Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 43

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Б

Хариуцагч: Хууль сахиулахын их сургуулийн захирал.

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль сахиулах их сургуулийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийн, Цагдаагийн ахлах дэслэгч цолыг буцаан олгохыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, гэрч О.А, Ж.Б, Б.Х, Г.Ш, Г.Анар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

 С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Хууль сахиулах их сургуулийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” буюу “.. сургуулийн үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулсан” гэх шалтгаанаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан “Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэлийг ногдуулж эрх хууль ёсны ашиг сонирхлыг минь ноцтойгоор зөрчсөн дээрх тушаалыг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Тус сургуульд С.Б миний бие 2011 оноос хойш дээрх тушаал гарах хүртэл хугацаанд Цахилгааны инженер, Жижүүрийн офицерийн албан тушаалд тус тус ямар нэг алдаа зөрчил гаргалгүйгээр өөрийн ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж ирсэн. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Их сургуулийн “******* оройн тоо” арга хэмжээний үеэр Цэргийн зохион байгуулалтын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Цтэй уулзахад цахилгааны инженер Ж.Б олдохгүй байна. Хууль сахиулахын их сургууль гэсэн гэрэлт самбар асахгүй байна үүнд арга хэмжээ ав гэсэн үүргийн дагуу хичээлийн 1 дүгээр байрны дэргэд байрлах АП-100 маркийн автоматыг шалгаад ир гээд слесарь Г.Ад хэлтэл автомат буруу харсан байрлалтайг анзааралгүй буусан байна. гэж ойлгон дээш болготол талбайн гэрэл унтарсан тул буцаагаад 2-3 секундийн хугацаанд гэрлийг асаасан ба энэ талаар санаандгүй зүйл болсон талаар Санхүү хангамж үйлчилгээний хэлтсийн дарга туслах комиссар Д.Б*******д мэдэгдсэн. Энэхүү үйл явдал болсны дараа буюу маргааш өдөр болох 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хошууч н.Н албаны шалгалтыг “намайг сургуулийн эсрэг үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр” явуулж, ямар нэг байдлаар албаны шалгалтын материал сахилгын зөрчлийг шалгаж тогтоосон гэх материалтай танилцуулалгүйгээр Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар бүлгийн 6.37.6-д зааснаар Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах тухай сахилгын шийтгэлийг надад ногдуулсан нь хууль бус гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл тухайн хүн хийсэн хэрэг, гаргасан зөрчилдөө тохирсон шийтгэлийг хүлээх ёстой болохоос үндэслэлгүй албаны шалгалт явуулж, миний эсрэг тайлбар өгсөн гэх хэдэн хүмүүсийн үгэнд итгэн бодитоор ямар байдлаар сургуулийн үйл ажиллагааг тасалдуулж ямархуу хэмжээний хор хохирлыг учруулсан нь тодорхойгүй дүгнэлтийг хийж, төрийн албан хаагчид ногдуулж болох хамгийн хүнд сахилгын шийтгэлийг нарийн шалгаж тогтоогоогүй.

Тодруулбал Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай журмын 4-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу сургуулийн үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулсан эсэх, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан эсэхийг нарийн шалгаж тогтоолгүйгээр надад Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах тухай сахилгын шийтгэлийг ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл” 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Б Хууль зүйн сайдад /хуучин нэрээр/, Төрийн албаны зөвлөлд өргөдөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Их сургуулийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанаас хийгдсэн албаны шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлаас зөрүүтэйгээр тайлбарлаж нэхэмжлэл гаргасныг нь дараах байдлаар няцааж байна. Үүнд:

С.Б Хууль зүйн сайдад гаргасан өргөдлөө “... Их сургуулийн Т******* оройн тооны үеэр Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа.Ц дуудаж, цахилгааны инженер, ахлах дэслэгч Ж.Б олдохгүй байна “Хууль сахиулахын их сургууль” гэсэн гэрэлт самбар асахгүй байна үүнд арга хэмжээ ав гэсэн үүрэг өгсөн...” гэж, Төрийн албаны зөвлөлд гаргасан өргөдөлдөө “...Арга хэмжээний үеэр өөрийн үндсэн чиг үүргийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Цэргийн албаны зохион байгуулалтын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Цнадтай таараад цахилгааны инженер Ж.Б байхгүй байна чи “Гэрэлт самбар”-ыг асаа гэсэн үүрэг өгсөн гэж дурдсан боловч албаны шалгалтын явцад Их сургуулийн Цэргийн зохион байгуулалтын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Н.ЦС.Бд гэрэлт самбар асаах үүрэг өгөөгүй цахилгааны инженер, цагдаагийн ахмад Ж.Быг асуусан нь өөрийнх нь тайлбар, Их сургуулийн Захирлын зөвлөлийн хурлын үеэр С.Бийн “...Тухайн өдөр миний бие жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Арга хэмжээ явагдаж байх үед Цэргийн зохион байгуулалтын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Цтааралдаж цахилгааны инженер, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Б олдохгүй байна. Хууль сахиулахын их сургууль гэсэн улаан бичиг асахгүй байна гэж хэлж дамжуулаач гэдэг үүргийг өгсөн...” гэж хэлсэн тайлбараар нотлогдож байна.

С.Б Хууль зүйн сайдад гаргасан өргөдөлдөө “...Үүний дагуу хичээлийн 1 дүгээр байрны дэргэд байрлах АП-100 маркийн автоматыг шалгаад ир гээд слесарь Г.Ад хэлтэл автоматыг буруу тийш нь дарж талбайн гэрэл унтарсан...” гэж дурдсан боловч Хууль сахиулахын их сургуулийн Захирлын зөвлөлийн хурлын үеэр С.Б тайлбарлахдаа “...Хичээлийн нэгдүгээр байрны орчим очтол сантехникийн ажилчин Г.А******* болон бусад сантехникийн ажилтнууд арга хэмжээг үзээд зогсож байсан сантехникийн ажилтнууд пускатель нь буучихсан байна гэхээр нь дээшээ сөхөөдөх гэж хэлсэн чинь гэрэл хэсэг хугацаанд унтарчихсан тул ийм явдал болчихлоо...” гэж, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...АП-100 маркийн автомашиныг шалгаад ир гээд слесарь Г.Ад хэлтэл автомат буруу харсан байрлалтайг анзааралгүй буусан байна гэж ойлгоод дээш болготол талбайн гэрэл унтарсан...” гэж гомдол нэхэмжлэлээ гаргасан боловч албаны шалгалтын явцад Санхүү, хангамж үйлчилгээний газрын сантехникийн слесарь Г.А*******ийн “...Их сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны дэргэдэх АП-100 амперын автоматыг би дээшээ сөхсөн. С.Б ахлах дэслэгч намайг нэгдүгээр байрны үүдэн дээр юм үзээд зогсож байхад араас ирээд дуудсан, дагуулж яваад энэ автомат доошоо болсон байна. Дээшээ болгоодох гэж хэлсэн. Тэгэхээр нь би дээшээ болгоход бүх гэрэл унтрахаар нь би буцаагаад доошоо болгочихсон...” гэсэн тайлбар, С.Бийн “...Их сургуулийн туяа оройн тооны арга хэмжээ явж байхад хичээлийн нэгдүгээр байрны дэргэдэх АП-100 амперын автоматыг сантехникийн слесарь А******* сөхсөн. Би Ад сөх гэж хэлсэн...” гэх тайлбараар тогтоогдсон.

Мөн Их Сургуулийн “******* оройн тоо” арга хэмжээ эхлэхийн өмнө 17 цаг 30 минутын орчим С.Б нь цахилгаанчин Г.Шт “...Арга хэмжээ явуулж байхад чинь тог тасарвал яах вэ?, хамаг юм чинь шатвал яах вэ? Гэж ярьж яваад байна гэж тухайн үеийн дотоод хяналт шалгалтын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Нт ирж хэлсэн гэдэг нь албаны шалгалтын явцад цахилгаанчин Г.Шын бичиж өгсөн тайлбар, цагдаагийн хошууч Х.Нын илтгэх хуудсаар тогтоогдсон.

С.Б нэхэмжлэлдээ “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай журам”-ын 4 дүгээр заалтыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч тухай үндэслэж байгаа журам нь Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4 дүгээр заалт бөгөөд Хууль сахиулахын их сургуулийн албан хаагч нар төрийн тусгай албан хаагчийн ангилал зэрэглэлд багтаж байгаа учраас дээрх журмыг дагаж мөрдөхгүй юм.

С.Бийн гаргасан үйлдэл нь Их сургуулийн дүрмийн 33 дугаар зүйлийн 33.1.15-д заасан “Хууль тогтоомж, Их сургуулийн бие бүрэлдэхүүний дагаж мөрдөх дүрэм, журам болон бусад эрх зүйн актыг сахин биелүүлэх” заалт, “Хууль сахиулахын их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3.14.д заасан “Бусад албан хаагч ажилтны үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөхийг хориглох” заалт, “Багш, ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар бүлгийн 5.5-д заасан “Албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр, төр алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэж, хамт олны нэр хүндийг өргөж, сэвтээх үйлдэл гаргахгүй ажиллах” заалтыг тус тус зөрчин Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан “Төрийн албаны болон төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон учраас Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, “Хууль сахиулахын их сургуулийн дүрэм”-ийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.2 дугаар зүйлийг үндэслэн “Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл” ногдуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх тухай зааж өгсөн бөгөөд 39 дүгээр зүйлийн 39.4-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана хэмээн заасан байхад С.Б нь Их сургуулийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр тушаалтай 06 дугаар сарын 07-ны өдөр танилцсан байж 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан нь энэ хуульд заасан хугацааг зөрчсөн байгаа бөгөөд маргааныг Захиргааны хэргийн шүүхээс хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд С.Бийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

С.Б Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийн, Цагдаагийн ахлах дэслэгч цолыг буцаан олгохыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай журмыг зөрчиж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил байсан эсэхийг нарийн шалгаж тогтоолгүйгээр ажлаас халсан нь гаргасан зөрчилд тохироогүй хууль бус шийдвэр болсон гэж маргажээ.

С.Б тус сургуульд 2011 оноос 2016 оны 06 сар хүртэл цахилгаан тоног төхөөрөмжийн инженер-дадлагажих ажилтан, цахилгааны инженер, Ахлагчийн сургуулийн Дэг журам, албаны зохион байгуулалтын хэсэгт жижүүрийн офицероор тус тус ажиллажээ.

Нэхэмжлэгчийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Их сургуулийн “******* оройн тоо” арга хэмжээний үеэр сургуулийн 1 дүгээр байр, жагсаалын талбайн хэсгийг гэрэлтүүлэх цахилгаан эх үүсвэрийг тэжээдэг АП-100 автоматын пускателийг мэргэжлийн бус хүнд үүрэг өгч салгасан үйлдэл нь “Хууль сахиулахын Их сургуулийн дүрэм”-ийн 33 дугаар зүйлийн 33.1.15, “Их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3.15, “Багш, ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.5, “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж “Төрийн албаны тухай хууль”-ийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар Төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр халсан ******* дүгээр тушаал хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна:”, “ 5.1.3-д “төрийн тусгай”, 5.2-т “Энэ хуулийн... 5.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ.”, энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна.”, 8.1.6-д “”зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг...цагдаа...;” гэсэн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч цагдаагийн ахлах дэслэгч жижүүрийн офицерийн хувьд төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамаарч байна.

Хариуцагч Хууль сахиулахын их сургуулийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын баталсан “...С.Бийн гаргасан сахилгын зөрчилд албаны шалгалт хийх төлөвлөгөө”-ний дагуу шалгалт явуулж энэ асуудлыг тус Их сургуулийн захирлын зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар нэхэмжлэгч С.Бийг өөрийг нь оролцуулан хэлэлцэж шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь үндэслэлгүйгээр албаны шалгалт явуулсан, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах талаар урьдчилан мэдэгдээгүй холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч тухайн өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа цахилгааны эх үүсвэрийн АП-100 автоматын пускателийг салгаж “******* оройн тоо” арга хэмжээг тасалдуулсан үйлдэл нь жижүүрийн офицерийн ажлын байрны чиг үүрэгт хамааралгүй чиг үүргийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр хэрэгжүүлж өөрт олгогдоогүй эрх, үүрэг бий болгон зөрчил гаргасныг сургуулийн захиргаанаас явуулсан хяналт шалгалтын явцад тогтоосон байна.

Энэ нь Их сургуулийн Цэргийн зохион байгуулалтын албаны дарга, дэд хурандаа Н.Ц “Хууль сахиулах Их сургууль” гэсэн улаан бичиг бүхий гэрэлт самбар асахгүй байна үүнийг асаа..” гэсэн үүргийг нэхэмжлэгчид өгөөгүй гэх, мөн тухайн өдөр дээрх гэрэлт самбарын гэрэл дутуу асаж байсан, түүнийг засах хөрөнгийн боломжгүй тул асаахгүй байхаар сургуулийн удирдлагаас шийдсэн байсан,тухайн гэрэлт самбар энэ АП-100 ампертай холбоогүйг нэхэмжлэгч өөрөө сайн мэдэж байгаа гэсэн гэрч тус сургуулийн цахилгааны инженер Ж.Бын тайлбар зэргээр тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл “******* оройн тоо” арга хэмжээний үеэр жагсаалын талбай орчмыг гэрлээр хангаж байсан цахилгааны эх үүсвэрийн АП-100 автоматад цахилгаан дамжуулах саатал, доголдол гарсан, пускателийг буулгах эсвэл сөхөх, ямар нэг гэрэлт самбар, хаягын гэрэл асахгүй байгааг асаах зэрэг шаардлага үүсээгүй байна.

