Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01732

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Э ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01977 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Э ийн нэхэмжлэлтэй, хариуцагч УМЭАЦТЛ УТҮГ-т холбогдох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Э , түүний өмгөөлөгч Л.Д , хариуцагчийн төлөөлөгч Ө.Г , хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Ц.Э миний бие УМЭАЦТЛ д 22 жил ажилласан. Гэвч тус байгууллагын захирлын 2022 оны 04 сарын 07-ны өдрийн №А/00 дугаартай тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг үүрэгт ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Уг тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасныг үндэслэжээ. Энэхүү заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх зохицуулалт байна. УМЭАЦТЛ н хүнсний аюулгүй байдал, байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо тандалтын албаны дарга нь төрийн жинхэнэ албан тушаалд хамаарахгүй тул энэхүү заалтыг үндэслэж намайг ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Мөн уг тушаалд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2-т заасныг үндэслэжээ. Даатгуулагч 4.3.2-т заасан шаардлагыг хангасан бол өөрөө тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргах эрх нээгдэж байгаа зохицуулалт тул ажил олгогч энэ заалтыг үндэслэж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, гэрээг цуцлах хуулийн үндэслэлгүй юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бий. Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийн 80.1.1-80.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон бол цуцлахаар заасан. Гэтэл хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй байхад миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус юм. Иймд Ц.Э намайг УМЭАЦТЛ н Хүнсний аюулгүй байдал, байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо, тандалтын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. УМЭАЦТЛ н захирал миний бие 2022 оны 03 сарын 01-ний өдөр захирлын албан тушаалд томилогдсон бөгөөд намайг ажил авахад Ц.Э , Д.Ц гэх 2 ажилтны нэр болон тус бүрт тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмж УМЭАЦТЛ н санхүүгийн программд суугдаж төсвийн мэдэгдлийг 2021 оны 07 сарын 29-ний өдөр Сангийн яамны www.opengo.mn санхүүгийн программ хүлээн авч, баталгаажуулсан, 2021 оны 08 сарын 10-ны өдөр Сангийн яамны санхүүгийн программаас батлагдсан төсвийн төслийг Улсын Их Хурал баталсан байсан. Улмаар төсөвт 1 жилийн өмнө тэтгэмжийн мөнгө ба нэр нь суугдсан Ц.Э , Д.Ц нарт мэдэгдэх хуудсыг хөдөлмөрийн гэрээ цуцлахаас 1 сарын өмнө өгсөн болно. Хүнд, хортой лабораторийн орчинд олон жил ажилладаг ажилтан, албан хаагчид эмэгтэй бол 55 нас, эрэгтэй бол 60 нас хүрээд тэтгэвэрт гардаг уламжлалтай. Ц.Э эмчийн хувьд 22 жил тус байгууллагад ажиллаж байгаа бөгөөд энэ жишгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа, өөрөө Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга байсан. Түүнээс гадна Ц.Э эмч нь 56 настай бөгөөд 55 нас хүрээд тэтгэвэрт гардаг жишгээс 1 жил хэтэрсэн, тэтгэвэрт гарах цаг үе нь болсныг заавал албан бичиг хүсэлтээр өгсөн өгөөгүй өөрөө мэдэж байсан, ярьж байсан. Дээрх 2 эмч 2-уулаа дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд уулзалтын тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан, аудио дуу хураагуурт тэмдэглэгдэн үлдсэн болно. УМЭАЦТЛ нь оношилгоо, шинжилгээ хийдэг, химийн болон биологийн эм урвалж өдөр тутам ашигладаг лаборатори бөгөөд байгууллагын захирал хүртэл хэвийн бус нөхцөлд хамаарна. Ц.Э нь Хүнсний эрүүл ахуй, байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо тандалтын албаны дарга байхдаа хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу хариуцсан тасгийн ажилчдын тэнцвэртэй байдлыг хангаагүй, ажлын цаг баримталдаггүй, төсөл хөтөлбөр болон дээрээс өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй зэрэг олон зөрчил илэрч байсны дээр хүнсний ариун цэвэр эрүүл ахуйн шилжилгээнд ирүүлж байсан тахиа, гахайн мах, махан бүтээгдэхүүний дээж, сорьцыг тасгийн ажилчидтайгаа хамтран хувааж авч гэрлүүгээ явах үйлдлийг олон удаа гаргаж тэр нь нотлогдож байсан ба улсын онцгой обьектын хамгаалалтын гэрээ, шалган нэвтрэх журамд заасан заалтуудыг зөрчиж байсан. Миний бие дээрх зөрчлүүдэд үндэслэн хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нөхцөл байдал үүссэн байсан ч олон жил ажилласан, туршлагатай эмчийн нэр хүнд, гавьяа шагнал, хичээл зүтгэлийг үнэлж, өөрөөс ахмад хүний насыг хүндэтгэж ийм зүйл хийхийг хүсээгүй бөгөөд тэтгэвэрт гарах болзлоо хангасан байсныг үндэслэн мэдэгдэх хуудас хүргүүлсэн болно. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 00 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт хөдөлмөрийн хортой нөхцөлийг, манай лабораторид болон нэхэмжлэгчийн хортой нөхцөлд багтах заалт нь 13 дугаарт, 4 дэх хэсэгт хөдөлмөрийн хүнд нөхцөлийг, холбогдол бүхий заалтыг 28 дахь хэсэгт тус тус зааж өгснийг үндэслэл болгосон болно. Иймд Ц.Э ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э УМЭАЦТЛ -ийн Хүнсний аюулгүй байдал, байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо, тандалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч УМЭАЦТЛ -оос ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,425,568 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж, зохих бичилт хийхийг хариуцагч УМЭАЦТЛ -д даалгаж шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Тус байгууллага нь орон тооны хуульчгүй бөгөөд нэхэмжлэгчтэй холбоотой тушаал (шийдвэр)-ыг гаргах үед тусгайлан хуульчаас зөвлөгөө аваагүй учир холбогдох хууль тогтоомжийн заалтыг буруу эш татсан техникийн шинжтэй алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй ч захирлын 2022 оны 04 сарын 07-ны өдрийн А/00 тоот тушаалаар ...Тус лабораторийн Хүнсний аюулгүй байдал, байгаль орчноос шалтгаалах өвчний оношлогоо, тандалтын албаны дарга, малын их эмч Ц.Э нь хүнд, хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул 2022 оны 04 сарын 08-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсүгэй... гэх шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

4.б. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2-т өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах болзлыг заасан. Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон лабораторийн Үйлдвэрчний эвлэлийн хороо-той байгуулсан Хамтын гэрээ, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 сарын 03-ны өдрийн 00 дугаар (Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай) тушаал, Ажлын байрны тодорхойлолт зэргээс түүний ажиллаж байсан ажил, албан тушаал нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл (хортой, хүнд)-д хамаарахын зэрэгцээ тэтгэврийг нь бусдаас хөнгөлөлттэй нөхцөлөөр, мөн ажилтанд эрт өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсдэг болох нь тодорхой харагдана. Энэ ч жишгээр манай лабораторид ажилладаг ажилтан, албан хаагч эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 нас хүрээд тэтгэврээ тогтоолгодог ба тэтгэвэрт гарах ажилтны судалгааг Хөдөлмөрийн гэрээ цуцлахын өмнөх жил (энэ тохиолдолд 2021 оны 6 сард тусгуулж, батлуулсан) нь гаргаж, тэтгэмжийн мөнгийг төсөвт тусгуулдаг. Түүнчлэн, байгууллагын бүх ажилчдад Хөдөлмөрийн тухай хууль, дээр дурдсан сайдын тушаал, Хамтын гэрээ-нд заасны дагуу ...ажлын цагийг богиносгох, ээлжийн үндсэн амралтын хугацаа дээр нэмэгдэл амралтыг олгох, хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн (сүү)-ийг нормын хэмжээний дагуу өдөр бүр тогтмол олгох... зэрэг хөнгөлөлтийн арга хэмжээг ажил олгогчийн зүгээс авч хэрэгжүүлдэг. Үүнийг мөн л нэхэмжлэгч 22 жил эдэлсэн нь үнэн. Нэхэмжлэгч дээр өгүүлсэнчлэн байгууллагад тогтсон жишгийн дагуу өөртэй нь байгуулсан Хөдөлмөрийн гэрээ гомдолд дурдаж буй үндэслэлээр цуцлагдахыг урьдаас мэдэж байсан болно.

