Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00530

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/03331 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2547 дугаар магадлалтай,

Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах Улсын үйлдвэрийн газарт холбогдох,

Орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Белозеровын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г-, хариуцагчийн төлөөлөгч Белозеров Василий Владимирович, орчуулагч И.Чойжамц, П.Марина, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1999 оны зун Оюуны-Ундраа ХХК-ийн зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-р хороолол дахь ОХУ-ын өмчид байдаг 9-р байрны 15 тоотын 3 өрөө орон сууцанд нүүн орж, одоог хүртэл тасралтгүй оршин суун эзэмшиж байна. Гэтэл 2012 оны 9 сард Монгол Улсын иргэн Ж.Галт гэгч манайх болох тус байрны 1-15 тоотын 15 айлтай сарын 300,000 төгрөгөөр Түрээсийн гэрээ нэг жилийн хугацаатайгаар байгуулсан. Энэ гэрээг одоог хүртэл Ж.Галт бид хоёрын хэн алин нь сунгах талаар санал санаачилга гаргаагүй боловч би орон сууцандаа амьдарч байгаа. Ж.Галттай байгуулсан гэрээний хугацаа дууссан үеэс хойш би түрээсийн төлбөрийг төлөөгүй боловч орон сууцны ашиглалтын зардлыг холбогдох байгууллагад төлж, зөрчил үүсгээгүй. Улсын Дээд Шүүхийн 2009 оны 384 дүгээр тогтоолоор, ОХУ-ын өмчлөлд байдаг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 11, 12, 13 дугаар байрны оршин суугчдыг шударга эзэмшигчээр тогтоосон үйл баримт байгаа. Иймд, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-р хороолол дахь ОХУ-ын өмчид байдаг 9-р байрны 15 тоотын 3 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах Улсын үйлдвэрийн газар шүүхэд гаргасан тайлбартаа: ОХУ-ын Ерөнхийлөгч болоод төрийн бодлогод хилийн чанадад амьдарч байгаа тус улсын иргэдийн амьдрах орон байрны асуудлыг анхааралдаа авч явдаг билээ. Харин, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа ОХУ-ын өмчийн орон сууцны өмчийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ ерөнхий түрээслэгчтэй гэрээ байгуулах арга замыг сонгосон. Иргэн Д.Г- нь ОХУ-ын өмчид хамаардаг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-р хороолол дахь ОХУ-ын өмчид байдаг 9-р байрны 15 тоотын 3 өрөө орон сууцыг зохих хууль болон гэрээний үндсэн дээр эзэмших эрхийг олж авсан бөгөөд тэрээр өмчлөгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн аливаа үйлдэл гаргаагүйг тэмдэглэж байна. Иргэн Д.Г- өөрийн амьдарч байгаа орон сууцаа эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь өмчлөгчийн зүгээс ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй, түүнийг орон сууцнаас нүүн гарахыг шаардаагүй болно. Гэвч Д.Г- нь Ж.Галттай байгуулсан гэрээгээ сунгаагүй байгаагаас үзэхэд хууль ёсоор оршин сууж байгаа гэж үзэх боломжгүй байдалд хүрч байна. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Галт шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 3 сарын 1-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах Улсын үйлдвэрийн газартай № 43/13-159 дугаартай Түрээсийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-р хороолол дахь ОХУ-ын өмчид байдаг 9-р байрны 1-15 тоот байрнуудыг ерөнхийлөн түрээслэх эрхийг олж авсан бөгөөд тухайн 15 байрны орон суугч нартай би өөрөө түрээсийн гэрээ байгуулсан. Д.Г-тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч тэрээр өөрөө уг гэрээг бичгээр байгуулахаас татгалзсан. Гэвч өнөөг хүртэл түүнийг орон сууцнаас нүүн гарахыг шаардаагүй. Хариуцагчийн тайлбар, татгалзал зэргийг дэмжиж оролцох болно гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/03331 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол дахь 9 дүгээр байрны 15 тоотын 3 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн Д.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2547 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/03331 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч В.В.Белозеров хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2547 тоот магадлалыг дараах нөхцөл байдлын улмаас Оросын Холбооны Улс хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны Шүүхийн хуралдаан хариуцагчийг оролцуулахгүйгээр явагдсан нь байж болохгүй бөгөөд ажиллагааны эрхийн хэм хэмжээ зөрчсөн байна. Ерөнхий түрээслэгч ажил явуулаагүй шалтгаанаас болж хүчин төгөлдөр байгаа гэрээ байхгүй нэхэмжлэгчийн тайлбарыг харгалзсан нь бодит байдалд нийцээгүй, хоёрдугаарт, 4 жилийн туршид өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар ашиглах, амьдрах хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Нэхэмжлэгч өөрийн гомдолдоо өмчлөгчийн зүгээс эд хөрөнгө чөлөөлөх талаар шаардлагаа гаргаагүй гэж мэдэгдэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Өмчлөгч, ерөнхий түрээслэгч нар заасан өрөө тасалгааг чөлөөлөх талаар хүсэлт, шаардлагатай Д.Г-т удаа дараа хандаж байсан боловч тэр биелүүлээгүй. Нэхэмжлэгч эдгээр шаардлагыг сайн мэдэж байсан, учир нь 2012 оноос эхлэн цаашид 2014 онд болсон удаа дараа шүүх хуралдааны оролцогчоор нь Д.Галсаннунцаг байсан болохыг шүүх харгалзсан байна. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.19-ны № 57 тоот Шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.04.07-ны №231 тоот Магадлал, Захиргааны    хэргийн хяналтын шатны Дээд шүүхийн 2016.05.30-ны №189 тоот тогтоолд байгаа юм. Д.Г- анх гэрээний үндэс буюу хууль ёсны үндсэн дээр заасан байранд орсныг хүлээн зөвшөөрсөн боловч 2014 оноос эхлэн тус өмчийг хууль бусаар ашиглан, чөлөөлөхгүй байгаа нь хууль бусаар амьдарч байна гэсэн үг. Мөн гэрээгүйгээр төлбөр хийж байсан нэхэмжлэгчийн тайлбар нь бодит байдалд нийцэхгүй байгаа, учир нь ямар нэгэн нотлох бичиг баримт гаргаагүй юм. Мөн тус байрнаас Д.Г-ийг албадан гаргах тухай 2017.11.07-ны № 001/ХТ2017/01359 тоот МУ-ын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр болсон Тогтоол байгааг тэмдэглэх шаардлагатай юм.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2547 тоот магадлалыг хүчингүй болгох, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/03331 тоот шийдвэрийг хэвээр нь үлдээхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Г-ийн “...орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх “...маргааны зүйл болох орон сууц хариуцагч талын өмч болох талаар зохигч маргаагүй” гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 9 дүгээр байрны 15 тоотын 3 өрөө орон сууцыг 1999 оноос хойш эзэмшиж байгаа” талаар дурдсан байх боловч эзэмших эрх нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхой бус байхад энэ талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 442 дугаар шийдвэрээр Д.Г-ийг нэхэмжлэлд дурдсан орон сууцнаас албадан гаргахаар шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 649 дүгээр тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Гуравдагч этгээдийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангаж, УДШ-ийн 2012 оны 12 дугаар сарын 13-ний И/112 дугаар тогтоолоор дээрх шийдвэр, магадлал, тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан боловч уг хэрэг шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөөр гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч болох талаарх баримтаа гаргаж өгөөгүй, энэ тохиолдолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, маргааны үйл баримт хангалттай нотлогдоогүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй тул магадлалд заасан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2547 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