Нэхэмжлэгч миний гаргасан зөрчил нь ажлаас халагдах сахилгын шийтгэл хүлээх хэмжээний зөрчил байгаагүй гэж маргаж байгаа хэдий ч ямар нэг шалтгаангүйгээр үйлдсэн өөрийн үйлдлийг буруутай гэж хүлээн зөвшөөрсөн байна.  

Нөгөө талаар “******* оройн тоо” арга хэмжээ нь жилд нэг удаа буюу сонсогчдийн төгсөлтийн үеэр зохион байгуулагддаг, ангийн тугийг захирагчийн тушаалаар гаргаж буцаан залдаг, өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид уригдан оролцдог ангийн нүүр царай болсон хүндэтгэлийн арга хэмжээ байдаг утгаараа алба хаагч бүр хариуцлагатай байж байгууллагын соёл, дэг журмыг сахин, төрийн тусгай албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчихгүй байх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч С.Б жижүүрийн офицерийн гүйцэтгэх чиг үүрэгт огт хамааралгүй, түүнчлэн ямар нэг доголдолгүй, цахилгааны эх үүсвэрийг шалгах шаардлагагүй нөхцөл байдалд дээрх үйлдлийг хийсэн нь Хууль зүйн сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/148 дугаар тушаалаар батлагдсан “Хууль сахиулах их сургуулийн дүрэм”-ийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Их сургуулийн алба хаагч....хууль тогтоомжоор тодорхойлсноос гадна дараах эрх эдэлж үүрэг хүлээнэ;”, 33.1.5-д “...хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэх;”, 33.1.15-д “хууль тогтоомж, Их сургуулийн бие бүрэлдэхүүний дагаж мөрдөх дүрэм, журам болон бусад эрх зүйн актыг сахин биелүүлэх.” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах аргагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ болон тухайн өдөр жижүүрийн офицерийн үүргийг гүйцэтгэх явцдаа “Хууль сахиулахын Их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”, Хууль сахиулахын Их сургуулийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/08 дугаар тушаалаар батлагдсан “Багш, ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж зөрчихгүй ажиллах үүрэгтэй юм.

Нэхэмжлэгчийн аливаа үйлдэл Төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж, сургуулийн зорилго, үйл ажиллагаанд нийцсэн байх, цагдаагийн албан хаагчийн хувьд цэрэгжсэн байгууллагын сахилга, дэг журмыг даган биелүүлж, хариуцлагыг ухамсарлан ажиллах үүрэгтэй бөгөөд байгууллагын онцлогийг харуулсан үйл ажиллагааг хүндэтгэх, алба хаагчдийн хувьд гүн хүндэтгэлтэй арга хэмжээний үеэр цахилгааныг тасалдуулсан түүний үйлдлийг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн “...тухайн хүн хийсэн хэрэг, гаргасан зөрчилдөө тохирсон шийтгэлийг хүлээх ёстой....” гэсэн гомдол Төрийн албаны тухай хууль, ёс зүйн зөрчлийг тодорхойлсон салбарын дүрэм, журамтай нийцээгүй байна.

Хариуцагч С.Бийн гаргасан зөрчлийг Хууль сахиулахын Их сургуулийн захирлын 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/15 дугаар тушаалаар батлагдсан “Албаны шалгалт хийх журам”-ын хүрээнд дотоод хяналт шалгалт явуулж зөрчлийн шинж байдлыг тодорхойлон хууль, дүрэм, журмаар олгогдсон эрх хэмжээний дотор сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Ийнхүү хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдааны шатанд хэргийн оролцогчдийн хүсэлтээр оролцсон гэрчүүдийн болон шүүхийн мэтгэлцээний явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн тайлбар зэрэгт дүгнэлт хийхэд нэхэмжлэгч С.Бийн гаргасан зөрчлийг “Хууль сахиулах их сургуулийн дүрэм”, “Хууль сахиулахын Их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”, “Багш, ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтууд, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Төрийн албан хаагч нь дараахь нийтлэг үүрэг хүлээнэ;”, 13.1.5-д заасан “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;” гэснийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл хүлээлгэсэн Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг баримтлан Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийн, Цагдаагийн ахлах дэслэгч цолыг буцаан олгохыг хариуцагчид даалгуулах С.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.  

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.НАСАНДЭЛГЭР