Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01719

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01719

 

2022 09 14 102/МА2022/01719

 

 

Э.Д-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/02895 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Э.Д-

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2783 дугаар захирамжаар Н.Б, Э.Э, Э.Д-аас 190,287,484 төгрөгийг гаргуулж А ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Дэлхий дахинд коронавируст халдвар тархсаны улмаас Монгол улсын хил хаагдах, арматур, барилгын материалын үнэ нэмэгдэх болон бусад асуудлаас шалтгаалан үл хөдлөх эд хөрөнгө 1 м.кв тутамдаа 2,000,000 төгрөгөөс дээш үнээр үнэлэгдэх болж үнэ нэмэгдсэн.

Иймд барьцаа хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон тул дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах шаардлага гаргасан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09/442 тоот гомдолд хариу өгөх тухай албан бичгээр хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 13/59, 4-157/24498 дугаар тогтоол мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр таны оршин суух хаягт хүргүүлсэн байх тул дуудлага худалдааг хүчингүйд тооцох үндэслэлгүй байна гэж шийдвэрлэснийг миний бие эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Учир нь би уг тогтоол мэдэгдлийг гардаж аваагүй, мэдээгүй тул Ншшгг-ын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаанаас Э.Д-ын үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчингүй болгож, дээрх хөрөнгөний үнэлгээг дахин тогтоолгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2783 дугаар захирамжаар Н.Б, Э.Д-, Ц.Э нараас 190,287,484 төгрөгийг гаргуулж А банкинд олгох, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Э.Д- эд хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 552 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тухай 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 334 дүгээр тогтоол гарсан.

Гэтэл нэхэмжлэгч нь уг үнэлгээг тогтоолгосноос хойш 1 жил 6 сарын дараа үнэлгээг хийлгэх хүсэлтийг үнийн өсөлттэй холбоотой гаргаж байгааг зөвшөөрөхгүй.

Төлбөрт хураагдсан эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнэ 350,342,000 төгрөгийн 50 хувь буюу 175,171,000 төгрөгөөр тус газраас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 175,171,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Э.Д-ын хаягаар мэдэгдэх ажиллагааг хууль зааснаар гүйцэтгэсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул нэхэмжлэгч Э.Д-ын үнэлгээ дахин тогтоолгохыг даалгах, дуудлага худалдааны холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч НШШГГ-т холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааны Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 10 айлын * дугаар гудамж, **Д тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-********** дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар; Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 10 айлын * дугаар гудамж, **Д тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэгдсэн 176 м.кв талбай бүхий гахайн байр, гараж, ажилчдын байрны тус тус зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 10 айлын * дугаар гудамж, **Д тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэгдсэн 120 м.кв талбай бүхий хувийн сууц; Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 10 айлын * дугаар гудамж, **В тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-********** дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний газар; Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 10 айлын * дугаар гудамж, **В тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэгдсэн 78 м.кв талбай бүхий, 2 давхар хувийн сууц; Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 10 айлын * дугаар гудамж, **Г тоот хаягт байрлах, нэгж талбарын 18661313386876 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбай бүхий, эзэмшлийн газар; Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 10 айлын * дугаар гудамж, **Г тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэгдсэн 60 м.кв талбай бүхий, 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хөрөнгийн үнэлгээ дахин тогтоолгохыг хариуцагчид даалгах тухай, нэхэмжлэгч Э.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлодгод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1. Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан тухайд

Шийдвэр гүйцэтгэгч нь хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэлийг дуудан ирүүлж, гардуулах ажиллагаа болон биечлэн хүргүүлэх ажиллагааг огт хийгээгүй. Мөн нэхэмжлэгч рүү утсаар огт залгаагүй, дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй. Шийдвэр гүйцэтгэгч нь өмнөх хоёр ажиллагааг огт хийгээгүй атлаа шууд шуудангаар мэдэгдлийг хүргүүлсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүх дээрх гурван арга хэмжээний аль нэгийг нь сонгон авч ажиллагааг явуулах боломжтой мэтээр, шууд шуудангаар хүргүүлэх боломжтой мэтээр хууль тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

2. Нотлох баримтад үндэслэлгүй хэргийг шийдвэрлэсэн тухайд:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Д- нь шүүхийн шийдвэрүүдэд дурдсан өөрийн оршин суух хаяг, утасны дугаар өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдснийг НШШГГ-т мэдэгдсэн, ийнхүү мэдэгдэж байсантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.10 дах хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр төлөгчийн оршин суух хаягийн харьяаллын дагуу тухайн тойргийн шийдвэр гүйцэтгэгчид харьяалагдан ажиллагаа явагддаг тул шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн хаягийг байнга тодруулж байх үүрэгтэй. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь энэхүү үүргээ гүйцэтгэсэн баримт хэргийн материалд огт байхгүй. Мөн Э.Д-ыг Сүхбаатар дүүрэгт оршин суудаг гэж хаягийг тодорхойлсон бол хуульд заасны дагуу тэмдэглэл үйлдэж, ахлах шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэгтэй. Үүнтэй холбоотой ажиллагаа огт хийгдээгүй.

