Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 383

 

 

С.Б, Х.Мнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч С.Бгийн өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, П.Гансүх, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дүгээр сарын 03-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 459 дүгээр магадлалтай, С.Б, Х.Мнарт холбогдох 201501000046  дугаартай хэргийг шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч С.Бгийн өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,  

Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял шийтгүүлсэн, Бяхар овогт С Б.

2. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эмэгтэй,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1080 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хиад овогт Х М.

С.Б нь Х.Мтэй урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдан төлөвлөж 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон нийт 68.8 грамм жинтэй метамфатамины, 2.8363 грамм жинтэй делта 9-тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй метамфатамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Зам-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,

мөн 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон нийт 68.8 грамм жинтэй метамфатамины, 2.8363 грамм жинтэй Делта 9-тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй метамфатамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авсан, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисоо 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 24 тоотод  биедээ хадгалж, тээвэрлэсэн, бусдад худалдсан,

Х.Мнь С.Бтай урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож өөрөө 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон нийт 68.8 грамм жинтэй метамфатамины 2.8363 грамм жинтэй делта-9 тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй метамфатамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Зам-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,

мөн С.Бтай урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож өөрөө 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон нийт 68.8 грамм жинтэй метамфатамины, 2.8363 грамм жинтэй Делта 9-тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй метамфатамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авсан, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисоо 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 24 тоотод биедээ хадгалж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Бг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэг болгон өөрчилж,

шүүгдэгч С.Бг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг журамлан С.Б, Х.Мнарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 6 жилийн хорих ял, шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийг 5 жилийн хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, С.Бгийн цагдан хоригдсон 597 хоног, Х.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 309 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүүдийг зохих журмын дагуу шийдвэрлэж,

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Х.Мөнх-Эрдэнийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүүхэд М.Аялгуу /РД:УП17250129/-д асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч С.Бг бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцож мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийг бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцож мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Мгаргасан гомдолдоо “миний охины аав болон миний төрсөн ах, эгч нар байсаар байтал асран хамгаалагч тогтоосонгүй. Нийтийн хамарсан “корона” вриус өвчний үед хорионы улмаас 2 дугаар сарын 3-ны өдрөөс хойш өдийг хүртэл өөрийнхөө хүүхдийг хаана, хэнтэй байгааг мэдэхгүй байна. Миний хүүхдийн эрхийг зөрчиж байна. Иймд би охиноо өөрийн төрсөн эх Х.Оюун-Эрдэнэд асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлтэй байна. Миний хүүхдэд асран хамгаалагч тогтоолгож өгнө үү. Зөвхөн намайг яллах талыг харж миний охины эрхийг зөрчиж байгаад маш их гомдолтой байна. Х.Мминий бие Гомбо-Очир гэдэг хүнээр дамжин Баярмаатай танилцаж холбоо тогтосон. Үүнд Мөнх-Эрдэнэ намайг Баярмаагийн гэрлүү түлхэж өшиглөж оруулчихаад зарж борлуулсан, үгсэн тохиролцсон гэж үзсэн.

Шархаданд сэтгэц тогтоолгохоор үзүүлэхэд “Сэтгэцийн эмгэгтэй” гэж тогтоосон байтал хууль мэдэхгүй миний анхны мэдүүлгээр 5 жил ялласан.

Зөвхөн утсан дээрх “Wechat” мессэж болон харилцан яриагаар нотлох баримт хийсэн. Мөн надад хийсэн жин хэмжүүр болон зип түгжээтэй уутнууд нь тухайн нөхцөл байдалд үүссэн уутны урагдалт, цооролт болон хэмжиж авахад ашигласан. Гэтэл хийсвэр дүгнэлт хийн авч явсан уут болон хэмжүүрээр дүгнэн зарж борлуулах гэж байсан гэсэн зүйлчлэлийг ойлгохгүй байна.

Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн. 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр баригдаж хоригдсон байтал 05 дугаар сарын 28-ны өдөр зарж борлуулсан гэж авч үзсэн. Баярмаа нь нотлох баримт дээр 20.000 төгрөг тоолж авч байна гэж хэрэгт нотлох баримтаар авагдаад байгаа гэх нь цаг хугацааны зөрүүтэй, зөвхөн Баярмаатай холбоотой гүйцэтгэх ажиллагаатай хэсгээс явагдаж, хооронд нь хольж хутган хэргийн нөхцөл байдлыг төөрөгдүүлээд байна.

Шүүх шүүгдэгчдэд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоог энэ хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн. Гэтэл Х.Мби гүйцэтгэх ажиллагаанд оролцсон оролцоо байхгүй. Зарж борлуулсан, үгсэн тохиролцсон үйлдэл байхгүй. Х.Мби энэ зүйлийн эзэн болох Бадрахын ямар санаа агуулж байсанг мэдэхгүй. Би энэ зүйлийг оруулж ирэх болсон шалтгаан нь тухайн үеийн сэтгэл хөөрлөөр, ахархан бодол тээж Бадрахын гуйсан гуйлтыг хүлээн зөвшөөрч хилээр оруулан ирсэн. Миний хийсэн оролцоо үйлдэлд тус бүрээр нь ялгаж салгаж хуулийн дагуу үнэн зөв шийдэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.

2016 онд давж заалдах шатны шүүх нь гүйцэтгэх ажиллагааны нотлох баримт дутуу хийгдсэн гэсэн шалтгаанаар мөрдөн байцаалт руу буцсан. Гэтэл өнөөдөр яагаад мөн өнгөрсөн хугацаанд Баярмаагийн тэр үйлдэл нь мөрдөн байцаалт, прокурор, анхан, давж заалдах шатны шүүхэд яригдахгүй үнэн зөвөөр шалгахгүй байгаа юм бэ. Мөн тухайн өдөр баригдсан газар нь Баянгол дүүрэг, 16 дугаар хороонд байрлах “Максмалл” орон сууцанд баригдсан байтал Сонгинохайрхан дүүргийн шүүхээр шийдэгдсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний хийсэн үйлдлийг зөв зүйтэй зүйлчилж Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхэн надад холбогдох хэргийг тал бүрээс нь хянан мөрдөн байцаалт руу буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Бгийн өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нар хамтран гаргасан гомдолдоо “... хэрэгт авагдсан байсан эд мөрийн баримт болох Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу прокурорын зөвшөөрөлтэй арга хэрэгсэл ашиглаж авсан №1 гэж дугаарласан уутны хамт 1.8 грамм мөс гэх мансууруулах бодис, №2 гэж дугаарласан уутны хамт 2.4 грамм мөс гэх мансууруулах бодис эд мөрийн баримтанд огт байхгүй байгаа болно.

Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу прокурорын зөвшөөрөлтэй арга хэрэгсэл ашиглаж авсан №1 гэж дугаарласан уутны хамт 1.8 грамм мөс гэх мансууруулах бодис, №2 гэж дугаарласан уутны хамт 2.4 грамм мөс гэх мансууруулах бодисыг эд мөрийн баримтаар тооцон хэрэгт авагдсан болох нь дээрх хэрэгт авагдсан баримтууд болон шүүхүүдийн шийдвэрүүд, яллах дугнэлтүүдэд тусгагдсан байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх 2019 оны яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын тогтоол, яллах дүгнэлтэнд ямар үндэслэлээр С.Бгийн 2015 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд давтан борлуулсан гэх үйлдэл болон уг үйлдэлийн улмаас хэрэгт авагдсан эд мөрийн баримт болох гүйцэтгэх ажиллагааны шугамаар хэрэгт авагдсан гэх №1 гэж дугаарласан уутны хамт 1.8 грамм мөс гэх мансууруулах бодис, №2 гэж дугаарласан уутны хамт 2.4 грамм мөс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис эд мөрийн баримтнаас байхгүй болсон нь ойлгомжгүй, хэрэгт тухайн үйлдэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр огт авагдаагүй байгааг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Мөн С.Бг 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдөр хүртэл 79.1 грамм жинтэй метафетаминыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 24 тоот хүртэл биедээ хадгалж, тээвэрлэсэн, бусдад худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна.

Учир нь Х.МУлаанбаатар хотын Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 24 тоотод хадгалж, тээвэрлэж ирсэн бөгөөд С.Бгийн гэр лүү орохоосоо өмнө цагдаа нарт баригдан уг бодисоо хураалгасан, Баярмаа уг бодисыг биетээр өөртөө аваагүй байхад, яг хэзээ, хэнд тухайн бодисоос дээрх хугацаанд худалдан борлуулсан гэж дүгнэн шийдвэрлэж, гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж бодож байна.

Иймд хэрэгт заавал байх ёстой эд мөрийн баримт нь байхгүй, гүйцэтгэх ажиллагааны шугамаар илрүүлсэн гэх үйлдэл нь хэрхэн яаж шийдвэрлэгдсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч П.Гансүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэргийн зүйлчлэл маргахгүй буюу 2015 оноос 2020 он хүртэлх хугацаанд гэм бурууд маргаагүй, шүүх, цагдаагийн дуудсан цагт ирж байсан. Харин Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь эргэлзээтэй. Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэдэгт маргахгүй байхад 5 жил шалгасны эцэст 5 жил хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Шалгагдах хугацаандаа ямар нэгэн зөрчил, гэмт хэрэгт холбогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим үйлчлэх ёстой. Мөн Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байхад миний үйлчлүүлэгчид хэт хүнд оногдуулсан. Иймд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Х.Баярмаагийн өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнийн тайлбарыг танилцуулъя. С.Бд холбогдох хэрэгт гүйцэтгэх ажиллагааны журмаар хураагдаж эд мөрийн баримтаар тооцогдсон №1 дугаартай 1.8 грам, №2 дугаартай 2.4 грамм, нийт 4.2 грамм “мөс” гэх бодис нь хэд хэдэн удаагийн яллах дүгнэлтэд тусгагдсан хэрэгт байсан. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 291 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дээрх эд мөрийн баримт байхгүй, хэрхэн шийдвэрлэгдсэн нь хэрэгт авагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахдаа орхигдуулж шийдвэрлэсэн. С.Бг 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 05 дугаар сар хүртэл давтан борлуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4-д зааснаар хэргийг зүйлчилж байсан. Гэтэл дээрх зүйл ангийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгосон эсхүл хэрэгсэхгүй болгосон эсэх нь ойлгомжгүй. Учир нь яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 05 дугаар сарын 24-нөөс 28-ны өдөр хүртэлх хугацаанд биедээ авч явсан буюу хадгалсан, тээвэрлэсэн, бусдад худалдсан гэж дүгнэлт хийсэн. Гэтэл Х.Мнь С.Бгийн гэрт орохоосоо өмнө баригдсан байхад тус хугацаанд ямар үндэслэлээр бусдад худалдсан гэж гэм буруутайд тооцсон нь энэ хугацаанд учир дутагдалтай буюу хууль зүйн дүгнэлтийг буруу хийсэн. Мөн 2015 оны 05 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрийн хооронд бусдад худалдсан гэдгийг тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй. Хэргийн материалтай танилцахад С.Б, Х.Мнар нь 2015 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө баригдсан ба тухайн өдөр Х.Мөнх-Эрдэнийн авч явсан хар уутанд байх сэнс болон тосны савнаас 68.8 грамм “мөс” гэх нэршилтэй бодис хураагдсан байдаг. Мөн 10.2431 грамм бодисыг авч ирэхийг С.Б зохион байгуулсан үйл баримт байхгүй. Учир нь цүнхний буланд хий гэсэн үйл баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдалд эргэлзээ байгаа учир нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн тайлбарыг ирүүлсэн байна. Хэрэг 2016 оны 01 дүгээр сараас эхлэн шатны шатны шүүхээс хэргийн үйл баримт бүрэн нотлогдогдоогүй үндэслэлээр буцаагдаж байсан. Эд мөрийн баримтыг авч ирэхийг хүссэн боловч шүүх шаардлагагүй гэж үзсэн. Бид С.Бг гэм буруугаа хүлээн зөвшөөрхийг ойлгуулснаар хэргийн үйл баримтад ямар нэгэн маргаан үүсгээгүй боловч анхан шатны шүүх зөвхөн худалдсан гэх үйл баримтад гэм буруутайд тооцож 6 жил хорих ял оногдуулсан нь хэт нэг талыг барьсан. Учир нь мансууруулах бодис зарж “мөсний хатан хаан” гэх нэр авах хэмжээнд очоогүй. Харин шалгаж байсан мөрдөгч нарынх нь өгсөн нэр юм. Эд мөрийн баримтаар тооцогдсон хэдий ч байхгүй болсон баримтад үндэслэж ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Миний үйлчлүүлэгч 2015 оноос хойш ямар нэгэн зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй. Ирэх жил охин нь сургуулиа төгсөж их сургуульд орох, гэм буруугаа ухаарсан зэрэг үйл баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, прокурорын зүгээс 2 жил 6 сар хорих санал оруулж байсныг анхаарч үзнэ үү” гэв.

Шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч С.Оюунцэцэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Х.Мөнх-Эрдэнэтэй очиж уулзахад ямар ч бодис худалдаагүй, баригдсаны дараа хураагдсан гэж байсан. Иймд хэргийн зүйлчлэлийг анхаарч, ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Худалдахаар байсан гэж таамаглаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй. 2015 онд хэрэгт холбогдсоноос хойш хуулийн байгууллагын дуудсан цагт ирж байсан. 2010 онд осолд орж олон цагийн хүнд хагалгаанд орсон бөгөөд саажилттай болсон. Дээрх нөхцөл байдлаас болж биеийн байдал нь муу байгаа. Түүний 2017 онд төрүүлсэн ганц охин нь дөнгөж 3 нас хүрч байна. Мөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд хэргийн зүйлчлэл, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Б нь Х.Мөнх-Эрдэнэтэй урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож, сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боотоор хууль бусаар нэвтрүүлсэн, мөн Х.Мөнх-Эрдэнэтэй урьдчилан үгсэн тохиролцож уг бодисоо 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байр 24 тоотод өөрийн гэрт хадгалж тээвэрлэсэн,бусдад худалдсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх тухайн зүйл хэсгээр ял оногдуулахдаа Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэмжээнд шийтгэл оногдуулсан нь хуулийг зөв хэрэглэсэн буюу хэргийн бодит байдалд нийцсэн байна. Хэрэг 2015 оноос эхлэн шалгагдсан бөгөөд худалдаж авсан хүмүүст нь холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч С.Б оргон зайлсан нөхцөл байдлаас уг хэрэг тусгаарлагдсан болохыг дурдах нь зүйтэй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Б, Х.Мнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг хангасан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Х.Мнь С.Бгийн зааж зааварласан дагуу 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хот руу зорчиж Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтсан метамфатамин агуулсан нийт 79.0431 грамм “делта-9 тетрагидроканнабинол” агуулсан 2.8363 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдан авч өөрийн тээшиндээ үсний сэнсийг задлан дотор нь нууж Дорноговь аймгийн Зам-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн, хадгалсан, тээвэрлэсэн,

Шүүгдэгч С.Б нь бусдад сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдах зорилгоор Х.Мөнх-Эрдэнээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотоос  2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдан авахуулж, улмаар Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, тээвэрлэх, хадгалах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохирч бүлэглэн үйлдсэн, улмаар бусдад худалдаалсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар нотлогдсон талаарх 2 шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б, Х.Мнарт холбогдох “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн” үйлдлийг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар шийдвэрлэх ёстой гэж дүгнэж 2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэг болгон өөрчилж, тухайн зүйлд заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Б, Х.Мнарын “... бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг” гэсэн гэмт хэрэгт хамтран оролцсон шинжийг орхигдуулсныг зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг хуульд заасан арга, хэрэгсэл ашиглан шалгаж, эргэлзээгүй байдлаар хөдөлбөргүй нотолж тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хэргийг хуульд заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн хор уршиг, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээнд нийцсэн хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан явдал нь шүүгдэгч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан үйлдэлтэй шууд холбоотой  тул “... 5 жил шалгагдаж байх хугацаанд мөрдөн байцаалт, шүүхийн дуудсан цагт очиж ямарч саад учруулаагүй, мэдүүлгээ үнэн зөвөөр өгч байсан Х.Мөнх-Эрдэнийн гэм буруугаа бүрэн ухамсарласан, хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хөнгөрүүлэх тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Х.Мнь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэсэн боловч Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг эс зөвшөөрч хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зохицуулсан бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээж, зөвшөөрсөн эсэх”-ийг тогтоох шалгуур үзүүлэлт нь хууль хэрэглээ буюу гэмт хэргийн зүйлчлэл, ял, албадлагын арга хэмжээ буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг хүлээн зөвшөөрсөн байхыг шаардана.

Иймд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг эс зөвшөөрч гомдол гаргасан этгээдэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Мөн анхан шатны шүүх Х.Мөнх-Эрдэнийн 2017 оны 05 дугаар сарын 01-нд төрсөн М.Аялгууд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн гаргасан “... охины аав, миний төрсөн ах, эгч байсаар байтал асран хамгаалагчаар тогтоогоогүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар “асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох” асуудлыг Засаг дарга шийдвэрлэхээр хуульчилсан болно.

Шүүгдэгч С.Бгийн өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нарын гаргасан гомдлын хувьд “худалдах зорилго тогтоогдоогүй”, “худалдаагүй” гэсэн гомдол нь гэмт хэрэг хамтран үйлдсэн Х.Мөнх-Эрдэнийн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, тэдний гар утсыг хураан авч ярианы бичлэгийг сэргээсэн шинжээчийн дүгнэлт зэргээр үгүйсгэгдсэнээс гадна шүүгдэгч нараас хураасан сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ нь хүний 1 удаа хэрэглэх тунгаас давснаас гадна уг бодисыг жижиглэн савлах зорилгоор жижиг хэмжээний гялгар уутыг бэлтгэсэн байсныг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргажээ.

Мөрдөн байцаалтын явцад эрүүгийн төлөөлөгч нь С.Б, Х.Мнараас хураан авсан бодисоос 4.2 граммыг шинжилгээ хийлгүүлэхээр аваад буцаан хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан тогтоол хавтаст хэргийн 4 дүгээр ботийн 67 дугаар талд авагдсан байх тул “уг бодис байхгүй, хэрхсэн нь тодорхойгүй” гэх өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “сэтгэцэд нөлөөт бодис бусдад худалдаагүй” гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дүгээр сарын 03-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 459  дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч С.Бгийн өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Б.ЦОГТ

                                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                     Ч.ХОСБАЯР