Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0616

 

Л.М-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Л.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э, гуравдагч этгээд Д.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0544 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор, Л.М-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0544 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр захирамж,  Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/782 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсэг, Д.О-ийн Газар өмчлөх эрхийн бүртгэлийн Г-2203010194 дугаар бүхий гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Гуравдагч этгээд шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх Л.М-г Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдоогүй байхад газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон, мөн Л.М-тэй газар эзэмших гэрээ байгуулаагүй атлаа шүүхийн шийдвэрийг биелүүлж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудад заасан үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус болжээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна хэмээн үзэж байна. Учир нь миний бие анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед Л.М шүүхэд гаргасан тайлбартаа маргаан бүхий газар дээр 2009 оноос хойш амьдарч байгаагүй бөгөөд газрын төлбөрөө төлж байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч, Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Д.О миний бие 2015 онд тус шүүхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаар захирамжийн Л.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, тус нэхэмжлэлийг шүүхээр хянан хэлэлцээд 2015 оны 12 дугаар сарын 16-ны 920 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг маань хангаж шийдвэрлэсэн болно. Энэхүү шийдвэрийг гаргасны дараа миний бие хуульд заасан эрхийнхээ дагуу дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргаж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжаар уг газрыг эзэмших эрхийг олгож, улмаар өмчилж авах хүсэлт гаргаж хуульд заасан журмаар Нийслэлийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газраас Г-2203010194 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий газар өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. Миний бие хуулиар олгогдсон эрхийн дагуу уг газрыг өмчилж авсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг буруу хэрэглэж, хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасан үндэслэл бий болсныг тогтоогоогүй атлаа дан ганц шүүхийн шийдвэрийг урьтал болгон, түүнийг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимтай нийцээгүй байна гэсэн нь үндэслэлгүй хэмээн үзэж байна. Учир нь Д.О маргаан бүхий уг газрыг эзэмших эрхтэй болохыг даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах үед Л.М нь гуравдагч этгээдээр оролцож, шүүхэд гаргасан тайлбар болон бусад нотлох баримтуудаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах заалтад заасан үндэслэл бий болсон нь тогтоогдсон. Ийм учраас шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан зохицуулалтаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаар захирамжийн Л.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна. ...Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д газар эзэмшигчтэй эхлээд газар эзэмших гэрээ байгуулж, түүний үндсэн дээр газар эзэмших гэрчилгээг олгоно хэмээн заасан байна. Гэтэл Л.М нь Газрын албатай гэрээ байгуулаагүй байгаа нь Газрын тухай хуулийн зохицуулалттай нийцэхгүй байх бөгөөд Л.М нь хуулиар олгогдсон эрх үүргээ биелүүлээгүй нь газар эзэмших эрх нь хүчингүй болох үндэслэл болсон хэмээн үзэж байна. Д.О-ийн хувьд анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан зүйл байхгүй бөгөөд хуульд заасан эрхийнхээ дагуу дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргаж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжаар уг газрыг эзэмших эрхийг олгож улмаар өмчилж авах хүсэлт гаргаж хуульд заасан журмаар Нийслэлийн Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас Г-2203010194 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон. Иймд Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрхи байдлаар хангагдсан байх тул гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татан авсан тухай шүүгчийн захирамжийг Л.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, А нар 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гардан авсан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн 2016 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан зохицуулалтаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0544 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.М-ээс Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/129, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/782 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Д.О-гийн нэр дээр газар өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийн Г-2203010194 дүгээр бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “1996 онд өөрийн ажиллаж байсан Зам, гүүрийн материал бэлтгэлийн үйлдвэрийн даргын тушаалаар 1980 м.кв талбай бүхий газартай, актлагдсан 6 айлын модон байшинг хувьчилж авсан ба уг 1980 м.кв газар жижгэрсээр байгаад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаар захирамжаар 152 м.кв газрыг л эзэмшүүлсэн. Гэтэл байшин байрлаж байгаа газарт давхцуулан Д.О-д газар эзэмших болон өмчлөх эрх олгосон нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн” гэж тодорхойлон маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

Тодруулбал,

Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 920 дугаар шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” 1784 дүгээр захирамжийг тус тус баримтлан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй нь тогтоогдсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Л.М-д газар эзэмших эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 328 дугаар захирамжийн Л.М-д холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх маргаан бүхий актын үндэслэл болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 920 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 213 дугаар магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул уг шийдвэрийг болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” 1784 дүгээр захирамжийг баримтлан нэхэмжлэгч Л.М-д газар эзэмших эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосныг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч Л.М нь Зам, гүүрийн материал бэлтгэлийн үйлдвэрийн даргын тушаалаар 1991 онд актлагдсан 6 айлын модон байшинг 1996 онд худалдаж авсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх ба Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаар захирамжаар эзэмших эрх олгосон газар дээр дээрх үл хөдлөх байрлаж байхад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй нь тогтоогдсон” гэх үндэслэлээр газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон нь буруу байна.

        Хэдийгээр тухайн газарт байрлаж байсан байшинд нэхэмжлэгч өөрөө амьдарч байгаагүй, байшин хуучирч муудсан нөхцөл байдалтай байгаа ч амьдран суух зориулалт бүхий бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байхад түүний доорх газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлд хамааруулах боломжгүй.

         Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д  заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэснийг маргаан бүхий актад баримталсан ч үндэслэл болоогүй байх тул дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд хариуцагч талын тайлбар болон гэрч Сүхбаатар дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Н.М-ийн мэдүүлгээс үзвэл газар дээр очиж судалгаа хийгээгүй, гагцхүү шүүхийн шийдвэрийг биелүүлж Л.М-ийн газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон нь тодорхой байна.

          Дээрхийг дүгнэвэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж тухайн хүсэлт гаргасан газрыг бусад этгээд эзэмшиж байгаа эсэх, бусдын үл хөдлөх хөрөнгө байгаа эсэхийг нягтлан шалгах үүргээ захиргааны байгууллага гүйцэтгээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

         Ийнхүү Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр захирамж хууль ёсны болж чадаагүй тул Л.М-ийн эзэмшиж байсан газрын хэмжээгээр буюу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтай 15-462 тоотод байршилтай 160 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар гуравдагч этгээд Д.О-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамж, мөн газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/782 дугаар захирамжийн холбогдох хэсэг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан зарчимтай нийцээгүй гэж үзсэн нь зөв байна.

          Мөн дээрх хууль зөрчсөн захиргааны актуудад үндэслэн Д.О-ийн нэр дээр олгогдсон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2203010194 дугаар бүртгэлийг хууль ёсных гэж үзэх боломжгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

          Харин тухайн улсын бүртгэлийг хийж байгаа захиргааны үйл ажиллагааг захиргааны акт гэж ойлгох тул гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага байх боломжгүй, нэхэмжлэгчийн хүсэл зоригийг “бүртгэл хүчингүй болгуулах” гэж тодорхойлохыг шүүх цаашид анхаарах шаардлагатай бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0544 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                 Г.БИЛГҮҮН

                ШҮҮГЧ                                                                 О.НОМУУЛИН