Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01692

 

 

 

 

 

 

2022 09 09 210/МА2022/01692

 

 

Г-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ц.Алтанцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03080 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г-ХХК-ийн хариуцагч С.Д-д холбогдуулан гаргасан 145,264,679.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, Б.Б, хариуцагч С.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч С.Д- нь Г-ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ/КР/16/42 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн эрхтэй зэс кредит картын зээлийг жилийн бэлэн хүү 42 хувийн, бэлэн бус хүү 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Мөн талууд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/КР/17/07 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 35,000,000 төгрөг, 5,000 ам.долларын эрхтэй алтан американ экспресс кредит картын зээлийг жилийн бэлэн бус хүү 24 хувийн, жилийн бэлэн хүү 42 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай авсан. Тус гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ипотекийн гэрээ байгуулж, С.Д-ын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 8/2-р байр, 14 тоотын, 64,09 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин ЗГ/КР/16/42 тоот зэс кредит картын зээлийн төлбөрөө 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш буюу 36 сарын турш, ЗГ/КР/17/07 тоот алтан американ экспресс кредит картын төгрөгийн эрхийн төлөлтөө 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш, ам.долларын эрхийн төлөлтөө 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөөгүй. С.Д- 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар ЗГ/КР/16/42 тоот зэс кредит картын гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 471,403.93 төгрөг, үүнээс бэлэн 85,387.69 төгрөг, бэлэн бус 386,016.24 төгрөг, үндсэн хүү 253,812.22 төгрөг, үүнээс бэлэн 30,108.22 төгрөг, бэлэн бус 223,704 төгрөг, хугацаа хэтрүүлсэний хүү 140,824.99 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 66,822.43 төгрөг, нийт 932,863.57 төгрөг төлөх үүрэгтэй. Харин ЗГ/КР/17/07 тоот алтан американ экспресс кредит картын төгрөгийн эрхийн гэрээний үүрэгт шимтгэл хураамж 1,300 төгрөг, зээлийн үндсэн төлбөр 36,685,569.83 төгрөг, үүнээс бэлэн 10,100,000 төгрөг, бэлэн бус 26,585,569.83 төгрөг, үндсэн хүү 33,525,873.63 төгрөг, үүнээс бэлэн 13,433,000 төгрөг, бэлэн бус 20,092,873.63 төгрөг, хугацаа хэтрүүлсэний хүү 16,640,713.62 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 16,412,393.01 төгрөг, нийт 103,265,850.09 төгрөг төлөх үүрэгтэй. Түүнчлэн ЗГ/КР/17/07 тоот алтан американ экспресс кредит картын ам.долларын эрхийн гэрээний үүрэгт шимтгэл хураамж 3.60 ам.доллар, зээлийн үндсэн төлбөр 4,475.40 ам.доллар, үүнээс бэлэн 4,094.40 ам.доллар, бэлэн бус 381 ам.доллар, үндсэн хүү 5,724.11 ам.доллар, үүнээс бэлэн 5,434.55 ам.доллар, бэлэн бус 289.56 ам.доллар, хугацаа хэтрүүлсний хүү 2,179.20 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний хүү 1,964.38 ам.доллар, нийт 14,346.69 ам.доллар буюу Монгол банкны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн албан ханшаар тооцоход /1 ам.доллар 2,862.40 төгрөг/ 41,065,965.45 төгрөг төлөх үүрэгтэй. ЗГ/КР/16/42, ЗГ/КР/17/07 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээнүүдийн 3.5-д заасны дагуу зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно гэсэн заалтын дагуу ЗГ/КР/16/42 тоот зэс кредит картын хувьд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 66,822.43 төгрөг, ЗГ/КР/17/07 тоот алтан американ экспресс кредит картын төгрөгийн эрхийн хувьд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш 16,412,393.01 төгрөг, ам.долларын эрхийн хувьд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 1,964.38 ам.долларын зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тус тус бодогдсон. ЗГ/КР/16/42 дугаарт кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 3.6-д заасны дагуу төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлнө гэсэн заалтыг зөрчсөн тохиолдолд эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцно гэсэн заалтын дагуу 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 140,824.99 төгрөг, ЗГ/КР/17/07 дугаарт кредит карт эзэмшигчтай байгуулах гэрээний 3.6-д заасны дагуу зээлийн төлбөрийг сар бүрийн 20-с өмнө төлнө гэсэн заалтыг зөрчсөн тохиолдолд эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцно гэсэн заалтын дагуу алтан американ экспресс кредит картын төгрөгийн эрхийн хувьд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш 16,640,713.62 төгрөг, ам.долларын эрхийн хувьд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш 2,179.20 ам долдарын зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тус тус бодогдсон. Дээрх гэрээнүүдийн нийт төлбөр болох 145,264,679.11 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч С.Д-аас гаргуулахаар нэхэмжилсэн ба ам.долларын ханшийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ханш 2.862,40 төгрөгөөр тооцсон боловч хэрэгт 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 2.861,67 төгрөг байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 10,473,07 төгрөгөөс татгалзаж 145,254,206.03 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна. ЗГ/КР/17/07 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Д-аас 145,254,206.03 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г-ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г-ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 954,474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д-аас 954,421 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г-ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Д- нь гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд уг зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч С.Д-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 8/2 дугаар байр, 14 тоотын 64.09 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204021413 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэл, түүний агуулга: Шүүхийн шийдвэрийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй бөгөөд хариуцагч нь барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагад өөрийн байр сууриа илэрхийлэн мэтгэлцэх боломжоор хангаагүй. Мөн барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр барагдуулах ажиллагаа хийгдэж байгаа. Шүүх нэг талыг баримтлан шийдвэр гаргасан. Учир нь нэхэмжлэгч хэт өндөр үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг өөрийн тооцооллоор гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн нь тэгш эрхийн зарчмыг хангаагүй бөгөөд шүүхээс дэлхий нийтийг хамарсан цар тахал, Монгол улсад үүссэн эдийн засгийн хямрал, эрх бүхий албан тушаалтан засгийн газраас авч хэрэгжүүлсэн хөл хорио, тэг зогсолт зэргийг харгалзан үзээгүй шийдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч ирээгүй. Хариуцагчийн өмгөөлөгч авах шүүх хуралдаанд ирэх, мэтгэлцэх боломжоор нь хангаж шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хойшлуулсан. Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа ирээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн. 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/КР/17/07 дугаар кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээний үүргийг хангуулахаар мөн өдрөө БГ-17/07 дугаартай ипотекийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх зааснаар барьцаанд бүртгүүлсэн эд хөрөнгө нь өөр гэрээний төлбөр барагдуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаатай байгаа гэдэг нь үндэслэлгүй. Цар тахлын үед Монгол банкнаас чиглэл, үүрэг өгсний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэмэгдүүлсэн хүү тооцоогүй. Хариуцагчтай 2020 онд эвлэрэх гэж үзсэн ба хамгийн энгийн графиктай зээл рүү хөрвүүлэх талаар санал тавьсан боловч хүлээж аваагүй. Шүүх хуралдааны өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хөл хорио зарлаагүй байсан. Иймд хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г-ХХК нь хариуцагч С.Д-д холбогдуулан ЗГ/КР/16/42 тоот зэс кредит картын гэрээний үүрэгт 932,863.57 төгрөг, ЗГ/КР/17/07 тоот алтан американ экспресс кредит картын гэрээний үүрэгт 144,331,815 төгрөг, нийт 145,264,679 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ЗГ/КР/17/07 тоот алтан американ экспресс кредит картын гэрээний үүрэг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ/КР/16/42 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-ээр хариуцагч 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг 2 жилийн хугацаанд ашиглах, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24%, бэлэн мөнгө авсны жилийн хүү 42%, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2%, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1% тус тус төлөхөөр тохиролцсон байна.

