Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00400

 

 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03070 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2483 дугаар магадлалтай

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Г.Д-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 152 717 888,38 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангаравын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ж.Зоригоо нь 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Х” ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 63 590 ам.долларын зээлийг жилийн 13.5 хувийн хувьсах хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Уг гэрээнд Г.Д- нь хамтран зээлдэгчээр оролцсон. Зээлдэгч Ж.Зоригоо нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нас барсан. Г.Д-тэй тохиролцон ам.долларын зээлийг төгрөгт хөрвүүлэн төлөх боломж, 8 хувийн зээлд хөрвүүлэн төлөх боломжийг хэд хэдэн удаа санал болгон уулзаж тохиролцох гэж оролдсон боловч зээлдэгч тохиролцоонд хүрээгүй. Уг зээлээр худалдан авсан Ү-2204029036 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 41 дүгээр байрны 53 тоотын 80.6 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч Г.Д- нь зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 07 дугаар сард 973,24 ам.доллар төлж, түүнээс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчиж байна. Төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс зээлийн гэрээний 3.3.1, 3.3.9-д заасныг үндэслэн банкны санаачилгаар 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр гэрээг цуцалж, зээлдэгч Г.Д-гээс үндсэн төлбөр 54 712 ам.доллар, хүүний төлбөр 5 331 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 16 ам.доллар, нийт 60 059 ам.доллар нэхэмжилсэн.

Нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, зээлийг ашигласан хугацаагаар тооцож хүү авах боломжоо алдсан тул 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх 112 хоногийн зээлийн үндсэн хүү 2 110 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 15 ам.доллар, нийт 2 125 ам.доллар буюу 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкны албан ханш 2 352,27 төгрөгөөр хөрвүүлж, 4 998 573,75 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь 209,45 ам.доллар төлснөөс 208 ам.доллар үндсэн зээлд, 1,45 ам.доллар нь хүүд тооцогдсон. Хүүд төлсөн 1,45 ам.долларыг хассан, 208 ам.доллар буюу 511 589 төгрөг нь үндсэн зээлээс хасагдсан боловч нэхэмжлэлийн шаардлагаас хасагдаагүй байгааг хасах боломжтой. Хариуцагч нь зээлийг төгрөг бус ам.доллараар олгосон, ам.долларын ханш өссөн гэж тайлбарлаж байна. Валютын зохицуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар арилжааны банк гадаад валютаар зээл олгох, эргэн төлүүлэх эрхтэй. Талуудын хооронд байгуулагдсан баталгаат ипотекийн гэрээний 3.2.2-т улсын бүртгэлд бүртгүүлэх, барьцаа хөрөнгийг даатгуулахтай холбоотой зардал төлбөрийг барьцаалуулагч өөрөө хариуцах үүрэгтэй байхаар заасан.

