| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 187/2019/0509/Э |
| Дугаар | 398 |
| Огноо | 2020-07-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 398
Э.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар магадлалтай, Э.Ад холбогдох 1922003600006 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Тайж овогт Э А.
Э.А нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын Соёлын төвд Ч.Алтантуяатай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хохирогчийн дансанд 400.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн, хохирогч Ч.Алтантуяа нь “гомдолгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасныг дурдаж шийдвэрлэсэн байна.
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.А гаргасан гомдолдоо “... анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Э.А намайг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Би хохирогч Ч.Алтантуяатай маргалдаж улмаар гарын харьтанд нь 2-3 удаа алгадсан.
Хохирогч Ч.Алтантуяагийн тархи доргиж хөнгөн гэмтэл учирсан талаар шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 тоот дүгнэлт, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаартай дүгнэлт гарсан. Дээрх дүгнэлтүүдэд уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ гэсэн. Мөн шинжээч эмч болох М.Баттүвшинг асуухад “их биеийн хүчтэй савалт, биеэрээ хананд савах болон газар унах үед тархи доргилт үүссэн байх боломжтой. Харьтанд бага хэмжээний хүчээр цохилт өгөх үед тархи доргилт үүсэхгүй гэдэг.
Мөн шинжээч Г.Ханхүү мэдүүлэхдээ “мохоо зүйл гэдэгт ир үзүүртэй болон өндөр, нам хэмийн үйлчлэл, тэсэрч дэлбэрэх бодисоос бусад зүйлийг ойлгоно. Их бие хэсэгт хүч үйлчилснээр тархи доргилт, гэмтэл учрах боломж багатай. Цохилтын улмаас их бие унах, хана мөргөх гэх мэт нөхцөл байдлаас үүсч болохыг үгүйсгэхгүй гэж мэдүүлдэг.
Гэрч Ц.Тэгшсүрэн, Г.Ууганцэрэн нар нь шүүгдэгч Э.Аг хохирогчийн харьтанд цохисон талаар мөн мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.А нь хохирогч Ч.Алтантуяаг булангийн хананд шахаж зүүн гар, дал мөр лүү нь удаа дараа цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогч Ч.Алтантуяагийн бие махбодид “тархи доргилт гэмтэл” учирсан болох нь тогтоогдож байх ба уг гэмтэл нь Э.Агийн хүний эрх, эрх чөлөөнд халдаж зодсон үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор үүссэн байна гэж дүгнэсэн байна. Хэдийгээр би хохирогчийн эрх чөлөөнд халдаж харьтанд нь цохисон нь буруу ч гэсэн, миний энэ үйлдлийн улмаас хохирогчид тархи доргилт үүсэх боломжгүй гэж үзэж байна. Энэ нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна. Мөн хохирогч Алтантуяа нь намайг хэл амаар доромжилж, элдвээр хэлж намайг сэтгэл санааны цочролд оруулсан.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан. Гэтэл шүүгдэгч нь хохирогчийн гарын харьтруу цохисон, харьтруу цохисноор тархи доргихгүй гэсэн шинжээч эмч нарын мэдүүлгүүд байсаар байхад Э.Аг үндэслэлгүйгээр буруутгаж, хохирогчийн биед өөр халдсан этгээд байхгүй учир түүнийг гэм буруутайд тооцож байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалуудыг тус тус хүчингүй болгож намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “.... Э.Ад холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх дээрх зүйл хэсгээр гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Дундговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон. Мөн гэрч Г.Ууганцэрэн, Ц.Тэгшсүрэн, М.Баярмаа нарын мэдүүлгээр хохирогч Ч.Алтантуяаг Э.А зодсон болох нь тогтоогдсон. Шүүх Э.Ад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.Агийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримт сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.
Э.А нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын Соёлын төвд Ч.Алтантуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдахдаа гараараа цохиж биед нь “хөнгөн” хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдсон талаарх 2 шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, хассан ноцтой зөрчил тогтоогдоогүйн дээр шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг шүүгдэгчид оногдуулсан нь түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээнд бүрэн нийцжээ.
Шүүгдэгчийн “гэмт хэрэг үйлдээгүй, харьт руу нь цохиход тархи доргихгүй” гэх мэдүүлэг нь тухайн асуудлаар мэргэшсэн тусгай мэдлэг бүхий этгээдийн хохирогчийн биед үзлэг хийж 2 удаа гаргасан шинжээчийн дүгнэлт, хохирогчийн цохихыг харсан нэр бүхий гэрч нарын мэдүүлгээр няцаагдаж үгүйсгэгдсэн байна.
Иймд “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, гэм буруугүй тул намайг цагаатгаж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Агийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.ЦОГТ
Б.АМАРБАЯСГАЛАН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН