Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0593

 

2018 оны 11 сарын 15 өдөр        

Дугаар 221/МА2018/0593

Улаанбаатар хот

Г.М-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын /хуучнаар/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2016/0829 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд П.З-н гаргасан давж заалдах гомдлоор, Г.М-н нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар /хуучнаар/, Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2016/0829 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн /1994 он/ 30 дугаар зүйлийн 30.1, 31, 32 дугаар зүйл, Газрын тухай хуулийн /2002 он/ 37 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.М-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр, 2015 оны А/24 дүгээр захирамжийн давхцаж буй газартай холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “П.З-н нэр дээр хийсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах, уг газрыг эзэмших эрх олгосон захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг өөрийн нэр дээр бүртгэхийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт тус тус даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд П.З давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр иргэн надад газар эзэмших эрх олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн болон 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Ийнхүү шийдвэрлэхдээ үндэслэх хэсэгт “Гэвч уг гэрчилгээг гарах үндэслэл болгосон нотлох баримтууд, тухайлбал иргэн П.З-с Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандаж газар хүссэн хүсэлт, газрын тойм зураг холбогдох бусад баримтууд бий эсэх талаар архивын газруудаас лавлагаа гаргуулах ажиллагааг шүүхээс хийсэн боловч “байхгүй” гэсэн хариу ирүүлсэн, шүүхээс хийсэн үзлэгийн явцад ч 2000 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргаас иргэн П.З-д газар эзэмшүүлэх захирамж гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй болно”  гэж дүгнэсэн байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 3 дугаар зүйлийн 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхииг баталгаажуулсан баримт бичгийг” гэж, мөн Газрын харилцаа Геодизи зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 1.2-д “Эрхийн гэрчилгээ нь газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг төрөөс баталгаажуулсан үнэт цаасны зохих нууцлал бүхий хууль ёсны баримт бичиг мөн” хэмээн тус тус зааснаар иргэдийн газар эзэмших эрхийн баталгаа нь газар эзэмших эрхийн гэрчилгээ болдог. Өөрөөр хэлбэл, иргэдэд газар эзэмших эрхтэй эсэхийг нь нотлохын тулд газар эзэмших эрхийн гэрчилгээг захиргааны байгууллагаас олгодог бөгөөд иргэдийн хувьд газар эзэмших эрхтэй гэх итгэл үнэмшил нь газар эзэмших эрхийн гэрчилгээ юм. Мөн тухайн захиргааны байгууллага нь дараа дараагийн актаараа буюу 2015 оны А/24 дугаар захирамжаараа өмнө газар эзэмших эрх олгосон шийдвэр байгаа болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг гаргасан байдаг.

Харин тухайн газар эзэмших эрх олгосон захирамж нь Архивын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д зааснаар Төрийн архивын сан хөмрөгийн баримтад хамаарах ба мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Энэ хуулийн 6.4.1, 6.4.2, 6.4.3. -т заасан байгууллагууд албан хэрэг хөтлөлтийн явцад үүсч бий болсон архивын баримтын эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцан, байнга хадгалах баримтыг энэ хуульд заасан хугацаанд төрийн архивт шилжүүлж байх үүрэгтэй” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй захиргааны байгууллагын архивын үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийг газар эзэмших эрхгүй хэмээн үзэх нь буруу юм.

Тодруулбал, иргэн өөрөөс шалтгаалах бүхий л хууль ёсны баримт бичгийг шүүхэд гарган өгсөөр байхад иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулсан шийдвэр гаргаж буй нь үндэслэлгүйн зэрэгцээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмын зохицуулалтыг анхаараагүй байна.

Түүнчлэн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Үүнээс үзвэл иргэн П.Зад олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Газрын тухай хуулийн дээр дурдсан зүйл заалтуудыг зөрчсөний дээр уг гэрчилгээг хууль зүйн дагуу гарсан, үнэн бодит болохыг дэмжих нотлох баримтууд байхгүй ингэснээр түүнийг эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичиг гэж үзэхээргүй, илт хууль бус захиргааны акт байна гэж дүгнэсэн нь нэхэмжпэлийн шаардлагаас хальж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.