 

3.б. Мөн зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/КР/17/07 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр хариуцагч 35,000,000 төгрөгийг болон 5,000 ам.долларын зээлийн эрх бүхий картыг 2 жилийн хугацаанд ашиглах, бэлэн бус гүйлгээний хүү 2%, бэлэн мөнгө авсны хүү 3,5%, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2%, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1% тус тус төлөхөөр тохиролцжээ.

 

3.в. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болохыг зөв дүгнэсэн боловч хэтэрсэн хугацааны хүүгийн талаарх талуудын тохиролцоо хуульд заасан шаардлагад нийцээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

4.а. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ болно. Зээлийн гэрээний 3.6-д төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцогдоно гэж тусгасан байх боловч хариуцагч уг хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4.б. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээл олгох үйл ажиллагааны хүрээнд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс хэтэрсэн хугацааны хүү гэрээгээр тохиролцон авч болох талаар Иргэний хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд тусгайлан зохицуулсан. Тодруулбал, талуудыг гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр гэрээнд тодорхой заасан байх учиртай.

 

4.в. Талууд гэрээндээ хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 1 %-аар тооцон авахаар заасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасны дагуу зээлийн гэрээний 3.6-д заасныг дүгнэвэл нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 1% гэж тогтоосон нь 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэгчид энэ төрлийн хүү шаардах эрх үүсэхгүй юм.

 

5. Зээлийн эрх хэтрүүлсний хүү гэх төлбөрийг авах талаар талуудын гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Иргэний хуульд заагаагүй байна. Иймд нэхэмжлэгч уг хүүгийн төлбөрийг шаардах эрхгүй.

 

6.а. Нэхэмжлэгчийн гаргасан зээл, хүүгийн тооцооллын хүснэгт гэх баримтыг хариуцагч няцаасан баримт гаргаагүй тул тооцооллын хувьд маргаангүй гэж үзнэ. Хариуцагч 2016 оны ЗГ/КР/16/42 тоот зээлийн гэрээний хугацаанд 18,705,799 төгрөгийг зээлдэн авснаас 18,742,236 төгрөгийг, 2017 оны ЗГ/КР/16/42 тоот зээлийн гэрээний хугацаанд 145,066,007 төгрөг зээлдэн авснаас 156,174,951 төгрөг, 15,097.29 ам.доллар зээлдэн авснаас 15,385.48 ам.долларыг тус тус буцаан төлжээ. Мөн хариуцагч 2016 оны ЗГ/КР/16/42 тоот зээлийн гэрээний хугацааны хүүд 391,219 төгрөг, 2017 оны ЗГ/КР/16/42 тоот зээлийн гэрээний хугацааны хүүд 21,098,506 төгрөг, 3,053.73 ам.доллар төлөх үүрэгтэй.

 

6.б. Иймд хариуцагч нь 2016 оны ЗГ/КР/16/42 тоот зээлийн гэрээний үүрэгт 354,782 төгрөг, 2017 оны ЗГ/КР/16/42 тоот зээлийн гэрээний үүрэгт 9,989,562 төгрөг, 4,765.54 ам.доллар /1 ам.доллар 2861.67 төгрөг/ буюу 13,637,403 төгрөг, нийт 23,981,747 төгрөг төлөх үүрэгтэй байна. Гэвч хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 100,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн гэх агуулгатай тайлбар гаргасан тул 2016 оны ЗГ/КР/16/42 тоот, 2017 оны ЗГ/КР/16/42 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 100,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан талуудын зарчимд нийцнэ.

 

7.а. Түүнлэн талуудын хооронд байгуулагдсан ЗГ/КР/17/07 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр БГ/17/07 тоот ипотекийн гэрээ байгуулан С.Д-ын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 8/2 дугаар байр, 14 тоотод оршин байрлах 64.09 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

7.б. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ/КР/16/42 тоот зээлийн гэрээ байгуулах үед барьцааны гэрээ байгуулагдаагүй байсан. Гэтэл анхан шатны шүүх уг зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй. Тодруулбал, нэхэмжлэлийг хангасан үнийн дүн болох 100,000,000 төгрөгөөс ЗГ/КР/16/42 тоот зээлийн гэрээний үүргийг хариуцагч 932,863 төгрөгийн хэмжээнд тооцож тайлбар гаргасан. Уг үүргийг барьцааны зүйлээр хангах боломжгүй. Иймд үлдэх 99,067,137 төгрөгийн хэмжээнд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч С.Д-аас 100,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,254,206.03 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцаагаар хангагдах шаардлагыг 99,067,137 төгрөг байхаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03080 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Д-аас 100,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,254,206.03 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

 

2 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн... гэсний ард 56 дугаар зүйлийн 56.2 гэж нэмж, С.Д-аас 954,421 төгрөгийг гэснийг С.Д-аас 657,950 төгрөгийг... гэж өөрчилж,

 

3 дахь заалтын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Д- нь төлбөл зохих 99,067,137 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд уг зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч С.Д-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 8/2 дугаар байр, 14 тоотын 64.09 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204021413 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдсугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