4.в. 2021 оны 06 сарын 15-ны өдөр Лабораторийн зүгээс Мал эмнэлгийн ерөнхий газар-т 00 тоот албан бичгээр лабораторийн 2022-2023 оны төсвийн төсөл, төсөөллийг боловсруулан хүргүүлсэн бөгөөд уг албан бичгийн хавсралт болох Төсвийн орлого зардлын төлөвлөгөөний товчоо, Төсвийн ерөнхий захирагчийн төсвийн төсөл, Тэтгэвэрт гарах эмч ажиллагсдын жагсаалт-р ХАББОШӨОТА-ны дарга, их эмч Ц.Э , Халдварт өвчний ариутгагч, угаагч, санитарч, лаборант Д.Ц гэх 2 ажилтны нэр, тэдгээрт олгогдох 53,610,235 төгрөгийн тэтгэмж тусгагдсан. Улмаар ажилчдад олгох тэтгэмжийн мөнгө 2021 оны 07 сарын 29-ний өдөр лабораторийн санхүүгийн программд, 2021 оны 08 сарын 10-ны өдөр Сангийн яамны санхүүгийн программд тус бүр суугдсан ба Улсын Их хурал холбогдох төсвийг хэлэлцэн баталсан. Тэтгэмжийн мөнгийг 2022 оны 05 сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн Хас банк дахь 0000000000 тоот дансанд шилжүүлсэн.

4.г. Ажил олгогчийн зүгээс ажилтныг ямарваа байдлаар ялгаварлан гадуурхаж, эрхийг нь хязгаарласан үйлдэл хийгээгүй бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-г маргаан бүхий тушаалд дурдсан үндэслэлээр цуцалсан нь ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэндийг бодсон үйлдэл байсныг шүүх анхаарч үзнэ гэдэгт итгэлтэй байна. Гэтэл нэхэмжлэгч тухайн үед бүх нөхцөлөө хангаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн атал дараа нь шүүхээр маргаж, түүгээр зогсохгүй, өөрөө тэтгэвэрт гарахаа мэдээгүй, өөрт нь мэдэгдэлгүй нэрийг нь тавьсан гэх зэргээр үүссэн нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж, түүнийг анхан шатны шүүх хамгаалж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүйд гомдолтой байна.

4.д. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хүнсний аюулгүй байдлыг хангах лабораторийн эрхлэгч атлаа аж ахуйн нэгжүүдээс шинжилгээ хийлгэхээр өгдөг, их хэмжээний сорьцыг тасгийн хамт олонтойгоо хувааж нууцаар гэрлүүгээ авч явдаг, хоол хийж иддэг нь удаа дараа нотлогдсон тул хүнсний био аюулгүйн хатуу дэглэм барьж ажиллах ёстой шинжлэгч эмч, лаборатори ахалсан хүний хувьд дотоод журам, хамгаалалтын албаны нэвтрэн өнгөрөх журам зөрчсөн. Мөн Ц.Э нь ажиллаж байх хугацаандаа олон төсөл хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсыг төлөөлөн хийх ёстой үүрэгт ажлаа огт биелүүлээгүй, и-мэйлд хариу өгдөггүй, авсан бараа материалын зардал зэргийг гаргаж өгдөггүй, тайлангаа бичиж өгөөгүй зэрэг нь цаашид эрхэлж байсан албан тушаалдаа тохирохгүй байсан. Эдгээр нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой зөрчлүүд юм. Улмаар гаргасан зөрчлүүдийнх нь талаар хэлэхэд өөрөө тэтгэвэртээ гарья, би бүх болзлоо биелүүлсэн байгаа гэсэн атал дараа нь ингэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, ёс зүйд үл нийцэх зохисгүй үйлдэл хийж буйд харамсаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. Давж заалдах гомдолд ...манай лабораторид ажилладаг ажилтан, албан хаагчид эмэгтэй бол 55 нас хүрээд тэтгэвэрээ тогтоолгодог журамтай... гэж бичсэн нь үнэнд нийцэхгүй юм. Манай байгууллагад ийм журам байхгүй. Тэтгэвэрийн насанд хүрсэн зарим ажилтнууд тодорхой хугацаагаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гардаг. Энэ бол хууль зөрчсөн зүйл биш юм. Мөн намайг хөдөлмөрийн гэрээг цуцлахыг мэдэж байсан, өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж бичсэн нь ямар ч үндэслэлгүй. Би хөдөлмөрийн гэрээг цуцлахыг өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Намайг хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд ажиллаж байгаа тул тэтгэвэрт гарах эрх үүссэн гэж бичсэн байна. Гэтэл хуульд ажилтан өөрөө хүсвэл тэтгэвэртээ гарч болно гэж заасан. Манай байгууллагад жил бүр эмнэлгийн үзлэг явагддаг бөгөөд миний биеийн эрүүл мэнд сайн, ажлаа хэвийн гүйцэтгэж байсан болно. Мөн хариуцагч гомдолдоо намайг шинжилгээ хийх хүнснээс тасгийн хамт олонтойгоо хувааж нууцаар авч ашигладаг гэж гүтгэж, зориуд санаатайгаар худал зүйл бичиж гүтгэлэг явуулж байгаад их гомдолтой байна. Миний хувьд бусдын өмчийг ашигласан зүйл огт байхгүй, ашиглаж байгаагүй, би сануулах арга хэмжээ ч авахуулж байгаагүй, ямар нэг хэрэг, хэв журмын зөрчил, ёс бус үйлдэл гаргаж байгаагүй. Мөн намайг үүрэгт ажлаа биелүүлдэггүй, тайлан, зардлаа гаргаж өгдөггүй гэж гүтгэж бичсэн байна. Би үүрэгт ажлаа маш сайн гүйцэтгэж байсан, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч УМЭАЦТЛ УТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан Хүнсний аюулгүй байдал, байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо, тандалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Ц.Э д олгох нэг удаагийн тэтгэмжийг Сангийн яам баталгаажуулж, байгууллагын төсөвт тусгагдсан байсан, тус байгууллага нь эмэгтэй хүн 55 настай, эрэгтэй хүн 60 настай тэтгэвэрт гардаг уламжлалтай, Ц.Э ийн ажлын байр нь хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд хамаардаг, Ц.Э нь ажлын цаг баримталдаггүй, үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, сорьцод өгсөн гахай, тахианы махыг гэрлүүгээ авч явсан нь нотлогдсон, улсын онцгой обьектын харуул хамгаалалт, шалган нэвтрэх журмыг зөрчиж байсан... гэх агуулгаар тайлбарлан маргажээ. /хх 1-2, 25-29/