Мөн илэрхий нотлох баримтыг үнэлээгүй буюу тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах болсон үндсэн шийдвэр нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/02783 дугаар шүүгчийн захирамж билээ. Энэхүү захирамжийн хариуцагч гэх Э.Д-ын хаяг нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 10 айл, * гудамж, **в тоот гэж тодорхойлсон. Мөн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ГХ2019/00560-А дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас дээрх Э.Д-ын хаяг нь мөн Баянзүрх дүүргийн хаяг бичигдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийг харьяалах нутаг дэвсгэрийн харьяалах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэхээр заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхцэнд нь 159-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдана.

3. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Э.Д- нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хариуг хэзээ хүлээн авсан болохоо тодорхойлоогүй тул мөн өдөр хүлээн авсан гэж үзэхээр байх ба мөн өдрөөс тооцоход тэрээр уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар байна. Тус шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан нь түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор гэж үзэх боломжгүй, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт тус тус заасныг шүүх хэрэглээгүйд гомдолтой байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

3. НШШГГ- нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31ий өдрийн 101/ШШ2018/02783 дугаар захирамжаар Н.Б, Э.Д-, Ц.Э нараас 190,287,484 төгрөгийг гаргуулж А банк ХХК-д олгож, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, 10 айл, * дугаар гудамж, **Д тоот хаягт байршилтай Ү-********** тоот улсын бүртгэлийн дугаартай 120 м.кв талбайтай хувийн орон сууц, Ү-********** тоот улсын бүртгэлийн дугаартай 176 м.кв талбайтай гахайн байр, ажилчдын байр, Г-********** тоот улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай газар, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, төвийн 10 айлын * дугаар гудамж, **В тоот хаягт байршилтай Ү-********** тоот улсын бүртгэлийн дугаартай 78 м.кв талбайтай хувийн сууц, Г-********** тоот улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай газар, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, 10 айл, ** дугаар гудамж, **Г тоот хаягт байршилтай Ү-********** тоот улсын бүртгэлийн дугаартай 360 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, 18661212386876 тоот нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./хх-ийн 7-8/

Иргэн, хуулийн этгээд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан.

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 04 дүгээр сарын 29ий өдрийн 101/ГХ2019/00560-А дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 20380231/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 20380231/5 дугаар тогтоолоор хураан авчээ. /хх. х44/

5.а. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9/479 дугаар тогтоолоор шинжээчээр В ХХК-ийг томилж, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгө үнэлгээний тайлангаар шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгөний зах зээлийн үнийг 350,342,000 төгрөг гэж үнэлжээ. /1хх. х99-100, 103-150/

5.б. Дээрх үнэлгээний үнэлгээг эс зөвшөөрч гаргасан төлбөр төлөгч Э.Д-, Ц.Э нарын гомдлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00552 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 685 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2021/00334 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцэхээс татгалзсан байна. /1хх. х191-200/

5.в. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн  55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч нь В ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн зах зээлийн үнэ болох 350,342,000 төгрөгийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон байдлыг баримтаар нотлоогүй.

5.г. Хариуцагч НШШГГ-т холбогдох, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 10 айл, * дугаар гудамж, **Д тоотод байрших Ү-**********, Ү-**********, Г-**********, Ү-**********, Г-**********, Ү-********** дугаартай хөрөнгөнд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэгч Э.Д-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ .

6.а. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны  12 дугаар сарын 07-ны өдрийн 13/39 дугаартай тогтоолоор дээрх хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 350,342,000 төгрөгийн 50 хувь болох 175,171,000 төгрөгөөр 2021оны 12 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон худалдан борлуулахаар шийдвэрлэж, мэдэгдлийг төлбөр төлөгч Э.Д-т хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлджээ. /1хх. х 203-208/

6.б. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00552 дугаар шийдвэрт Э.Д-ын өөрөө тодорхойлсон Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, Ц гудамж, А ХХК-ийн байр, * тоот хаяг-аар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4-159/24498 тоот мэдэгдлийг хүргүүлэхээр Монгол шуудан ХК-д хүлээлгэн өгсөн. /1хх. х207-208/

6.в. Э.Д- нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/02783 дугаар шийдвэрт Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, 10 айл, * гудамж, **в тоот гэж, тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00552 дугаар шийдвэрт Сүхбаатар дүүрэг, Ц гудамж, А ХХК-ийн байр, 2 тоот гэж, оршин суугаа хаягийг өөр өөр байдлаар тодорхойлсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар оршин суугаа хаягийн өөрчлөлтийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

7. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 4-159/31707 тоот, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4-159/33284 тоот, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4-159/36075 тоот, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4-159/3808 тоот мэдэгдлүүд болон 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд ...Э.Д-т өгнө гэж эцэг Ц.Э хүлээн авч, гарын үсэг зурсан байна. /1хх 82, 90, 153, 167, 171/

Дээрхээс дүгнэвэл төлбөр төлөгч Э.Д- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй гэж үзэхээр байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт  зааснаар төлбөр төлөгч Э.Д-ыг ирүүлж гардуулах ажиллагааг гүйцэтгэх боломжгүй тул Монгол шуудан ХК-аар хүргүүлсэн ажиллагааг буруутгах боломжгүй, Төлбөр төлөгч Э.Д-т мэдэгдсэн гэж үзнэ. Энэ талаар давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Анхан шатны шүүх хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэсэн хуульд нийцсэн байна.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/02895 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР