Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0513/З |
Дугаар | 390 |
Огноо | 2020-10-26 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 390
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын
Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь,
Х.Батсүрэн,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон талаар мэдэгдэл өгөх” гэснийг биелүүлээгүй, мөн манай эзэмшдэг ХV-019698 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг цуцалсан талаархи мэдэгдлийг өгөөгүй тул 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ХV-019698 дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэхийг даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0770 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 281 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, Э.Э нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0770 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 32.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.3 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар шийдвэрээс М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ХҮ-019698 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 281 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 770 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ХV-019698 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай компанийн эзэмшил Дундговь аймгийн Өндөршил сумын нутаг орших “Өндөршил” нэртэй ХV-019698 дугаартай хайгуулын талбайн тусгай зөвшөөрлийг бидэнд мэдэгдэлгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр цуцалсныг олж мэдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоосноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдээлэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэснийг зөрчиж манай компанид мэдэгдэл өгөөгүй бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4, 56.5-д заасан эрхүүдээ эдлэх боломжийг олголгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан асуудлыг судлан хариу өгөхийг хүссэн хүсэлтээ тус газрын Кадастрын хэлтсийн даргад гаргасан. Энэхүү хүсэлтэд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 7/2257 албан тоотоор хариу өгөхдөө “...Кадастрын бүртгэлийн системд бүртгэлтэй “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, БООВШ 601” гэсэн хаягаар хүргүүлсэн гэх боловч энэхүү мэдэгдэл нь ирээгүй түүнийгээ баримтжуулсан нотлох баримтыг гаргаж өгөөгүй учир Ашигт малтмал, газрын тосны газрын дарга X.Хэрлэнд хандахад 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/3329 дүгээр албан бичгээр ”2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цуцлах нөхцөл бүрдсэн тухай 2/172 дугаар мэдэгдэл, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 7/921 дүгээр мэдэгдлийг Кадастрын бүртгэлийн системд “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 1 дүгээр хороо, БООВШ 601” гэсэн хаягаар хүргүүлсэн” гэх хариуг ирүүлсэн ба үүнтэй хамт мөн ямар нэгэн баримтжуулсан нотлох баримт, материалыг бидэнд өгөөгүй болно.
4. Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 7-д “Хуулийн ... 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан байдаг. Гэтэл “М” ХХК-д “Мэдэгдэл” зохих журмаар ирээгүй бид мэдэгдлийг аваагүй байхад нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн “ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй” гэх үндэслэлээр шууд цуцалсан, цуцалсан тухай “мэдэгдлийг хүргүүлсэн” гэх боловч энэ нь нотлогдохгүй байгаа ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь хуульд заасан хугацаанд заавал мэдэгдэх үүргээ биелүүлээгүй мөн манай компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийг цуцалснаас болж бид бүхний эрх ашиг зөрчигдсөөр байна.
5. Мөн хариуцагч тал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 281 дугаар магадлалд “2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлбөрийг алдангийн хамт төлөх үүрэгтэй боловч ээлжит жилийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй, энэ үйл баримтын талаар маргаангүй байна” гэсэн нь манай гомдлыг хүлээн зөвшөөрч байгаа нь “...төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй...” байна гэснээс харагдаж байна. Төлбөрөө төлөх гэхээр цуцлагдсан гэсэн үндэслэлээр эрх зүйн хувьд төлж чадахгүй болоод байна. Манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайн эрх сэргээгдчихвэл бид бүхэн төлбөрөө төлөх боломжтой байгаа.
6. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс манай компанийн хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээж авч, хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгасан хэрнээ 10 хоногийн дараа төлбөр төлөөгүй гээд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Мөн мэдэгдэл аваагүй, миний бие хүндэтгэн үзэх шалтгаанаас болж төлбөрийг хугацаанд төлж чадаагүй шалтгаанаа тайлбарласан байтал энэ талаар төр захиргааны байгууллагад мэдэгдээгүй, хүсэлт гаргаагүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Хүнд бие өвдөж эмнэлэгт хэвтэх нь хүндэтгэн үзэх шалтгаан биш бол өөр юуг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх болж байгааг миний бие ойлгохгүй байна. Эдгээр үндэслэлийг давж заалдах шатны шүүх буруу дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
7. Иймд, манай компанийн XV-019698 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эрхийг сэргээж давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасантай нийцсэн байна.
9. Нэхэмжлэгч “М” ХХК нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ХV-019698 дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
10. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 149 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “М” ХХК-д Дундговь аймгийн Өндөршил сумын нутаг “Өндөршил” нэртэй газарт 18277.12 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХҮ-019698 дугаар тусгай зөвшөөрлийг /“Я” ХХК-ийн эзэмшиж байсан/ шилжүүлж эзэмшүүлсэн байх бөгөөд мөн хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
11. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-019698 дугаар тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөр /2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны/-ийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэг хүлээжээ.
12. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК нь тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг дээрх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө урьдчилан төлөөгүй, улмаар хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д зааснаар нэмж 30 хүртэл хоног буюу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дотор алдангийн хамт төлөх боломжтой байтал өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй, хууль зөрчжээ. Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй шалтгааныг “...төлбөр төлөх хугацаанд тус компанийн захирал Ц.Б өвчтэй байсан, энэ нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзнэ...” гэж марган, нотлох баримтаар “Хос-Үжин” уламжлалт эмнэлгийн магадлагааг шүүхэд ирүүлсэн байх боловч уг баримтууд нь компанийн захирал Ц.Быг компанийнхаа үйл ажиллагааг огт явуулах боломжгүй, хүнд өвчтэй байсныг нотлохгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв байна.
13. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан. Хариуцагчаас нэхэмжлэгч “М” ХХК-д 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2/172 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тухай мэдэгдлийг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 7/921 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг тус компанийн албан ёсны бүртгэлтэй хаягаар, шуудангаар хүргүүлж мэдэгдсэн нь тогтоогдсон байна.
14. Иймд, нэхэмжлэгч “М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-019698 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан, маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 87 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй” гэж заасантай нийцсэн байна. Давж заалдах шатны шүүхээс, тухайн маргаанд Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүх “...хариуцагч нь нэхэмжлэгч компанийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж хүлээн зөвшөөрч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан атлаа ...ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулаагүй нь үндэслэлгүй” гэж маргааны үйл баримтыг буруу дүгнэсэн, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй байхад тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан нь ...түүнд ээлжит жилийн төлбөрөө төлөхгүй байх давуу байдал үүсгэхгүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
15. Иймд нэхэмжлэгчийн “...“М” ХХК-д “Мэдэгдэл” зохих журмаар ирээгүй, бид мэдэгдлийг аваагүй байхад нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг “ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй” гэх үндэслэлээр шууд цуцалсан, цуцалсан тухай “мэдэгдлийг хүргүүлсэн” гэх боловч энэ нь нотлогдохгүй байгаа...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 281 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА