Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02522

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02522

 

Д.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/01886 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ЧДТҮ ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2 250 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ЧДТҮ ХХК-д байцаагчаар ажилд орсон. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 102 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан юм. Миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2016/01063 дугаар шийдвэрээр ЧДТҮ ХХК-ийн байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 534 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шийдвэр гарсан. Хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, нэхэмжлэгч тал болох Д.Ц- миний бие Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ХТ2017/00452 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2016/01063 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 452 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.Ц-г ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 1 534 000 төгрөгийг олгох шийдвэр гарсан. Тухайн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Д.Ц- нь байцаагчийн ажилд эргэн орохоос татгалзсан хүсэлтээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн тул эргүүлэн ажилд нь томилоогүй болно. Ажилгүй байсан хугацааны цалин болох 1 534 000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан бүрэн барагдуулсан.

Нэхэмжлэгч Д.Ц- нь шүүхийн шатанд хянан шийдвэрлэгдэж байх хугацааны цалинг нэхэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтын дагуу ажилтан ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ёстой ба нэхэмжлэгчийн уг хугацаа хэтэрсэн байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу хариуцагч ЧДТҮ ХХК-аас 2 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЧДТҮ ХХК-аас 50 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 182/ШШ2017/01886 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Тус компани болон өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах, нэмэлт тайлбар, нотлох баримт гаргах тухай бичгээр хүсэлт гаргасаар байтал өмгөөлөгч биечлэн оролцох эрхийг хангалгүй шүүх хуралдааныг хянан шийдвэрлэсэн.

2. Талуудын мэтгэлцэх, шинээр нотлох баримт гаргах боломжоор хангаагүйгээс шүүх тодорхой үйл баримт, баримт материалыг тал бүрээс нь харьцуулж үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч ЧДТҮ ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хяналтын шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2 250 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Ц-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Ц- нь ЧДТҮ ХХК-ийн байцаагчийн албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/01060 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ХТ2017/00452 дугаар тогтоолоор Д.Ц-г ЧДТҮ ХХК-ийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт ажил олгогчоос 1 534 050 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр байна. /хэргийн 5-10, 19-24 дүгээр тал/

 

Дээрх шийдвэрийг хариуцагч байгууллага сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаны үндсэн дээр 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Д.Ц-д ажилгүй байсан хугацааны олговорт 1 534 050 төгрөгийг ажил олгогчоос олгосон байх бөгөөд тэрээр уг өдөр ажилд эгүүлэн тогтоолгохоос татгалзаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан үйл баримт тогтоогджээ. /хэргийн 35, 45-46 дугаар тал/

 

Хариуцагч ЧДТҮ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэгч Д.Ц- Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргах хүртэл хариуцагч байгуулага түүнийг ажилгүй байлгаж эрхийг нь зөрчиж байсан үйл баримт тогтоогджээ. Иймээс нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/01060 дугаар шийдвэр гарснаас хойш Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ХТ2017/00452 дугаар тогтоол гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч ЧДТҮ ХХК-иас шаардах эрхтэй байна.

 

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад буюу шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргахаар зохицуулсан байна.

 

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/01060 дугаар шийдвэр гарч, хариуцагч байгууллагаас дээрх шийдвэрийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр түүнд ажилгүй байсан хугацааны олговорт 1 534 050 төгрөгийг төлсөн болон нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөрийн хүсэлтээр дуусгавар болгосон зэргээс үзэхэд дээрх хугацаанд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч Д.Ц-г Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-гийн хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангаж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан ба хариуцагч, өмгөөлөгч нарын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах хангалттай хугацаа байсан гэсэн үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШЗ2017/09223 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн талаарх баримт авагдаагүй боловч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээнийхээ хүрээнд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт түүнээс уг байдлыг тодруулахад тэрээр эрх, үүргийг тайлбарлан өгсөн, үүнд маргахгүй гэж тайлбарласан тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч ЧДТҮ ХХК-иас 2 250 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/01886 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

С.ЭНХТӨР