Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/02547

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/02547

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/03331 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А газарт холбогдох

 

Орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ц нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1999 оны зун Оюуны-Ундраа ХХК-ийн зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол дахь ОХУ-ын өмчид байдаг * дүгээр байрны ** тоотын 3 өрөө орон сууцанд нүүн орж, одоог хүртэл тасралтгүй оршин суун эзэмшиж байгаа. Гэтэл 2012 оны 9 сард Монгол Улсын иргэн Ж.Г гэгч манайх болох тус байрны 1-15 тоотын 15 айлтай сарын 300 000 төгрөгөөр Түрээсийн гэрээ нэг жилийн хугацаатайгаар байгуулсан. Энэ гэрээг одоог хүртэл Ж.Г бид хоёрын хэн алин нь сунгах талаар санал санаачлага гаргаагүй боловч би орон сууцандаа амьдарч байгаа.

Ж.Г-тай байгуулсан гэрээний хугацаа дууссан үеэс хойш би түрээсийн төлбөрийг төлөөгүй боловч орон сууцны ашиглалтын зардлыг холбогдох байгууллагад төлж, зөрчил үүсгээгүй. Одоогоор, намайг хэн нэгэн орон сууцнаас нүүн гарахыг шаардаагүй байна.

Улсын Дээд Шүүхийн 2009 оны 384 дүгээр тогтоолоор, ОХУ-ын өмчлөлд байдаг Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, ** дугаар хорооллын **, **, ** дугаар байрны оршин суугчдыг шударга эзэмшигчээр тогтоосон үйл баримт байгаа. Иймд Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол дахь ОХУ-ын өмчид байдаг * дүгээр байрны ** тоотын 3 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОХУ-ын Ерөнхийлөгч болоод төрийн бодлогод хилийн чанадад амьдарч байгаа тус улсын иргэдийн амьдрах орон байрны асуудлыг анхааралдаа авч явдаг. Харин Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа ОХУ-ын өмчийн орон сууцны өмчийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ ерөнхий түрээслэгчтэй гэрээ байгуулах арга замыг сонгосон байдаг. Иргэн Д.Г нь ОХУ-ын өмчид хамаардаг Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол дахь ОХУ-ын өмчид байдаг * дүгээр байрны ** тоотын 3 өрөө орон сууцыг зохих хууль болон гэрээний үндсэн дээр эзэмших эрхийг олж авсан бөгөөд тэрээр өмчлөгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн аливаа үйлдэл гаргаагүйг тэмдэглэж байна. Иргэн Д.Г- өөрийн амьдарч байгаа орон сууцаа эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь өмчлөгчийн зүгээс ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй, түүнийг орон сууцнаас нүүн гарахыг шаардаагүй болно. Гэвч Д.Г- нь Ж.Г-тай байгуулсан гэрээгээ сунгаагүй байгаагаас үзэхэд хууль ёсоор оршин сууж байгаа гэж үзэх боломжгүй байдалд хүрч байгааг ойлгох хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсэж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр А газартай 43/13-159 дугаартай Түрээсийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол дахь ОХУ-ын өмчид байдаг * дүгээр байрны *-** тоот байрнуудыг ерөнхийлөн түрээслэх эрхийг олж авсан бөгөөд тухайн ** тоот байрны орон суугч нартай би өөрөө түрээсийн гэрээ байгуулсан. Иргэн Т.Г-тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч тэрээр өөрөө уг гэрээг бичгээр байгуулахаас татгалзсан. Гэвч өнөөг хүртэл түүнийг орон сууцнаас нүүн гарахыг шаардаагүй байна. Хариуцагчийн тайлбар, татгалзал зэргийг дэмжиж оролцох болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол дахь * дүгээр байрны ** тоотын 3 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн Д.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие тухайн орон сууцанд 1999 оны 6 сард зохих түрээслэгчийн зөвшөөрлөөр анх 3 өрөөг эзэмшиж эхэлсэн. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа иргэн Д.Г- нь ОХУ-ын өмчид хамаардаг Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол дахь ОХУ-ын өмчид байдаг * дүгээр байрны ** тоотын 3 өрөө орон сууыг зохих хууль болон гэрээний үндсэн дээр эзэмших олж авсан бөгөөд тэрээр өмчлөгчийн эрх, ашиг сонирхлын хөндсөн аливаа үйлдэл гаргаагүй тэмдэглэж байна. Иргэн Д.Г- өөрийн амьдарч байгаа орон сууцаа эзэмшиж, ашиглаж эрхээ хэрэгжүүлэхэд нь өмчлөгчийн зүгээс ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй, түүнийг нүүн гаргахыг шаардаагүй болно гэж учирлажээ.

