Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 207/МА2022/00094

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 207/МА2022/00094

 

 

О.*******, Ө.******* нарын

нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******, Т.*******

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2022/00925 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.*******, Ө.******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.*******, Т.******* холбогдох,

Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөх эрхийг хүчингүй болгож нэхэмжлэгч нарын Орхон аймгийн Баян-Өндөр сум ******* баг ******* тоот орон сууцыг өмчлөх эрхийг сэргээж өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Т.*******ийн гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урантуяа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.*******, Ө.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Бидний ойрын хамаатан О.******* болон түүний нөхөр Ц.******* нар нь 2015 оны 04 дүгээр сард орон сууцаа барьцаалах тухай хүсэлтийг ээж О.*******т тавьсан ба түүнийг бид огт зөвшөөрөөгүй. Гэтэл өдөр шөнөгүй гуйж бидний амьдралыг дэмжээч, бичил цайны газрыг ажиллуулах гэж байгаа юм, хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, тоног төхөөрөмжөө авах, эд материалаа авах шаардлагатай байна, 10.000.000 төгрөгт барьцаалах гэж байгаа юм, нэг жил барьцаална гэсэн. Үүний дараа ээж О.*******тэй зөвлөлдөхөд төрсөн дүү О.*******ын амьдралыг бодоод зөвшөөрөөч гэсний дагуу бид зөвлөлдөөд Ц.*******т барьцаалахыг зөвшөөрсөн. Зөвшөөрсний дараа барьцаалах орон сууц өөрийн нэр дээр байх шаардлагатай байна, та туслаач гэсэн. Нэгэнт барьцаалахыг зөвшөөрсөн болохоор төрсөн дүүдээ итгэж, тэдний 3 нялх хүүхдийг нь бодож, мөн удахгүй өгнө , барьцаагаа гялс төлөөд буцаагаад өгнө гэхээр нь Ц.*******т түр хугацаагаар буюу нэг жилийн хугацаагаар шилжүүлэхийг зөвшөөрч, гэрээг байгуулсан. Нэг жил өнгөрсөн боловч орон сууцыг шилжүүлж өгөхгүй байсан учир орон сууцыг шилжүүлж өгөхийг шаардсан. Удахгүй шилжүүлж өгнө гэсээр дахин нэг жил өнгөрсөн учир цагдаагийн байгууллагад хандтал Орхон аймгийн прокурорын газраас 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/102 тоот прокурорын тогтоол гарч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Уг шийдвэрт гомдол гаргаагүй учир нь Ц.******* удахгүй суллаад өгнө, барьцаалсан хүн энэ хүн байгаа юм гээд ээж О.*******тээ Г.******* гэх хүнтэй уулзсан. Г.*******тай ээж уулзахад барьцаалсан байгаа нь үнэн, зээлийн гэрээний хоорондын асуудал та нарт хамаагүй, барьцаалсныг мэдэх гэж ирж байгаа бол мэдэх зүйлээ мэдлээ, одоо уулзах уулзаа байхгүй, яах гэж ирсэн юм гэхээр нь энэ байр ээж минийх гэсэн. Таны байр эсэх надад хамаагүй, би барьцаалсны дагуу мөнгөө авна, тэгээд болоо, мөнгө төлөгдсөний дараа ах дүүс учраа олж байраа авна биз гэж хэлсэн гэсэн. Ингээд барьцаалсан нь үнэн юм байна гэж итгээд цааш цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Ц.******* нь энэ хугацаанд та санаа зоволтгүй зээлээ төлж байгаа барьцаа удахгүй чөлөөлөгдөнө гэсэн. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас явж байна гэх 2 эмэгтэй орж ирээд, бидний байрыг суллаж өгөхийг шаардсан. Тухайн хүмүүсээс асуутал Ц.******* бусдад байрыг шилжүүлсэн албадах ажиллагаа хийж байна гэсэн. Бид Ц.*******т худалдаагүй, зараагүй, тэр хүн бусдад өгөх эрхгүй гэхэд бид мэдэхгүй гэсэн. Ц.*******тай ярихад бусдад шилжүүлээгүй зээлээ би төлж байгаа гэх хэлээд утсаа тавьсан. Ц.******* бид нарын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн гэрээ гэж үзэж байх тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Бидний өмч хөрөнгө болох Орхон аймаг Баян өндөр сум ******* баг ******* тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн талаарх баримтыг хэрэгт ирүүлсэн эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаас мэдлээ. Ц.******* нь тухайн орон сууцыг бусдад барьцаална гэж хэлж байснаас өөрөөр буюу өмчлөх эрхийг маань бусдад шилжүүлж, өөр өмчлөгчтэй болсон талаар мэдээд үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Өөрөөс нь лавлахаар бусдаас их хэмжээний мөнгө зээлсэн үүний барьцаанд тавьсан гэж хариулах ба анх биднээс банкнаас мөнгө авах зорилгоор орон сууцыг шилжүүлэн авсан. Гэтэл одоо 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийж иргэн Түмэн-Өлзий овогтой *******т өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Иймд Ц.******* болон 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн иргэн Түмэн-Өлзий овогтой ******* нарын хооронд хийгдсэн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 000496636 тоот үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусд тооцож, өмчлөх эрх хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын Орхон аймаг Баян өндөр сум ******* баг ******* тоот орон сууцыг өмчлөх эрхийг сэргээж , өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нь Ц.******* нь О.*******тай 2005 оноос хойш хамтран амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болсон. ******* бид 2 хувиараа Бичил цайны газрыг ажиллуулж байсан. 2015 оны 04 дүгээр сард ******* нь өөрийн төрсөн эгч О.*******тэй Орхон аймгийн ******* баг ******* тоот орон сууцаа барьцаалж бизнес хийхээр тохиролцсон. Тухайн орон сууцаа барьцаалж зээл авах гэтэл О.*******, О.******* нар нь банканд зээлийн хар түүхтэй буюу найдваргүй зээлдэгч гэсэн хариу гарсан. Иймд миний бие Ц.*******ын нэр дээр орон сууцаа шилжүүлэхийг тохиролцож зээл авах гэтэл худалдаж авснаас хойш 6 сарын дараа эрх нээгдэнэ гэсэн хариу өгсөн. О.******* нь зар дээрээс Г.******* гэж хүнтэй яриад машин үзэхээр болсон. Г.******* дээр надтай хамт очсон. Г.*******ас бид бэлэн мөнгө аваагүй. RANGE ROVER маркийн автомашин Оюунгэрэл гэж хүний данс руу 8.000.000 төгрөг Г.*******ас шилжүүлсэн. Г.*******д 5.000.000 төгрөг, мөн махны зориулалттай хөлдөөгч болон нийт 8.000.000 төгрөг өгсөн. Зээл авснаас хойш 2017 онд миний бие бөөрний дутагдалд орж 2 жил хөдөлмөр эрхлэх чадамжгүй байсан. Үүнээс хойш 2015 оны сүүлээр О.******* бид 2 тусдаа амьдрах болсон. Миний хүсэлт Г.Гантулгын өрийг бага багаар харилцан тохиролцож төлөх хүсэлттэй байна. Одоогоор миний бие барилгын ажил хийдэг. Ажлууд 4 сарын дунд үеэс эхэлж байна гэжээ

Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

О.*******, Ө.******* нар нь ямар ч үндэслэлгүй худал нэхэмжлэл гаргасан гэж би үзэж байна. Учир нь миний бие 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ц.*******, П.Оюунбилэг нарын хууль ёсны өмч болох Орхон аймгийн Баян-Өндөр сум 1-р баг ******* 19-41 тоот 38м2 талбайтай 3 өрөө байрыг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр бэлнээр 60 000 000 (жаран сая) төгрөг тоолж өгөөд авсан юм.Тодруулбал тус гэрээний 2.2, 2.3-т тусгасан байгаа. Би өөрийн нэр дээрээ улсын бүртгэлд бүртгүүлэн ******* дугаарт бүртгэлтэй 000496636 дугаар бүхий гэрчилгээг авсан юм. Тус гэрчилгээ болон худалдах, худалдан авах гэрээний хуулбарыг хавсаргасан болно. Хууль ёсны эдгээр бичиг баримтыг нотлох баримтаар үнэлж шийдэж өгнө үү. Ц.******* нь тухайн үед манай хадам эгчийг байртай болтол нь түр суулгаж байгаач гэж гуйсан учраас би Улаанбаатар хотод амьдардаг тус байранд засвар хийх материал татах гээд 2 сар гаруй хугацаа байсан тул зөвшөөрсөн юм. Дараа нь байрандаа орох гэтэл хүмүүс нь суллаж өгөхгүй өдийг хүрлээ. Би 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд эдгээр хүмүүсийг албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан боловч Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 13-ны өдрийн дугаар 142/11132019/02497 захирамжаар бүрдүүлбэр хангаагүй, хэнийг албадан гаргах нь тодорхой бус гэж үзэн буцаасан юм. Тухайн үед би О.*******, Ө.******* нарын нэрийг мэддэггүй байсан юм. Миний бие иргэний хуулийн 89-р зүйлийн 1, 90-р зүйлийн 1-д заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу худалдаж авсан тул шударга (эзэмшигч), өмчлөгч болно. Ийм учраас дээрх хүмүүс надаас уг орон сууцыг нэхэмжлэх эрхгүй билээ. О.*******, Ө.******* нарын гаргасан ямар ч үндэслэлгүй худал нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Т.******* миний бие 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ц.******* , П.Оюунбилэг нарын хууль ёсны өмч болох Орхон аймаг Баян - Өндөр сум 1-р баг ******* 19-41тоот 38мкв 3-өрөө байрыг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр бэлэн 60 000 000 (жаран сая) төгрөг тоолж өгөөд авсан юм. Тодруулбал тус гэрээний 2.2 , 2.3-т тодорхой тусгасан байгаа. Т.******* би улсын бүртгэлд бүртгүүлэн ******* дугаарт бүртгэлтэй 000496636 дугаар бүхий гэрчилгээг авсан юм. Ц.******* , Манай хадам эгчийг түр байртай болтол нь суулгаж байгаач гэж гуйсан учраас би Улаанбаатар хотод амьдардаг, тус байранд засвар хийх материал татах гээд 2 сар гаруй хугацаа байсан тул зөвшөөрсөн юм. Дараа нь байрандаа орох гэтэл эдгээр хүмүүс нь суллаж өгөхгүй өдийг хүрлээ.Би 2019.05.05-нд тус шүүхэд эдгээр хүмүүсийг албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан боловч Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.13-ны өдрийн дугаар 142/ш32019/02497 захирамжаар бүрдүүлбэр хангаагүй, хэнийг албадан гаргах нь тодорхой бус гэж үзэн буцаасан юм. Тухайн үед би О.*******, Ө.******* нарын нэрийг мэддэггүй байсан юм. Ийм учраас миний хууль ёсны өмч болох Орхон аймаг Баян - Өндөр сум 1-р баг ******* 19-41тоот байранд хууль бусаар амьдарч байгаа О.*******, Ө.******* нарыг албадан гаргаж миний өмчлөх эрхээ эдлэх боломжийг минь хангаж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч О.*******, Ө.******* нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Бидний өмч хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн талаарх баримтыг хэрэгт ирүүлсэн эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаас мэдсэн. Ц.******* нь тухайн орон сууцыг бусдад барьцаална гэж хэлж байснаас өөрөөр буюу өмчлөх эрхийг маань бусдад 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлснийг, Ц.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар өөр өмчлөгчтэй болсныг мэдээд үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Өөрөөс нь лавлахаар бусдаас их хэмжээний мөнгө зээлсэн үүний барьцаанд тавьсан гэж хариулах ба анх биднээс банкнаас зээл авах зорилгоор орон сууцыг шилжүүлэн авсан. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр худалдах худалдан авах гэрээ хийж иргэн Түмэн-өлзий овогтой ******* өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Хариуцагч Т.******* нэхэмжлэл гаргахдаа худлаа бичсэн байна. Тухайн орон сууцыг худалдан аваагүй. Хэрвээ орон сууц худалдан авах бол орон сууцыг үзэж харах, эзэмших, хэн амьдарч байгааг мэдэх, эд хөрөнгөө гэж үзэж байсан бол ядаж эргэж тойрч харж үзэж анхаарах байхаа. Гэтэл орон сууцыг үзэж харж байгаагүй бөгөөд шүүхээс биднийг нэг ч удаа дуудаж байгаагүй. Бид орон сууцандаа өнөөдрийг хүртэл 38 жил амьдарч байгаа. 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ц.******* иргэн Түмэн-өлзий овогтой ******* нарын хооронд хийгдсэн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 000496636 тоот үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Түмэн-Өлзий овогтой *******ийн нөхөр ******* гэх хүнд ******* түүний эхнэр ******* нар өртэй, зээлээ төлөхөө илэрхийлж, шүүхийн шийдвэр гаргасан баримттай танилцсан бөгөөд энэхүү гэрээ байгуулахаас өмнө 30.000.000 төгрөгийг ******* ******* нар *******ийн нөхөр *******ас зээл авсан. Уг зээлээ төлөөгүй шүүхийн шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан баримттай байхад худалдаж авсан мэт худлаа бичсэн байгаа нь үндэслэлгүй. Маргаан бүхий орон сууцны жинхэнэ өмчлөгч нэхэмжлэгч бид нар мөн тул орон сууцнаас албадан гаргах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2022/00925 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.*******, Ө.******* нарын хариуцагч Ц.*******, Т.*******т нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймаг Баян-Өндөр сум 1-р баг ******* 19 байрны 41 тоотод байрлах 38 м.кв орон сууцны нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу Цэндсүрэнгийн *******т, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эрхийг хариуцагч Т.*******т нарт шилжүүлсэн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум 1-р баг ******* 19 байрны 41 тоотод байрлах 38 м.кв орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн хариуцагч Ц.*******, Т.******* нарын бүртгэл болон түүнийг үндэслэн олгосон үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000496636, 000359443 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, О.*******, Ө.******* нарын тухайн орон сууцны өмчлөх эрхийг сэргээж, гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д заасныг баримтлан хариуцагч Т.*******ийн нэхэмжлэгч О.*******, Ө.******* нарт холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 1.111.150 төгрөгийг, хариуцагч Т.*******ээс төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 555.575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Иргэн Т.******* би 2016-05-17-ны өдөр Иргэн Ц.******* Д.Оюунгэрэл нараас тэдний өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум 1-р баг ******* 19-41 тоот хаягт байрлах ******* улсын бүртгэлийн дугаартай 38 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 60.000.000 төгрөгийг бэлнээр өгөн худалдан авч татварыг төлөн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэн өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч Монгол улсын Иргэний хуулийн 90.1-д заасны дагуу хууль ёсны шударга өмчлөгч нь болсон. Тухайн үед уг байранд амьдарч байсан хүмүүс биднийг орон байртай болтол хэсэг хугацаанд байрандаа байлгаач гэсэн хүсэлт гаргаад байна гэсэн худалдагч *******ын хүсэлтийг зөвшөөрч байлгасан. Би байраа суллуулж авахаар худалдагч *******аас удаа дараа шаардсан боловч манай эхнэрийн ах дүү нар байгаа юмаа.Тэд гэр оронгүй байгаа учир байлгаж байгаач байрны мөнгө хэрэглээний зардлыг нь төлүүлээд байлгаж байя гэсээр 3 жил өнгөрсөн тул өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор 2019-05-05-ны өдөр тус аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд миний өмчлөлийн байрыг чөлөөлж өгөхгүй байгаа хүмүүсийг албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэнийг гаргуулах нь тодорхойгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байсан. Би дээрх хүмүүсийн нэр усыг мэдэхгүй байсан. Мөн дээрх хүмүүстэй уулзаж байраа чөлөөлж авахаар очиж байсан ч хаалгаа тавьж өгөхгүй намайг буцааж байсан. Гэнэт байрны хуучин өмчлөгчид гэх О.*******, Ө.******* нар нь бид байраа *******т зээлийн барьцаанд тавиулах зорилгоор түр хугацаагаар түүний өмчлөлд худалдах,худалдан авах гэрээгээр шилжүүлсэн.*******т *******ыг худалдсаныг мэдээгүй. Бид байрандаа байж байсан.Хууль бусаар бусдын эзэмшилд шилжсэн гэдгийг улсын бүртгэлийн лавлагаанаас мэдлээ гэх утга бүхий илт худал нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл шүүх зөвхөн тэдний бид өмчлөх эрхээ түр хугацаагаар,худалдах зорилгогүйгээр шилжүүлсэн гэх миний өмчлөлийн орон сууцыг минь ямар ч хамаагүй аргаар залилан авах гэсэн одоогоор Залилангийн хэргээр хорих ял эдэлж байгаа О.******* болон түүний хамаатнуудын зохиосон башир аргад нь автаж миний хийсэн хууль ёсны худалдан авалтыг Иргэний хуулийн 56.1.3- д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь хуулийг илт буруу хэрэглэж хохироосон шийдвэр болсон гэж үзэж байна. Миний бие Ц.*******,П.Оюунгэрэл гэх хүмүүсийн өмчлөлд байсан орон сууцыг зохих хуулийн дагуу үнийг бэлнээр төлөн худалдан авсныг *******, *******,О.******* гэх хүмүүсийн хооронд зээлийн гэрээ хийгдсэнтэй холбоотой үйлдэлд хамаатай гэж үзэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.Би дээрх хүмүүсийн хооронд хийгдсэн зээлийн үйл ажиллагаатай ямар ч х. хамааралгүй ба Монгол улсын үндсэн хууль,бусад хуульд заасан үл хөдлөх,хөдлөх хөрөнгийг чөлөөтэй нутаг дэвсгэрийн харьяалалгүйгээр олж авах эрхийнхээ хүрээнд худалдан авсан юм. Ц.******* нь *******ээс range rover маркийн автомашиныг худалдан авсан гэж шүүхэд илт худал хэлсэн байна..Миний нэр дээр ийм машин байгаагүй бөгөөд Ч.Мөнхбаяр гэдэг хүний нэр дээр байсан машиныг ******* авсан юм билээ. Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар энэ нь тогтоогдож байгаа юм.Мөнхбаярыг ******* гэж шүүх андуурч шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нь 2015-4-10-ны өдөр Ц.*******тай Орон сууц худалдах,худалдан авах гэрээ байгуулж хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө Гэтэл шүүх дээрх үйлдлийг худалдагч нар Ц.*******т худалдах зорилгогүй,******* гэрээний зүйлийн үнэ 85.000.000 төгрөгийг өгөх зорилгогүй өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж дүгнэснийг Иргэний хуулийн 56.1.3 дахь заалтыг зориуд буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 75.2.2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж заасан. Хуулийн энэ заалтын дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага гаргах хуулийн хугацаа 2021-04-10-ны өдөр дуусгавар болсон. Шүүх хуулийн энэ заалтыг хэрэглэхгүйгээр Иргэний хэрэг үүсгэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй,хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-06-30-ны өдрийн 142/ШШ2022/00925 тоот шийдвэрийг бүхэлд нь хянуулж ,өөрчлөлт оруулан О.*******,Ө.******* нарын нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өмчлөх эрхээ сэргээлгэхээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгааг минь хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Миний бие Ц.******* нь О.*******тай 2005 оноос хойш хамтран амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болсон. ******* бид 2 хувиараа Бичил цайны газрыг ажиллуулдаг байсан. 2015 оны 04 дүгээр сард ******* өөрийн төрсөн эгч *******тэй Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоот орон сууцыг барьцаанд тавьж бизнес хийхээр тохиролцсон. Тухайн үед О.*******, О.******* нар нь банканд барьцаалж зээл авах гэхэд зээлийн түүх нь найдваргүй зээлдэгчийн түүхээр гарсан учраас намайг нэр дээрээ уг орон сууцыг шилжүүлэхийг хүсэж миний нэр дээр шилжсэн. Ц.******* миний бие нэр дээрээ шилжүүлсний дараа банканд тавих гэтэл худалдан авснаас хойш 6 сарын дараа барьцаанд авах эрх үүсдэг гээд зөвшөөрөөгүй. Гэтэл О.******* ******* гэдэг хүнтэй яриад машин үзэхээр болсон байсан. ******* дээр надтай хамт очсон. *******ас range rover маркийн авто машин 17.000.000 төгрөгөөр бодож авах болсон ба авсан. Мөн иргэн Оюунгэрэлд ******* нь өөрийн данснаас 8.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүний болон машины 8.000.000 төгрөгийн барьцаанд ******* тоот байрыг барьцаалсан. Зээлийн барьцаанд авахдаа заавал нэр шилжүүлнэ гээд өөрийн эхнэр *******ийн нэр дээр шилжүүлсэн. Range rover маркийн авто машин нь Мөнхбаяр гэж хүний нэрнээс итгэмжлэл хийлгэж барьцаанд хураагдсан автомашин байсан. Мөнгө зээлсэн зээлийн гэрээний гэрээг ******* нь 2016 оны 05 дугаар сарын 17-нд О.******* Ц.******* миний биетэй хийхдээ барьцаа хөрөнгө болох ******* тоот байрыг барьцаалсан гэж тусгаагүй.Оюунгэрэл гэх хүн ******* тоот орон сууцны нэр дээр хамтран өмчлөгчөөр орсон байсан. Энэ нь 8.000.000 төгрөгийн зээлийн барьцаа болж хамтран өмчлөгч болсон байсан. Тухайн үед Оюунгэрэл нь 8.000.000 төгрөгөө нэхэмжилж Ц.******* намайг шүүхэд өгсөн байсан. Гэтэл ******* ******* нар нь 60.000.000 төгрөг бэлнээр өгч худалдан авсан гэж гүтгэж байна. Ц.******* миний бие нь Гантулгын мөнгийг өгч байгаа бөгөөд төлж барагдуулсны дараа ******* тоот байраа барьцаанаас чөлөөлж авна гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч О.*******, Ө.******* нар хариуцагч Ц.*******, Т.******* нарт холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотын орон сууцыг өмчлөх эрхийг сэргээж, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Т.******* нь О.*******, Ө.******* нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багийн ******* тоотод байрлах 38м2 талбай бүхий 3 өрөө байрыг хувьчилж 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдөр О.*******, н.Өсөхбаяр, Ө.*******, Ө.Чинзориг нарт өмчлөх эрхийг шилжүүлэн өмчлөгчөөр бүртгэгдсэн, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг Ц.*******, О.*******, Ө.*******, Ө.Чинзориг нарын хооронд хийж, Ц.*******т өмчлөх эрхийг шилжүүлж, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тухайн орон сууцны 35 хувийг өмчлөх эрхтэй этгээд П.Оюунгэрэлийг хамтран өмчлөгчөөр нэмсэн, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу Т.*******т шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэгдсэн зэрэг үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч О.*******, Ө.******* нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тухайн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Ц.*******ын гуйсны дагуу хийсэн, анхнаасаа худалдан шилжүүлэх хүсэл зориг байгаагүй түүний цайны газрын үйл ажиллагааг нь дэмжих үүднээс банканд барьцаа болгон зээл авах гэсэн зорилгоор байгуулсан гэсэн тайлбар гарган тодорхойлсон байна.

Хариуцагч Ц.******* нь тэр үед О.*******, О.******* нар банканд зээлийн хар түүхтэй найдваргүй зээлдэгч байсан тул байрыг миний нэр дээр шилжүүлэн банкнаас зээл авахаар тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Т.*******тэй байрыг худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй, түүний нөхөрт өртэй байсан гэсэн тайлбар гаргасан ба хариуцагч Т.******* нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ц.*******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******* тоот 3 өрөө байрыг 60 сая төгрөгөөр худалдан авсан гэж тайлбар гарган маргажээ.

Шүүх 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь О.*******, Ц.******* нарт зээл авахад нь барьцаа болгох зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Ц.*******, П.Оюунгэрэл, Т.******* нарын хооронд хийсэн үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т нийцсэн байна.

Хариуцагч Т.******* тухайн орон сууцыг 60 сая төгрөг тоолж өгөөд авсан гэж маргаж буй боловч нотлох баримтаар нотолж чадаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагч Т.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хуульд нийцсэн байна.

Зохигчдын маргаж буй ******* тоот 3 өрөө байрны хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч О.*******, Ө.******* болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч О.******* нь тухайн үед дүүгийнхээ аж ахуйн үйл ажиллагааг дэмжих зорилготой банкнаас зээл авахын тулд худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Хариуцагч Ц.******* нь эхнэр О.*******ын хамт Т.*******ийн нөхрөөс мөнгө авч өртэй байсан, /шүүхийн шийдвэртэй/ тухайн байрыг бусдад худалдах эрхгүй этгээд байсан болох нь тогтоогдсон, маргаж буй байр анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийн улмаас худалдагдаж бусдын нэр дээр шилжсэн Ц.*******, Т.******* нарын нэр дээр өмчлөх эрх шилжигдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д энэ хуулийн 56.1.-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй болохыг заасан эрх нь зөрчигдсөн этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болох тул нэхэмжлэгч О.*******, Ө.******* нар хариуцагчаас шаардах эрхтэй болно.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд хариуцагч Т.*******ийн гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2022/00925 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Т.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.181.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