 

3.   УМЭАЦТЛ УТҮГ-ын даргын 2022 оны 04 сарын 07-ны өдрийн А/00 тоот Ажлаас чөлөөлж, тэтгэвэр тогтоолгох тухай тушаалаар Ц.Э хүнд, хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, нэг удаагийн буцалтгүй тусламж, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг олгож шийдвэрлэжээ. /хх 4/

Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2-т заасныг тус тус үндэслэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргажээ.

 

4.   Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль...-аар тогтооно гэж, мөн зүйлийн 4.4 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль...-иар зохицуулна гэж, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэж тус тус зохицуулсан.

Ажил олгогчийн тушаалд дурдагдсан Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэл нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх зохицуулалт юм.

Иймд УМЭАЦТЛ УТҮГ-ын Хүнсний аюулгүй байдал, байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо, тандалтын албаны дарга нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах тул Ц.Э уг үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалтад тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэл тусгагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

5.   Дээрхээс дүгнэхэд Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж болох боловч төрийн үйлчилгээний албан хаагчийг уг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх эрхийг хуулиар ажил олгогчид олгоогүй гэж үзэхээр байна.

Мөн хариуцагч талын гаргасан ...эмэгтэй 55 насанд хүрээд тэтгэвэрт гарах нь байгууллагын жишиг..., ...нэхэмжлэгчийн ажил нь хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд хамаардаг... гэх агуулгатай тайлбар нь үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй. Энэ талаарх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Э ийн хариуцагч УМЭАЦТЛ УТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговрыг зөв тооцжээ.

 

6.   УМЭАЦТЛ УТҮГ-ын даргын 2022 оны 04 сарын 07-ны өдрийн А/00 тоот Ажлаас чөлөөлж, тэтгэвэр тогтоолгох тухай тушаалд ...Ц.Э нь ажлын цаг баримталдаггүй, үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, сорьцод өгсөн гахай, тахианы махыг гэрлүүгээ авч явсан нь нотлогдсон, улсын онцгой обьектын харуул хамгаалалт, шалган нэвтрэх журмыг зөрчиж байсан... гэх үндэслэл тусгагдаагүй тул энэ талаар хариуцагч талын гаргасан тайлбар, татгалзал ач холбогдолгүй, шүүхийн зүгээс эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01977 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

 

Д.НЯМБАЗАР