| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 155/2021/00462/И |
| Дугаар | 225/МА2022/00023 |
| Огноо | 2022-09-15 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 225/МА2022/00023
2022 09 14 225/МА2022/00023
*******,******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 155/ШШ2022/00544 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* Дулаан ХХК-нд холбогдох 30,970,300 (гучин сая есөн зуун далан мянга гурван зуу) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хамтран нэхэмжлэгч*******д холбогдуулан гаргасан Их-Уул Дулаан ХХК-ний халуун усны барилгыг албадан чөлөөлж, халаалт, цэвэр, бохир усны төлбөр 14,400,760 /арван дөрвөн сая дөрвөн зуун мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн******* сумын иргэн ахмад настан Баасанжавын Дэлгэрмөрөн миний бие нөхөр*******гийн хамт******* сумын халуун усны газрыг эзэмших сонгон шалгаруулах тендерт ялж, Төв халуун усны барилгын эзэмшигчээр шалгарч, тус барилгад их засварыг өөрийн хөрөнгөөр хийж, 30,970,300 (гучин сая есөн зуун далан мянга гурван зуу) төгрөг зарцуулж, 2 сар 20 хоногт багтааж гүйцэтгэн нутгийн иргэд, малчид, хөдөлмөрчдөд соёлтой үйлчилгээг хямд үнээр үзүүлсээр ирсэн. Гэтэл 2015 оноос хойш сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч П.Эрдэнэбилэг нь янз бүрээр дарамталж, ажил үйлчилгээнд саад учруулж, 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 08 дугаар сар хүртэл бүтэн 6 сар ажил үйлчилгээг хүчээр зогсоож байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл байнгын сэтгэл санааны дарамтад байлгаж, муу муухайгаар хэлж байгаад, бид маш их гомдолтой байна. ... Гэтэл 3 жилийн өмнөөс халуун усны барилга нь орон нутгийн өмч хэвээрээ байгаа, төр өмчөө эргүүлж авна гэж сүрдүүлж, ажлын байрны болон сэтгэл санааны дарамт учруулсаар ирсэн. Нэгэнт дээрх барилга нь орон нутгийн өмч хэвээрээ байгаа бол бидний зүгээс өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ болон хүн авч ажиллуулсантай холбоотойгоор гарсан нийт 30,970,300 (гучин сая есөн зуун далан мянга гурван зуу) төгрөгийг******* Дулаан ХХК-иас гаргуулах хүсэлтэй байх тул биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би нэхэмжилсэн мөнгөө нэхэмжилнэ. 30,970,300 төгрөгөөс засвар үйлчилгээ хийх гээд өөрийн хөрөнгөөр барилгын материал авсан зардал 26,815,300 төгрөг. 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдрийн хооронд энэ засварын ажил дууссан. Энэ хугацаанд хүн авч ажиллуулж цалин олгосонтой холбоотой зардал 4,005,000 төгрөг. ЗИЛ-130 маркийн машинаар хог ачуулсан 150,000 төгрөг, нийт 30,970,300 төгрөг нэхэмжилнэ. Энэ мөнгөө авсны дараа би халуун усаа өгнө гэв.
