Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02521

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02521

 

Ч.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02755 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.О-т холбогдох

 

16 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ж.О-,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.М- 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ж.О-тэй харилцан тохиролцож, 5 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлэхээр зээлийн гэрээг байгуулж нотариатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч үндсэн зээл болон зээлийн хүүг төлөөгүй бөгөөд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж төлбөр мөнгөө төл гэж удаа дараа амаар болон утсаар шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй зээлдүүлэгчийг хохироосоор байна. Зээлийн гэрээнд зээлдэгч хугацаандаа зээлээ төлж чадаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу нэг өдрийн алданги 25 000 төгрөг, үүнийгээ хугацаа хэтрүүлсэн 714 хоногоор үргэлжлүүлэн тооцоход 17 850 000 төгрөг болж байна. Иргэний хуульд алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 2 500 000 төгрөгийн алданги, үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 100 000 төгрөг, нийт 7 600 000 төгрөг гаргуулж өгнө үү.

Би хариуцагч Ж.О-т 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 4 500 000 төгрөгийг зээлдүүлсэн. Учир нь тэрээр ... би шүүхэд маргаантай явж байгаа, өмгөөлөгчийн хөлс төлөх гэсэн юм гэж гуйсан ба шүүхээр мөнгөө гаргуулж авчихаад буцааж төлнө гэж надад хэлсэн. Гэвч тэрээр одоог хүртэл миний мөнгийг буцааж төлөөгүй. Би хэцүү үед нь туслая гэж бодоод л тусалсан. 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Ж.О-т 2 сарын хугацаатай 4 000 000 төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн. Ж.О- нь уг мөнгийг би эгчийнхээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байдаг байранд өргөтгөл, засвар хийх хэрэгтэй байна гэж авсан. Тэрээр ...би засвар хийлгэж байраа барьцаалж зээл авчихаад мөнгийг чинь өгнө гэж хэлсэн боловч зээл нь бүтэхгүй, хойшлогдоод байна гэж хэлсээр одоог хүртэл өгөхгүй явж байна. Иймд дээрх хоёр удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн нийт 8 500 000 төгрөгийг хариуцагчаас нэмж нэхэмжилж байна. Ж.О- нь ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг. Ч.М- нь 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Ж.О-ийн хүсэлтээр 5 000 000 төгрөгийг түүнд зээлүүлж хариуцагчийн данс руу шилжүүлсэн байдаг. Уг мөнгийг зээлэх үедээ талууд бичгээр гэрээ хийгээгүй. Гэвч хариуцагч Ж.О- зээлсэн мөнгөө өгөлгүй удааж байсан учир нэхэмжлэгч болон хариуцагч нар 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нөхөж зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 5 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлэхээр зээлийн гэрээг байгуулж нотариатаар баталгаажуулсан. Гэвч хариуцагч гэрээ байгуулсны дараа ч мөнгөө буцааж төлөөгүй. Иймд 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 100 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 600 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Алдангийг үндсэн зээл болох 5 000 000 төгрөгөөс тооцсон. Ч.М- нь Ж.О-т 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 4 500 000 төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн. Гэвч тэрээр одоог хүртэл нэхэмжлэгчид мөнгийг буцааж төлөөгүй. Уг мөнгийг бид хариуцагчаас шаардаж нэхэмжлэл гаргасан. Ч.М- 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Ж.О-т 2 сарын хугацаатай 4 000 000 төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн. Ж.О- нь уг мөнгийг ...би эгчийнхээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байдаг байранд өргөтгөл, засвар хийх хэрэгтэй байна, би засвар хийлгэж байраа барьцаалж зээл авчихаад мөнгийг чинь өгнө гэж нэхэмжлэгчээс зээлж авсан боловч ... зээл нь бүтэхгүй, хойшлогдоод байна гэж хэлсээр одоог хүртэл өгөхгүй явж байна. Ингээд нийтдээ 16 100 000 төгрөгийг хариуцагч Ж.О-ээс нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4 500 000 төгрөг зээлдүүлсэн гэжээ. Миний бие өөрийн 5023087220 тоот дансыг нэхэмжлэгчид ашиглуулж, өөрт нь уг мөнгийг бэлнээр өгсөн. 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 4 000 000 төгрөг хүүгүй зээлдүүлээд бэлнээр авсан. Бид нарт энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй учраас нэмэгдүүлсэн шаардлага болох 8 500 000 төгрөгийг төлөх хуулийн үндэслэл байхгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Харин Ч.М- нь надад ...банкнаас зээл авах гэсэн юм, туслаач гэхээр нь 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 5 000 000 төгрөгийг би хүлээж аваагүй. Бид хоёр олон жил найзууд явсан учир түүнд итгээд нотариат орж гэрээ байгуулсныг ашиглан 16 100 000 төгрөг шаардаж, үйл явдал огт өөр байдлаар явсан мэтээр бичиж, шударга бус байдал үүсгээд байгааг эрхэм шүүгч анхаарна гэж итгэж байна. Ч.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид үйл баримтуудыг өөр хооронд нь харилцан адилгүй байдлаар бичиж, зохигчдын хооронд болоогүй нөхцөл байдлуудыг бий болгоод байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ж.О-ээс 16 100 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 287 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О-ээс 287 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2755 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ч.М- нь 2013 оны 7 сард Хаан банкны дансаа өгөөч мөнгө авах гэсэн юм хэмээн 4 500 000 төгрөгийг миний дансаар оруулж 2 хонуулаад авсан. Тухайн үед дансаар мөнгө орж гарах нь дансны нийт үнийн дүнд орсон гарсан мөнгө их байвал зүгээр юм уу гээд дансаа өгсөн 2 хонуулаад буцаан 4 500 000 төгрөгөө авсан. Мөн 2013 оны 8 сард 5 000 000 төгрөгийг миний бие зээлдэж аваад буцаан 2014 оны 5 сард 5 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Бэлнээр төлсөнийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1660 дугаар шийдвэртэй хэрэгт тодорхой тусгагдсан байдаг. Ч.М- нь 2014 оны 3 сард Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах гэсэн юм авлагатай харагдахын тулд зээлийн гэрээ байгуулъя хэмээн гуйж, зээлийн гэрээ хийж гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Түүнчлэн 2014 оны 5 сард 4 000 000 төгрөгийг зээлдэж аваад төлж барагдуулсан. Миний бие өмгөөлөгчтэй оролцох бололцоо олгоогүйн улмаас ямар ч үндэслэлгүй 16 100 000 төгрөгийн өрөнд ороод байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч Ч.М- хариуцагч Ж.О-т холбогдуулан 7 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 16 100 000 төгрөг болгож нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно гэж зааснаар хариуцагч Ж.О- нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өмгөөлөгч М.И-тай өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, шүүхэд ирүүлсэн байна. Гэтэл шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхээр нь хангах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй байна. /хэргийн 83 дугаар тал/

 

Тодруулбал, шүүх 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мөн өдрөө мэдэгдсэн болон түүний өмгөөлөгч М.И-д хурлын товыг мэдэгдээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. гэж заасныг зөрчжээ. /хэргийн 84 дүгээр тал/

 

Ийнхүү хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх болон мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжээгүй гэх үндэслэл болох тул давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг арилгаж, хэргийн үйл баримт, эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02755 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.О-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

С.ЭНХТӨР