Барьцаат зээлийн гэрээний 2.1.6-д банк нь даатгуулахыг шаардах эрхтэй, гэрээний 2.2.11-д зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд барьцаа хөрөнгийг даатгуулах, 2.2.17-д гэрээний хугацаанд барьцаа хөрөнгөнд үүссэн эрсдэлийг бүрэн хариуцна гэснээс үзэхэд барьцаа хөрөнгөө даатгуулах буюу эд хөрөнгөө даатгуулах нь зээлдэгчийн үүрэг болно. Даатгал нь сайн дурын асуудал бөгөөд зээлдэгч өөрөө даатгалын байгууллагатай гэрээгээ байгуулах ёстой байснаас гадна энд эд хөрөнгийн даатгалын асуудал яригдаж байгаа болохоос амь насны даатгал яригдаагүй тул зээлдэгч нас барах, зээлдэгчийг нас барсантай холбоотой даатгалаас нөхөн төлбөр авах асуудал яригдахгүй. Барьцаа хөрөнгийн хувьд бүрэн бүтэн, ямар нэгэн байдлаар даатгалын нөхцөл үүсээгүй, шаардлага хангаж байгаа үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой гэж үзэж байна. Тийм учраас иргэн Ж.Зоригоогийн нас барсан нь даатгалтай холбоогүй, зээлийн төлбөрт нөлөөлөхгүй гэж үзэж байна. Зээлдүүлэгч нь нэг талын санаачилгаар гэрээг цуцлах боломжгүй, хариуцагч зөвшөөрөхгүй байсан учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэх эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагчийн төлөөлөгч зээлдэгч Ж.Зоригоо 4 хүүхэдтэй, өв нээгдсэнээр өвлөгдөх эд хөрөнгийн асуудал шийдэгдэх учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэх нь үндэслэлгүй юм. Учир нь хэрэгт түүний өвлөх эрхийн гэрчилгээ болон 4 хүүхэдтэйг нотолсон баримт авагдаагүй байхаас гадна өв залгамжлагч нь өөрсдийн өвлөсөн өвийнхөө хэмжээгээр хариуцлагаа хүлээх тул тусдаа шийдвэрлэгдэх асуудал гэж үзэж байна. Барьцаат зээлийн гэрээний 2.3.2-т Г.Д- нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэснээс гадна гэрээний 2.3.3-т зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь тус бүр өөрийн хүлээх үүргийг хоорондоо хамтран тогтоож болно. Энэ талаар банкинд бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл зээлдэгч Ж.Зоригоо, Г.Д- нар зээлийн гэрээний үүрэг хэрхэн хүлээж байгаа талаар өөрсдөө хоорондоо тохирсон тохиролцоо байхгүй, банкинд бичгээр мэдэгдээгүй байна.

Ийм учраас зээлдүүлэгч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар Г.Д-гээс бүхэлд нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа учраас тэр хариуцах ёстой гэж үзэж байна. Г.Д- нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 440 300 төгрөгийг Ж.Зоригоогийн харилцах дансанд тушаасан байх бөгөөд үүнийг зээлийн гэрээний үүрэгт суутгуулахыг мэдэгдсэн тохиолдолд банк суутган тооцох боломжтой бөгөөд ийнхүү мэдэгдээгүй бол харилцагчийн данснаас шууд суутгах боломжгүй юм. Иймд хариуцагч Г.Д-гээс үндсэн зээлийн үлдэгдэл 54 504 ам.доллар, хүү 7 441 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 31 ам.доллар, нийт 61 976 87 ам.доллар буюу 152 717 888,38 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгож өгнө үү.

Хариуцагч сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Баталгаат ипотекийн гэрээнд дурдсан улсын бүртгэлийн Ү-2204029036 дугаартай Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 41 дүгээр байр, 53 тоот 80,6 м.кв талбайтай орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ж.Зоригоо, Г.Д- нар 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Х” ХХК-иас орон сууц худалдан авах зориулалтаар ам.долларын зээл авсан боловч нөхөр Ж.Зоригоо нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өвчний улмаас нас барж, маш том гарз тохиосон. “Х” ХХК нь төгрөгийн хомсдолтой учир ам.доллараар зээл олгоно гэсэн шаардлага тавьснаар аргагүйн эрхэнд ам.долларын зээл авсан. Үүнийг бид хууль зөрчсөн гэж үзэж байна. Зээлдэгчийн зүгээс удаа дараа ам.долларын зээлээ төгрөгийн зээл болгох талаар банкинд хүсэлт гаргаж байсан боловч хариу өгөөгүй ба нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг бидэнд зээлийг төгрөгт хөрвүүлэн төлөх 8 хувийн зээлд хөрвүүлэн төлөх гэх мэт саналууд тавиагүй болно.

