Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01734

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.С ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/02458 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.С ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Э т холбогдох, 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н , түүний өмгөөлөгч Ч.А , хариуцагчийн өмгөөлөгч Ш.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч Б.С нь ... дүүрэгт байрлах ... захад мод, модон бүтээгдэхүүн худалдан борлуулах ажил хийдэг. Хариуцагч Ц.Э нь түүнээс мод, модон бүтээгдэхүүн зээлээр болон тооцоо нийлэн худалдан авч байсан. Үүнээс 2022 оны 03 сарын 20-ны өдөр 3,300,000 төгрөг, 05 сарын 03-ны өдөр 2,476,000 төгрөг, 05 сарын 18-ны өдөр 4,844,000 төгрөг, 05 сарын 30-ны өдөр 5,533,000 төгрөг, 06 сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, 06 сарын 20-ны өдөр 3,654,000 төгрөг, 06 сарын 21-ний өдөр 3,300,000 төгрөг, нийт 26,107,000 төгрөгийн үнэ бүхий бараа материал худалдан авсан. Хариуцагч Б.С нь нийт 16,107,000 төгрөг төлсөн байдаг. Иймд үлдэгдэл 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Ц.Э миний бие Б.С аас мод, модон бүтээгдэхүүн зээлээр худалдан авч, төлбөрийг төлсөөр ирсэн. 2020 оны 03 сарын 20-ны өдрөөс 2020 оны 06 сарын 21-ний өдрийг хүртэл 26,107,000 төгрөгийн материал хүлээн авсан. Үүний төлбөрийг өөрийн Хаан банкны данснаас 2020 оны 03 сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл 12,698,500 төгрөг, Хас банкны данснаас 2020 оны 05 сарын 17-ны өдрөөс 2020 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл 11,470,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны данснаас 50,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн огноог нь сайн санахгүй байгаа боловч ... зах дээр бэлнээр 1,988,500 төгрөгийг өгсөн байдаг. Энэ шилжүүлсэн болон бэлнээр өгсөн мөнгөн дүн нийт 26,107,000 төгрөг болж байгаа. Иймд нэхэмжллийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Э аас 1,989,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,011,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э аас улсын тэмдэгтийн хураамжид 46,774 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С т олгож шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. 2020 оны 03 сарын 20-ны өдөр зээлээр авч буй барааны үнэ болох 3,300,000 төгрөгийн төлбөрийг 2020 оны 03 сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөх боломжгүй. Хэрэв урьдчилгаа төлбөрийг төлсөн бол дахин мөн өдөр 132,000 төгрөгийн төлбөр төлөх, маргааш нь буюу 2020 оны 03 сарын 18-ны өдөр 595,000 төгрөг төлөх шаардлагагүй. Түүнчлэн 2020 оны 06 сарын 20-ны өдрийн зарлагын баримт дээр бичигдсэнчлэн төлбөрөөс төлөгдсөн тэмдэглэл үйлдэгдсэн байх ёстой. Тэгэхээр 2020 оны 03 сарын 17-ны өдөр, 18-ны өдрийн 3 удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн 1,727,000 төгрөгийн төлбөр нь 2020 оны 03 сарын 18-ны өдөр зарлагын баримт үйлдэхгүйгээр авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлсөн үйлдэл байдаг.

4.б. Мөн 2021 оны 11 сарын 03-ны өдөр палк захиалж авсан талаар хариуцагч маргадаггүй боловч түүний үнийг хэрхэн, хэзээ, ямар байдлаар төлсөн талаар тодруулсан зүйл байдаггүй. Харин хариуцагч нь тухайн үед худалдан авсан палкныхаа төлбөрийг төлсөн зэрэг баримтуудаа зээлээр худалдан авсан буюу 2020 оны 03 сарын 20-ны өдрөөс 2020 оны 06 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үүссэн 26,107,000 төгрөгийн төлбөртөө тооцуулан төлсөн мэтээр тайлбарлаж байгааг шүүхийн зүгээс тодруулалгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан

4.в. Зохигчдын хооронд бичсэн фэйсбүүк чатад хийсэн үзлэгээр талуудын хооронд бичгээр Худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас гадна мөн амаар гэрээ байгуулан төлбөрөө шилжүүлж, мод, модон бүтээгдэхүүнийг ямар нэгэн зарлагын баримтгүйгээр авч байсан нь тодорхой харагддаг, хариуцагч өөрөө үүнийг хүлээн зөвшөөрдөг. Мөн талуудын хооронд бичсэн мессэжээр нэхэмжлэгч 10,000,000 төгрөгийн өр төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байгаа, хариуцагч өр төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа талаар тодорхой харагддаг боловч анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитой дүгнэж үзэлгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд үнэлэлт дүгнэлт өгөлгүй, хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарын шалтгаант холбоог тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагчийн хувьд 2020 оны 03 сарын 20-ны өдрөөс 06 сарын 20-ны өдрийн хооронд 26,107,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан талаар маргадаггүй бөгөөд үнийг бүрэн гүйцэд төлж барагдуулсан. 2020 оны 03 сарын 20-ны өдрөөс 06 сарын 20-ны өдрийн хооронд авсан мод бүгд баримттай. Талууд өмнө зээлийн харилцаанд орж байсан бөгөөд Ц.Э нь зээлсэн мөнгөө төлж чадахгүй нөхцөл байдал үүсэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ц.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлж дууссан. Б.С нь урьдчилгаа төлбөр өгөөгүй тохиолдолд дахиж банз, мод өгөхгүй гэсэн тул урьдчилгаа төлбөр өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Ц.Э т холбогдуулан нийлүүлсэн мод, модон бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч ...худалдан авсан мод, модон бүтээгдэхүүний үнийг төлж дуусгасан... гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 22/

 

3.   Хэрэгт авагдсан Зарлагын баримт-уудаар нэхэмжлэгч Б.С нь нийт 26,107,000 төгрөгийн мод, модон бүтээгдэхүүнийг хариуцагч Ц.Э т өгсөн үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. /хх 3-9/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар, худалдан авагч буюу хариуцагч нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан мод, модон бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэгтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

4. Хариуцагч Ц.Э ын эзэмшдэг Хаан банк дахь 0000000000 тоот дансны хуулга /хх 26-32/, Хас банк дахь 0000000000 тоот дансны хуулга /хх 33-36/, Худалдаа, хөгжлийн банк дахь 000000000 тоот дансны хуулга /хх 45/, нэхэмжлэгч Б.С ийн эзэмшдэг Хаан банк дахь 0000000000 тоот дансны хуулга /хх 75-77/ зэрэг баримтаар хариуцагч Ц.Э аас 2020 оны 03 сарын 21-ны өдрөөс 2022 оны 02 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Б.С т нийт 22,523,500 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Мөн хариуцагч Ц.Э аас 2020 оны 03 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Б.С т 1,000,000 төгрөгийг 100 палк, урьдчилгаа гэх утгатайгаар шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдсон.

Иймд хариуцагч Ц.Э аас үлдэгдэл төлбөр 2,583,500 төгрөг /26,107,000 - 22,523,500 - 100,000/-ийг гаргуулан нэхэмжлэгч Б.С т олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

Харин хариуцагч Ц.Э аас 2020 оны 03 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Б.С т банз гэх утгатайгаар шилжүүлсэн 595,000 төгрөгийг урьдчилгаа төлбөр гэж эргэлзээгүйгээр үзэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага, түүний үндэслэлийг, хариуцагч нь өөрийн татгалзал, түүний үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй.

5.а. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 03 сарын 21-ны өдрөөс 2022 оны 02 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд түүнд шилжүүлсэн нийт 22,523,500 төгрөгийн 12,523,500 төгрөг нь өмнөх худалдан авалтын төлбөр байсан гэдгийг баримтаар нотолж чадаагүй.

Түүнчлэн, шүүхээс үзлэг хийн бэхжүүлсэн талуудын харилцсан гэх цахим мессежээр /хх 82-84, 89-90/ хариуцагч Ц.Э нь 10,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн үүргийг нэхэмжлэгч Б.С ийн өмнө хүлээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Тодруулбал, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба дээрх цахим мессежийн үгийн шууд утгаас үзвэл хариуцагч Ц.Э нь 10,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, 10,000,000 төгрөгийг төлнө гэх хүсэл зоригийг нэхэмжлэгч Б.С т илэрхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5.б. Хариуцагч Ц.Э нь 1,988,500 төгрөгийг нэхэмжлэгч Б.С т өгсөн гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа баримтаар нотолж чадаагүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/02458 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...1,989,000 төгрөг... гэснийг ...2,583,500 төгрөг... гэж, ...8,011,000 төгрөгийг... гэснийг ...7,416,500 төгрөгийг... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...46,774 төгрөг... гэснийг ...56,286 төгрөг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2022 оны 08 сарын 22-ны өдөр төлсөн 128,176 төгрөг, 2022 оны 09 сарын 05-ны өдөр төлсөн 14,950 төгрөг, нийт 143,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

 

Д.НЯМБАЗАР