Хариуцагч байгууллагын захирал П.Эрдэнэбилэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Их-Уул Дулаан ХХК нь иргэн*******д тухайн халуун усны байрыг өмчлүүлж өгөөгүй. ...Манай байгууллага нь 10-аад жил эдгээр хүмүүст тус халуун усыг эзэмшүүлж, ашиглуулж, өрхийн амьжиргааг нь дэмжиж ирсэн байтал ийм их хэмжээний төлбөр тооцоо нэхэмжилж байгаад гайхаж байна. Энэ хугацаанд халуун усны барилгыг засварласан хөрөнгийг хэд нугалан ашиг, орлого олсон гэж бодож байна. Харин ч*******, ******* нар нь 2014 оноос хойш дулаан, цэвэр, бохир усны төлбөрөө төлж байгаагүй ба 11,047,840.92 төгрөгийн өр манай байгууллагад үүссэн байгаа. ...2011 онд******* Дулаан ХХК нь ОНӨҮГазар байсан ба сумын ЗДТГ-ын мэдэлд ТУЗ нь сумын ИТХ байсан. Энэ үед******* нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон үнэ тарифын дагуу иргэдэд үйлчилнэ, халуун усны байрыг өөрсдийн хөрөнгөөр тог цахилгаанаар халдаг, түлээ мод түлдэггүй эко халуун ус болгоно хэмээн ажиллах эрх авсан. Гэвч сумаас тогтоосон үнэ тарифыг удаа дараа зөрчин үнэ нэмж иргэдийг хохироосон. Мөн сумын Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас тавьсан шаардлагыг үл тоомсорлон байгууллагын халаалт, цэвэр, бохир усны төлбөрийг 10-аад жил төлөлгүй манай байгууллагыг алдагдалд оруулж өр, авлага үүсгэн өдийг хүрсэн.******* нь дээрх төлбөрөө төлөхгүй хирнээ халуун усны байранд засвар хийсэн гэх 30,970,300 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. 2011 онд засвар хийсэн гэх 30 гаруй сая төгрөгөөр тухайн үед ийм барилга иж бүрнээр нь хоёрыг барих боломжтой. ...Халуун усны барилгад хийсэн засварыг харахад 30,000,000 төгрөгөөр засвар хийсэн байх боломжгүй нь харагдана. ...Манай байгууллагаас цаашид*******тэй хамтарч ажиллах боломжгүй тул байгууллагын өмч болох халуун усны байрыг буцаан авч, халаалт, цэвэр, бохир усны төлбөр болох 14,400,760 төгрөгийг нэхэмжлэх болно.
...Иймд *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын захирал П.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...О.Галхүү нь анх сумын халуун усыг ажиллуулж эхлэхдээ сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас тогтоосон үнэ тарифын дагуу иргэдэд үйлчилнэ, халуун усны байрыг өөрсдийн хөрөнгөөр тог цахилгаанаар халааж, түлээ мод түлдэггүй эко халуун ус болгоно гэж ажиллах эрх авсан боловч өнгөрсөн хугацаанд өөрсдийн дураар үнэ тарифыг нэмж, сумын Засаг даргын Тамгын газар болон Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас тавьсан шаардлагыг үл тоомсорлон түүгээр ч зогсохгүй халаалт, цэвэр, бохир усны төлбөрийг төлөлгүй өдийг хүрч байна. Одоо манай байгууллага нь хэдийгээр төсвөөс татаас авдаггүй ч төрийн өмчийн оролцоотой компани гэдэг утгаараа орон тоо болон жилийн төсвийн төлөвлөгөөгөө аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар батлуулан Төрийн аудит тогтмол хийлгэж явдаг компани юм. Тиймээс тухайн байгууллагын төсөв мөнгө хүндрэлтэй энэ үед олон жил дамнасан өр авлагыг үүсгэн төсвийн алдагдалд оруулж, байгууллага цаашид хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломж байхгүй байгаа тул төрийн өмч, байгууллагын өөрийн үндсэн хөрөнгө болох халуун усны барилгыг буцаан авах шаардлагатай байна. Мөн иргэн******* нь халуун усны барилгыг ашиглаж байх хугацаандаа 2011 оноос хойш халаалт дулааны төлбөр, цэвэр, бохир усны төлбөрийг төлөлгүй явсаар 2011-2013 хүртэл 3,352,920 төгрөг, 2014-2020 он хүртэл 11,047,840.92 төгрөг, нийт 14,400,760 төгрөгийн өр үүссэн байгаа болно.
...Иймд*******гээс Хөвсгөл аймгийн******* сумын халуун усны барилгыг албадан чөлөөлж, халаалт, цэвэр, бохир усны төлбөр болох 14,400,760 (арван дөрвөн сая дөрвөн зуун мянга долоон зуун жар) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хамтран нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн тайлбартаа:******* дулаан ХХК нь халаалт, цэвэр бохир усны төлбөр 14,400,760 төгрөг гаргуулах, халуун усны барилгыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд тус сөрөг нэхэмжлэлтэй танилцаж, дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэг. ...*******, ******* нар нь******* сумын халуун усны газрыг эзэмших болсноос хойш маш хурдан хугацаанд буюу 2 сар 20 хоногийн хугацаанд хуучирч муудсан, ашиглалтаас гарах дөхсөн барилгад засвар үйлчилгээг хийж, тэр цагаас хойш саяхныг хүртэл нутгийн иргэд, малчид хөдөлмөрчдөд соёлтой боловсон үйлчилгээг тогтмол хямд үнээр үзүүлсээр ирсэн. Хариуцагч нь цэвэр, бохир усны 2011-2013 он хүртэлх хугацааны 3,352,920 төгрөг, 2014-2020 он хүртэлх хугацааны 11,047,840 төгрөгийг нэхэмжилжээ. 2011-2013 оны хоорондох 3,352,920 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь******* сумын халуун усны газрын эзэмшигчийг сонгон шалгаруулах 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээр дулаан, цэвэр усны үнийг 3 жилийн хугацаанд******* Дулаан ХХК хариуцахаар тохиролцсон. Дээрх тохиролцоог ч хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрч хариу тайлбартаа 2014 оноос хойшхи халаалт, цэвэр бохир усны мөнгийг нэхэмжлэх талаар дурдсан байдаг. 2014 оноос хойшхи төлбөрийн тухайд ийм өндөр төлбөр гарч байгаад гайхаж байна. Манай халуун усны барилгатай ойролцоо объектийн халаалт, цэвэр, бохир усны төлбөр манайхаас хамаагүй бага гардаг. Аль хууль, эрх зүйн актыг үндэслэн, ямар тооцооллыг ашиглан дээрх мөнгийг нэхэмжилж байгааг хариуцагч байгууллага өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд гаргасан хууль ёсны төлбөрийг нотлох баримтад үндэслэн төлөх болно. Дээрх халаалт, цэвэр бохир усны 2015 оноос хойшхи төлбөрийг нэхэмжлэгч нь тодорхой хэмжээнд төлж байсан. Тодруулбал, 2014 онд халаалтын мөнгийг******* дулаан ХХК хариуцахаар тохиролцсон хэдий ч 2015.09.15-ны өдөр 24,640.00 төгрөг, 2015.10.26-ны өдөр 49,280.00 төгрөг, 2016.02.26-ны өдөр 55,440.00 төгрөг, нийт 374,960 төгрөгийг төлсөн. 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 08 дугаар сар хүртэл бүтэн 6 сарын хугацаанд ажил, үйлчилгээг хүчээр зогсоож, ажлын байрны дарамт учруулж, халуун усаа буцааж авна гэж сүрдүүлж эхэлсэн тул бид обьектоо хамгаалж үлдэх үүднээс арга буюу төлбөр төлөлтийг хойшлуулж ирсэн. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд нэхэмжлэгчдийг ирээгүйгээс шалтгаалж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон талаар дурдсан байна. Бодит байдалд нэхэмжлэгч*******, ******* нар нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан ч эмчилгээний хугацааг дуусгалгүй яаран ирж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгортой өөрийн биеэр биечлэн уулзсан бөгөөд тус ажиллагаанд хариуцагч байгууллагаас төлөөлөл ирээгүйтэй холбогдуулан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байдаг.
Хоёр. Халуун усны барилгыг албадан чөлөөлүүлэх шаардлагын тухайд: 2011 онд халуун усны барилгыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхөд нэхэмжлэгч нь өөрийнх нь өмчлөлд шилжүүлж өглөө гэж ихэд баярлан өөрсдийн өмч мэт хайрлан хамгаалсаар ирсэн. Гэтэл 3 жилийн өмнөөс******* Дулаан ХХК-ийн захирал П.Эрдэнэбилэг халуун усны барилга нь орон нутгийн өмч хэвээрээ байгаа төр өмчөө эргүүлж авна гэж сүрдүүлж, ажлын байрны болон сэтгэл санааны дарамт үзүүлж ирсэн байдаг. Нэгэнт дээрх барилга нь орон нутгийн өмч хэвээрээ байгаа бол өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийсэн 30,970,300 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулсны дараа******* Дулаан ХХК-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 155/ШШ2022/00544 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1-т зааснаар нэхэмжлэгч*******.******* нарын хариуцагч******* дулаан хязгаарлагдмал хариуцлагатай компаниас завсар хийсэн материалын болон ажлын хөлс нийт 30,970,300 (гучин сая есөн зуун далан мянга гурван зуу) төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч*******гээс халуун усны барилгыг чөлөөлж, халаалт, цэвэр, бохир усны төлбөр болох 14,400,760 (арван дөрвөн сая дөрвөн зуун мянга долоон зуун жар) төгрөгийг гаргуулах тухай хариуцагч******* дулаан хязгаарлагдмал хариуцлагатай компанийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,802 (гурван зуун арван хоёр мянга найман зуун хоёр) төгрөгийг, хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 370,150 (гурван зуун далан мянга нэг зуун тавь) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч байгууллагын захирал П.Эрдэнэбилэг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс хэргийг манай байгууллагаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хариуцагчаас 2021 онд Г.Түвшинтөгсөд 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосноор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу 2022 оны 05 дугаар сард итгэмжлэлийн хугацаа дууссан. Ингэснээр хариуцагч байгууллагын захирлын хувьд би өөрийн биеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд миний бие Улаанбаатар хотод албан ажилтай явж байсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн. Гэтэл шүүхээс хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийг оролцуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 00544 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч *******,******* нар нь******* Дулаан ХХК-нд холбогдуулан халуун усны барилгад өөрийн хөрөнгөөр их засвар хийсэн 30,970,300 (гучин сая есөн зуун далан мянга гурван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн байна.