Банкнаас орон сууц худалдан авах зээл авснаас хойш жил бүр даатгалд даатгуулдаг байсан учир даатгалын байгууллагаас үндсэн зээлдэгч нас барсан үндэслэлээр зээлийн үлдэгдэл төлбөрийг даатгалын байгууллагаас гаргуулж авах учиртай атал Монгол хүний ёсонд байхгүй үйлдэл гаргаж нас барсан зээлдэгчээс төлбөр гаргуулахаар шүүхэд хандаж байгааг ойлгохгүй байна. Нөгөөтэйгүүр үндсэн зээлдэгч нас барсан тохиолдолд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт нас барсан үндсэн зээлдэгч хэдий хэмжээний үлдэгдэл зээлийн төлбөрийг хариуцах талаарх тооцооллыг гаргаж өгөхгүй байна. Монгол банкнаас 2011 онд баталсан Ипотекийн зээлийн журмын 22.7-д ипотекийн зээл авсан хүн бүрийг даатгуулах үүргийг арилжааны банк хүлээсэн байдаг. Гэтэл “Х” ХХК энэ үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдэгч Ж.Зоригоо нас барснаар Г.Д- бүх төлбөр төлөх үүргийг үүсгэж байна.

Барьцаат зээлийн гэрээний 2.1.6-д үл хөдлөх хөрөнгийг даатгуулахыг зээлдэгчээс шаардах эрх банкинд байтал үүнийг хэрэгжүүлээгүйн улмаас даатгалд даатгуулаагүй зээлдэгч хохироод байна. Үүнийг “Х” ХХК өөрийн эрсдэлийн сангаас гаргах бүрэн боломжтой юм. “Х” ХХК нь даатгалд даатгуулах үүргээ биелүүлж шаардаад зээлдэгч нар даатгалаа төлөөгүй байсан бол бас өөр хэрэг, гэтэл банк үүнийг ямар нэгэн байдлаар шаардаагүй. Зээлдэгч ойлгоогүйгээс даатгалд даатгуулаагүй, даатгалын тохиолдол бий болоход даатгалын сангаас нөхөн төлбөр авах боломжгүй байдалд хүргэж байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр гэрээг цуцалж байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн мөртлөө ямар гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь ойлгомжгүй байна. Гэрээг нэгэнт цуцалсан учир цаашид хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Түүнчлэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь зээлдэгч Ж.Зоригоо 4 хүүхэдтэй бөгөөд тэрээр 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нас барснаар түүний эд хөрөнгө, өр өвлөгдөх бөгөөд өвлөгч тус бүр өөрт ногдох хэсгээр түүний өрийг хариуцах ёстой. Иргэний хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өв нээгдсэн, гэтэл энэ асуудал шийдэгдээгүй байхад үл хуваагдах шинж чанартай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна. Ж.Зоригоо 4 хүүхэдтэй гэдэг нь өрхийн бүртгэл, зээл судалсан материалаас харагдана.

Барьцаат зээлийн гэрээний 1.15-д барьцаат хөрөнгийг дундаа хамтран өмчлөгчид гэрээний хавсралтад байгаа барьцаа хөрөнгөөс дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгээр зээлийн гэрээг хангуулахыг зөвшөөрч байгаа болно. Ж.Зоригоогийн хүүхэдтэй гэдэгтэй нэхэмжлэгч маргахгүй боловч түүний өөрт оногдох хэсгийг тодорхой болгосны дараа энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдах ёстой.

Мөн гэрээний 20.3-т зааснаар зээлдэгчийг төлбөрөө төлөөгүй гээд банк гэрээг нэг талын санаачлагаар цуцлах эрх байгаа бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцлагдсанаас хойших үүргийг зээлдэгч хүлээхгүй. Гэрээг цуцалснаас хойш зээлдэгч 2 удаагийн төлөлт хийсэн. Үүний 209,45 ам.долларын төлөлтийг хассан гэсэн мөртлөө 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Ж.Зоригоогийн дансанд 350 ам.доллар буюу 440 300 төгрөг шилжүүлснийг хасаагүй байна. Гэрээний 1.12-т зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд түүний данснаас төлбөрийг барагдуулах ёстой бөгөөд Ж.Зоригоогийн дансанд орсон мөнгийг хэн ч авах боломжгүй. Үүнийг банк шууд татах ёстой гэсэн зүйл харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03070 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Г.Д-гээс зээлийн гэрээний үүрэгт 147 207 726 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 510 163 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Д- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029036 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 41 дүгээр байр, 53 тоот, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Г.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид 893 989 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 061 675 төгрөгөөс илүү төлөгдсөн 140 135 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 921 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2483 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03070 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “147 207 726” гэснийг “143 358 718” гэж, “нэхэмжлэлийн шаардлагаас 5 510 163 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 9 359 169 төгрөг, хариуцагч Ж.Зоригоод холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтын “893 989” гэснийг “874 743” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 894 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03070 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2483 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагч талаас доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Ж.Зоригоо, Г.Д- нар нь 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Х” ХХК-иас орон сууц худалдан авах зориулалтаар ам долларын зээл авсан ч нөхөр Ж.Зоригоо нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өвчний улмаас нас барж гэр бүлийн хувьд том гарз тохиосон.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаа тодорхойлох эрх байдаг боловч Ж.Зоригоод холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн атал шүүхээс нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагыг гардуулах, хариу тайлбар гаргах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох ажиллагааг хийлгүй шүүх хуралдааныг явуулсан нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Ж.Зоригоо, Г.Д- нар нь 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж /хх-68/, О.Амаржаргал, Б.Саруултуул нараас 100.000.000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн 18 хороо, 13 хороолол, Эрэлийн 41Б-53 тоот 3 өрөө орон сууцыг худалдан авсан байдаг ба “Х” ХХК-иас дээрх гэрээг үндэслэн хариуцагч нарт 80.000.000 төгрөгийн зээлийг 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1080008163 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан нийтийн орон сууц худалдан авахад нь зориулж тухайн өдрийн Монгол банкны ханш /1 ам доллар=1258 төгрөг/-аар тооцон 63 590 ам долларын зээл авсан.

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д заасан “... Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ”, мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр, төлбөр тооцоог гүйцэтгэх ба ... гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх”-ийг хориглоно гэсэн хуулийн заалттай атал “Х” ХХК-ий зүгээс монгол төргөгийн хомсдол бий болсон шалтгаанаар ам долларын зээлээр зээл авах боломжтой талаар төөрөгдүүлэн олгосон ба Ж.Зоригоо, Г.Д- нарын зүгээс ам долларын зээлээ төгрөгийн зээлээр солиулахаар “Х” ХХК-д удаа дараа хандаж байсан боловч банкны зүгээс харилцагчаа үл тоомсорлон асуудлыг шийдвэрлэж өгөөгүй юм. Хариуцагчийн хувьд зээл олгох, авах процесс бол банкны үйлчилгээний нэг төрөл гэж ойлгож байна.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “... Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан байдаг ба хариуцагч нарын зүгээс гэрээ байгуулсан үеэс төлөлт хийгдсэн ба тухайн өдрөөс эхлэн үүрэг үүссэн гэж үзэж байгаа талаар хариуцагч тал маргасан атал Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс энэ байдлыг дүгнэлт хийхийн оронд хууль тайлбарлаж, эрхээ хэтрүүлээд байгаа нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр “Х” ХХК-тай 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6-д “...Үл хөдлөх эд хөрөнгийг даатгуулахыг зээлдэгчээс шаардах...” үүрэгтэй байхаар заасан ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй, нэг ч удаа шаардаж байгаагүй, хариуцагчийн зүгээс даатгалд хамрагдахгүй гэсэн нөхцөл байдал үүсээгүй байдаг. Монгол банкны 2011 онд баталсан “Ипотекийн зээлийн журам”-ын 22 дугаар зүйлийн 22.7-д ипотекийн зээл авсан хүн бүрийг даатгуулах үүргийг арилжааны банкуудад хүлээлгэсэн байдаг. Ипотекийн зээл гэдгийг нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан 8 хувийн орон сууцны зээлийг ойлгох бус харин урт хугацааны орон сууц худалдан авах зээлийг ойлгоно гэж тус журамд тодорхой заасан байдаг. “Х” ХХК-ийн зүгээс үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж хариуцагч нар даатгалд хамрагдаагүй, Ж.Зоригоогийн нөхөн төлбөрт ногдох хэсгийг даатгалын компаниар гаргуулж чадахгүй нөхцөлд хүргэсэн байна.

Шүүхээс үүргийн гүйцэтгэлийн барьцаа болох Баянзүрх дүүргийн 18 хороо, 13 хороолол, Эрэлийн 41Б-53 тоот 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж шийдвэрлэхдээ хариуцагч бус, хэргийн оролцогч биш этгээд болох талийгаач Ж.Зоригоод оногдох хэсгээс давхар хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй төдийгүй Ж.Зоригоогийн эд хөрөнгийн өвлөгч нарын тухайд эрхийг нь зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2017/03070 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2483 дугаар магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Г.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 152 717 888.38 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар “Х” ХХК нь 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ж.Зоригоо, Г.Д- нартай “Зээлийн гэрээ” байгуулж, зээлдүүлэгч нь 63 590 ам долларыг 180 сарын хугацаатай, жилийн 13.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлсэн мөнгийг гэрээнд заасан зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн байх бөгөөд өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол Манлай баатар Дамдинсүрэнгийг гудамж, 41 дүгээр байрны 53 тоот 3 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалж, барьцааны гэрээ байгуулан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлжээ.

Гэрээний дагуу зээлдүүлэгч зээлийн зүйл болох 63 590 ам долларыг зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлсэн, зээлдэгч нь хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлж байсан боловч 2016 оны 07 дугаар сараас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний хугацаанд буюу 2016 оны 08 дугаар сарын 06-нд зээлдэгч Ж.Зоригоо нас барсан үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “зээлийг төгрөгөөр олгоогүй нь холбогдох хуулийг зөрчсөн, зээлдэгч Ж.Зоригоо нас барсан байхад зээлийн төлбөрөөс түүнд холбогдох хэсэг хасагдаагүй, түүний өв залгамжлагч 4 хүүхдэд барьцааны хөрөнгө өвлөгдсөн тул өвлөгч тус бүр өөрт ногдох хэсгээр хариуцах ёстой, гэтэл өвийн асуудал шийдэгдээгүй байхад үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлгүй” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 147 207 726 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх тооцооны алдааг засч, 143 358 718 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан “Барьцаат зээлийн гэрээ”, “Баталгаат ипотекийн гэрээ” нь хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх тул зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1. , 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийн шаардах эрхтэй.

“Барьцаат зээлийн гэрээ”-гээр зээлдэгч Ж.Зоригоо, Г.Д- нар хамтран зээлдэгч тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар тэднийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ.

Иргэний хуулийн 242  дугаар зүйлийн 242.3.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь Г.Д-гээс нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Зээлийн гэрээний үүргийн зээлдэгч нар хэрхэн хариуцахаар харилцан тохироогүй энэ талаар баримтгүй, мөн үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч Ж.Зоригоогийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэх хуулийн үндэслэл тогтоогдохгүй тул тэрээр нас барснаар түүнд холбогдох зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохгүй.

Зээлдэгч нар нь үүргийн гүйцэтгэлд хамтын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үл хуваагдах шинжтэй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.9.-д зааснаар өв залгамжлалын асуудлыг урьдчилж шийдвэрлэх шаардлагагүй юм. 

Мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.4-т “Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно.” гэж заасан тул зээлийн гэрээг гадаад валютаар хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Г.Д-гээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Зоригоогоос татгалзсанаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөгдсөн гэж үзэхгүй.

Иймд хамтран зээлдэгч Ж.Зоригоо нас барсан байхад түүнд холбогдох “Зээлийн гэрээ”-ний үүргийг хасч тооцсонгүй, зээлийг төгрөгөөр олгоогүй нь холбогдох хууль зөрчсөн, нас барсан зээлдэгчийн өв залгамжлагчийг өвөө хүлээж авсны дараа хэргийг шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж, шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний эрх зүйн харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нотлох баримтаар тогтоогдсон хэмжээгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1., 216 дугаар зүйлийн 216.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2, 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2483 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангаравын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангараваас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 894 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                              Х.ЭРДЭНЭСУВД