Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/02481

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/02481

 

П.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01869 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ШШГЕГ-т холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16 644 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. П.М-ийг ШШГЕГ-ын харьяа Хорих 0433 дугаар ангийн даргын үүрэг гүйцэтгэж байхад нь ажил олгогчоос хууль бусаар ажлаас халсантай холбоотойгоор шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба шүүхээс түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гарч 3 шатны шүүхээр хэвээр батлагдсан юм. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч П.М-ийг ажилд нь авахгүй, шийдвэр гаргахгүй байсан учир нэхэмжлэгчээс ШШГЕГ-ын даргын нэр дээр удаа дараа өргөдөл, хүсэлт гаргаж, захидал илгээж байсан. ХЗДХЯ-ны сайдад өргөдөл гаргаж байсны дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргаас П.М-ийг ажилд нь эгүүлэн томилох тухай албан тоотыг ШШГЕГ-т явуулсан байдаг. Гэвч 1 жил өнгөрсний дараа 2017 оны 7 дугаар сарын 18-нд тушаал гарч Төв аймгийн Лүн сум дахь Хорих 403 дугаар ангийн даргаар томилогдсон. П.М- хамгийн сүүлд Улсын Дээд шүүхийн тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 30-нд хүлээн авсан, энэ талаар маргаан байхгүй. Үүнээс хойш байнга л ажилд орох тухай хүсэлт саналаа гаргаж байсан. 2017 оны 02 дугаар сард шүүхээс албадан биелүүлэх захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн. Үүний дагуу өмнөх шүүхийн шийдвэрээр олгохоор заасан цалинг авсан. Нэхэмжлэгч нь удаан хугацаагаар цалингаа авч чадахгүй хохирч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2016 оны 7 дугаар сарын 01-нээс 2017 оны 7 дугаар сарын 01-нийг хүртэлх 12 сарын цалинд 16 644 000 төгрөг нэхэмжилсэн. Цалингийн дэлгэрэнгүй лавлагаа хэрэгт байгаа. Бид энэ цалингийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заахдаа энэ хуулийн 36.1.2-т заасан үндэслэлээр ажилд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор заасан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговор гаргуулах тухай нэхэмжлэл хамаарахгүй эрх нь зөрчигдсөн хэвээр байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч П.М-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба дээрх шүүхийн шийдвэр нь 2016 оны 11 дүгээр сарын 21-нд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 398 дугаар тогтоол гарч хүчин төгөлдөр болсон. Энэ шүүхийн шийдвэр биелэгдсэн. Нэхэмжлэгч 1 жилийн хугацааны цалинг нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан бусад маргаанд хамаарна. Тиймээс Улсын Дээд шүүхийн шийдвэрийг 2016 оны 11 дүгээр сарын 30-нд хүлээж авснаас хойш дээрх хуулийн дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй. Гэтэл энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгох ёстой. Төрийн тусгай алба хаагчдад онцгой албаны нэмэгдэл, гүйцэтгэх ажлын нэмэгдэл, хоригдолтой ажилласны нэмэгдэл зэрэг үндсэн цалин дээр нэмж олгогддог нэмэгдлүүдийг П.М- цалиндаа оруулан тооцсон нь үндэслэлгүй. Энэ хугацаанд ажил эрхлээгүй, ажиллаагүй тул дээрх цалин болон нэмэгдлүүд олгогдохгүй гэж үзэж байна. Иймд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16 644 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн бичүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэгч П.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 170 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж П.М-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 182/ШШ2017/01869 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд үндэслэлгүй дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн тул дараах гомдлыг гаргаж байна. ШШГЕГ-ын дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй удаасаар байгаад 1 жилийн дараа ажилд нь эргүүлэн томилсон боловч ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговрыг олгоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхиин шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 16 644 000 төгрөгийн нөхөн олговорт олгуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Хариуцагч ШШГЕГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16 644 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэгч П.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

 

Нэхэмжлэгч П.М- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 0433 дугаар ангийн даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 497 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 573 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 398 дугаар тогтоолоор П.М-ийг Хорих 433 дугаар ангийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт ажил олгогчоос 4 161 011 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр байна. /хэргийн 41-49 дүгээр тал/

 

Дээрх шийдвэрийг хариуцагч байгууллага сайн дураар биелүүлээгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаны үндсэн дээр нэхэмжлэгч П.М-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн б/786 тоот тушаалаар Хорих 403 дугаар ангийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн б/856 тоот тушаалаар тус хорих ангийн даргын албан тушаалд тус тус томилжээ. /хэргийн 4-7, 39, 40 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч П.М- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад буюу шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргахаар зохицуулжээ.

 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гарч, хариуцагч байгууллага нь дээрх шийдвэрийн дагуу 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсноос үзэхэд дээрх хугацаанд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч П.М-ийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 398 дугаар тогтоолыг мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээсэн авсан өдрөөс тооцсон нь үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 12 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо түүний сүүлд авч байсан 2016 оны 3 дугаар сарын цалин болох 1 469 618,84 төгрөгөөр тооцоход 12 сарын цалин хөлсний дундаж, 17 635 426,08 төгрөг болж байх ба нэхэмжлэгч нь 16 644 000 төгрөгийн шаардлага гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх иргэний эрх зүйн зарчмыг үндэслэн хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16 644 000 төгрөгийг гаргуулж, түүнд олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01869 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 16 644 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.М-д олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай. гэж,

2 дахь заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 170 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж П.М-д олгож, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 241 170 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХТӨР