Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 382

 

 

О.Ухолбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар магадлалтай, О.Ухолбогдох 2039001140066 дугаартай хэргийг Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Одгэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Шарнууд овогт О У.

О.У нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Д.Оюунцэцэгийн төлбөр тооцооны алдуурсан бэлэн бус гүйлгээ болох 1.700.000 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Уыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас өөрийн дансанд орсон бэлэн мөнгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ял оногдуулахыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн Эрүү, Ирэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Одгэрэл гаргасан эсэргүүцэлдээ “... шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд ял оногдуулахдаа прокурорын торгох ял оногдуулах саналын хүрээнд бус “нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг яллагдагчид хуулиар олгосон эрхийг хязгаарлах үр дагавар бий болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмыг зөрчсөн байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид прокурорын саналын хүрээнээс өөр ял оногдуулах болсон хэргийн нөхцөл байдал үндэслэлийг дүгнээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан атал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар О.У нь цалин хөлс, орлоготой эсэх, хувийн мал малладаг гэх боловч нэр дээрээ /А данс/ хэдэн тооны малтай түүнээс хэдий хэмжээний орлого олдог болох нь тодорхойгүй байхад прокурор О.Уторгох ял оногдуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэл муутай болжээ. Дээр дурьдсан нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүхээс О.У300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг буруу ойлгож хэрэглэж байна.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “торгох” ялын заавал биелэгдэх боломжийг хангах зорилготой тусгайлан заасан эдийн засгийн байдлыг харгалзан хэсэгчлэн төлүүлэх хугацаа гэж ойлгохоор заасан байхад торгох ялыг оногдуулахын өмнө харгалзан үзэх нөхцөл байдал болгон тайлбарлаж дүгнэн шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна.

Мөн шүүгдэгч О.Ухолбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж, хэргийг хялбаршуулсан журмаар анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэг тусгайлсан журмаар зохицуулагдахаар хуульчилсан байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, .... 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан байна.

Иймд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, тус аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхүүдэд дээрх нөхцөл үүсч буй учир хууль зүйн дүгнэлт гаргуулахаар эсэргүүцлийг хэлэлцүүлж байна. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал бичиж шүүхэд шилжүүлсэн. Харин шүүх торгох ял оногдуулах боломжгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэл дурдаж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэхээр хуульд заасан. Шүүгдэгч торгох ялыг хүлээн зөвшөөрч, төлөх боломжтой гэдгээ илэрхийлсээр байхад прокурорын саналыг хүлээж авахгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 17 дугаар бүлэгт заасныг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан. Иймд хууль зүйн дүгнэлт гаргуулахаар прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.Уыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

Хохирогч Д.Оюунцэцэг нь 2020 оны 02 дугаар сарын 14-нд О.Уаас 3 тооны адууны мах худалдан авч, бэлнээр 75.500 төгрөг өгч, үлдэх мөнгийг дансаар шилжүүлэхээр тохиролцсоны дагуу түүний нөхөр н.Зоригтбаатар нь өөрийн танил Б.Баттүшигийн цахим банкны гүйлгээг ашиглан О.Уын данс руу мөн өдрийн өглөөний 9 цаг 31 минутанд 1.700.000 төгрөг шилжүүлжээ.

Гэтэл Д.Оюунцэцэг нь өөрийн цахим дансаар тухайн өдрийн 12 цаг 13 минутанд дахин 1.700.000 төгрөгийг О.У руу шилжүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад нотлох баримтаар хөдөлбөргүй  тогтоогдсон байна.

Хохирогчийн энэхүү үйлдлийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэж дүгнэж болох боловч шүүгдэгч О.У нь өөрийн данс дахь мөнгийг зарцуулсан, давхардуулан шилжүүлсэн мөнгийг 6 хоногийн дараа буюу эрүүгийн хэрэг үүсгэхээс 1 өдрийн өмнө хохирогчийн данс руу буцаан шилжүүлсэн үйлдлийг “завших” гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.

Учир нь шүүгдэгчийн мэдүүлснээр “Улаанбаатар хотод очиж архидан согтуурч 3 хоногийн дараа гэртээ ирсэн, энэ хугацаанд гар утасны цэнэг дууссан тул илүү мөнгө шилжүүлснийг мэдээгүй” гэх мэдүүлэг болон эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө мөнгийг буцаан шилжүүлсэн нөхцөл байдал зэргийг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгчийг санаатай үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүйн дээр энэхүү үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул О.Ухолбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хууль хэрэглээний талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, О.Ухолбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, О.Уыг цагаатгасугай.

2. Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Одгэрэлийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН                                   

                                ШҮҮГЧ                                            Б.ЦОГТ

                                                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                       Ч.ХОСБАЯР