Улмаар дээрх байдлаар газар эзэмших эрх олгосон захирамж байхгүй гэж дүгнэх хэрнээ шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “... Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар 28-ны өдрийн шийдвэрийг... хүчингүй болгож” гэсэн нь Үндэслэх хэсгийн дүгнэлттэйгээ энгийн логик холбогдолгүй байгаа нь мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүйг нотлох бас нэгэн зүйл нь гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар бүхэлдээ давхцалтай байгаа талаар ямар нэгэн нотлох, хэрхэн давхцалтай байгааг тогтоолгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэсэн өмчлөгчийн эрхийг хязгаарласан шийдвэрийг гаргасан юм.

Нэгтгэн дүгнэвэл, Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох”, 4.1.3-д “хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх”, 4.1.4-д “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх” зэрэг шүүхийн эрхэм зорилгыг үл тоомсорлон шүүх бодит үнэнийг тогтоох үүргээс зайлсхийсэн гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай зарим нотлох баримтыг бүрдүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.М-с Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар /хуучнаар/-т холбогдуулан “Иргэн П.З-д Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-1-3 тоот хаягт байрлах 300 м.кв газар эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн холбогдох хэсэг, мөн хаягт байрлах 30 м.кв орон сууцыг П.З-н нэр дээр бүртгэсэн Y-2202023332 дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, Г.М миний нэр дээр уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэх, газрыг надад эзэмшүүлсэн захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байхад шүүхийн шийдвэрт “...уг хугацаанд П.Зад газар эзэмшүүлсэн ямар нэгэн захирамж гарсан үйл баримт тогтоогдоогүй, иймээс түүнд олгосон газар эзэмших гэрчилгээ илт хууль бус захиргааны акт...” гэх дүгнэлтийг хийсэн атлаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “шийдвэр”-ийн давхцаж буй газартай холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүхээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ямар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь тодорхойгүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “...2000 онд газар эзэмших гэрчилгээ олгуулахаар гарсан захирамжийн дагуу П.З-н гаргасан өргөдөл, холбогдох бичиг баримт нь архивт байгаа. Гэвч манай газрын албанд байхгүй, улсын архивт байгаа” гэх тайлбарын дагуу шүүхээс уг баримт байгаа эсэхийг тодруулж нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасантай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан газрын байршлын кадастрын зургууд болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн маргаан бүхий эзэмшил газрын талбайн давхцлыг харуулсан зургаас үзэхэд Г.Мд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар эзэмших эрх олгосон 134 м.кв газар нь гуравдагч этгээд П.З-н эзэмшлийн 285 м.кв газартай 131.м.кв-аар давхцалтай байх бөгөөд уг давхцалтай хэсэгт П.З-н өмчлөлийн 30 м.кв орон сууцны суурийн газар багтсан байна.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заажээ.

Гэтэл шүүх дээрх үл хөдлөх эд хөрөнгийг П.З-н нэр дээр бүртгэж гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн хэрнээ нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн давхцал бүхий 131 м.кв газарт гуравдагч этгээдийн өмчлөлийн орон сууцны суурийн газар багтсан байгааг харгалзаж үзэлгүй гуравдагч этгээд П.Зад газар эзэмших эрх олгосон захирамжуудын давхцаж буй газартай холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь гуравдагч этгээд П.З өөрийн өмчлөлийн 30 м.кв орон сууцаа бодитоор өмчилж, ашиглах боломжгүй болох бодит нөхцөл байдал буюу шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцлийг үүсгэсэн байна.

Түүнчлэн, энэхүү маргаан нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Г.М-д холбогдох хэсэг болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий П.З-н нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгтэй маргаан бүхий акт, нэхэмжлэлийн шаардлагын хувьд өөр боловч маргаж буй газар, тус газарт эзэмших эрх олгосон захирамжуудын талбайн давхцал болон бусад үйл баримтын хувьд адил, уг хэрэгт нэхэмжлэгч Г.М нь гуравдагч этгээдээр оролцож байгаа зэргээс үзвэл эдгээр захиргааны хэргийг нэгтгэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болох, тухайн маргааныг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээр байна.

Иймд гуравдагч этгээд П.З-н “...шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх боломжгүй бөгөөд дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:              

         1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2016/0829 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд П.З-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, түүнд буцаан олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

                          ШҮҮГЧ                                                        Д.БААТАРХҮҮ

                          ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН