Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/02483

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/02483

 

Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03070 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Дд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 152 717 888,38 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 20-ын өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ж.З нь 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Х банк ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 63 590 ам.долларын зээлийг жилийн 13.5 хувийн хувьсах хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Уг гэрээнд Г.Д нь хамтран зээлдэгчээр оролцсон. Зээлдэгч Ж.З нь 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нас барсан. Г.Дтэй тохиролцон ам.долларын зээлийг төгрөгт хөрвүүлэн төлөх боломж, 8 хувийн зээлд хөрвүүлэн төлөх боломжийг хэд хэдэн удаа санал болгон уулзаж тохиролцох гэж оролдсон боловч зээлдэгч тохиролцоонд хүрээгүй. Уг зээлээр худалдан авсан Ү-********** улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж ** дүгээр байрны ** тоотын 80.6 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч Г.Д нь зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 7 дугаар сард 973,24 ам.доллар төлж, түүнээс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчиж байна. Төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвхи санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс зээлийн гэрээний 3.3.1, 3.3.9-д заасныг үндэслэн банкны санаачилгаар 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөр гэрээг цуцалж, зээлдэгч Г.Дгээс үндсэн төлбөр 54 712 ам.доллар, хүүний төлбөр 5 331 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 16 ам.доллар, нийт 60 059 ам.доллар нэхэмжилсэн.

Нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, зээлийг ашигласан хугацаагаар тооцож хүү авах боломжоо алдсан тул 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх 112 хоногийн зээлийн үндсэн хүү 2 110 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 15 ам.доллар, нийт 2 125 ам.доллар буюу 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монголбанкны албан ханш 2 352,27 төгрөгөөр хөрвүүлж, 4 998 573,75 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь 209,45 ам.доллар төлснөөс 208 ам.доллар үндсэн зээлд, 1,45 ам.доллар нь хүүд тооцогдсон. Хүүд төлсөн 1,45 ам.долларыг хассан, 208 ам.доллар буюу 511 589 төгрөг нь үндсэн зээлээс хасагдсан боловч нэхэмжлэлийн шаардлагаас хасагдаагүй байгааг хасах боломжтой. Хариуцагч нь зээлийг төгрөг бус ам.доллараар олгосон, ам.долларын ханш өссөн гэж тайлбарлаж байна. Валютын зохицуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар арилжааны банк гадаад валютаар зээл олгох, эргэн төлүүлэх эрхтэй. Талуудын хооронд байгуулагдсан баталгаат ипотекийн гэрээний 3.2.2-т улсын бүртгэлд бүртгүүлэх, барьцаа хөрөнгийг даатгуулахтай холбоотой зардал төлбөрийг барьцаалуулагч өөрөө хариуцах үүрэгтэй байхаар заасан.

Барьцаат зээлийн гэрээний 2.1.6-д банк нь даатгуулахыг шаардах эрхтэй, гэрээний 2.2.11-т зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд барьцаа хөрөнгийг даатгуулах, 2.2.17-д гэрээний хугацаанд барьцаа хөрөнгөд үүссэн эрсдэлийг бүрэн хариуцна гэснээс үзэхэд барьцаа хөрөнгөө даатгуулах буюу эд хөрөнгөө даатгуулах нь зээлдэгчийн үүрэг болно. Даатгал нь сайн дурын асуудал бөгөөд зээлдэгч өөрөө даатгалын байгууллагатай гэрээгээ байгуулах ёстой байснаас гадна энд эд хөрөнгийн даатгалын асуудал яригдаж байгаа болохоос амь насны даатгал яригдаагүй тул зээлдэгч нас барах, зээлдэгчийг нас барсантай холбоотой даатгалаас нөхөн төлбөр авах асуудал яригдахгүй. Барьцаа хөрөнгийн хувьд бүрэн бүтэн, ямар нэгэн байдлаар даатгалын нөхцөл үүсээгүй, шаардлага хангаж байгаа үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой гэж үзэж байна. Тийм учраас иргэн Ж.Згийн нас барсан нь даатгалтай холбоогүй, зээлийн төлбөрт нөлөөлөхгүй гэж үзэж байна. Зээлдүүлэгч нь нэг талын санаачилгаар гэрээг цуцлах боломжгүй, хариуцагч зөвшөөрөхгүй байсан учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэх эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагчийн төлөөлөгч зээлдэгч Ж.З 4 хүүхэдтэй, өв нээгдсэнээр өвлөгдөх эд хөрөнгийн асуудал шийдэгдэх учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэх нь үндэслэлгүй юм. Учир нь хэрэгт түүний өвлөх эрхийн гэрчилгээ болон 4 хүүхэдтэйг нотолсон баримт авагдаагүй байхаас гадна өв залгамжлагч нь өөрсдийн өвлөсөн өвийнхөө хэмжээгээр хариуцлагаа хүлээх тул тусдаа шийдвэрлэгдэх асуудал гэж үзэж байна. Барьцаат зээлийн гэрээний 2.3.2-т Г.Д нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэснээс гадна гэрээний 2.3.3-т зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь тус бүр өөрийн хүлээх үүргийг хоорондоо хамтран тогтоож болно. Энэ талаар банкинд бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл зээлдэгч Ж.З, Г.Д нар зээлийн гэрээний үүрэг хэрхэн хүлээж байгаа талаар өөрсдөө хоорондоо тохирсон тохиролцоо байхгүй, банкинд бичгээр мэдэгдээгүй байна.