Ж.Г-тай байгуулсан гэрээгээ сунгаагүй байгаагаас үзэхэд хууль ёсоор оршин сууж байна гэх боломжгүй гэжээ. Ж.Г нь ОХУ-ын Улсын үйлдвэрийн газрын 43-13150 түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж нэхэмжлэгч намайг гэрээ байгуулаагүй гэж гүтгэж байгаа нь зохисгүй. Ж.Г-ын зүгээс гэрээний төслөө бариад ирэх нь яасан бэ, татгалзсан гэдэг үгээр Ж.Г өөрийгөө зөвтгөж байна. Хэрэгт цугларсан баримтыг судалсан бол гэрээний хугацаа дуусахаас өмнө 3 сарын өмнө харилцагч талдаа мэдэгдэж гэрээгээ сунгах үүргийг Ж.Г хүлээжээ.

Миний бие энэ хугацаанд гэрээгүйгээр төлбөр хийж байсан, Ж.Г-тай байгуулсан гэрээний үндсэн дээр төлбөрөө хийж байгаа. Миний хувьд хууль зөрчөөгүй, анхнаасаа л хууль тогтоомжийн дагуу эзэмшиж байсныг хариуцагч үгүйсгээгүй. Ерөнхий түрээслэгчийн буруугаас болж гэрээ сунгагдаагүйд би буруутай болж байна уу. Өмчлөгч ерөнхий түрээслэгч гэрээнийхээ шаардлагыг шударгаар биелүүлсэн үү. Бусдын бурууг би хүлээх боломжгүй. Иймд миний нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Г- хариуцагч А газартт холбогдуулан Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол дахь ОХУ-ын өмчийн * дүгээр байрны ** тоотын 3 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь уг орон сууцанд 1999 оноос хойш одоог хүртэл оршин сууж байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Маргаангүй бодит үйл баримт болох нэхэмжлэгч орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг иргэний эрх зүйн хамгаалалтын төрлийг хэрэгжүүлэх байдлаар шүүх тогтоох үндэслэлгүй юм. Мөн уг шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх маргааны төрөлд хамаарахгүй. Тодруулбал, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэхийг ойлгоно.

 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцанд удаан хугацаанд амьдарсан, эзэмшилдээ шударгаар авсан гэх нөхцөл байдалд үндэслэн хариуцагч талд холбогдуулан өөрт хамаарах ямар эрхийн зөрчилтэй холбоотой шаардлага гаргасныг шүүх тодруулах ёстой байжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч эрх ашгаа хэрхэн хамгаалуулах, хариуцагчид ямар үүрэг хүлээлгэхийг шүүхээс хүсэж байгаа нь тодорхой бус буюу тодорхой бус нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн бол уг нэхэмжлэлийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

Түүнчлэн өмнө нь уг орон сууцны өмчлөх, эзэмших эрхтэй холбоотой нэхэмжлэгчийн оролцож байсан хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн эсэхийг тодруулах шаардлагатай байжээ. Учир нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Г- уг орон сууцыг эзэмших эрхтэй холбоотой гуравдагч этгээдийн хувиар оролцож байсан Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 442 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 431 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 649 дүгээр тогтоолтой хэргийг Улсын дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн и/112 дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийн дагуу хэлэлцэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. Гэтэл уг хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. /хэргийн 15-20, 26-28 дугаар тал/

 

Энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай адил нэхэмжлэгчийн бие даасан шаардлагатай хэрэг урьд нь шийдвэрлэгдсэн тохиолдолд адил утга агуулгатай үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй юм. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжтой, тодорхой болсноор нотлох баримтын талаар талуудын үүргийн хуваарилалт, нотлох баримтын үнэлгээ, маргааны талаарх шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ зөв болох учиртай. Энэ талаар шүүх тодруулж хэргийг шийдвэрлээгүй нь буруу болжээ.

 

Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/03331 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

С.ЭНХТӨР