Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2022/00025

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2022/00025

 

 

 

Н.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2022/00569 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааны улмаас төлөгдсөн 3,965,450 (гурван сая есөн зуун жаран таван мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгч Н.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа (цахимаар), Б.Цогтгэрэл (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний аав С.Нэргүй нь 2008 онд Капитал банкнаас зээл авсан бөгөөд төлж чадалгүй нас барсан, мөн түүний эхнэр Б.Нямсүрэн нь ч удалгүй нас барсан. Б.Нямсүрэнгээр зээлийг төлүүл гэсэн шүүхийн шийдвэр гарсан боловч нас барсан учраас хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон билээ. Гэтэл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үндэслэлгүйгээр 5,465,450 төгрөгийг данс барьцаалан гэмт хэрэг үйлдсэн төлбөр төлөгчийн миний дүүгийн оршуулгын зардалд өгсөн мөнгийг хууль бусаар хурааж авсан юм. Миний бие мөнгөө буцааж авахаар өргөдөл гаргахад 1,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй дансыг чөлөөлсөн боловч 3,965,450 төгрөгийг буцааж өгөхгүй байсаар өдийг хүрлээ. Би нас барсан аав, ээжийн эрхийг залгамжлаагүй. Мөн түүнчлэн Капитал банкны төлбөрийг төлж барагдуулахтай холбоотой миний нэр дээр гарсан ямар нэгэн шийдвэр байхгүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэр биелүүлж байгаа нэрийн дор элдэв хууль бус дарамт үзүүлж байна.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын Капитал банкны зээлийн төлбөр барагдуулах үйл ажиллагаатай холбогдуулан Хөвсгөл аймгийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраас үндэслэлгүйгээр төлүүлсэн нийт 3,965,450 төгрөгийг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  ...Улсын дээд шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоолоор Б.Нямсүрэнгээс 10,723,080 төгрөг гаргуулж, Капитал банканд олгохоор шийдвэрлэгдсэн.

Тус газар нь Улсын дээд шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоол, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Нямсүрэн нь нас барсан байсан тул барьцаа хөрөнгөнд ажиллагаа явуулахаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-22-01 тоотод ажиллагаа явуулахад тухайн хөрөнгийг эзэмшиж буй Ж.Наранчулуун гэх иргэн уг хөрөнгийг худалдаж авсан гэх тайлбарыг өгч, хөрөнгийг хураалгахгүйгээр өрийг нь өмнөөс нь төлөөд хөрөнгийг чөлөөлүүлж авмаар байгаагаа илэрхийлж тайлбар өгч, төлбөр төлөгчийн охин гэх Н.******* ч мөн адил үүргийн гүйцэтгэл хангуулах барьцаа хөрөнгийг хураалгахгүйгээр эцэг, эхийн минь өр тул төлбөрийн 50 хувийг Ж.Наранчулуунаар төлүүлж, 50 хувийг Н.******* өөрөө төлөхөөр тайлбар өгч байсан байх бөгөөд төлбөр авагч тал болох Капитал банкны удирдлагуудтай ч тухайн үед ярилцсан байдаг. ...Ийнхүү төлбөрийг төлнө гэсэн боловч төлөлгүй байсаар 2018 онд 100,000 төгрөг төлж, 2019 онд 1,300,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус газарт хүсэлт гаргаж, Ш.Баттөр гэх хүнээс авах авлагын 2,165,450 төгрөгийг Капитал банкны төлбөрт тооцуулж шилжүүлж өгөх хүсэлт гаргасны дагуу Ш.Баттөрөөс 2,065,450 төгрөг төлөгдсөнийг Капитал банкны 20000009919 тоот дансанд шилжүүлсэн байна. Н.******* нь барьцаа хөрөнгийг хураалгаж, худалдан борлуулахгүйн тулд би төлнө гэж хугацаа аван тайлбар өгч байсан тул тус газрын зүгээс Н.*******, Ж.Наранчулуун нараас төлбөрийг тохиролцсон ёсоор төлөх, Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх нь гуравдагч этгээдийн эрхийг хөндөхөөр байвал тухайн гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах замаар барьцааны эрхийг өөртөө шилжүүлэн авч болно гэсний дагуу хөрөнгийг чөлөөлүүлж авах эрх нээлттэй байгааг тайлбарлан төлөх талаар ярилцахад төлбөрийг төлөхгүй гэсэн тул шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд барьцаа хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад өөрийн хүсэлтээр Капитал банкны төлбөрт шилжүүлсэн 3,965,450 төгрөгийг тус газраас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

... Үүний дагуу шийдвэр гүйцэтгэгч Н.*******ийг зээлдэгч С.Нэргүй түүний хөрөнгийг шууд өвлөн авах байсан боловч мөн нас барсан Б.Нямсүрэн нарын өр төлбөрийг өв хүлээн авсан хууль ёсны өв залгамжлагч болох Н.*******ээс гаргуулах үүрэгтэй болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Наранчулуун шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  ...Шийдвэр гүйцэтгэх газраас тухайн банкны өрийг хариуцах ёстой хүмүүсээс гаргуулахын оронд тухайн үед намайг төлөлц гэж шахаж шаардаж байсан. Миний бие аргагүйн эрхэнд 2016 онд 500,000 төгрөгийг өөрийн охин Н.Оюунжаргалаар банканд тушаалгасан юм. Төлбөр төлөгч биш байхад яагаад намайг бусдын банканд тавьсан өрийг төл гээд байгаагийн учрыг одоо ч огт ойлгохгүй байна.

Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдаанд оролцож байна, миний мөнгийг гэм буруутай этгээдээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч  М.Адилбиш нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...С.Нэргүй, Б.Нямсүрэн нар нь Капитал банктай 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №16251 тоот зээлийн гэрээ байгуулж, 7,500,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэйгээр, 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул тус аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №354 тоот шийдвэр, 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №18 тоот магадлал, 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №414 тоот Дээд шүүхийн тогтоолоор Б.Нямсүрэнгээс 10,564,259 төгрөг гаргуулж, Капитал банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд төлбөр төлөгч Б.Нямсүрэн нь шүүхийн шийдвэр гарснаас хойш 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 99,700 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 1,300,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2,065,450 төгрөг, бүгд 3,465,150 (гурван сая дөрвөн зуун жаран таван мянга нэг зуун тавь) төгрөгийг төлсөн бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 6,654,409 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Капитал банк ХХК, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зүгээс С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын Капитал банктай байгуулсан 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №16251 тоот зээлийн гэрээний үүрэг, дээрх шүүхийн шийдвэрийг төлүүлэхээр нэхэмжлэгч Н.*******ээс шаардсан, холбогдох данснаас төлбөрийн суутгал хийсэн үйлдэл хийгээгүй болно гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2022/00569 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 520 дугаар зүйлийн 520.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааны улмаас төлөгдсөн 3,965,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,397 /далан найман мянга гурван зуун ерэн долоо/ төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.******* давж заалдах гомдолдоо: ...Миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Н.******* нь Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үндэслэлгүйгээр авсан 3965450 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан билээ. Анхан шатны шүүхээс хэргийг хэт нэг талыг барин миний хууль ёсны эрхийг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2022/00569 дугаартай шийдвэрийг гаргахдаа Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2,116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтуудыг зөрчиж, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэн дараах үндэслэлээр хянаж өгөхийг хүсэж байна. Үүнд:

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч Н.******* нь талийгаач нарын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 07 дугаар багийн 16 дугаар гудамжны 22 тоотод байрлах 36 м2 өвлийн орон сууц, 600 м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т өвлөгч өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч Н.*******т энэ үүрэг үүсжээ гэсэн хуульд нийцээгүй, маш ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн байна. Хуулийн хүрээнд авч үзвэл тухайн өвтэй холбоотой ажиллагаа нь 2014 хийгдсэн учраас хүчин төгөлдөр бусад тооцогдох ёстой юм. Түүнчлэн тухайн өв нь жинхэнэ эзэмшигчдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжин очиж миний аав талийгаач С.Нэргүйн хашаа байшингийн эзний өмнө хүлээсэн үүргийг биелүүлсэн юм. Тэгээд ч миний бие ээж Б.Нямсүрэнгээс өв хүлээж аваагүй ба ямарваа өв авсан асуудал нь хэн нэгний шүүхийн шийдвэрийг шууд биелүүлэх үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу ажиллагаа явагдсан тохиолдолд талийгаач ээжийн өмнөөс түүний өр төлбөрийг барагдуулах үүрэг надад үүсэх ёстой гэж ойлгож байна. Гэтэл Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаагүй байхад намайг төлбөр төлөгчийн үүргийг хүлээн авсан мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.Миний зүгээс Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үндэслэлгүйгээр авсан гэж үзэж байгаа 3,965,450 төгрөг оршуулгын зардал, Ж.Наранчулууны мөнгө, миний мөнгө байсан нь огт хамааралгүйгээр тухайн газраас Монгол Улсын Дээд шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоолоор миний ээж талийгаач Б.Нямсүрэнгээс 10564259 төгрөг гаргуулж, Капитал банкны Хөвсгөл салбарт олгох шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа намайг эрх залгамжлагчаар тогтоогоогүй байхад авч Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулсан учраас тэр мөнгийг гэм буруутай этгээд нь надад буцааж өгөх ёстой гэж үзэж байна.

3. Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Дээд шүүхийн тогтоолын гүйцэтгэх хуудаст миний нэр дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгээгүй, нээгдсэн хувийн хэрэг байхгүй, ямар ч бүртгэл байхгүй байхад хууль ёсны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Н.******* нь шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааны улмаас төлөгдсөн 3,965,450 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Наранчулуун ...Миний бие аргагүйн эрхэнд 2016 онд 500,000 төгрөгийг өөрийн охин Н.Оюунжаргалаар банкинд тушаалгасан. Төлбөр төлөгч биш байхад яагаад намайг бусдын банканд тавьсан өрийг төл гээд байгаагийн учрыг одоо ч ойлгохгүй байна. гэх тайлбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ...зээлийн гэрээний үүрэг, дээрх шүүхийн шийдвэрийг төлүүлэхээр нэхэмжлэгч Н.*******ээс шаардсан, холбогдох данснаас төлбөрийн суутгал хийсэн үйлдэл хийгээгүй болно. гэх тайлбар тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтад нийцсэн байна.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 414 дугаартай тогтоолоор зээлдэгч С.Нэргүй асны зээлийн гэрээний үүргийг гэрээний зүйлүүдийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.4, 520.5, 535 дугаар зүйлийн 535.1-д заасны дагуу өвлөн авсан өв залгамжлагч Б.Нямсүрэнд хариуцуулахаар шийдвэрлэснийг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргажээ.

Өвлөгч Б.Нямсүрэн нь 2011 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нас барсан байх ба нэхэмжлэгч Н.******* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч байна.

Нэхэмжлэгч нь 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 013 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр зээлдэгч асан С.Нэргүйн Хөвсгөл-Мөрөн 7 дугаар баг 16 дугаар гудамжны 22 тоотод байрлах 36 м2 өвлийн сууцыг өвлөн авсан байх тул Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар Өв хүлээн авсан өвлөгч ...өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.*******ийн үүрэг нь хуульд зааснаар үүсч байгаа тул түүнд холбогдуулан дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх шаардлагагүй.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 16230003/01 дугаартай Эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоол-оор төлбөр төлөгч Б.Нямсүрэнгийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр Н.*******ийг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн байх ба энэ шийдвэр гаргахаас өмнө гүйцэтгэсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, түүнээс үүсэх үр дагавар нь эрх залгамжлагчийн хувьд хүчин төгөлдөр байхаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т зохицуулсан.

Хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгч, нэхэмжлэгч нарын уулзалтын тэмдэглэл, нэхэмжлэгчийн хүсэлт, төлбөр шилжүүлсэн баримт, эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоол авагдсан байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг нотлох баримтыг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаагүй.

Иймд шийдвэр гүйцэтгэгчийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгчийн эд хөрөнгө өвлөн авсан өвлөгчөөс 3,965,450 төгрөг гаргуулах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад заасан үндэслэл, журмын дагуу явагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Н.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2022/00569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,397 /далан найман мянга гурван зуун ерэн долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                               Л.ЭРДЭНЭБАТ

Б.СОСОРБАРАМ

 

 

 

 

.