Ийм учраас зээлдүүлэгч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар Г.Дгээс бүхэлд нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа учраас тэр хариуцах ёстой гэж үзэж байна. Г.Д нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 440 300 төгрөгийг Ж.Згийн харилцах дансанд тушаасан байх бөгөөд үүнийг зээлийн гэрээний үүрэгт суутгуулахыг мэдэгдсэн тохиолдолд банк суутган тооцох боломжтой бөгөөд ийнхүү мэдэгдээгүй бол харилцагчийн данснаас шууд суутгах боломжгүй юм. Иймд хариуцагч Г.Дгээс үндсэн зээлийн үлдэгдэл 54 504 ам.доллар, хүү 7 441 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 31 ам.доллар, нийт 61 976 87 ам.доллар буюу 152 717 888,38 төгрөгийг гаргуулж Х банк ХХК-д олгож өгнө үү.

Хариуцагч сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Баталгаат ипотекийн гэрээнд дурдсан улсын бүртгэлийн Ү-********** дугаартай Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 41 дүгээр байр, 53 тоот 80,6 м.кв талбайтай орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ж.З, Г.Д нар 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Х банк ХХК-аас орон сууц худалдан авах зориулалтаар ам.долларын зээл авсан боловч нөхөр Ж.З нь 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өвчний улмаас нас барж, маш том гарз тохиосон. Х банк ХХК нь төгрөгийн хомсдолтой учир ам.доллараар зээл олгоно гэсэн шаардлага тавьснаар аргагүйн эрхэнд ам.долларын зээл авсан. Үүнийг бид хууль зөрчсөн гэж үзэж байна. Зээлдэгчийн зүгээс удаа дараа ам.долларын зээлээ төгрөгийн зээл болгох талаар банкинд хүсэлт гаргаж байсан боловч хариу өгөөгүй ба нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг бидэнд зээлийг төгрөгт хөрвүүлэн төлөх 8 хувийн зээлд хөрвүүлэн төлөх гэх мэт саналууд тавиагүй болно.

Банкнаас орон сууц худалдан авах зээл авснаас хойш жил бүр даатгалд даатгуулдаг байсан учир даатгалын байгууллагаас үндсэн зээлдэгч нас барсан үндэслэлээр зээлийн үлдэгдэл төлбөрийг даатгалын байгууллагаас гаргуулж авах учиртай атал Монгол хүний ёсонд байхгүй үйлдэл гаргаж нас барсан зээлдэгчээс төлбөр гаргуулахаар шүүхэд хандаж байгааг ойлгохгүй байна. Нөгөөтэйгүүр үндсэн зээлдэгч нас барсан тохиолдолд зээлээ эргэн төлөлтийн хуваарьт нас барсан үндсэн зээлдэгч хэдий хэмжээний үлдэгдэл зээлийн төлбөрийг хариуцах талаарх тооцооллыг гаргаж өгөхгүй байна. Монгол банкнаас 2011 онд баталсан Ипотекийн зээлийн журмын 22.7-д ипотекийн зээл авсан хүн бүрийг даатгуулах үүргийг арилжааны банк хүлээсэн байдаг. Гэтэл Хас банк энэ үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдэгч Ж.З нас барснаар Г.Д бүх төлбөр төлөх үүргийг үүсгэж байна.

Барьцаат зээлийн гэрээний 2.1.6-д үл хөдлөх хөрөнгийг даатгуулахыг зээлдэгчээс шаардах эрх банкинд байтал үүнийг хэрэгжүүлээгүйн улмаас даатгалд даатгуулаагүй зээлдэгч хохироод байна. Үүнийг Хас банк өөрийн эрсдэлийн сангаас гаргах бүрэн боломжтой юм. Хас банк нь даатгалд даатгуулах үүргээ биелүүлж шаардаад зээлдэгч нар даатгалаа төлөөгүй байсан бол бас өөр хэрэг, гэтэл банк үүнийг ямар нэгэн байдлаар шаардаагүй. Зээлдэгч ойлгоогүйгээс даатгалд даатгуулаагүй, даатгалын тохиолдол бий болоход даатгалын сангаас нөхөн төлбөр авах боломжгүй байдалд хүргэж байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөр гэрээг цуцалж байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн мөртлөө ямар гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь ойлгомжгүй байна. Гэрээг нэгэнт цуцалсан учир цаашид хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Түүнчлэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь зээлдэгч Ж.З 4 хүүхэдтэй бөгөөд тэрээр 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нас барснаар түүний эд хөрөнгө, өр өвлөгдөх бөгөөд өвлөгч тус бүр өөрт ногдох хэсгээр түүний өрийг хариуцах ёстой. Иргэний хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өв нээгдсэн, гэтэл энэ асуудал шийдэгдээгүй байхад үл хуваагдах шинж чанартай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна. Ж.З 4 хүүхэдтэй гэдэг нь өрхийн бүртгэл, зээл судалсан материалаас харагдана.

Барьцаат зээлийн гэрээний 1.15-д барьцаат хөрөнгийг дундаа хамтран өмчлөгчид гэрээний хавсралтад байгаа барьцаа хөрөнгөөс дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгээр зээлийн гэрээг хангуулахыг зөвшөөрч байгаа болно. Ж.Згийн хүүхэдтэй гэдэгтэй нэхэмжлэгч маргахгүй боловч түүний өөрт оногдох хэсгийг тодорхой болгосны дараа энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдах ёстой.

Мөн гэрээний 20.3-т зааснаар зээлдэгчийг төлбөрөө төлөөгүй гээд банк гэрээг нэг талын санаачлагаар цуцлах эрх байгаа бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцлагдсанаас хойших үүргийг зээлдэгч хүлээхгүй. Гэрээг цуцалснаас хойш зээлдэгч 2 удаагийн төлөлт хийсэн. Үүний 209,45 ам.долларын төлөлтийг хассан гэсэн мөртлөө 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Ж.Згийн дансанд 350 ам.доллар буюу 440 300 төгрөг шилжүүлснийг хасаагүй байна. Гэрээний 1.12-т зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд түүний данснаас төлбөрийг барагдуулах ёстой бөгөөд Ж.Згийн дансанд орсон мөнгийг хэн ч авах боломжгүй. Үүнийг банк шууд татах ёстой гэсэн зүйл харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Г.Дгээс зээлийн гэрээний үүрэгт 147 207 726 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 510 163 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Д нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол /13371/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, ** дүгээр байр, ** тоот, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Г.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 893 989 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 061 675 төгрөгөөс илүү төлөгдсөн 140 135 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 921 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШШ2017/03070 дугаар шийдвэрт доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Ж.З, Г.Д нар нь 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хас банкнаас орон сууц худалдан авах зориулалтаар ам.долларын зээл авсан ч нөхөр Ж.З 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өвчний улмаас нас барж манай гэр бүлийн хувьд маш том гарз тохиосон. Нэхэмжлэгчийн зүгээс анх хариуцагчаар Ж.З, Г.Д нарыг тодорхойлсон боловч 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Ж.Згоос татгалзсан, холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас мөн татгалзсан учир шүүх хэргийг шийдвэрлэхдээ бүхэлд нь нэхэмжлэлийн үнийн дүнг Г.Дгээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаа сонгох эрх нь байдаг боловч хариуцагчаас татгалзахдаа Ж.Зд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа мөн татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн атал шүүхээс нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбогдуулан гардуулах, хариу тайлбар авах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийлгүй шүүх хуралдааныг явуулсан нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн үйлдэл болсон.

