Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2755

 

 

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/02755

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.О-т  холбогдох,

  

16,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А/0185/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.М 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ж.Отэй харилцан тохиролцож, 5,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлэхээр зээлийн гэрээг байгуулж нотариатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч үндсэн зээл болон зээлийн хүүг төлөөгүй бөгөөд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж төлбөр мөнгөө төл гэж удаа дараа амаар болон утсаар шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй зээлдүүлэгчийг хохироосоор байна. Зээлийн гэрээнд зээлдэгч хугацаандаа зээлээ төлж чадаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу нэг өдрийн алданги 25,000 төгрөг, үүнийгээ хугацаа хэтрүүлсэн 714 хоногоор үргэлжлүүлэн тооцоход 17,850,000 төгрөг болж байна. Иргэний хуульд алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 2,500,000 төгрөгийн алданги, үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 100,000 төгрөг, нийт 7,600,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.      

 

Нэхэмжлэгч Ч.М нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ч.М би тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдсан байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд:

1/ Би хариуцагч Ж.От 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 4,500,000 төгрөгийг зээлдүүлсэн. Учир нь тэрээр “...би шүүхэд маргаантай явж байгаа, өмгөөлөгчийн хөлс төлөх гэсэн юм” гэж гуйсан ба “...шүүхээр мөнгөө гаргуулж авчихаад буцааж төлнө” гэж надад хэлсэн. Гэвч тэрээр одоог хүртэл миний мөнгийг буцааж төлөөгүй. Би хэцүү үед нь туслая гэж бодоод л тусалсан.  

2/ Би 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Ж.От 2 сарын хугацаатай 4,000,000 төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн. Ж.О нь уг мөнгийг “...би эгчийнхээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байдаг байранд өргөтгөл, засвар хийх хэрэгтэй байна” гэж авсан. Тэрээр “...би засвар хийлгэж байраа барьцаалж зээл авчихаад мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн боловч “...зээл нь бүтэхгүй, хойшлогдоод байна” гэж хэлсээр одоог хүртэл өгөхгүй явж байна. Иймд дээрх хоёр удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн нийт 8,500,000 төгрөгийг хариуцагчаас нэмж нэхэмжилж байна гэжээ. 

 

Нэхэмжлэгч Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А нар шүүх хуралдаанд гаргасантайлбартаа: Ч.М нар нь Ж.О бид 2 оюутан ахуйн найзууд бөгөөд найзлаад 20 жил болж байна. Ж.О нь ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг. Ч.М нь 2013 оны 7 сарын 24-ний өдөр хариуцагч Ж.Оийн хүсэлтээр 5,000,000 төгрөгийг түүнд зээлүүлж, хариуцагчийн данс руу шилжүүлсэн байдаг. Уг мөнгийг зээлэх үедээ талууд бичгээр гэрээ хийгээгүй. Гэвч хариуцагч Ж.О зээлсэн мөнгөө өгөлгүй удааж байсан учир нэхэмжлэгч болон хариуцагч нар 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нөхөж зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 5,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлэхээр зээлийн гэрээг байгуулж нотариатаар баталгаажуулсан. Гэвч хариуцагч гэрээ байгуулсны дараа ч мөнгөө буцааж төлөөгүй. Иймд 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 100,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,600,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Алдангийг үндсэн зээл болох 5,000,000 төгрөгөөс тооцсон.

Ч.М нь Ж.От 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 4,500,000 төгрөгийг ямар нэг хүүгүй зээлдүүлсэн. Хариуцагч нь тухайн үед “...би шүүхэд маргаантай явж байгаа, өмгөөлөгчийн хөлс төлөх гэсэн юм” гэж нэхэмжлэгчээс гуйсан байдаг. Гэвч тэрээр одоог хүртэл нэхэмжлэгчид мөнгийг буцааж төлөөгүй. Уг мөнгийг бид хариуцагчаас шаардаж нэхэмжлэл гаргасан.

Ч.М 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Ж.От 2 сарын хугацаатай 4,000,000 төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн. Ж.О нь уг мөнгийг “...би эгчийнхээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байдаг байранд өргөтгөл, засвар хийх хэрэгтэй байна”, “...би засвар хийлгэж байраа барьцаалж зээл авчихаад мөнгийг чинь өгнө” гэж нэхэмжлэгчээс зээлж авсан боловч “...зээл нь бүтэхгүй, хойшлогдоод байна” гэж хэлсээр одоог хүртэл өгөхгүй явж байна. Ингээд нийтдээ 16,100,000 төгрөгийг хариуцагч Ж.Оээс нэхэмжилж байна гэжээ. 

Дээр хэлсэнчлэн талууд олон жил найзалж, нөхөрлөж байгаа ба Ч.М нь найздаа итгэсэн, түүнд туслах үүднээс л мөнгө зээлүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагддаг. Хариуцагч нь “...би Ч.Маас зээлсэн мөнгөө буцааж төлсөн” гэдэг боловч энэ нь баримтаар нотлогддоггүй.