Мөн Хариуцагч Их-Уул Дулаан ХХК-ний захирал П.Эрдэнэбилэг нь*******гээс халаалт дулааны төлбөр, цэвэр, бохир усны төлбөр 14,400,760 төгрөг гаргуулах,******* сумын халуун усны барилгыг албадан чөлөөлөхийг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгч*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрчээ.
Шүүх ... Хөвсгөл аймгийн******* сумын төвд байрлах халуун усны барилга нь Хөвсгөл аймгийн орон нутгийн өмч болох нь холбогдох баримтуудаар нотлогдсон, өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь зөвхөн эд хөрөнгийн эзэмшигч бөгөөд өмчлөгч биш, талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлоогүй гэсэн дүгнэлт хийж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Учир нь Их-Уул сумын төвд байрлах Халуун усны барилга нь Их-Уул дулаан хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмшилд, Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн барилга байгууламж болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга Б.Болдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/172 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Должинсоргодогийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1/152 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... халуун усны барилгад өөрсдийн хөрөнгөөр засвар үйлчилгээг хийсэн бөгөөд одоо биднээс тухайн халуун усны барилгыг авахаар болж байгаа тул засвар хийсэн материалын зардал 26,815,300 төгрөг, засвар хийлгэсэн ажлын хөлс 4,005,000 төгрөг, хог ачуулсантай холбоотой үүссэн зардал нийт 30,970,300 (гучин сая есөн зуун далан мянга гурван зуу) төгрөгийг гаргуулах ... гэж тодорхойлсон байх боловч тэрээр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх бүхий байгууллагад холбогдуулан нэхэмжлэлээ гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Мөн******* сумын халуун усны барилгыг албадан чөлөөлөх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх Их-Уул дулаан хязгаарлагдмал хариуцлагатай компани нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш, энэ нь хэрэгт авагдсан 1/152 дугаар албан бичгээр тухайн эд хөрөнгө нь Хөвсгөл аймгийн орон нутгийн өмч тул шаардах эрхгүй гэсэн дүгнэлт нь мөн адил үндэслэл бүхий болсон байна.
Шүүх Иргэний хуулийн 106, 492 дугаар зүйлд заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Түүнчлэн халаалт, цэвэр, бохир усны төлбөр болох 14,400,760 төгрөгийг нэхэмжлэгч*******гээс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, өөрөөр хэлбэл Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу хангагч, хэрэглэгчийн хооронд гэрээ байгуулагдсан байх, гэрээнд зааснаар төлбөрийг нийтлэгдсэн тарифийн дагуу хэрэглэгч төлөхөөр зохицуулагдсан байх ёстой тул энэ дагуу байгуулагдсан гэрээ, холбогдох баримтуудыг ирүүлээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдэхэд тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх бөгөөд түүнийг шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх эрхээр хангуулахаар шүүх хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулсан ба хойшлуулсан хурлын товыг 5 дугаар сарын 20-ны өдөр утсаар мэдэгджээ.
Энэ нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна /хоёрдугаар хавтаст хэргийн 73/.
Хариуцагчийн гаргасан ...шүүхээс хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийг оролцуулан шийдвэрлэсэн гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар ...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй боловч хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотлоогүй байх тул түүний гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 155/ШШ/2022/00544 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,150 /гурван зуун далан мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Н.БАЯРХҮҮ
.