Нөгөөтэйгүүр Ж.З, Г.Д нар нь 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж /хх-68/, О.А, Б.С нараас 100 000 000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрэлийн **Б-** тоот 3 өрөө орон сууцыг худалдан авсан байдаг ба Хас банкнаас дээрх гэрээг үндэслэн хариуцагч нарт 80 000 000 төгрөгийн зээлийг 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1080008163 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан нийтийн орон сууц худалдан авахад нь зориулж тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцон 63 590 ам.долларын зээл авсан. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасан Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бс үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө. гэж заасан байдаг ба хариуцагч нарын зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс гэрээний дагуу төлөлт хийх үүрэг үүссэн атал шүүхээс энэ байдлыг дугнэсэнгүй. Үүрэг үүсэх үеийн Монгол банкны ханш 80 000 000 : 63 590 = 1 258 төгрөг байсан ба ам.долларын зээлээ төгрөгийн зээлээр солиулахаар Хас банкинд удаа дараа хандаж байсан боловч банкны зүгээс харилцагчаа хүндэлж шийдвэрлэж өгөөгүй юм.

Хас банкны зүгээс зах зээлд төгрөгийн хомсдол үүссэн тул гэж ам.долларын зээл олгосон байдал нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д заасан ... Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ, мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба ... гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх-ийг хориглоно гэсэн заалттай нийцээгүй ба энэ тохиолдолд гэрээний үнийг Монгол банкнаас зарласан гэрээ байгуулсан өдрийн ханшаар тогтоох нь хуульд нийцэхээр байгаа хуулийн шаардлагыг хангасангүй.

Хариуцагчийн зүгээс нийт 63 590 ам.долларын зээлээс үндсэн зээл болон хүүнд 49 869,5 ам доллар буюу 85 127 012,6 төгрөгийг төлсөн ба шүүхээс хангаж шийдвэрлэсэн үнийн дүн болох 147 719 314,63 төгрөгтэй нийлээд төгрөгөөр тооцвол 232 334 738,6 төгрөгийг төлөхөөр болж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.

Хас банктай 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6-д ... Үл хөдлөх эд хорөнгийг даатгуулахыг зээлдэгчээс шаардах... үүрэгтэй байхаар заасан ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй, нэг ч удаа шаардаж байгаагүй. Хариуцагчийн зүгээс даатгалд хамрагдахгүй гэсэн нөхцөл байдал үүсээгүй байдаг. Монгол банкны 2011 онд баталсан Ипотекийн зээлийн журмын 22 дугаар зүйлийн 22.7-д ипотекийн зээл авсан хүн бүрийг даатгуулах үүргийг арилжааны банкуудад хүлээлгэсэн байдаг. Ипотекийн зээл гэдгийг нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан 8 хувийн орон сууцны зээлийг ойлгох бус харин ypт хугацааны орон сууц худалдан авах зээлийг ойлгоно гэж тус журамд тодорхой заасан байдаг. Хас банкны зүгээс үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж хариуцагч нар даатгалд хамрагдаагүй. Ж.Згийн нөхөн төлбөрт ногдох хэсгийг даатгалын компаниар гаргуулж чадахгүй нөхцөлд хүргэсэн байна.

Шүүхээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа болох Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол Эрэлийн **Б-** тоот 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж шийдвэрлэхдээ өв залгамжлалын асуудлыг Ж.З нас барсантай хамааралтайгаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өв залгамжлал шийдвэрлэгдээгүй байгааг орхигдуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд Ж.З, Г.Д нар бүртгэлтэй байдаг ба талийгаач Ж.Зд ногдох хэсэгт өв залгамжлалын асуудал хөндөгдөж байгаа болно.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Г.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 147 719 314,63 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 152 717 888,38 төгрөг болгож нэмэгдүүлжээ.

 

Шүүхэд нэхэмжлэгч нь Ж.З, Г.Д нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зээлдэгч Ж.З нь 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нас барсан гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. /хэргийн 197, 201 дүгээр тал/

 

Хариуцагч Г.Д, Ж.З нар нь нэхэмжлэгч Х банк ХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 1080008163 тоот зээлийн гэрээ байгуулж, жилийн 13,5 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, 63 590 ам.долларыг зээлж, үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2204029036 дугаартай, 000164741 тоот гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, ** дүгээр байрны ** тоот 80,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 9-21 дүгээр тал/

 

Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаанд төлөөгүйгээс нэхэмжлэгч нь дээрх гэрээний 3.3.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаанаас нь өмнө гэрээг дангаараа цуцалж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нар нь 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй талаар маргаагүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр цуцлаж, зээлийн үлдэгдэл төлбөрийг цуцлах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах нь дээрх гэрээ, хуулийн заалтуудад нийцнэ.

 

Гэрээний хугацаанд зээлдэгч нар зээл 8 878 ам.доллар, зээлийн хүү 39 960,38 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 1.6 ам.доллар болон гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 209,45 ам.доллар, мөн оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 440 300 төгрөгийг тус тус төлсөн талаар зохигчид маргаагүй байна. /хэргийн 200 дугаар тал/

 

Зээлийн гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх ёстой зээл 54 320,85 ам.доллар, хүү 3 963,64 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 1.6 ам.доллар байна. Тодруулбал, зээл 63 590 ам.доллараас гэрээ цуцлагдсан 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн 8 878 ам.доллар, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан журмын дагуу мөн өдрөөс хойш буюу 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 209,45 ам.доллар болон 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 440 300 төгрөг буюу /мөн өдрийн ам.долларын ханш 2 422,58 төгрөг/ 181,7 ам.долларыг тус тус хасахад зээлийн үлдэгдэл 54 320,85 ам.доллар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүүд 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс гэрээ цуцлагдах хүртэл буюу 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 43 924,02 ам.долларын хүү төлөх үүрэгтэй байснаас төлсөн 39 960,38 ам.долларыг хасахад хүү 3 963,64 ам.доллар, гэрээнд талууд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсоны дагуу нэхэмжилсэн 1,6 ам.доллар, нийт 58 286,09 ам.доллар /54 320,85 ам.доллар + 3 963,64 ам.доллар = 58 284,49 ам.доллар + нэмэгдүүлсэн хүү 1.6/-ыг хариуцагч Г.Д төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Г.Д 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч банкин дахь Ж.Згийн нэр дээрх зээлийн дансанд 440 300 төгрөгийг шилжүүлсэн болох нь орлогын баримтаар тогтоогдож байхад шүүх зээлийн төлбөрөөс хасаагүй нь буруу болжээ.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээ зээлдүүлэгчийн санаачлагаар 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон тул уг хугацаанаас хойш гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм. Энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

 

Мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийн зохицуулалт нь төгрөгийн ханшийн өөрчлөлттэй холбоотой болохоос бус гадаад валютын төгрөгт хөрвөх ханшийн өөрчлөлтөд хамааралгүй юм. Түүнчлэн талууд зээлийн гэрээ байгуулахдаа төлбөрийг ам.доллараар тохиролцсон нь хууль болон бусдын эрх ашгийг зөрчөөгүй тул буруутгах үндэслэлгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ам.доллараар гүйцэтгэх төлбөрийн үүргийн үлдэгдлийг төгрөгөөр тооцон шаардахдаа шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2 459,57 төгрөгөөр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцжээ. Өөрөөр хэлбэл, ам.доллараар илэрхийлэгдсэн мөнгөн төлбөрийн гүйцэтгээгүй үүргийн үлдэгдлийг шаардаж буй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тодорхойлсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг зөрчихгүй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй талаар шүүхийн хийсэн дүнэлт зөв.

Нэхэмжлэгч нь хамтран зээлдэгч буюу хариуцагч Ж.Зг нас барсантай холбоотойгоор түүнд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнд тооцогдохгүй тул шүүх өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Дд гардуулж, тайлбар аваагүй, мэтгэлцэх эрхээр нь хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй. Харин шүүх Ж.Зд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлээгүй нь буруу байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

 

Түүнчлэн зээлдэгчийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг даатгуулахыг зээлдүүлэгч шаардаагүй явдал нь хариуцагчийг зээлийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн зээлдэгч Ж.З нь нас барсантай холбоотойгоор түүний эд хөрөнгө буюу барьцааны зүйл нь бусад этгээдэд өвлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ хариуцагч Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иймээс зээлийн гэрээний үүрэгт нийт 58 286,09 ам.доллар буюу /58 286,09 х 2 459,57/ 143 358 718 төгрөгийг хариуцагч Г.Дгээс гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 359 169 төгрөг, хариуцагч Ж.Зд холбогдох нэхэмжлэлийн шаардалгыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03070 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 147 207 726 гэснийг 143 358 718 гэж, нэхэмжлэлийн шаардлагаас 5 510 163 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоусгай. гэснийг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 9 359 169 төгрөг, хариуцагч Ж.Зд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтын 893 989 гэснийг 874 743 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 894 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХТӨР