуусан боловч асуултад хариулаагүй. ... аймгийн ... сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл, прокурорын тогтоолуудыг хэрэгт ирүүлсэн. Хариуцагч нэхэмжлэгчээс мөнгө зээлэхдээ ...ах нь хүний нүд сохолсон, 8 жилийн ял авах гээд байна, ахдаа туслаач... гэж гуйсны дагуу өөрийн хүүхдийн сургалтын төлбөрийг зээлүүлсэн. Уг хэрэг маргаан 2017 оны 01 сараас эхэлсэн. Хариуцагч гомдолд тайлбар гаргахдаа 2016 оны зээлийн асуудлаас болж талууд маргаад байгаа гэж худал тайлбар гаргадаг. Талуудын хооронд 2016 онд зээлийн гэрээ байгуулагдаагүй, ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. Тухайн үед нэхэмжлэгч мөнгийг нэхэмжлэх гэтэл эх нь хэвтэрт, нөхөр нь салсан, хүүхэд нь гадаад улсад суралцдаг байсан тул улсын тэмдэгтийн хураамжийг өндөр дүнгээр төлөх боломжгүй байсан тул 43,300,000 төгрөгийг нэхэмжилсэн талаар тайлбарласан. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагыг 56,700,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Уг хэрэг маргаан нь нэхэмжлэгч, хариуцагч, болон гэрч Н.Н нарын хоорондын үйл явдлаас үүссэн 100,000,000 төгрөгийн маргаан юм. Нэхэмжлэгч бодитойгоор зээлсэн мөнгөө шаардаж байгаа тул давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж шаалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч С.О д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43,300,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 56,700,000 төгрөгөөр ихэсгэж, нийт 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүсчээ. /1хх 1, 144/

 

3.   Хавтаст хэрэг 1-ийн 4-р талд авагдсан Хаан банкны депозит дансны хуулга, зохигчдын тайлбараас үзвэл Р.Б ээс 2017 оны 03 сарын 02-ны өдөр 43,300,000 төгрөгийг Б-с зээлэв гэсэн утгатайгаар, 56,700,000 төгрөгийг Б-с зээлдүүлэв гэсэн утгатайгаар тус тус С.О д шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч С.О нь 100,000,000 төгрөгийг Р.Б ээс дансаар хүлээн авсан үйл баримтын талаар маргадаггүй боловч ...Р.Б тэй зээлийн гэрээний харилцаанд ороогүй, Р.Б нь өөрийн нөхөр Н.Н т 100,000,000 төгрөгийг түүгээр дамжуулан өгсөн... гэсэн үндэслэл зааж маргасан байна. /1хх 14, 51, 219-222/

 

4.   Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Р.Б ээс нийт 100,000,000 төгрөгийг С.О ийн эзэмшдэг данс руу шилжүүлсэн нөхцөл байдал, гүйлгээний утгыг Б ээс зээлдүүлэв гэж бичсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхэд Р.Б , С.О нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч нь ...Р.Б нь өөрийн нөхөр Н.Н т надаар дамжуулан 100,000,000 төгрөгийг өгсөн... гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулж гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

 

5. Хариуцагч талын гаргасан ...анх 43,300,000 төгрөг нэхэмжилж байсан Р.Б яагаад гэнэт шаардлагаа ихэсгэж 56,700,000 төгрөг нэмж шаардав. Энэ нь Р.Б өөрийнх нь гаргасан хуурамч нэхэмжлэл, заль мэх нь явуургүй болмогц шаардлагаа ихэсгэж их зүйл нэхвэл бага дээр бууна гэсэн бодлогоор хандаж байгаагийн илрэл... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх эрхтэй.

 

6. ...Анхан шатны шүүх гэрч Н.Н ын зөрүүтэй мэдүүлгийг үнэлж шийдвэр гаргасан... гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Н.Н ыг гурван удаа гэрчээр асуужээ. /1хх 69, 188-190, 2хх 48-52/

Тодруулбал, гэрч Н.Н нь 2020 оны 09 сарын 16-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ...С.О хэрэгт холбогдсон байсан учир мөнгөний хэрэг байна гэхэд нь найздаа туслах гэж эхнэрээс мөнгө зээл би чадахгүй гэхэд С.О эхнэртэй ярьж данс руугаа 100,000,000 төгрөг хийлгэж авсан..., ...30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн..., ...00-00 улсын дугаартай Ланд-100 маркийн автомашин миний машин... замд машин эвдэрсэн тул засвар хийсэн..., ...Би тусдаа 20,000,000 төгрөгтэй явсан... гэж, 2021 оны 11 сарын 24-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ...Би өөрт байсан 20,000,000 төгрөгөө ... аймгийн ... сумын ... гэх газар чулуу худалдан авах зорилгоор авч очсон..., ...С.О нь манай эхнэрээс 100,000,000 төгрөг зээлж аваад миний байгаа газар ирсэн... гэж, 2022 оны 07 сарын 07-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ...С.О надад туслаач гээд гуйгаад байхаар нь Р.Б ээс өөрөөс нь гуйгаад үзээрэй ... гэж хэлсэн. ...С.О манай эхнэр Р.Б тэй яриад 100,000,000 төгрөг авчихлаа, араас чинь очиж байна гэж надтай утсаар ярьсан... гэж тус тус мэдүүлсэн нь тогтвортой байна.

Өөрөөр хэлбэл, гэрч Н.Н нь С.О түүний эхнэр Р.Б ээс 100,000,000 төгрөг зээлж авсан, өөрөө 20,000,000 төгрөгтэй явсан талаар тогтвортой мэдүүлэг өгсөн байна.

 

7. Иймд Р.Б нь С.О д 100,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, үүнээс Н.Н 30,000,000 төгрөгийг бэлнээр авсан, 209,000 төгрөгөөр автомашинаа засуулсан байх тул хариуцагч С.О ээс 69,791,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Б т олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Р.Б ээс С.О 100,000,000 төгрөгийг зээлдэн авсан талаар Н.Н ын өгсөн гэрчийн мэдүүлгийг үнэлсэн атлаа уг зээлийн мөнгөн хөрөнгөөс 30,000,000 төгрөгийг бэлнээр авсан, автомашинаа засуулсан талаар өгсөн түүний мэдүүлгийг үнэлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

8. Хэрэгт авагдсан ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 1285 дугаар захирамжаар С.О ээс 50,000,000 төгрөг гаргуулах тухай Р.Б ийн шаардлагын хүрээнд зохигчид эвлэрсэн нөхцөл байдал нь тус маргаанд хамааралгүй /1хх 106-107/, мөн шүүхээс 2022 оны 06 сарын 28-ны өдөр хийсэн үзлэгээр /2хх 10-26/ тус маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 2 дахь заалтаар нотлох баримт хасч шийдвэрлэсэн нь буруу. Нотлох баримт хасах эсэх асуудлыг шийдвэрээр бус захирамжаар шийдвэрлэх учиртай. Энэхүү зөрчил нь шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний зөрчил биш тул уг заалтыг хүчингүй болгох замаар анхан шатны шүүхийн алдааг залруулах нь зүйтэй.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/02574 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...100,000,000 /нэг зуун сая/ төгрөг гаргуулж, Р.Б т олгосугай... гэснийг ...69,791,000 төгрөг гаргуулж Р.Б т олгож, үлдэх 30,209,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан, ...56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт... гэснийг ...56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт... гэж, ...815,000 төгрөг... гэснийг ...506,950 төгрөг... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 08 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Д.НЯМБАЗАР