2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 4,500,000 төгрөгийн асуудлаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн ба талууд гэрээний хугацааг тохироогүй байсан. Тухайн үед Ч.М нь хариуцагчид “...хүүхэд маань их сургуульд орох үед нь мөнгөө буцааж авна” гэж хэлсэн байдаг. 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээлүүлсэн мөнгөний хувьд Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн дагуу тодорхой хугацаа тогтоогүй, нэхэмжлэгч өгсөн мөнгөө хэдийд ч буцаан шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл Ч.Мын хүүхэд сургуульд орох үед мөнгөө буцааж авна гэсэн цаг хугацаанаас хойш шаардах эрх үүсэх юм. Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасны дагуу хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүрэгтэй байдаг. Гэтэл хариуцагч тал татгалзлаа нотолсонгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй. Ж.О өөрөө ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг, зээлийн гэрээ хэрхэн хийгддэг, зээлийн хүүгийн харилцааг сайн мэдэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Ж.О шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. 1/ 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4,500,000 төгрөг зээлдүүлсэн гэжээ. Миний бие өөрийн 5023087220 тоот дансыг нэхэмжлэгчид ашиглуулж, өөрт нь уг мөнгийг бэлнээр өгсөн. 2/ 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг хүүгүй зээлдүүлээд бэлнээр авсан. Бид нарт энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй учраас нэмэгдүүлсэн шаардлага болох 8,500,000 төгрөгийг төлөх хуулийн үндэслэл байхгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. 3/ Харин Ч.М нь надад “...банкнаас зээл авах гэсэн юм, туслаач” гэхээр нь 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 5,000,000 төгрөгийг би хүлээж аваагүй. Бид хоёр олон жил найзууд явсан учир түүнд итгээд нотариат орж гэрээ байгуулсныг ашиглан 16,100,000 төгрөг шаардаж, үйл явдал огт өөр байдлаар явсан мэтээр бичиж, шударга бус байдал үүсгээд байгааг эрхэм шүүгч анхаарна гэж итгэж байна. Ч.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгчид үйл баримтуудыг өөр хооронд нь харилцан адилгүй байдлаар бичиж, зохигчдын хооронд болоогүй нөхцөл байдлуудыг бий болгоод байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Ч.М нь үндсэн зээл 5,000,000 төгрөг, 2 сарын хүү 100,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,600,000 төгрөгийг 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ж.Отэй байгуулсан “зээлийн гэрээ”-ний дагуу шаардаж шүүхэд анх ханджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч өөрийн шаардлагыг 8,500,000 төгрөгөөр ихэсгэсэн бөгөөд хариуцагч Ж.От 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 4,500,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг тус тус хариуцагчаас буцаан шаардаж байна. 

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч.М 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Ж.Отэй “зээлийн гэрээ” байгуулан, 5,000,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу 2 сарын хугацаатайгаар зээлдүүлж, гэрээний хугацааг хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцжээ. /хх 6 хуудас/.

 

Дээрх 5,000,000 төгрөгийг бодит байдал дээр 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчид дансаар шилжүүлсэн ба хариуцагчийг зээлээ буцаан төлөхгүй байсан учир нөхөж 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан гэж нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд тайлбар гаргасан.

 

Зохигчид дээрх зээлийн гэрээг байгуулсан, харилцан гарын үсэг зурсан талаар маргаагүй ба уг гэрээний дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, уг гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж шүүхээс үзлээ. 

 

Хэдийгээр хариуцагч Ж.Оийн зүгээс “...2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ч.Мөнхцэцэгт туслах гэж гэрээг байгуулсан, түүнээс биш гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс аваагүй” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч тэрээр нэхэмжлэгчийн “...5,000,000 төгрөгийг бодит байдал дээр 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчид дансаар шилжүүлсэн ба хариуцагчийг зээлээ буцаан төлөхгүй байсан учир нөхөж 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан” гэсэн тайлбар болон хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 5,000,000 төгрөгийн “дотоод шилжүүлгийн маягт”, Ч.Мын Худалдаа хөгжлийн банк дахь 411013446 тоот дансны хуулга, Ж.Оийн Хаан банкин дахь 5023087220 тоот дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна /хх 49, 60-64, 73-80 хуудас/.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан талуудын хооронд 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан “зээлийн гэрээ”-ний дагуу хариуцагч Ж.Оээс үндсэн зээл 5,000,000 төгрөг, 2 сарын хүү 100,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мд олгох нь зүйтэй. 

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Ж.От 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 4,500,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь Ч.Мын Худалдаа хөгжлийн банк дахь 411013446 тоот дансны хуулга, Ж.Оийн Хаан банкин дахь 5023087220 тоот дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Ж.О дээрх мөнгийг буцаан өгсөн гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн хэдий ч тэрбээр өөрийн татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасны дагуу нотлоогүй, холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй тул  хариуцагч Ж.Оээс нийт 8,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мд олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаарзүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ж.Оээс 16,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчЧ.Мд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,   60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 287,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Оээс 287,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэшийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гарданавснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                    Н.ХАНГАЛ